Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/802

 

       

 

 

 

 

    2024           07            09                                          2024/ДШМ/802

 

 

    Б.Б.т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б.т холбогдох эрүүгийн 2311020160049 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б ..

 

Шүүгдэгч Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36-412в тоотод төрсөн ах Б.Оыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч хБ.Б-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б.ын цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б. давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн төрсөн ах болох Б.Б-ыг зодож амь насыг нь бүрэлгэсэн гэх хилс хэрэгт гүтгэгдэн хоригдож байна. Гэрч А, Б нар намайг үгсэн тохирч гэм буруутай болгож байгаа. 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө ахыгаа гадаа зодоод байсан гэх Б-ын мэдүүлэг худал, ахын хоолой сөөгөөгүй, бас намайг унтах гээд хэвтэх хүртэл ах бид хоёр гэрээс гараагүй. Миний ахад тийм тамир ч байгаагүй ерөөсөө гарч, ороогүй. Мөн гэрч А нь намайг ахыгаа арчаагүй, ээжид мөнгө өгсөнгүй гэж өшиглөж зодсон, орон дээр байхад нь зодоод байсан гэж мэдүүлсэн. Тэр шөнө би ахтайгаа маргаагүй, нэг их ч юм яриагүй, ээжид мөнгө өгсөнгүй ч гэж хэлээгүй. Харин ч ах маань хоёр хүүхдээ, өөрийгөө хувцаслаад хоёр хүүхэддээ нэг нэг  утас авч өгөөд гэр лүүгээ явуулсан байсан. Ах бид хоёр огт маргалдаагүй, ер нь хэрэлдээд байдаггүй, эвтэй байдаг байсан. Иймд хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх гэрч М.Н, насанд хүрээгүй гэрч С.Б, гэрч У.Б, гэрч Б.А, гэрч Т.У нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мэдүүлэг зэргээр Б.Б. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэрч М.Н, У.Б, Т.У нар нь Б.Б. нь төрсөн ах Б.Б-ыг зодож амь насыг нь хохироосон талаар мэдүүлэг өгөөгүй. Насанд хүрээгүй гэрч С.Б-аас мэдүүлэг авахдаа төрсөн ээж Л.У-ийг нь оролцуулж мэдүүлэг авсан бөгөөд хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Л.У-т хуульд заасан өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн эрх, үүргийг сануулаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бөгөөд насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Насанд хүрээгүй гэрч С.Б нь “...шөнө 01 цагийн үед хүний алхах чимээ гараад пид пад дуу гараад ахыгаа битгий алаач дээ, чи наанаа үх гээд хоёр хүн хоорондоо яриад удаагүй юм хучих чимээ гараад байхаар нь Н эгчид хэлсэн чинь би гарахгүй гэсэн...Ахыгаа битгий алаач дээ гэж хэлсэн нь сөөсөн хоолойгоор яриад байсан. Б. ахын хоолой нь сөөчихлөөр тэгж сонсогддог...” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч Н-аас насанд хүрээгүй гэрч С.Б тэгсэн хэлсэн эсэх талаар мэдүүлэг аваагүй. Мөн тухайн үед байсан гэрчүүдээс амь хохирогч Б.Б.ын хоолой сөөсөн байсан эсэх талаар ч мэдүүлэг аваагүй. Насанд хүрээгүй гэрч нь "... юм хучих чимээ гарсан...Авлага ахын дээрээс нь хулдаас, дорож нөмөргөсөн байсан...” гэж мэдүүлсэн бөгөөд энэ талаар туршилт хийгээгүй мөн яг хучих чимээ гэдэг нь яг яаж сонсогдсон болох, хулдаас, дорож нөмөргөсөн болохыг яаж мэдсэн талаар мэдүүлэг аваагүй. Гэрч Б.А нь хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.Б. нь Б.Б.ын нуруу, хөл рүү нь өшиглөсөн гэж мэдүүлж байгаад 3 дахь мэдүүлэгтээ зүүн бөөр лүү өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Ямар учраас эхний 2 мэдүүлэг нь тогтвортой байж байгаад сүүлдээ ингэж мэдүүлэг өгөх болсон талаар асуугаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд заасны дагуу гэрч Б.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгахдаа хөндлөнгийн гэрчүүд оролцуулаагүй хууль зөрчсөн. Учир нь Б.А нь бага боловсролтой гэх боловч энэ талаарх баримт хэрэгт хавсаргаагүй байгаа нь гэрчийг бичиг үсэг мэдэхгүй байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа М.Барсбаатар нь шинжээчээс мэдүүлэг авахдаа С.Б.ын хэвлийн битүү гэмтэл зүүн бөөрний ханын урагдал, язрал бөөрний өөхөн эслэгийн цусан хуралт гэмтэл нь ямар хүчин зүйлээр үүсгэгдэх вэ, нэг удаагийн өшиглөлтөөр үүсэх үү гэж тулгаж асуусан асуултад шинжээч эмч Б.Сэргэлэн “...тусгагдсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 1 удаагийн хүчтэй өшиглөлтөөс хэвлийн битүү гэмтэл үүсгэгдэх боломжтой. Дээрх битүү гэмтлийг авснаас болж цус алдан бөөрний бүрэн бүтэн байдал алдагдаж, хэвийн ялгаруулах үйл ажиллагаа доголдсоны улмаас хүн 24 цагийн дотор нас барах боломжтой..." гэсэн. Шинжээчийн өгсөн мэдүүлгээс үзэхэд амь хохирогч Б.Б. нь хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Гэтэл Б.Б.ыг амь хохирогчийн нуруу, хөл рүү өшиглөсөн гэж гэрч Б.А мэдүүлсэн. 3 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө зүүн бөөр лүү нь өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс дүгнэж үзэхэд Б.Б. нь амь хохирогчийн хэвлий хэсэг рүү цохиж, өшиглөөгүй тул Б.Б.ын үйлдэл нь амь хохирогчийн амь насанд хүрэх үйлдэл биш байна. Мөн амь хохирогч нь унасны улмаас нас барсан эсэхийг шалгаагүй нь дан ганц Б.Б.ыг гэмт хэрэг үйлдсэн мэт харагдуулах гэсэн нотлох баримтуудыг цугуулсан гэж үзэж байна. Тухайн амь хохирогчийн олдсон гэх газар нь эгц уруу согтуу хүн хөл алдаж унах боломжтой эсэх, унасан тохиолдолд аль талаараа унах боломжтой зэргийг шалгаагүй. Гэрч Б.А болон Б.Б. нар нь амь хохирогч Б.Б.ыг архи уухаараа бие нь таталт өгөөд байдаг талаар удаа дараа мэдүүлсэн. Амь хохирогч нь таталт өгсний улмаас унасан байх магадлалтай тул дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй гэрчээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан. Мөн “гэрч Н-гаас мэдүүлэг авахдаа насанд хүрээгүй гэрч С.Б-ын мэдүүлсэн мэдүүлгийн талаар тодруулж асуугаагүй” гэж гомдолд дурдсан. Насанд хүрээгүй гэрч С.Б сонссон зүйлийнхээ талаар үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэрч Н нь насанд хүрээгүй гэрч С.Б-ын мэдүүлгийг нотлох үүрэг хүлээхгүй. Шинжээч эмч Сэргэлэн “Хохирогчид учирсан гэмтэл нь хүчтэй өшиглөлтийн улмаас үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Харин гэрч А “Зүүн бөөр лүү нь өшиглөсөн. Талийгаач тэр даруй дуу алдаж, өвдсөн бололтой хавирга руу өшиглөчихлөө гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж, тогтоосон. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэдэг. Хэдийгээр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй боловч энэ ажиллагаагаар гэмт хэргийг нотлоогүй, харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б. нь энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б.т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36-412в тоотод төрсөн ах Б.Б-ыг зодож амь насыг нь санаатайгаар хохироосон хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “...Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах Б.Б-ыг зодож алсан үйл баримт нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэн Б.Б-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч С.Б “...шөнө 01 цагийн үед хүний алхах чимээ гараад пид, пад гээд дуу гараад удаагүй “ахыгаа битгий алаач дээ, ...чи наанаа үх” гээд хоёр хүн хоорондоо яриад удаагүй юм хучих чимээ гараад байхаар нь Н эгчид хэлсэн. Тухайн үед Н эгч би гарахгүй, чи өөрөө гар гэж хэлсэн. ....тэгээд миний нойр хүрээд унтаад өгсөн. ...” гэж /хх 33-37/ мэдүүлэг өгчээ.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Н-аас 2 удаа гэрчийн мэдүүлэг авахдаа насанд хүрээгүй гэрч С.Б-ын мэдүүлэгт дурдсан асуудлын талаар тодруулаагүй байх тул дахин гэрчээр асууж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2568 дугаар дүгнэлтээр тогтоогдсон “...амь хохирогч Б.Б-ын дух, баруун хацар, цээж, баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт” гэмтлийн талаар ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

 

Үүнээс гадна прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...Б.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах Б.Б-ыг зодож алсан” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Б.Б. учиргүй баруун хөлний өвдөг хэсэг рүү нэг удаа, өшиглөөд зүүн хөлөн дээр нь нэг удаа дэвссэн. ...”  гэж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “... Б. талийгаачийн зүүн талын бөөр, нуруу орчим 1 удаа өшиглөсөн. ...ар нуруу орчим нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ...” гэж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “...Б. талийгаачийг сууж байхад нь зүүн бөөр нуруу орчим руу нэг удаа өшиглөсөн, дараа нь хэвтэж байхад нь бас нуруу орчим нэг удаа өшиглөсөн. ...” гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр мэдүүлгээс аль нэгийг нь үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасантай нийцэхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б. болон түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлоогүй. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг агуулгын хувьд хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Б.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН