2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/05240

 

 

 

 

2025 06 17 192/ШШ2025/05240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** хороо, Гандан, Өндөр Гэгээн Занабазарын гудамж барилга **/3-ын *** тоот хаягт байрлах, ****** ХХК /рд:

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** хороо, Зайсан ** байр, 1-** тоот хаягт оршин суух, Г овогт С М /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 213,079,150 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р нь зээлдэгч С.М 2024.04.05-ны өдөр 04/05 тоот зээлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 120,000,000 төгрөгийг мөн 2024.04.23-ны өдрийн 04/23 тоот Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулж сарын 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээл олгож үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн бүс 19/3 байр 1002 хаягт байрлалтай 48 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд эдгээр гэрээний хугацаа дууссан. Бид хугацаа дуусгавар болоход зээлдэгч дээрх 04/05 тоот гэрээний дагуу нийт 26,51,779 төгрөгийг 04/23 тоот гэрээний дагуу 7,271,355 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлбөр хийгдээгүй байна. Нэхэмжлэгчид 2025.02.12-ны өдөр анх нийт мөнгөнийхөө хоёр гэрээний үүрэгт үндсэн зээл, өөр нэмэгдүүлсэн хүү 190,745,342 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 04 сарын 04-ний өдөр, 05 сарын 06-ны өдөр, 06 сарын 25-ны өдөр, 06 сарын 03-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн шаардлага гарган эцсийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 213,079,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хэрвээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хариуцагч талаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулах ёстой гэж ярьж байгаа. Банк бус санхүүгийн байгууллага өөрийн эрхийн хүрээнд мэдээж хүүгээс буюу нэмэгдүүлсэн хүүгээс эхэлж хасалт хийдэг. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас шууд хүү тооцохгүй гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.До шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсанд маргаан байхгүй. Гэрээ хүчин төгөлдөр зээлийн төлбөрийг хүлээж авсанд маргаан байхгүй. Хариуцагчийн хувьд төлөгдсөн төлбөрүүдэд маргаан байхгүй. Тооцоонд биччихсэн байгаа төлбөрүүд дээр маргаан байхгүй байна. Гол нь зээл хүүгийн тооцооллыг тооцоолохдоо буруу тооцоолчихсон байна. Тэгэхээр анхны нэхэмжлэл гаргахад хүлээн зөвшөөрөхгүй байгаа дүн нь 4,189,118 төгрөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргахад 4,189,118 төгрөг байсан ба гурван удаа ихэсгэсэн. Аргачлал нь гэвэл зээлийн гэрээний хугацаа дуусангуут төлөгдсөн төлбөрийг нь үндсэн зээлээсээ хасах ёстой. Тэгэхээр 2024.11.15-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээсээ хасах ёстой. 2024.11.15-ны өдрөөс хойш зээлийн хүүгийн тооцоолол нь 100,000,000 төгрөгөөс тооцох ёстой. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх өмнөх үед төлөгдсөн төлбөрийг суутгаж авсанд маргаан байхгүй. 2024.11.15-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас хойш төлөгдсөн төлбөрийг Рус финанс ББСБ ХХК хувьчилж аваад байгааг зөвшөөрөхгүй байгаа. Жишээлбэл 20,000,000 төгрөг төлөхөд 120,000,000 төгрөг болон 50,000,000 төгрөгийн зээлд шууд өөрсдөө дур мэдэн авдаг. 20,000,000 төгрөг төлөөд байхад 120,000,000 төгрөгийн зээлээс буюу түрүүлж хийгдсэн зээлийн гэрээнээсээ хасаад явах ёстой. 50,000,000 төгрөг мөн адил зарчмын хувьд ялгаагүй ч гэсэн тэгж явах ёстой гэдгийг тайлбарлаж байгаа. Хоёрдугаарт банк бус санхүүгийн байгууллага буюу зээлдэгч өөрөө гэрээгээрээ тохирчихсон байгаа 2 сараас дээш хугацаагаар зөрчигдөх юм бол цуцална гэдгийг гэрээгээр тохирсон. Илт зөрчилдөөд яваад байхад гэрээг цуцлаад хохирлоо шаардах ёстой. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг баримтлах ёстой. Хэрвээ нэмэгдүүлсэн хүү, үндсэн төлбөрийн дарааллыг гэрээгээр тохироогүй учраас хуульд заасан дарааллын дагуу явах ёстой. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдөж байгаа мөнгийг үндсэн зээлийн төлөлтөөр тооцох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас, нэмэгдүүлсэн хүү 1,783,233 төгрөг, хүү 7,132,933 төгрөг, нийт 8,916,166 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх 204,162,984 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.М зээлийн хүүгийн тооцоолол, Р ХХК-н банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Рус финанс ББСБ ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Рус финанс ББСБ ХХК-с Б.Хуланд олгосон итгэмжлэл, 2024.04.05-ний өдрийн №04/05 дугаар Зээлийн гэрээ, 2024.04.05-ний өдрийн №04/05 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2024.04.23-ний өдрийн №04/23 дугаар Зээлийн гэрээ, 2024.04.23-ний өдрийн №04/23 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Р ББСБ ХХК-с 120,000,000 төгрөгийг С.М шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, Р ХХК-с 50,000,000 төгрөгийг С.М шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

4. Хариуцагч талаас хариу тайлбар, 2025.03.07-ны өдрийн итгэмжлэл,

5. Шүүхээс 2025.04.05-ны өдрийн Барьцааны гэрээ /ИПОТЕК/-г эрхийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, 2025.04.23-ны өдрийн Барьцааны гэрээ /ИПОТЕК/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт зэрэг баримт цугларсан байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлээс 204,162,984 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 8,916,166 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч С.М холбогдуулан 2024.04.05-ний өдрийн №04/05 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000,000 төгрөг, хүү 23,671,234 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,734,247 төгрөг, 2024.04.23-ны өдрийн №04/23 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 12,701,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,972,603 төгрөг, нийт 213,079,151 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагын 204,162,984 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 8,916,166 төгрөгийг эс зөвшөөрч, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн зээлийн эргэн төлөлтийг үндсэн төлбөрөөс хасаж тооцох ёстой гэх үндэслэлээр маргажээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. РББСБ ХХК болон С.М нарын хооронд 2024.04.05-ний өдөр №04/05 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч нь 120,000,000 төгрөгийг, 2024.04.23-ны өдөр №04/23 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч С.Мөнхжаргал нь 50,000,000 төгрөгийг тус тус сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлэхээр тохирчээ. /хэргийн 14-16, 20-22 дугаар тал/

4.2. Р ББСБ ХХК болон С.М нарын хооронд 2024.04.05-ний өдрийн №04/05 тоот Зээлийн гэрээ 2024.04.23-ны өдрийн №04/23 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2024.04.05-ны өдөр 04/05 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2024.04.23-ны өдөр 04/23 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205086636 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 хороо, үйлдвэрийн төвийн бүс, дунд гол гудамж, 19/3 байр, 1002 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 2024.04.05-ны өдөр, 2023.04.23-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хэргийн 17-19,23-25, 64-69 дугаар тал/ 

4.3. Р ББСБ ХХК нь С.М-ын Хаан банкны 5700187962 тоот дансанд 2024.04.05-ны өдөр 120,000,000 төгрөг, 2024.04.24-ний өдөр 50,000,000, нийт 170,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 26, 27 дугаар тал/

4.4. Хариуцагч 2024.11.05-ны өдөр РББСБ ХХК-д шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2024.04.05-ны өдрийн зээлийн гэрээний хүүнд 17,251,694.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 970,520.43 төгрөг, 2024.04.23-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүнд 1,550,935.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 226,849.23 төгрөгийг суутган тооцсон байна. /хэргийн 37, 38 дугаар тал/

4.5 Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллага байна. /хэргийн 11- 12 дүгээр тал/

4.6. Зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, зээл олгосон, буцаан төлсөн мөнгөн дүнгийн хувьд маргаагүй.

5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байдал, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д . . . Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. . , мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д . . . Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй, хариуцагч зээл, түүний хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч төлөгдөөгүй үндсэн үүрэг, зээлийн гэрээний хугацаа дахь хүү, зээлийг төлөх хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

7. Хариуцагч тал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг үндэслэн 2024.11.05-ны өдөр Р ББСБ ХХК-д шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг 2024.04.05-ны өдрийн 120,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс хасуулна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал Банк бус санхүүгийн байгууллага өөрийн эрхийн хүрээнд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар хасалт хийдэг гэжээ.

Хэрэв гэрээний хугацаа дууссан тохиолдолд тухайн хугацаанаас хойш төлөгдсөн төлбөрөөс үндсэн зээл, эсхүл зээлийн гэрээний хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан зээлийн хүү, гэрээ дуусгавар болсноос хойших хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү алийг нь ямар дарааллаар төлүүлэх Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцогдоно.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ. гэж зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгэгчид сонголт хийх боломжийг олгосон байна. Уг сонголт нь нэгдүгээрт, хоёр зээлийн алинд, эсхүл үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн алийг төлөхөө өөрөө сонгох эрхтэй, хоёрдугаарт, талууд уг сонголтыг гэрээгээр тохирсон байж болно. Энэ хэргийн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ийнхүү сонголт хийгээгүй, талууд гэрээгээр үүрэг гүйцэтгэх дарааллын талаар тохироогүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ, 216.3-т Шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд ижил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ., 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж тус тус зааснаас үзэхэд төлбөрийн хугацаа болсон, хүнд нөхцөлтэй, биелэх боломж багатай, үндсэн үүргийг тэргүүн ээлжинд төлүүлэхээр тусгажээ.

Эдгээрийн аль аль нөхцөлийг 2024.04.05-ны өдрийн 120,000,000 төгрөгийн зээлийн нөхцөл хангаж байх тул хариуцагч талын татгалзал үндэслэлтэй. Хариуцагч С.Мөнхжаргалын 2024.11.05-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгийг 2024.04.05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 120,000,000 төгрөгөөс хасаж тооцоход 2 гэрээний нийт нэмэгдүүлсэн хүүгээс 1,783,233 төгрөг, хүүгээс 7,132,933 төгрөг, нийт 8,916,166 төгрөгийг хасаж тооцсоныг зүйтэй гэж үзэв.

8. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан. 

Талууд 04/05, 04/23 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан улсын эрхийн Ү-2205086636 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 хороо, үйлдвэрийн төвийн бүс, дунд гол гудамж, 19/3 байр, 1002 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч, холбогдох бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн байх тул уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

9. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч С.М нь 2024.04.05-ны өдрийн 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2024.04.23-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 204,162,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, үлдэх 8,916,166 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 3 хороо, үйлдвэрийн төвийн бүс, дунд гол гудамж, 19/3 байр, 1002 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,664,076.63 төгрөг /70,200+1,111,676.71+179,133.67+179,976.21+105,090,04/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,248,964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-аас 204,162,984 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Рус финанс ББСБ ХХК-д олгож, үлдэх 8,916,166 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч С.М нь үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн * хороо үйлдвэрийн төвийн бүс, дунд гол гудамж, **/3 байр, **** тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,664,076.63 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,248,964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 


 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН