Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 272

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,  

Шүүгдэгч Б.Баттулга  /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овгийн Балжиннямын Баттулгад холбогдох эрүүгийн 1709024280239 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 7 дугаар гудамж, 23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Шар овгийн Балжиннямын Баттулга, /РД: УП91060931/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны орчим Г.Болоршагай, С.Билгүүн нартай марган С.Билгүүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Баттулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв…”

Эрүүгийн 1709024280239 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Баттулга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний бие 89-87 УБТ улсын дугаартай “Аксент” маркийн автомашиныг 2017 оны хавар манай ах Б.Бат-Эрдэнэ тухайн авто машиныг хүнээс сэлбэгэнд авч байсан. Тэгээд би засаж сэлбээд таксинд явж мөнгө олдог бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 02-ны шөнийн 03 цагийн үед таксинд явж байгаад баар тарах дөхөж байхаар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” баарны гадаа очсон. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад баарнаас хүмүүс гарч ирсэн ба намайг машин дотроо сууж байхад баарны үүдэнд байдаг ТҮЦ-ийн хажууд 3-4 залуу тамхи татаж байгаад “Аксенттай залуучууд май шүү” гээд салаавч гаргаад орилж хашгираад надад хандаж “гайхаад байна уу” гэсэн. Тэгэхээр нь согтуу хүмүүс солиорч байна гээд тоолгүй баарны хашаанаас гараад баруун эргээд явах гэтэл урд зам түгжрээд зогссон. Тэгтэл нөгөө залуучууд хажуу талд дагаж алхаад “хөөш бандиа, чи гайхаад байна, май шүү” гэхээр нь машинаасаа бууж очоод нэг залуугийн цааш түлхэж нөгөө залууг нь шанаадсан. Тэгтэл хамт явж байсан нэг бүдүүн залуу нь хүрч ирээд ахаа би аваад явъя, та ингээд явчих уучлаарай гэхээр нь салаад шууд машиндаа суугаад явсан. Дахиж тэдгээр залуучуудтай уулзаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Манай найзыг бөөлжиж байтал жолооч залуу “энд бөөлждөггүй юм” гээд хэрүүл ам хийсэн. Бид нар өөдөөс нь хэрэлдэж “аксент унадаг хүмүүс цаашаа” гээд хэрүүл хийсэн. Тэгтэл машины жолооч бууж ирээд барьж аваад Г.Болоршагай бид 2-ыг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Болоршагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Сүхбаатарын талбайн урд талд байдаг “Лакс” нэртэй бааранд найз Билгүүн, Наранбат, Баяржаргал нарын хамт орсон. Бааранд орж бүжиглэж байгаад баар хаана гэхээр нь 04 цаг өнгөрч байхад гарсан шиг санагдаж байна. Баарнаас найзуудын хамт гараад зогсож байтал манай нэг найз бөөлжсөн. Тэгтэл баарны гадаа зогсож байсан авто машинуудын жолооч нарын нэг нь “наана чинь бөөлжигдөггүй юм” гээд бид нартай хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд тухайн үед тоолгүй С.Билгүүний хамт ТҮЦ-рүү алхаад тамхи аваад ТҮЦ-ний хажууд зогсож байхад нөгөө машины жолооч дахиад хэрүүл хийгээд байхаар нь тухайн жолоочийг адилхан хэл амаар доромжилж хэрэлдсэн. Тэгтэл нөгөө машины жолооч бууж ирээд шууд намайг түлхэж нэг цохиж холдуулаад манай найз С.Билгүүний шанаа хэсэг рүү нь цохих болсон. Тэгтэл бөөн хүмүүс гарч ирэхээр нь олуулаа явж байгаа юм байна гэж бодоод зугтаасан. Миний араас С.Билгүүн гүйж ирээд хамтдаа машиндаа суугаад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14929 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Г.Болоршагайгийн биед уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг  болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...шинжээч эмч Г.Ханхүү...” гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14930 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. С.Билгүүний биед баруун чихэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... шинжээч эмч Г.Ханхүү...” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Гэрч Р.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Б.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, Б.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 38 дугаар  хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Баттулга нь 2017 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны орчим Г.Болоршагай, С.Билгүүн нарт “бөөлжиж болохгүй” гэсэн шаардлага тавьж зүй бусаар харьцан маргаан үүсгэж улмаар С.Билгүүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Билгүүний мэдүүлэг, гэрч Г.Болоршагайн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №14930 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь хохирогч С.Билгүүнийг зодож цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баттулга нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

          Шүүх шүүгдэгч Б.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй бус харьцаж, шүүгдэгчээс хохирогчид зүй ёсны шаардлагыг зохистой байдлаар илэрхийлээгүй, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

 

Шүүгдэгч Б.Баттулгад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч С.Билгүүн бичгээр гаргасан хүсэлтэд /хх-ийн 46 дугаар хуудас/ “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.