Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01350

 

 Хос өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/00755 дугаар шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2016/00030 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Хос өргөө ХХК

Хариуцагч : Ц.Алтангэрэл

Нэхэмжлэлийн шаардлага: Байрны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг нэхэмжлэгчийн  нэр дээр болгохыг даалгах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гүрбазар, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Ц.Алтангэрэл, түүний өмгөөлөгч О.Баярбаатар, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай эхнэр Дуламжав бид хоёр хувиараа наймаа эрхэлж байгаад 2000 онд Хос өргөө ХХК-ийг бий болгож, улмаар ажилчид авч ажиллуулж эхэлсэн. Ингээд ажилчдынхаа нийгмийн баталгааг тэргүүн ээлжинд хангах шаардлагатай болсон учраас компаний нэр дээр ээлж дараалан байр худалдан авч ажилчдаа оруулсан. Ц.Алтангэрэлийн хувьд манай компанид 1999 оноос эхлэн ажилласан. Ингээд 2006 онд СМУ-ийн 5 дугаар байранд нэг өрөө байр авч Алтангэрэлийг оруулсан. Энэ байранд 4-5 жил амьдарсан. Алтангэрэл нэг удаа манай хажуу талын 6 дугаар байранд байр зарна гэнэ гэхэд бид үзээд авч өгсөн. Алтангэрэлийнх тийшээ нүүж орсон. Энэ байр нь СМУ-ийн 6 дугаар байрны 01А тоот байр юм.  Хожим Алтангэрэл ажлаа хийхээ больж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй болж эхэлсэн тул  байраа авч “өөр хүн оруулна” гэхэд хүүхдүүд  “нялх хүүхдүүдтэй юм чинь  байж байг” гээд үлдээсэн. СМУ-гийн 6-1Б тоот орон сууцны зориулалттай 8 м.кв талбай бүхий байрыг манай компани 2010 онд Г.Байгалмаа-с худалдан авч хууль ёсны өмчлөгч болж гэрчилгээ авсан. Гэтэл энэ байрны дугаартай холбоотой маргаан үүсэж, шүүхээр асуудал шийдвэрлэгдсэн. Шүүхийн ажиллагаанд компанийг Ц.Алтангэрэл төлөөлж оролцсон. Компаний хувьд захирлын зөвлөлөөс өөрийнхөө өмчийг Ц.Алтангэрэлд шилжүүлэх, бусдад худалдах эрхийг олгоогүй. Иймд байхад уг орон сууцны өмчлөгчөөр хариуцагч өөрийгөө бүртгүүлсэн  байна.  Компаний өмчийг Ц.Алтангэрэлд өгсөн тухай ямар нэгэн баримт компаний бичиг баримтад байхгүй.  Ц.Алтангэрэл хууль бусаар 6-01Б тоот байрыг 6-01А тоот болгон өөрчилж, өөрийн өмч болгож авсан тул уг орон сууцны өмчлөгчөөр Хос өргөө ХХК-ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг манай компанийн нэр дээр болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хос өргөө ХХК-д 10 гаруй жил ажилласан. Захирал 2006 онд СМУ-ийн 5 дугаар байранд нэг өрөө байр авч өгсөн. Гэтэл уг байр бидэнд таарахгүй байсан учраас манай хажуугийн 6-р байранд 01А тоотыг  зарна гэхээр нь худалдан авч манайх орсон. Гэтэл уг байрны талаар шүүхэд маргаан гарсан байсан. Шүүхэд маргаан болоход захирал намайг компаниа төлөөлж оролц гэсний дагуу би шүүхийн ажиллагаанд оролцсон. Ингээд уг байрны гэрчилгээг анх олгохдоо 6-01Б байрны гэрчилгээг өгсөн байсныг нь мэдээгүй байж байгаад шүүхийн шатанд мэдээд би эвлэрлийн гэрээ хийж 6-01Б байрны гэрчилгээг уг байрны өмчлөгч Болдбаяр гэдэг хүнд шилжүүлээд 6-01А тоот байрны гэрчилгээг  Байгалмаа нь авчирч манай компанийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Ингээд Байгалмаа нь Азхүүгээс итгэмжлэл аваад гэрчилгээг хэний нэр дээр шилжүүлэх талаар захиралд хэлсэн байдаг. Захирал намайг нэг өдөр ажил дээр байхад утсаар яриад “...Алтангэрэлээ чи олон жил ажилласан учраас одоо байраа өөрийнхөө нэр дээр болгож гэрчилгээгээ ав...” гэж хэлсэн. Тэгээд л би Байгалмаатай хамт гэрээ хийгээд үл хөдлөх дээр очиж байрныхаа гэрчилгээг зөв болгож СМУ-гийн 6-01А байрны өмчлөгч болсон. Түүнээс биш би Байгалмаа гэдэг хүнийг огт танихгүй, түүнтэй хуйвалдсан зүйл байхгүй. Гэрчилгээгээ авчихаад ажлаа хийж байтал компанийн одоогийн захирал ирж “...байрныхаа гэрчилгээг нэр дээрээ болгож авсан уу...” гэж асуухаар нь би “...болгосон...” гэж хэлж байсан. Гэтэл одоо намайг зөвшөөрөлгүйгээр, дураараа байрны гэрчилгээг сольж өөрийн болгосон гэж байгааг би ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 сарын 16-ны өдөр 138/ШШ2016/00755 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “..Дорнод аймгийн , Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 6-01А тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох,  үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр дээр болгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах..” тухай Ц.Алтангэрэлд холбогдох Хос өргөө ХХК –ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.700 төгрөгөөс 70.200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 500 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Хос өргөө ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 7 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2016/00030 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: СМУ-н 6-01Б дугаараар гарсан Хос өргөө ХХК-ийн нэр дээр ташаарч бичигдсэн 000092849 дугаартай гэрчилгээг Болдбаярын нэр дээр болгохын тулд 2012.01.03-нд Хос өргөө ХХК-ийг төлөөлж Ц.Алтангэрэл, Б.Болдбаярт СМУгийн 6-р байрын 01/Б байрыг 1 сая төгрөгөөр худалдсан мэт гэрээг хийж, түүний үндсэнд Болдбаяр 6-01Б байрандаа гэрчилгээтэй болж авсан. Үүнээс хойш хэдхэн сарын дараа 2012 оны 6 сард Хос өргөө ХХК-ийн захирал Дуламжав гэнэт нас барсан. Тиймээс компанийг нь хууль ёсны өвлөгч болох хүү Г.Тэгшжаргал захирал болсон. Ингээд компанийн өмч болох СМУ-гийн 6-р байрын 01/А байрнаас Ц.Алтангэрэлийг гаргах асуудал тавигдахад, Ц.Алтангэрэл захирал надад өгсөн. Миний өмч гэж маргасан учир энэ маргаанаа шийдүүлэхээр шүүхэд хандсан. Компанийн өмчийг Ц.Алтангэрэл өөрийн нэр дээр болгон бүртгүүлсэн болохыг өвлөгчид мэдээд уг байр компани худалдаж авсан хөрөнгө юм. Ц.Алтангэрэлийн өмчид шилжүүлсэн гэсэн баримтгүй учир Ц.Алтангэрэл өмчлөгч болох нь үндэслэлгүй юм. Тиймээс өмчлөгч нь компани болохыг тогтоолгохыг хүссэн. Компанийн өмч ч гэсэн үл хөдлөх хөрөнгө учраас компаниас албан ёсны шийдвэр бичгээр гарч түүнийг үндэслэн Ц.Алтангэрэлд өмчлөлийг шилжүүлсэн байх ёстой. Гэтэл тийм баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Бодит үйл баримт нь Хос өргөө ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Гэрчилгээ солигдсоноос бичиг баримтын зөрчлийг засах зорилгоор уг худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хариуцагч зөвшөөрсөн гэх үндэслэлээр шийдсэн ч Хос өргөө ХХК Байгалмаагаас байр худалдаж авсан үйл баримт цуцлагдаагүй. Ц.Алтангэрэл компанийг төлөөлөн бичиг баримтын зөрчлийг засах ажиллагаануудыг хийсэн. Зүй нь Азхүү Байгальмаад, Байгалмаа компанид шилжүүлсэн гэрээнүүдийг тус тусад нь хийж гэрчилгээнүүд тус тусдаа бичигдэж, Улсын бүртгэлийн газарт бүртгэгдэх байтал «Шүүх дээр байгуулсан эвлэрэлийн гэрээнд дурьдсанаар хялбарчлан Болдбаярын асуудлыг шийдсэн». Энэ үед компани өмчлөлийн асуудлаар маргаан үүсээгүй байсан учир бичиг баримт компанид бичигдсэн үү. Ц.Алтангэрэлд шилжсэн үү гэдгийг сонирхогч этгээдүүд анзаараагүйгээр байтугай Дуламжавч хуулийн дагуу шийдэгдээгүйг ч мэдээгүй. Зүй нь компаниас Алтангэрэлд байрыг шилжүүлсэн гэрээ хийгдэх байсан байж болно. Өмчлөгч нь хэн болох маргааныг шийдсэний дараа үр дагавар нь болж бүртгэл гэрчилгээ өөрчлөгдөх ёстой. Гэтэл хариуцагч талаас гэрчилгээ хүчинтэй байгаа гэж мэтгэлцсэн анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагч шүүгч гэсэн «Энэ гэрчилгээ бүртгэлийг хүчингүй болгох талаар захиргааны хэргийн шүүхэд хандсан уу» гэсэн асуулт тавьсан байдал өмчлөгч хэн бэ гэх хөрөнгийн маргааныг шийдсэний дараа, бүртгэл, гэрчилгээг өөрчлөх асуудал яригдана гэдгийг ойлгоогүй байна. Давж заалдах шатны шүүх зөвхөн Ц.Алтангэрэлийн тайлбар, Байгалмаагийн гэрчилснээр Хос өргөө ХХК-ийн захирал нь Ц.Алтангэрэлд өмчлөх эрхийг шилжүүлсэн нь нотлогдож байна гэж дүгнэсэн буруу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Хос өргөө ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байр 01/А тоот /цаашид 01/А тоот гэх/ орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг Ц.Алтангэрэлд холбогдуулан гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-г баримтлан Ц.Алтангэрэлд холбогдох Хос өргөө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч 01/Б тоот байрны өмчлөгч байх боловч 01/А тоот байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн баримт хэрэгт байхгүй... Ц.Алтангэрэлийн нэр дээрх Ү-0614006140 дугаар бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй... Д.Дуламжав орон сууцыг Ц.Алтангэрэлд өгсөн нь Г.Байгалмаагийн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд энэ үйл баримтыг үгүйсгэсэн тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй... 01/А тоот байрыг шилжүүлэх хэлцэлд Ц.Алтангэрэл төлөөлөгчөөр оролцоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт буй баримтад үндэслэгдээгүй байх тул  нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжтой байна.    

  1. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар:

а. Хос өргөө ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байранд орон сууц худалдан авсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-0614001626 дугаар бүртгэл /хх 5/ , зохигчдын тайлбараар тогтоогджээ.

б. Нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ Эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь “01/А тоот” гэхийг “01/Б тоот” гэж буруу бичсэнээс /хх 5/ маргаан үүсэж, Б.Болдбаяр нь “...Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байр 01/Б тоотын /цаашид 01/Б тоот гэх/ гэрчилгээг Хос өргөө ХХК, Г.Байгалмаа, Э.Пүрэвсүрэн, Ө.Мөнхзориг нараас гаргуулах...” –г шаардсаны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгч 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 104/а дугаартай захирамж /хх 103-107/ гаргасан байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн 2011 оны 104/а дугаар захирамжаас үзвэл Хос өргөө ХХК нь өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг “01/А тоот” гэж, Б.Болдбаярын орон сууцыг “01/Б тоот” болгон тус тус өөрчлөхийг зөвшөөрчээ.

в. Шүүгчийн 2011 оны 104/а дугаар захирамжийн дагуу Хос өргөө ХХК-ийн нэр дээрх орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн “...01/Б тоот...” гэснийг “...01/А тоот...” болгон өөрчлөхдөө бүртгэлийг өмчлөгч Хос өргөө ХХК-ийн нэр дээр бус, харин хариуцагч Ц.Алтангэрэлийн нэр дээр хийж, гэрчилгээ олгосон нь хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбараар нотлогджээ.

  1. Хос өргөө ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлийн талаар

а. Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байранд 01/А тоот орон сууц худалдан авсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-0614001626 дугаар бүртгэл, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 104/а дугаар захирамж, гэрч Г.Байгалмаагийн мэдүүлгээр тогтоогдож байх тул “...нэхэмжлэгч 01/Б тоот байрны өмчлөгч байх боловч 01/А тоот байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн баримт хэрэгт байхгүй...” гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Хос өргөө ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байранд 01/А тоот орон сууцыг 2010 онд худалдан авсан боловч бүртгэлд “...01/Б тоот...” гэж буруу тэмдэглэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна. Иймд “...нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байранд 01/А тоот байрны өмчлөгч байгаагүй...” гэх дүгнэлт буруу байна.

б/. Ц.Алтангэрэл нь Хос өргөө ХХК-ийн захирлын зөвшөөрлийн дагуу маргааны зүйл болсон орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.  

Гэрч Г.Байгалмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...01/А тоотын Азхүү, Эрдэнэтулга гэх хүмүүсээс итгэмжлэл аваад Хос өргөө ХХК-ийн захирал Дуламжавтай уулзаж байрны бичиг баримтыг хэний нэр дээр гаргуулахыг лавлаж Ц.Алтангэрэлд шилжүүлсэн...” /хх 90/ гэх боловч энэ үйл баримт өөр баримтаар тогтоогдоогүй байна. Хос өргөө ХХК-ийн захирал Дуламжав нь маргааны зүйл болсон орон сууцыг Ц.Алтангэрэлийн өмчлөлд шилжүүлсэн гэх нөхцөл байдал Г.Байгалмаагийн мэдүүлгээс өөр баримтаар нотлогдоогүй тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй.  

Г.Байгалмаа нь “Азхүү, Эрдэнэтулга нараас итгэмжлэл авсны дараа захирал Дуламжавтай уулзаж байрны бичиг баримтыг хэний нэр дээр гаргуулахыг лавласан...” гэх боловч Азхүү нар итгэмжлэл олгосон огноо, шүүгчийн 104/а дугаар захирамж гарсан хугацааг харьцуулан үзвэл Г.Байгалмаагийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Тодруулбал, Азхүү, Эрдэнэтулга нар итгэмжлэл олгоогүй байх үед шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 104/а дугаар захирамж гарсан бөгөөд /хх 105/ уг захирамж гаргах үед 01/А тоотын өмчлөх эрхийг Хос өргөө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтангэрэлийн  өмчлөлд шилжүүлэх тухай уг хэргийн зохигчид ярилцаж байсныг захирамжид дурджээ.   Иймд “...Азхүү нараас итгэмжлэл аваад Хос өргөө ХХК-ийн захирал Дуламжавтай уулзаж байрны бичиг баримтыг хэний нэр дээр гаргуулахыг лавлаж Ц.Алтангэрэлд шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Алтангэрэлд нэхэмжлэгч өгсөн гэж дүгнэх, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

в/. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байранд 01/А тоот орон сууц Хос өргөө ХХК-ийн өмч байсныг Ц.Алтангэрэл үгүйсгээгүй, уг орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, Хос өргөө ХХК-ийн захирал байсан Дуламжав нь орон сууцыг Ц.Алтангэрэлд олгосон гэх үндэслэл нотлогдоогүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Хос өргөө ХХК-ийн нэхэмжлэлийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2016/00030 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/00755 дугаар шийдвэрийн “тогтоох” нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, СМУ 6-р байрны 01/А тоот орон сууцны өмчлөгчөөр Хос өргөө ХХК-г тогтоож, Хос өргөө ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай...” гэж, хоёр дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Алтангэрэлээс 70.200 төгрөг гаргуулж Хос өргөө ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.     

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Хос өргөө ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ