Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/801

 

       

 

 

 

 

    2024           07            09                                          2024/ДШМ/801

 

 

    Ц.Ц., Г.Ө,

Г.Г. нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Ц.Ц.ын өмгөөлөгч А.Буянжаргал,

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч И.Хонгор,

шүүгдэгч Г.Г.ын өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/363 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г.ын өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран болон шүүгдэгч Ц.Ц.ын өмгөөлөгч А.Буянжаргал, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарт холбогдох эрүүгийн 2209023930415 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г.Ө ...

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

 

2. . Ц.Ц ...

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

 

3. . Г.Г...

 

Шүүгдэгч Ц.Ц., Г.Ө, Г.Г. нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Лазер” төвийн гадаа Г.Ц.ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Г.Г-д хүч хэрэглэж, түүний халааснаас 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy s7” загварын гар утсыг, “Хас” банкны 5002498300 дугаарын данс бүхий виза картад байсан 106.000 төгрөгийг авч, 226.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г.Ө, Г.Г. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

прокуророос шүүгдэгч Ц.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Ц-Ц-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарыг “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц., Г.Ө нарыг тус бүрийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Г.Г-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар,

шүүгдэгч Ц.Ц.т энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1196 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 01 /нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.т оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон 3 /гурав/ жил 01 /нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Ц. зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Ц.Ц. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Ө, Г.Г., Ц.Ц. нар 238 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Ө, Г.Г., Ц.Ц. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар би гэм буруугаа маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцсоныг харгалзан үзэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Анх хэргийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн саад учруулалгүй гэм буруугаа хүлээн урьд авсан ялаа хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгөөч гэж гуйж байна. Би одоогоор ээж болон зээ дүүгийн хамт гурвуулаа хамт амьдардаг. Гэр минь уулан дээр байдаг болохоор ээж минь хөгшин хүн ус зөөж, түлээ хагалах зэрэг хүнд ажил хийж чадахгүй.  Би цагдан хорих 461 дүгээр ангид 10 сар гаруй хоригдож байна. Энэ хугацаанд маш их зүйл ухаарч, бодож бас гэмшиж байна. Надад ихийг бүтээж сурч, хөдөлмөрлөж амьдрах хүсэл эрмэлзэл бий. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн магадлалын үндэслэл хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхдээ зөвхөн шүүгдэгч Г.Г., Ц.Ц. нарыг тодорхой тусгаж өгсөн. Энд миний нэрийг огт дурдаагүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г.ын өмгөөлөгч О.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх талаас нь үнэлээгүй, буруу үнэлж дүгнэсэн, мөн процессын алдаатай байхад анхан шатны шүүх зөвтгөлгүй хэргийг шийдсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй, үндэслэл муутай болсон. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2023 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 2209023930415 дугаар тогтоол үйлдэн Г.Ж-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /хх 20-23 хуудас/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж заасны дагуу прокурорын байгууллагын зүгээс Г.Ж гэгчийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байх тул Г.Г.д хуульд заасны дагуу яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан гэж үзэх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, 30.17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. Хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэрийг заана” гэж заасан тул улсын яллагчийн зүгээс өөр этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэж үзнэ. Түүнчлэн прокурорын байгууллагын зүгээс Г.Ж гэх иргэнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тул Г.Г. гэх иргэнд холбогдуулж яллах дүгнэлтийг үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлж, анхан шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл юм.

Урьд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ДШМ/1019 дүгээр магадлалаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгч Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарын дээрэмдэх гэмт хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн, тухайлбал хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэр /хэн хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчийн эд зүйлийг авсан гэх зэрэг/ хэргийн талаарх дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол, учруулсныг тодорхой заагаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлд хууль ёсны дүгнэлт хийх үүргээ үл биелүүлсэн, дээрэмдэх гэмт хэргийн үйлдэл, оролцоо, гэмт хэргийн хамтран оролцох хэлбэр буюу хохирогч Г.ийн эд хөрөнгийг яг хэн авсан, тодруулбал гар утас, түрүүвч, “Хас” банкны виза картыг авахад яг хэний идэвхтэй, хүч хэрэглэсэн үйлдэл, үйлдэл оролцоог тодорхой болгож чадалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Г.ын зүгээс анхнаасаа дээрэмдэх гэмт хэрэг хийх санаа зорилго байгаагүй /өөрийн анхны өгсөн мэдүүлгээр: мөнгөтэй буюу мөнгө зээлэхээр очсон байдаг./, мөн хэрэгт авагдсан /хх 18/ Ц.Ц.ын мэдүүлгээр “...буудалд ороод байж байхад Г.Ө Хас банкны картыг нь авчихаад өгөөгүй байсан гэх...” зэрэг нотлох баримтаар Г.Г.ын дээрэмдэх гэмт хэрэгт оролцсон гэх ямар идэвхтэй үйлдэл, хохирогчийн ямар эд зүйлийг хэрхэн, хэдэн удаагийн үйлдлээр авсан, хэрхэн буцааж өгсөн, эд зүйлсийг авахад хэрхэн хүч хэрэглэж авсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байхад шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа тэдгээрийг яллах нотлох баримт болохгүй боловч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, цагаатгах талын нотлох баримтаар үнэлэлт өгч, дүгнэлт хийх боломжтой ба шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан судалж, хууль ёсны дүгнэлтийг хийж чадаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Ө нь дээр дурдсан үйлдэл, оролцоог маш тодорхой мэдүүлсэн буюу Ө.Г.ийн халааснаас гар утас болон “Хас банк”-ны виза карт авсан, “Түц”-нээс юм авахуулсан зэрэг гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, идэвхтэй үйлдэл, хэн хэн хэрхэн оролцсон болохыг тодорхой мэдүүлдэг. Мөн мэдүүлэг нь шүүгдэгч Г.Г., Ц.Ц. нарын мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Г.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г.ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчдийн зүгээс хэргийг хууль зүйн талаас нь хянуулахаар давж заалдах гомдол гаргасан. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх зорилгогүй байсан болохыг хэлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор удаа дараа солигдож байсан боловч хэрэгт ямар этгээдийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж байгаа талаар маш сайн шалгаж, анхаарах ёстой. Үүнийг техникийн шинжтэй алдаа биш гэж үзэж байна. Учир нь, прокурор яллагдагчаар өөр этгээдийг татаж, яллах дүгнэлт үйлдэж гардуулсан тул Г.Г.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй юм. Тус Г.Г.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт үндэслэн Г.Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын болон хохирогчдын мэдүүлгээр Г.Г.д хохирогчийг дээрэмдэх үйлдэлд оролцоо байгаагүйг илэрхийлдэг. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх гэмт хэргийн объектив шинж болох идэвхтэй дээрэмдэхээр чиглэсэн ямар үйлдэл, оролцоо байсан эсэхийг тусгайлан дүгнэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийнхөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох үүрэг хүлээдэггүй. Г.Г.ын болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр энэ гэмт хэрэгт Г.Г. үйлдэл, оролцоогүй болох нь тогтоогддог. Хохирогч “Г.Г. өшиглөсөн” гэж мэдүүлж байгаа боловч “миний эд зүйлсийг дээрэмдэж, намайг айлган сүрдүүлж, довтолсон” гэж огт мэдүүлээгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Г.Г.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц.ын өмгөөлөгч А.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ц. нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.Харин дээрэмдэх гэмт хэрэгт миний оролцоо байгаагүй гэж маргасан нь түүнд тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахад саад болохгүй гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл нь зөвхөн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахад л ач холбогдолтой.

Иймд давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэргийнх нь нөхцөл байдал, хувийн байдал, хохирлоо төлсөн байдал, хор уршгийн шинж чанарт нь тохирсон хуульд заасан хамгийн бага ял буюу 2 жилийн хорих ял болгон эрүүгийн хариуцлагыг багасгаж өгнө үү. Ц.Ц.ын эхнэр нь саяхан төрсөн, нярай хүүхэдтэй, амьдралд дөнгөж хөл тавьж, амьдрал зохиож байгаа залуу бөгөөд өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ дүгнэлт хийж, засрал хүмүүжлээ харуулж, ялаа эдэлж дуусаад гэр бүлдээ болон бяцхан охиндоо хурдан очих чин хүсэлтэй байгааг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргаагүй байхад шүүхээс шүүгдэгч Г.Өт гэм буруу дээр маргасан мэтээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ө нь бусдыг гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэж хуульд байхгүй үндэслэл гаргаж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан ял халдаасан үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэггүй юм. Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгааг ойлгодог. Шүүгдэгч Г.Ө-ын зүгээс мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдлийн хууль зүйн үр дагавар, хариуцлагыг ухамсарлан ойлгож гэм буруугаа хүлээж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар огт маргаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа болно. Тогтоолын 11 дүгээр заалтад шүүгдэгч Г.Ө 238 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн. Гэтэл Г.Ө-ын хувьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/431 дугаар тогтоолоор 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 286 хоног болж байна. Иймд шүүгдэгч Г.Ө-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, учруулсан хохирлоо нөхөн төсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт үйлдлийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Ц., Г.Ө, Г.Г. нар нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Лазер” төвийн гадаа хохирогч Г.Г.ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах явцдаа түүний халааснаас 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy s7” загварын гар утсыг, “Хас” банкны 5002498300 дугаарын данс бүхий виза картад байсан 106.000 төгрөгийг авч, бусдад 226.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон. Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч нарын зүгээс “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор Г.Г-ыг татаагүй, өөр хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан гэж гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд техникийн шинжтэй алдаа гарсан. Энэ тогтоолоос үзвэл хэн гэдэг, хаана оршин суудаг, ямар регистрийн дугаартай хүнийг яллагдагчаар татсан талаар дурдсан. Иймд шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй. Хохирогч Г.Г. “Намайг 3 хүн нийлж зодсон. Эмэгтэй нь ардаас нуруу руу өшиглөсөн” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид хүч хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. Мөн энэхүү гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. Гэхдээ шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд тэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч тухайн мөчид үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогчийг зодох явцдаа эд хөрөнгийг нь дээрэмдэж, ТҮЦ /түргэн үйлчилгээний төв/ орж идэх зүйл, мөнгө өгөхийг шаардсан үйл баримт тогтоогддог. Мөн өмгөөлөгч нарын зүгээс “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран болон шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч А.Буянжаргал, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Г.Ө-т Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тус өдрөөс эхлэн хорих ялыг тоолохоор шийдвэрлэжээ. /1хх 172-181/

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарт холбогдох хэргийг хэлэлцэж 2023/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолоор Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, ...шүүгдэгч Г.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй гэж дурджээ. /1хх 202-211/

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээрх Сүхбаатарын дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Ц., Г.Г. нарын гомдлуудыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /2хх 6-10/

 

Гэтэл Сүхбаатарын дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүх Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарт холбогдох хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр дахин шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж мөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг бүхэлд нь нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Ө-ыг 238 хоног цагдан хоригдсон гэж үзэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хэд хоногийн ялыг эдэлсэн талаар огт хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Ө нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас хэдий хэмжээний ялыг нэмж эдэлсэн талаарх ялын тооцоог хэрэгт хавсаргахгүйгээр 1 жил 6 сарын хорих ялыг бүгдийг нэгтгэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Шүүгдэгч Г.Ө нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тооцвол 286 хоног, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тооцвол 238 хоног тус тус цагдан хоригдсон гэх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Г.ын өмгөөлөгч О.Баяржаргал, Э.Түвшинбаяр нарын “...Г.Г.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах”, шүүгдэгч Ц.Ц.ын өмгөөлөгч А.Буянжаргал, шүүгдэгч Г.Ө болон түүний өмгөөлөгч И.Хонгор нарын “...хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.Ц., Г.Ө, Г.Г. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН