Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2021/00022

 

                                                          

 

 

У.Э-Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00584 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч У.Э-Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.М нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан /онлайнаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базархуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 9.900.000 төгрөгийг иргэн М.Маас өөрийн дансаараа дамжуулан түүнээс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 8.400.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 500.000 төгрөгийг нийт 9.900.000 төгрөг авсан. Зээлсэн уг мөнгийг төлөх баталгаа болгон өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалах саналтай М.Мт хандсан бөгөөд уг саналыг хүлээн авч 9.900.000 төгрөгийг надад зээлдүүлсэн. М.М мөнгө зээлдүүлэх үедээ “найдвартай нь дээр, байраа миний нэр дээр шилжүүлчих, мөнгөө төлж дуусахаар чинь байрны ордерыг чинь чиний нэр дээр буцаагаад шилжүүлье’ ... гэж санал тавихаар нь би түүнд итгэн, мөнгө зээлэх аргагүйн эрхэнд түүний саналыг зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ байгуулах гээд нотариат дээр очих үед ийм гэрээ хийхэд хамгийн доод тал нь 30.000.000 төгрөгөөр худалдсан байх шаардлага тавьсан тул нотариатын гэрээ хийхийн тулд орон сууцны үнийг 30.000.000 төгрөг гэж бичсэн. Өөрийн өмчлөлийн орон сууцыг 9.900.000 төгрөгийг зээлж, уг мөнгийг буцаан төлөх баталгаа болгож, байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч миний бие түүнээс зээлж авсан 9.900.000 төгрөгийг буцаагаад 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3.300.000 төгрөгийг М.Мт төлсөн. Ингээд мөнгөө бүрэн төлж дуусаад байраа буцааж авах талаар М.Мтай утсаар холбогдож хэлэхэд “одоо хөдөө байна, Улаанбаатар хотод орохоороо л шилжүүлж өгье” гэсэн боловч байрны гэрчилгээг буцаан шилжүүлэхгүй худал үнэн ярьсаар өнөөдрийг хүргэсэн бөгөөд сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. Иймээс миний бие зээлсэн мөнгөө түүнд буцаан бүрэн төлсөн. Бидний хооронд бодитоор 30.000.000 төгрөг өгч авсан зүйл байхгүй. Би М.Мт орон сууцаа хүлээлгэж өгөөгүй, гэрээ хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цаг хугацаанд түүний нэр дээр шилжүүлсэн өөрийн орон сууцандаа амьдран суусан хэвээрээ байна. Орон сууц худалдах худалдан авах гэрээг М.Мын саналын дагуу хийсэн. Бодитоор 30.000.000 төгрөг бие биедээ өгсөн, авсан зүйл байхгүй орон сууц худалдан авах гэрээ хэрэгжээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан “өөр хэлцлийг халхавчлах болон халхавчлуулж буй 2 хэлцэл хийгдсэнээр бий болдог хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцохоор” хуульчилсан. Бидний хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хэрэгжих боломжгүй байсан. Орон сууц худалдан авах гэрээ бодитоор хэрэгжээгүй тул бодитоор зээлийн болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор энэ гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Иймээс бидний хооронд 2017.11.08-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож уг хэлцлийн үр дагаврыг арилгаж, 56.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамж, 166-39 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг буцаан нэхэмжлэгч У.Э-Агийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь У.Э-А, М.М нар харилцан тохиролцож анх 2016 оны 10 сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг түүнд зээлүүлж энэ тухай баримт үйлдсэн байдаг. Ингээд мөнгө зээлсний дараа У.Э-Ад дахин мөнгө хэрэгтэй болсон тул дахин М.Маас мөнгө зээлэхээр уулзсан. Тухайн үед М.Мт мөнгө байгаагүй тул өөрийн танил Н.Болдбаатар гэх хүнтэй уулзаж мөнгө асуусан юм. Гэтэл Болдбаатарын хувьд У.Э-Ад мөнгө зээлэхгүй, зээлсэн мөнгө өгдөггүй гэсэн шалтгаанаар У.Э-Ад мөнгө өгөхөөс татгалзсан байдаг. Ингээд нэгэнт У.Э-Ад мөнгө зээлэхгүй гэсэн тул тэрээр М.Мт санал тавьж, өөрийн байрыг худалдах хүсэлтэй байна, харин хэрэгтэй мөнгийг маань олж өгөөч гэж санал тавьсан. Тэгээд харилцан тохиролцож У.Э-Агийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 166-39 тоот байрыг 30.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд өмнө 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.Ц надаас болон миний нөхөр М.Маас зээлсэн 10.000.000 төгрөгийг тооцож, нөхөр М.М Болдбаатараас 10.000.000 төгрөгийг зээлж авч өгсөн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний данснаас 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 8.400.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 500.000 төгрөг тус тус У.Э-Ад өгч нийт 30.000.000 төгрөгийг байрыг худалдаж авахаар бүрэн төлсөн. Улмаар Баянзүрх дүүргийн нотариат орж худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрчлүүлсэн. Энэ тухай Н.Болдбаатар сайн мэдэж байгаа бөгөөд М.М нь У.Э-Агийн байрыг худалдаж авахаар тохиролцсон талаараа түүнд хэлж 20.000.000 төгрөгийг зээлж авсан юм. Нөхөр М.М нь У.Э-Ад байрны төлбөрийг төлөхийн тулд Н.Болдбаатараас зээлсэн 20.000.000 төгрөг, хүү 4.000.000 төгрөг нийт 24.000.000 төгрөгийг төлөхөөр худалдаж авсан. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 166-39 тоот байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж зээл авч 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №21-18050569 дугаартай барьцаат ипотекийн гэрээг байгуулсан. Харин У.Э-Агийн хувьд одоогоор тухайн байранд амьдарч буй бөгөөд бид найз нөхдийн холбоотой тул түүнийг тухайн байрандаа оршин суухыг зөвшөөрч сарын байрны хөлсөнд 500.000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцоотой байсан. Гэтэл байрны хөлсийг төлж байснаа ийнхүү зээлийн барьцаанд тавьсан байсан гэж илт худал нэхэмжлэл гаргаж буйд харамсаж байгаа тул энэхүү худал, бодит үнэнд нийцээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Прогресс капитал ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: “У.Э-Агийн нэхэмжлэлтэй М.М, М.Ц нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах иргэний хэрэгт манай байгууллагыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан. Хариуцагч нар нь манай байгууллагаас 2018 оны 5 сараас эхлэн удаа дараа 25-70 сая төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө, хэрэглээний зориулалтаар авч байсан ба тухайн зээлүүдийг авах бүртээ маргаан бүхий орон сууцыг бусад эд хөрөнгийн хамт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаалж байсныг бид улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Хариуцагч нар маргаан бүхий орон сууцыг манайд барьцаалж зээл авахдаа орлогоо тодорхойлдог байсан ба өрхийн орлого гэсэн хэсэгт уг орон сууцыг түрээсэлж тодорхой орлого олдог гэж мэдүүлж ирсэн. Манай байгууллага хариуцагч нарт анх 2018 оны 5 сард 25 сая төгрөгийн зээлийг олгоход зээлдэгч нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2017 онд бүртгүүлсэн байсан нь улсын бүртгэл үнэн байх шаардлагад нийцсэн байсан. Хариуцагч нартай бидний байгуулж байсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээ барьцааны гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд бөгөөд өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь 113.060.302.64 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нарын бидэнтэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21-19111397 тоот зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээ үүрэг дуусгавар болоогүй учраас нэхэмжлэгч нь маргаж байгаа орон сууцыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж өөрт учирсан хохирлоо хариуцагч нараас мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.М, М.Ц нарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч У.Э-Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 151/ШЗ2020/04431 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа давж заалдах гомдолдоо: “...1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн. Учир нь: Шүүх хэргийн бус оролцогчдын хооронд өөрөөр хэлбэл хариуцагч М гэрч Болдбаатар нарын хоорондоо 20 000 000 төгрөг өгч авалцсан үйл баримтыг нэхэмжлэгч У.Э-А, хариуцагч М нарын хооронд үүссэн харилцаа мэтээр хэтрүүлэн маргаан бүхий орон сууц худалдах худалдан авах гэрээний үнийг М нэхэмжлэгч У.Э-Ад төлсөн мэтээр хийсвэрээрээ дүгнэлтээ гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэнд гомдолтой.

2. Худалдах худалдан авах гэрээний үнийн дүнг хариуцагч М.М нэхэмжлэгч У.Э-Ад төлсөн ямар баримт хэрэгт авагдаагүй байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Хэрэгт нэхэмжлэгч У.Э-А хариуцагч М.Маас маргаан бүхий гэрээний үнийн дүн болох 30 000 000 төгрөгийг хүлээж аваагүй талаарх дансны хуулга, зээлж авсан 9 900 000 төгрөгөө буцаагаад төлсөн талаарх үйл баримтад шүүх огт дүгнэлт хийхгүй орхигдуулсанд гомдолтой.

Хариуцагч М.М нь нэхэмжлэгч У.Э-Ад маргаан бүхий гэрээний үнийн дүн болох 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нар нь хариу тайлбараараа тэдний  хооронд  зээлийн  харилцаа  байсан  талаар  үгүйсгээгүй  төдийгүй  хүлээн зөвшөөрдөг.

4. Хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцны эзэмшил ашиглалтыг бодитойгоор өөртөө шилжүүлэн аваагүй төдийгүй хариуцагч М.М нь нэхэмжлэгчид гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг шилжүүлээгүй байдалд мөн адил огт дугнэлт хийгээгүй.

Гэрээний үнийн дүн болох 30 000 000 төгрөг өгч авалцсан зүйл байхгүй. Гэрээ хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцандаа амьдарсан хэвээр байна. Хариуцагч нэг ч удаа маргаан бүхий байранд ирж байгаагүй байдлаар энэхүү гэрээ бодитойгоор огт хэрэгжээгүй болохыг нотолдог.

5. Шүух хариуцагчийг 19 900 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэлт хийх атлаа энэ мөнгөнөөс нэхэмжлэгч буцаагаад 9 900 000 төгрөгийг хариуцагчид дансаар нь төлсөн байдалд огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, маргаан бүхий гэрээ байгуулагдахаас өмнө 2016 онд М.Цгаас зээлсэн 10 000 000 төгрөгийг 2017 онд М.Мтай хийгдсэн хэлцэл рүү оруулж, маргаан бүхий гэрээний үнийг төлсөн гэж санаатайгаар худал дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтээ үндэслэж шийдвэрээ гаргасанд гомдолтой.

Учир нь маргаан бүхий гэрээ байгуулагдахаас 1 жилийн өмнө 2016 онд нэхэмжлэгч хариуцагч Цгаас зээлсэн 10 000 000 төгрөгийг 1 жилийн дараа буюу 2017 онд хийгдсэн М.Мтай хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээний үнэ рүү оруулан үнийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, боломжгүй юм. Хариуцагч М.Цгаас зээлсэн 9 900 000 төгрөгийг буцаагаад хариуцагч М.Цд түүний дансаар дамжуулан төлсөн байдалд шүүх огт дүгнэлт хийгээгүй.

6. Талуудын хооронд орон сууц хөлслөх болон, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаагүй байдалд мөн адил шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч Ц.Э-А нь хариуцагч М.Цгаас зээлсэн 9 900 000 төгрөгийг буцаагаад түүний дансанд 2018.06.29-ний өдрөөс 2020.08.25-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр 9 900 000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч уг мөнгийг маргаан бүхий орон сууцны түрээс гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч талуудын хооронд түрээсийн болон орон сууц хөлслөх ямар ч гэрээ байгуулагдаагүй, ийм баримт хэрэгт огт авагдаагүй бөгөөд М.Цгаас зээлсэн 9 900 000 төгрөгийг түүнд буцааж төлсөн, хариуцагч энэ байдалд өнөөдрийг хүртэл татгалзал илэрхийлээгүй байдал зэрэг нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг мөн маргаан бүхий гэрээ бодитойгоор огт хэрэгжээгүй гэдгийг давхар нотолдог.

Хариуцагч М.Ц нь нэхэмжлэгчийн буцаан төлсөн 9 900 000 төгрөгийг маргаан бүхий орон сууцыг түрээсэлсэн, хөлсөлсөн гэж шүүх хурал дээр татгалзсан боловч хэрэгт Иргэний хуулийн 287.1, 318.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ болон улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ аль нь ч байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч М.Цд "huu" гэсэн утгатайгаар шилжүүлсэн мөнгийг эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний төлбөр байсан гэсэн татгалзлаа хариуцагч өөрөө нотолж, эд хөрөнгө хөлслөх болон түрээслэх гэрээний төлбөр болохыг нотолсон баримт болох гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй төдийгүй энэ байдлаа нотлоогүй юм.

7. Иргэний хуулийн 282.4, 282.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан байдаг.

Нөгөө талаас нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсэн 9 900 000 төгрөгөө буцааж төлсөн бөгөөд зээлийн гэрээнд заасан мөнгийг дансаараа хүлээн авсан, тодорхой хугацааны дараа зээлсэн 9 900 000 төгрөгөө буцааж хариуцагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан М.Ц болон У.Э-А нарын дансны хуулгаар харагддаг.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар У.Э-Ад мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан хэдий ч М.Цгаас У.Э-Ад мөнгө шилжүүлсэн байдал болон гүйлгээний утга агуулгаас дүгнэхэд зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлгийн баримтын агуулга “huu" гэж бичигдсэн хэдий ч хэдэн төгрөгийг хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийг яаж тооцож. "huu" гэж шилжүүлсэн нь ойлгомжгүй тодорхойгүй тул зээлийн хүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэж ...Иргэний хуулийн 282.4 болон 282.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасныг шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч өөрийнхөө данснаас хариуцагчаас зээлсэн мөнгөө буцаан төлөхдөө 3 удаа "huu" гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлсэн байдаг. Үүнд:

1. Нэхэмжлэгчээс 2017.11.21-ний өдөр 800 000 төгрөгийг “huu” гэсэн утгатайгаар хариуцагч М.Цгийн 5752041489 тоот дансанд шилжүүлсэн.

2. Нэхэмжлэгчээс 2018.06.29-ний өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг “huu” гэсэн утгатайгаар хариуцагч М.Цгийн 5752041489 тоот дансанд төлсөн.

3. Нэхэмжлэгчээс 2018.12.28-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг “huu” гэсэн утгатайгаар 5752041489 тоот хариуцагч М.Цгийн дансанд нэхэмжлэгч өөрийнхөө гар утасны дугаарыг бичиж, шилжүүлсэн байдаг.

Гэтэл хариуцагч энэ мөнгийг маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчид түрээслэсэн тул уг мөнгөө миний дансанд хийсэн гэж тайлбайрлаж байгаа нь нэг талаас “huu” гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлсэн байдлаас М.Ц болон У.Э-А нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотолдог.

Хэдийгээр талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч Иргэний хуулийн 282.4-т "мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч М.Цгаас 9 900 000 төгрөг шилжүүлэн авч, “huu” гэсэн утгатайгаар хариуцагчийн дансанд мөнгө төлж байсан үйл баримт болон нотлох баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь маш тодорхой харагддаг бөгөөд шүүх энэ баримтыг үнэлээгүй, уг нотлох баримтыг үнэлэхдээ хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой.

Иргэний хуулийн 283.2-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол талууд зөвхөн хүү, төлөх, авах эрхээ алдана гэж заасан хуулийн заалтыг шүүх шууд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Зээлийн гэрээ хүүгүйгээр ч хийгдэх боломжтой байдаг.

Нөгөө талаас хэрвээ эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч 9 900 000 төгрөгийг хариуцагч М.Цгийн дансанд шилжүүлсэн бол яагаад “huu” гэсэн утгатайгаар эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний төлбөрөө дансаараа хүлээн авсан нь ойлгомжгүй, утгагүй, нөгөө талаас яагаад эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр нэхэмжлэгч хариуцагчаас зээлсэн мөнгөн дүн болох 9 900 000 төгрөгтэй ижил дүнтэй байгаа эсэх, хэдий хугацаагаар, сарын хэдэн төгрөгөөр, тог, цахилгаан, ус, хэрэглээний зардлыг хэн төлөх, элэгдэл хорогдол, засвар үйлчилгээ зэргийг хэрхэн тооцох талаар тохиролцсон ямар ч тохироо байхгүй тул энэ мөнгө эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний төлбөр биш болох нь маш тодорхой харагддаг.

8. Гэрээний үнийг дутуу төлсөн байдал нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Уг гэрээний үнийг талууд нотариатчийн тавьсан шаардлагын дагуу 30 000 000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг худалдан авагч тал болох хариуцагч М.М худалдагч тал болох У.Э-Ад төлөөгүй болно.

Нэхэмжлэгч У.Э-А 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр болох Ц.Солонгын дансаар дамжуулан М.Цгаас 10 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд энэ талаарх тодорхойлолтыг М.Цд өөрийн гараараа бичиж өгсөн байдаг. Хавтаст хэргийн 248 дугаар хуудаст энэ баримт авагдсан байдаг. Энэхүү баримтад ...У.Э-А миний бие 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар суманд оршин суух М.Цгаас Нарийн гол компанийн “Нумт Алтай” компаниар хийлгэсэн хохирлыг үнэлгээний төлбөр болох 10 000 000 төгрөгийг өөрийн эхнэрийн дансаар хүлээж, зээлж авсан нь үнэн болно... гэж нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тодорхойлолт бичиж хариуцагчид өгсөн байдаг.

Энэхүү баримтаас 2016 оны 10 сард М.Цгаас 10 000 000 төгрөгийг зээлсэн болох нь харагддаг. Энэхүү М.Цгаас зээлсэн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүгчийн захирамжаар түдгэлзсэн гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч М.Цд төлж чадаагүй байгаа талаарх баримтыг шүүхэд нэхэмжлэгч гаргаж өгсөн. Хэрэгт М.Цгаас 10 000 000 төгрөг зээлсэн тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00403 тоот шийдвэрт ...У.Э-А нь өөрийнхөө найз М.Цгаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг зээлж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн өмнөөс “Нумт алтай” ХХК-ийн хохирлын үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн... гэж бичигдсэн байдаг.

Эндээс У.Э-А М.Цгаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн болох нь харагддаг. Мөн М.Цгаас:

1. 2017.11.09-ний өдөр 1 000 000 төгрөг

2. 2017.11.19-ний өдөр 8 400 000 төгрөг

3. 2017.11.29-ний өдөр 500 000 төгрөг нийт 9 900 000 төгрөг зээлж авсан. М.Цгаас зээлсэн 9 900 000 төгрөгийг доорх байдлаар буцааж төлсөн.Үүнд:

1. 2018.06.29-ний өдөр 1 000 000 төгрөг

2. 2018.08.28-ны өдөр 1 000 000 төгрөг

3. 2018.12.28-ны өдөр 1 000 000 төгрөг

4. 2019.02.28-ны өдөр 1 000 000 төгрөг

5. 2019.03.18-ны өдөр 600 000 төгрөг

6. 2019.04.04-ний өдөр 500 000 төгрөг

7. 2019.04.06-ны өдөр 500 000 төгрөг

8. 2020.08.25-ны өдөр 3 300 000 төгрөг нийт 9 900 000 төгрөгийг хариуцагч М.Цд буцаан төлсөн. М.Цгаас 2016.10.25-ны өдөр зээлсэн 10 000 000 төгрөг, сүүлд зээлсэн 9 900 000 төгрөг нийт 19 900 000 төгрөгийг төлөх баталгаа болгож Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Одоо сүүлд зээлсэн 9 900 000 төгрөгөө буцааж төлсөн, урьд 2016 онд авсан 10 000 000 төгрөг нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь түдгэлзсэн байгаа тул энэ мөнгийг орж ирэхээр түүнд буцааж төлөхөө нэхэмжлэгч У.Э-А илэрхийлсэн. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс М.Ц болон У.Э-А нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, энэ мөнгийг төлөх баталгаа болгож, орон сууц худалдан авах тухай гэрээг У.Э-А М.Мтай хийсэн тул өөр хэлцлийг буюу зээлийн болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор Орон сууц худалдах худалдан авах хэлцэл байгуулсан болно.

Гэтэл шүүх талуудын хооронд буюу М.Ц болон У.Э-А нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдээгүй хэлцэл гэж үзэхдээ хэрэгт цугларсан 248, 249 хуудаст авагдсан дугаар хуудаст авагдсан Тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 403 тоот шийдвэр, орон сууц худалдах худалдан авах гэрээ бодитоор хэрэгжээгүй, бэлнээр 30 000 000 төгрөг өгч авалцаагүй, гэрээ хийгдсэнээс хойш нэхэмжлэгч эхнэр бага насны 3 хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл байрандаа амьдарч байгаа зэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж шийдвэрээ гаргасанд гомдолтой.

9. Гэрч Болдбаатарын мэдүүлэг болон хариуцагч М.Цгийн тайлбарын тухайд

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан байдаг.

М.Цгийн шүүхэд 2021.06.07-ны өдөр гаргасан тайлбарын дээрээсээ 4 дэх догол мөрт ...2016.10.25-ны өдөр авсан 10 000 000 төгрөг, Болдбаатараас зээлж авч өгсөн 10 000 000 төгрөг, 2017.11.09-ний өдөр авсан 1 000 000 төгрөг, 2017.11.16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017.11.16-ны өдөр 8 400 000 төгрөг нийт гэрээний үнэ болох 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж маргасан.

Гэтэл дээрх мөнгөнөөс маргаан бүхий гэрээ байгуулагдахаас өмнө 1 жилийн өмнө М.Цгаас зээлсэн 10 000 000 төгрөгийг сүүлд буюу 2017 оны 11.08-ны өдөр хийгдсэн Орон сууц худалдах худалдан авах гэрээний үнэд тооцох үндэслэл байхгүй, хариуцагчийн хариу тайлбарт Болдбаатараас 10 000 000 төгрөг авч нэхэмжлэгчид өгсөн гэх боловч нэхэмжлэгч дахин 10 000 000 төгрөг Ц болон М хэн алинаас аваагүй, ийм баримт байхгүй, сүүлд зээлсэн 9 900 000 төгрөгийг буцаагаад М.Цд төлсөн талаар шүүх хуралдаан дээр хэлж ярьсаар байтал шүүх энэ байдалд огт дүгнэлт хийхгүй, гэрээний үнийг дутуу төлсөн нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж талуудын хооронд үүссэн Зээлийн харилцааг дүгнэхээс зайлсхийж, нөгөөтэйгүүр гэрээний дагуу тохирсон 30 000 000 төгрөг өгч авалцсан баримт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

10. М.Мтай байгуулсан маргаан бүхий 2017.11.08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээнд М.Цгаас 2016.10.25-ны өдөр зээлсэн 10 000 000 төгрөгийг уг гэрээний үнэд оруулан тооцох талаар ямар ч зүйл заалт байхгүй байхад шүүх 2016 онд зээлсэн 10 000 000 төгрөгийг гэрээний үнэд оруулан 19 900 000 төгрөг төлжээ гэж худал дүгнэлт гаргасан.

11. Гэрээ байгуулсан М.Маас нэхэмжлэгч У.Э-А гэрээний үнэ гэж ямар ч мөнгө хүлээж аваагүй болно. Гагцхүү М.Цгаас 2016.10.25-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн, энэ мөнгийг маргаан бүхий гэрээний үнэд оруулан тооцох талаар 2017.11.08-ны өдрийн гэрээнд тусгаагүй, М.Цгаас зээлсэн 9 900 000 төгрөгөө буцаагаад түүнд төлсөн, гэрээ бодитой хэрэгжээгүй болно.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00584 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн  шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч У.Э-Агаас хариуцагч М.Ц, М.М нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Хэрэгт авагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, М.Мт олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрчилгээ зэрэг баримтуудаас үзвэл   Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 166 дугаар байрны 39 тоот хаягт байршилтай 55 м кв , 2 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдахаар  У.Э-А, М.М нар харилцан тохиролцон  2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг бичгээр байгуулж,  нотариатаар гэрчлүүлэн, /1-р хх-14 тал/, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх М.Мт шилжиж, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /2-р хх-66тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог шинжтэй байдаг.

Дээрх талуудын хооронд байгуулагдсан  орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хуулийн шаардлагад нийцэж хийгдсэн мэт боловч гэрээнд заагдсан гэрээний үнэ болох 30 000 000 төгрөгийг худалдан авагч нь бодитоор худалдагч талд шилжүүлээгүй, нэхэмжлэгч У.Э-А нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилготой бус, харин  түүнээс мөнгө зээлэх зорилгоор орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, орон сууц өмчлөх эрх хариуцагч Мт шилжсэн боловч бодитоор шилжээгүй, өдийг хүртэл худалдсан гэх орон сууцандаа нэхэмжлэгч У.Э-А амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Хаан банкны М.Цгийн 5752041489 дугаар  данснаас У.Э-Агийн 5114245551 дугаар дансанд 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 16-ны өдөр 8.400.000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 500.000 төгрөг нийт 9 900 000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, харин Хаан банкны У.Э-Агийн данснаас Хаан банкны М.Цгийн дансанд  2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 08 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 03 дугаар сарын 18-ны өдөр 600.000 төгрөг, 04 дүгээр сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 04 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, Голомт банкны дансанд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3.300.000 төгрөг нийт 9 удаагийн гүйлгээгээр 9 900 000 төгрөг шилжүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзвэл нэхэмжлэгч У.Э-А мөнгөний хэрэгцээ, шаардлагын улмаас М.Мын хүсэлтээр  өөрийн  байрыг барьцаалан түүний нэр дээр шилжүүлж, 9 900 000 төгрөг зээлж түүнийгээ буцаан төлсөн зэргээр тодорхой үйлдэл хийсэн байх ба  нэхэмжлэгч У.Э-Ад  орон сууцаа худалдах хүсэл зориг, эрмэлзэл  байгаагүй байна.  

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах- худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” болох нь тогтоогдсон байна.

Гэтэл шүүх дээрх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дансаар шилжүүлсэн 9 900 000 төгрөгийн банкны баримтуудыг орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнэ төлсөн мэтээр дүгнэсэн нь буруу байх ба  У.Э-А, М.Мын хооронд хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн бодит үндэслэлийг тогтоолгүйгээр “...хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан 30 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн хүчин төгөлдөр байна“ гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Нэхэмжлэгч У.Э-Агаас хариуцагч М.Цгийн дансанд  шилжүүлсэн 9 900 000 төгрөгийг маргаан бүхий орон сууцыг түрээсэлсэн   түрээсийн төлбөр гэж хариуцагч тайлбар гарган маргаж байна.

Хаан банкны дансны хуулганы гүйлгээний баримтад “huu” гэсэн утгатайгаар тусгагдаж хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн байдлаас үзвэл  нэхэмжлэгчээс хариуцагчид дансаар шилжүүлсэн 9 900 000 төгрөг  орон сууц хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний төлбөр биш байх ба талуудын хооронд орон сууц хөлслөх болон түрээслэх гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч нараас “...байрыг 30.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд өмнө 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр М.Ц надаас болон миний нөхөр М.Маас зээлсэн 10.000.000 төгрөгийг тооцож, нөхөр М.М Болдбаатараас 10.000.000 төгрөгийг зээлж авч өгсөн. ...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 8.400.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 500.000 төгрөг тус тус У.Э-Ад өгч нийт 30.000.000 төгрөгөөр байрыг худалдаж авахаар бүрэн төлсөн “ гэсэн тайлбар гарган маргаж байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Тодруулбал

1. Хариуцагчаас орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч гэрээний үнэнд шилжүүлсэн төлбөрийг хариуцагчийн тайлбар дээр тулгуурлан тооцвол 29.900.000 төгрөг байх ба 100.000 төгрөгийн зөрүүтэй байна.

2. Гэрч Н.Болдбаатарын мэдүүлэг, /2-р хх 53-60 тал/, Кассын орлогын баримт, У.Э-Агаас бичсэн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, /1-р хх-247-248тал/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 403 дугаар шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтуудаар /2-р хх-20-29,47-52 тал/ Н.Болдбаатар болон М.М нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, У.Э-А мөнгө зээлээгүй, нэхэмжлэгч У.Э-А 2016 оны 10 сард М.Цгаас зээлсэн 10 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн өмнөөс “Нумт-Алтай” ХХК-ийн хохирлын үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн, энэ асуудлаар буюу “Нарийн гол гоулд” ХХКомпаниас 10 000 000 төгрөг гаргуулан У.Э-Ад олгох шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх тул талууд хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний маргаанд хамааралгүй  байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд зөв дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул  давж заалдах шатны шүүхээс  алдааг залруулан зөвтгөн   өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Ингэж өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хэлцлээр шилжүүлсэн  зүйлээ харилцан  буцааж өгөх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалтыг хэрэгжүүлэн, хэлцлийн үр дагаврыг бүрэн гүйцэд арилгахдаа нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан төлөх төлбөргүй тул Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 166 дугаар байрны 39 тоот хаягт байршилтай 55 м кв, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг  М.Мын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч У.Э-Агийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, хангагдаж байх тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг  шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00584 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч М.М, М.Ц нарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч У.Э-Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай“ гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг тус тус баримтлан талуудын хооронд 2017 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 166 дугаар байрны 39 тоот хаягт байршилтай 55 м кв , 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.Мын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг У.Э-Агийн өмчлөлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай“ гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй“ гэснийг “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч М.М, М.Ц нараас 378 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Э-Ад олгосугай“ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч У.Э-Агийн 378 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                                     М.МӨНХДАВАА

                                                                               Т.ЭНХМАА