Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2021/00021

 

 

 

 

Ц.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 151/ШШ2021/00673 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Хд холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Хтай 2014 оны 11 дүгээр сард танилцсан. 2016 оны 05 дугаар сараас хамтран амьдарсан. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү Х.Чинхүслэн төрсөн. 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэл хамтран амьдарсан. Хувийн таарамжгүй харилцаанаас болоод цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд Хүү Х.Чинхүслэнд хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, зохигчид хамтын амьдралын хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 06-нд хүү Х.Чинхүслэнг төрүүлсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Хүүхэд өнөөдрийн хүртэл эхийнхээ асрамжид байгаа талаар хэн аль нь маргахгүй байхын сацуу хавтаст хэргийн 5, 44, 114-115 дугаар хуудаснуудад авагдсан тус тус баримтуудаар Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар Б.Х нь Х.Чинхүслэнгийн эцэг мөн болох нь тогтоогдож байна. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийг хүртэл эс зөвшөөрдөг боловч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байна. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага бол хүүхдийн тэтгэлэг гаргуулах. Эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Үүнийг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Дараагийн нэг зүйл нь хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн баримтаар шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар Хттай тогтоогдож байна гэж үзэж байна. Эхний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, дараачийн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Улсын бүртгэлийн тухай хуулиар ч хүүхдийн эцэг мөн гэдэг нь тогтоогдсон байна. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг мөн. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдээр хүүхдийн эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, түүнийг хамгаалах зарчмыг чанд мөрддөг. Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол улсын соёрхон баталсан буюу нэгдэн орсон хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол улсын Олон Улсын гэрээ нь энэ хуульд зааснаас өөрөөр заасан болон Олон Улсын гэрээг дагаж мөрдөнө хэмээн тус тус зааснаас үзвэл Олон Улсын гэрээнд гэр бүлийн хууль тогтоомжтой салшгүй холбоотой гэдэг нь тогтоогдож байна. Хүүхдийн конвенцын Эрх зүйн баримт бичгээр хүүдийн эрхийг нэн тэргүүн тавих ёстой. 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, захиргааны байгууллага, хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд хүүхдийн ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна. Хүүхдийн эрхийн тунхаглалын хүүхдийг бага насанд аюултай нөхцөл байдал, онцгой нөхцөл байдлаас бусад нөхцөлд хүүхдийг эхээс нь салгаж үл болно. Төр засгаас хүүхдийн эрх ашгийг хамгаалахад арга хэмжээ авах шаардлагатай болохыг харуулаад байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан. Дээрх Олон улсын конвенц болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар Б.Х нь хүү Х.Чинхүслэнг тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Өнөөдөр хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэн тэргүүнд хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбараа: “...Ц.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х надад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч би зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Отэй 2015 оны эхээр танилцсан. 2015 оны 08 дугаар сард уулзахаа больсон байсан. 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр ирж найзлая гэж намайг гуйсан. Үерхэж байсан боловч хамт амьдраагүй байж байтал 2015 оны 10 дугаар сарын эхээр жирэмсэн болсон байсныг сүүлд эхогоор мэдсэн. Гэтэл энэ жирэмсэн болсон гэж шинжлэх ухааны баримтаар тогтоогдож байгаа цаг хугацаанд Ц.О бид хоёр хамт байгаагүй болно. Тиймээс би Чинхүсэлийг өөрийн хүүхэд гэдэгт эргэлздэг юм. Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг худал гүтгэж, Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол өгч шалгуулсан нь тус цагдаагийн архивт байгаа болно. Энэ өдрөө хүүхдээ аваад сайн дураараа явсан юм. Иймд би эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсний дараа энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа болно. Ц.О нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 189/ШЗ2020/00041 дугаар захирамжаар шинжээч томилж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан болно. Уг дүгнэлтийн шинжилгээнд ирүүлсэн зүйл хэсэгт Б.Х, И.Нямдулам Х.Чинхүсэл нараас цусны дээж авсан гэх, ДНХ-ийн тогтцоор шинжлэхэд CSF1PO локусын 10-11 гэх аллеиуд Б.Чинхүсэлд огт илрээгүй байхад 99,9 хувийн магадлалтай байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй байгаа болно.” гэжээ.

Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Отэй 2014 оны 11 сард танилцсан. 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамтран амьдарч байгаагүй. Энэ хугацаанд болон үүнээс өмнөх хугацаанд надаас жирэмсэн болж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь миний хүүхэд мөн гэдэгт эргэлздэг. Захиргааны байгууллагаар батлагдсан гэж байгаа төрсний гэрчилгээг зохигч талууд хоорондоо зөвшилцөөд, эцэг нь биш байсан ч улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаад өөрийнхөө нэр дээр овоглож болдог. Намайг эцэг нь гэдгийг баталсан зүйл байхгүй. Хамтран амьдрагч нар дундаасаа хүүхэдтэй болбол надаар овоглож өгнө үү гэсэн хүсэлт гаргаад, бүртгүүлдэг юм байна лээ. Тухайн үед би хотод байсан. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 03 дугаар төрөхөд төрүүлээд, 07 дугаар сарын 07 бил үү 08-ны өдөр гэртээ очиж гамаа барина гээд Багахангай руу гэртээ харьсан. Би 7 хоног хамт байж байгаад, байраа засахаар хотод ирчихсэн байсан. Эдний хорооны улсын бүртгэгч дээр Ц.Оийн аав очоод, бүртгүүлсэн. Ямар хүсэлт өгснийг нь хараагүй. Би өөрөө хүсэлтээ бичиж өгөөгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Бодит амьдрал дээр огт хэрэгждэггүй хуулийн заалт хэллээ. Амьдрал дээр хүүхдийн эрх ашгийг хэрхэн хамгаалдгийг бодсонгүй гэж харамсаж байна. Өөр хэлэх юм байхгүй. Шүүх шийдвэрээ гаргана. Нотлох баримт эргэлзээтэй байхад шүүх шийдвэрээ гаргана. Эргэлзээг тайлж чадалгүйгээр шийдвэрээ гаргах учраас энэ эргэлзээг тайлахын тулд Б.Х болон Б.Хын өмгөөлөгч энэ эргэлзээг тайлахын тулд зохих хууль журмын дагуу явна.” гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Х.Чинхүсэлийг эх Ц.Оийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Х.Чинхүсэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Хаар тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,614 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Оөд улсын орлогоос буцаан олгож, хариуцагч Б.Хаас 34,416 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оөд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ц.О нь анх Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад түүний хүсэлтээр 2020.04.05-ны өдөр 1455 дугаартай шинжээчийн эргэлзээтэй дүгнэлт гарсны дараа нэхэмжлэлээ татан аваад 4 сарын дараа дахин нэхэмжлэл гаргасан байдаг юм. Гэтэл анхан шатны шүүх энэ нотлох баримтыг хариуцагчийн зүгээс ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаагаар огт хийгдэж байгаагүй /Шийдвэрийн 5 дахь тал эхний догол мөр/ мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Гэтэл уг дүгнэлтийг нотлох баримтаар хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж гаргаж өгснийг хариуцагч нотлох баримт гаргаж өгч болохгүй мэтээр буруу дүгнэсэн байна.

Хоёрдугаарт уг дүгнэлтийг нэхэмжлэгч Ц.Оийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хийгдсэн, мөн ШШҮХ нь эцэг тогтоох шинжилгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулиар зөвхөн эрх бүхий этгээдийн захирамж тогтоолоор хийдэг байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар огт хийгдэж байгаагүй гэж худал тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Уг ШШҮХ-ийн 50 болон 1455 дугаар шинжээчийн дүгнэлтүүд өөр өөр гарсан байгаа нь эргэлзээтэй байгаа учраас дахин шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж эргэлзээг тайлалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх оролцогчийн эрхийг хязгаарлан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн зэрэг үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Хд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч ...жирэмсэн болсон цаг хугацаанд Отэй хамт амьдарч байгаагүй,тиймээс Чинхүсэлийг өөрийн хүүхэд гэдэгт эргэлздэг,...эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсний дараа энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа...гэж  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна. 

Зохигчдын хоорондох маргааны зүйл нь хариуцагч Б.Х хүүхдийн эцэг мөн эсэх асуудал байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ...Нэхэмжлэгч О нь анх Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад түүний хүсэлтээр 2020.04.05-ны өдөр 1455 дугаартай шинжээчийн эргэлзээтэй дүгнэлт гарсны дараа нэхэмжлэлээ татан аваад 4 сарын дараа дахин нэхэмжлэл гаргасан байдаг.Уг дүгнэлтийг хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгснийг гаргаж өгч болохгүй мэтээр буруу  дүгнэсэн,...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар огт хийгдэж байгаагүй мэтээр худал тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн, ...ШШҮХ-ийн 50 болон 1455 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд өөр өөр гарсан байгаа нь эргэлзээтэй учраас дахин шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж, эргэлзээг тайлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх оролцогчийн эрхийг хязгаарлан хуулиар тогтоосон журам зөрчсөн... гэсэн агуулга дурджээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд 2014 оны 11 дүгээр сараас танилцаж, үерхэж нөхөрлөж байсан, 2016 оноос  2017 оны 10 дугаар сар хүртэл    хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд 2016.07.06-ны өдөр хүү Х.Чинхүслэн  төрсөн, 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Хүү Х.Чинхүслэн эхийн асрамжид байгаа, түүнчлэн хүү Х.Чинхүслэнгийн  эцгээр Б.Хыг улсын бүртгэлд бүртгэж, төрсний гэрчилгээ олгогдсон байна. Хариуцагч нь хүүхдийг өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаагүй, Оийн аав нь очиж бүртгүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч хүүхдийн төрсний бүртгэлтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т нийцжээ.

Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 189/ШЗ32020/00134 дугаар шүүгчийн захирамжаар хүү Х.Чинхүсэлийн биологийн эцэг тогтоолгох шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон байх ба  тус байгууллагын мэргэжлийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ДНХ-ийн шинжилгээ хийж гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 50 дугаартай дүгнэлтээр Б.Х нь Х.Чинхүслэнгийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал нь 99,99% болохыг  тогтоожээ.  

Нэхэмжлэгчээс анх Багахангай дүүргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон гэх ШШҮХ-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1455 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан ба уг дүгнэлтээр мөн Б.Хыг хүү Х.Чинхүсэлийн биологийн эцэг магадлал 99,99% гэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй тухайн хэрэгт хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т “ Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох тохиолдолд зөвхөн “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй хэргийн шинжээчийн дүгнэлтийг одоо шийдвэрлэж буй иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт  буруу биш болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 151/ШШ2021/00673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Хын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 416 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

         ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР