Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/800

 

       

 

 

 

 

    2024           07            09                                          2024/ДШМ/800

 

 

    Б.Б., Х.Х., Э.Э. нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

яллагдагч Х.Х.ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

яллагдагч Э.Э.ын өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/904 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Улсболдын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Б., Х.Х., Э.Э. нарт холбогдох эрүүгийн 2202000560159 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э Э ...

Төв аймгийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 02 жил 04 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

2. Б.Б ..

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

3. Х.Х ..

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

1. Э.Э. нь 2022 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун зочид буудлын 302 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0.4820 грамм, цэвэр жин 0.0305 жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн өдөр 04-02 УНЧ улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х.Х.ээс 3.100.000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0.4524 грамм, цэвэр жин нь 0.1845 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б.Б.оос 8.000.000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7.6372 грамм, цэвэр жин нь 5.1306 грамм жинтэй 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан,

2. Б.Б. нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э.Э.д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн орчимд түүнээс 8.000.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан,

3. Х.Х. нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.Э.д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан,

мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдсан

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Э.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б., Х.Х. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн зорилго нь ...Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг... гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь ёстой. Хавтаст хэргээс үзвэл яллагдагч Б.Б., Х.Х., Э.Э. нарт холбогдох энэ хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 879 дүгээр захирамжаар прокурорт буцаасны дараа мөрдөгч Б.Жаргал нь зөвхөн гэрч Ц.У /4хх 150-151/, яллагдагч Э.Э. /4хх 168/ нараас мэдүүлэг авснаар хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргажээ. /4х 174-175/ Харин хяналтын прокурор Н.Улсболд “...шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй...” гэж үзээд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 123 дугаар тогтоолоор мөрдөн байцаалтад буцаасан байна. /4хх 222-223/

Улмаар О.А гэгчээс гэрчийн мэдүүлэг авсан /4хх 229-231/, яллагдагч Б.Б., яллагдагч Э.Э. нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан /4хх 245-247/, мөн Б.Х гэгчийн талаарх лавлагаа, Хар тамхитай тэмцэх газраас авснаар /5хх 5/ мөрдөн шалгах ажиллагаа дуусгаж прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэйгээс гадна шүүхээс хэргийг прокурорт буцаасан 1 жилийн хугацаанд шүүгчийн 879 дүгээр захирамжийн заалт биелээгүй гэж үзэхээр байна. Иймд нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт буцааж байгаатай холбоотойгоор яллагдагч Э.Э.д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Х.Х.д авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, яллагдагч  Б.Б урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээн дээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамжид “...өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэйгээс гадна шүүхээс хэргийг прокурорт буцаасан 1 жилийн хугацаанд шүүгчийн 873 дугаартай захирамжийн заалт биелээгүй гэж үзэхээр байна” гэжээ. Яллагдагч Э.Э., Б.Б., Х.Х. нарт холбогдох эрүүгийн 2202000560159 дугаартай хэрэгт урд нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 100 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар яллагдагч Х.Х.ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн “....энэ хэрэгт А гэх хүн манай үйлчлүүлэгч Х.Х.д мөс гэх бодисыг өгсөн. Энэ үйл баримтыг шалгуулах шаардлагатай байна” гэх хүсэлтээр 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2023/ШЗ/879 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн хүсэлтэд дурдагдаж, шүүгчийн захирамжид заасан ажиллагаа болох “О.А” гэгчээс гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд тэрээр яллагдагч Х.Х.д мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалаагүй талаар мэдүүлэг өгсөн. Түүнчлэн, яллагдагч Б.Б., Х.Х. нар нь яллагдагч Э.Э. сэтгэцэд нөлөөт бодис худалдаалаагүй талаар маргадаг, мөн хэнээс, хэрхэн олж авсан талаар мэдүүлэг өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цуглуулж бэхжүүлсэн бичгийн баримтуудаар яллагдагч Б.Б., Х.Х. нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй. ...Түүнчлэн, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/879 дугаартай захирамжид заасан ажиллагаа болох Б.Б., Х.Х. нарт байсан гэх сэтгэцэд нөлөөт бодисыг эх сурвалжийг тогтоох чиглэлээр хангалттай мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байхад гагцхүү шүүгчийн захирамжид зааснаар ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь ойлгомжгүй, шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүгчийн захирамжаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь тодорхойгүй. Урьд нь анхан шатны шүүхээс яллагдагч Х.Х.ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн хүсэлтийн дагуу хэргийг прокурорт буцааж байсан. Уг шүүгчийн захирамжтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, гэрч О.А-аас мэдүүлэг авахад “Би Х.Х.д хар тамхи зараагүй, бусдад хар тамхи зарсан нөхцөл байдал байхгүй” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, прокурор Н.Улсболд дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн аль нэг шинжид хамаарах үйлдлийн аль нэгийг хийснээр төгсөж, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Мөн яллагдагч Э.Э-ын тухайн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, яллагдагч Х.Б-оос худалдаж авсантай холбоотой тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг хийхэд эх сурвалж нь гадаад улс руу гарсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Х.Х.ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийсэн, прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, яллагдагч Х.Х., Б.Б. нарын яллагдагч Э.Э.д худалдсан гэх бодис нь хаанаас бий болж, хэнээс авсан эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн эх сурвалжийг тогтоож чадаагүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сард 879 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж байсан. Үүнтэй холбоотойгоор зөвхөн 407 дугаар хорих ангид хоригдож байгаа А-аас гэрчийн мэдүүлэг авсан. Гэтэл гэрч А-ийн мэдүүлэг нь тогтворгүй, зөрүүтэй. Энэ хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд өөр өөр субьектуудын талаар мэдүүлсэн байдаг. Мөн гэрч А ямар үндэслэлээр 407 дугаар хорих ангид хоригдож байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Э.Э.ын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б., Х.Х., Э.Э. нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Б.Б., Х.Х., Э.Э. нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.Э.д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Х.Х., Б.Б. нарт авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/904 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч Э.Э.д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Х.Х., Б.Б. нарт авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН