Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 223/МА2021/00023

 

                                                          

 

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/00674 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.П, Ц.Ц, Ц.Лнарт холбогдох,

689 тооны хонь, 196 тооны ямаа, 57 тооны үхэр, нийт 942 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч Ц.П, Ц.Ц,*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Цэцэгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Ц.Э би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч*******, Ц.П, Ц.Ц нараас өөрийн өмч болох адуу 74, үхэр 70, хонь 746, ямаа 213, нийт 1103 тооны мал гаргуулахаар шаардлага гаргасан. Харин одоо Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжлэгдсэн буюу ах, эгч нар хүч хэрэглэн аваад, үлдсэн мал болох 112 тооны мал болох үхэр-7, хонь-57, ямаа-17, хурга-26, ишиг-3, тугал-2, морь-1 буцаад сүрэгтээ нийлсэн. Нийт 112 тооны малыг хасаад, мөн 2017 онд*******, Ц.П нар мал авахаар ирж, харилцан зодоон болсон. Үүний маргааш 74 адуунаас 23 тооны адууг хүн туугаад явсан. Би гэртээ 7 хоногт бэртэлтэй байсан учраас босож чадаагүй. Тэгээд дараа нь адуугаа хайгаад олоогүй. Гэтэл Ц.Лхүнээр туулгасан сураг сонссон бөгөөд энэ талаар надад нотлох баримт байхгүй учир нэхэмжлэхгүй, үлдсэн адуугаараа банкны зээлийн төлбөрөө төлсөн тул нэхэмжлэхгүй. Иймээс хонь 746-аас 57 тооныг хасаад 689, үхэр 70 тооноос 13 үхэр өгсөн тул 57, ямаа 213-аас 17-г хасаад 196, нийт 942 тооны малыг хариуцагч нараас нэхэмжилж байна. Малын зүс, нас нэг бүрчлэн хүн тус бүрээс нэр зааж шаардлага гаргах боломжгүй байна. Учир нь*******, Ц.П, Ц.Ц нар бүгд ирээд туугаад явсан. Хэн нь хэчнээн мал авсныг би мэдэхгүй.” гэжээ.

Хариуцагч Ц.П, Ц.Ц, Ц.Лнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Бид Ц.Эын мал аваагүй, өөрийн эцэг, эхээс үлдээсэн малаа ах дүү нар тэнцүү хуваан авсан. Өөрөөр хэлбэл, Ц.Пид 2016 оны 11 дүгээр сард 600 тооны мал ирснээс Ц.Эт ногдох 305 тооны малыг өгөөд, үлдсэн 300 тооны малыг ах, дүү нар тэнцүү хуваан авсан тухай гар бичмэл хэрэгт байгаа. Бид өөрсдөө мал тоолуулдаг, мал малладаг. Тэгэхээр Ц.Эын мал авах шаардлага байхгүй. Ц.Э анхнаасаа аав, ээжийн болон бидний тавиул малыг нийлүүлж, өөрийн нэр дээр тоолуулж, мянгат малчин болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.П, Ц.Ц, Ц.Лнарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 689 тооны хонь, 57 тооны үхэр, 196 тооны ямаа, нийт 942 тооны мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамж 804 417 /найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг давж заалдах гомдолдоо: “...Ц.Э 1977 онд У.Цэдэнсодном, Ж.Даньгай нарын 10 хүүхдийн бага хүү болж мэндэлсэн. Ц.Эын ах эгч нар тусдаа гарч өөр өөрийн амьдралтай болоод явахад Ц.Э аав ээжтэйгээ үлдэж мал маллаж амьдарч байгаад 2000 онд өрх тусгаарласан ч 2016 он хүртэл саахалт байсныг Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн Засаг дарга тодорхойлсон.

Ц.Э 2000 оноос хойш өдийг хүртэл тус сумандаа мал аж ахуй эрхлэн амьдарч 2015 онд Мянгат малчин, 2016 онд Сайн малчин, 2016 онд Эх орны төлөө зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.

Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд Ц.Эын нэр дээр 2000-2016 онд тоологдсон албан ёсны малын тоо байгаа.

-2012 онд 649 тоо толгой мал тоолуулж, ээж Ж.Даньгайн нэр дээр тусдаа 81 толгой мал тоологдсон.

-2013 онд 796 мал, 2014 онд 1032 тоо толгой мал, 2015 онд 1103 тоо толгой мал тоолуулж “А” дансанд өөрийн нэр дээр бүртгүүлсэн.

-2016 оны “А” дансны бүртгэлийг Ц.Ц өөрөө бичиж бүртгэн өөрийн нэр дээр 439 мал бүртгэсэн гэдгээ өөрөө тайлбартаа хэлсэн байдаг. 2016 оны энэ “А” дансны бүртгэлд Ц.Эын гарын үсэг байдаггүй. Мөн Ц.Ц болон Ц.Лнар тайлбартаа бид тусдаа гараад Ц.Э аав ээжтэй үлдсэн гэдгийг тайлбарласан байдаг. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд Ж.Даньгай гуай өөрийн өмч болох малыг Ц.Эын нэр дээр тоолуулна гэж бичсэн болохоос ах эгч нарт нь хувааж өгөх тухай тэднийг Ц.Эаас мал авах тухай нэг ч үсэг байхгүй.

Ц.Эын 2000 оноос хойш 21 жил тасралтгүй мал маллаж, 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 1103 тоо толгой мал мал өөрийн нэр дээр тоолуулсан нь 1103 толгой мал түүний өмч болохыг нотолж байна. Эдгээр онуудад ийнхүү албан ёсны тоо  бүртгэлийн “А” дансанд малаа Ц.Э тоолуулаад явж байхад ах дүү нараас хэн нь ч зарга үүсгээгүй ингээд тоолуулчихлаа гэж ярьж, хэлээгүй, мөн мал бүхий иргэнээр тооллогын хуудсанд нэрээ оруулж тоолуулаагүй. Мөн хэн нь ч Ц.Эт мал маллахад нь тусалдаггүй байснаа хүлээн зөвшөөрдөг.

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх актаар Ц.Эын нэр дээр байгаа хөрөнгийг буюу малыг 1035 гэж тодорхойлсон, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх актаар нийт 115 толгой битүүмжилсэн байдаг.

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ц.П, Ц.Лнар Ц.Эын биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт шийтгүүлсэн.*******, Ц.П нар малын асуудлаас болж Ц.Эын биед халдан хүч хэрэглэн талыг нь тууж явсан байдаг. Ц.Э 2012 оноос 2016 он хүртэл мал маллаж малын тоо 1035 тоо толгой болоход ах дүү нараас хэн нь ч тухайн малыг маллалцаагүй. Ц.Эын өөрийн өмч болохыг жил бүрийн малын “А” данс нотолж байгаа юм. Ц.Эын биед гэмтэл учирсан, түүний малыг ах нар нь туугаад явсан үйлдэл байсаар байтал анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаас нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатын шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Ц.Эаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч Ц.П, Ц.Ц, Ц.Лнарт холбогдуулан 689 тооны хонь, 57 тооны үхэр, 196 тооны ямаа, нийт 942 тооны мал гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч  маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

            Нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх  хэргийг шийдвэрлэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага 2 өөр ойлголт, нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тодорхой тусгах ёстой бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд нэхэмжлэгч ямар учраас шүүхэд хандах болсон бодит нөхцөл, учир шалтгаанаа тодорхойлох бол шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж буйг илэрхийлдэг ойлголт байдаг.

Нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нараас  689 тооны хонь, 57 тооны үхэр, 196 тооны ямаа, нийт 942 тооны мал нэхэмжилж байгаа боловч ямар үндэслэлээр шаардах болсон бодит нөхцөл байдал, учир шалтгаанаа тодорхойлоогүй, эрх зүйн үндэслэл  нь тодорхой бус байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Э нь 3 хариуцагч буюу Ц.П, Ц.Ц, Ц.Лнарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа үндэслэл шалтгаан, ямар учраас хамтран хариуцуулж байгаа эсэх,  эсхүл  хариуцагч тус бүрд өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, хариуцагч нарын хэнээс нь хэдэн мал, ямар үндэслэлээр  нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн хэрэгжих бөгөөд ийнхүү талууд мэтгэлцэхдээ нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүний үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг.

Шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан зохицуулалтыг баримтлан талуудын нотлох зүйл, нотолгооны үүргийн хуваарилалтыг тогтоодог.

Нэхэмжлэгчээс бэлчээрт бэлчиж байсан тодорхой тооны малыг хүчээр тууж аваад явсан гэсэн агуулгаар тайлбар гаргасныг  хариуцагч нараас үгүйсгэхдээ эх Ж.Данигайн малыг ах, эгч, дүү нар хувааж авсан өв хөрөнгө, хуульд заасан өвлөх эрхтэй холбон тайлбар гаргасан байна.

Хариуцагч нараас гаргасан тайлбар, түүний үндэслэлийг нотлох үүднээс    2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар  гарган өгчээ. /1-р хх-132 тал/

Энэхүү баримтаас үзвэл  тодорхой тооны  хонь, ямаа, үхэр малыг  нийт  12 төрсөн ах, эгч, дүү нар хувааж хуваарилсан үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл айлын отгон хүү гэх нэхэмжлэгч Ц.Эаас өөрийн төрсөн ах, эгч нар болох 11 хүнээс 3 хүнийг нь сонгож төрсөн ах Ц.П, Ц.Лтөрсөн эгч Ц.Ц нарт холбогдуулан мал нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхээс дээрх үйл баримттай холбогдуулан “...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эцэг, эхээс өвлүүлж үлдээсэн гэх малыг ах дүү нар хуваан авахаар тохиролцож, тус тусын малыг хуваан авсан... тогтоогдож байгаа“ гэсэн дүгнэлт хийсэн боловч хариуцагч талын татгалзлаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь эх Ж.Данигайн малыг өвлөх эрхтэй гэж үзэж байгаа бол нотлох үүрэгтэй.

 Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч Ц.Эын малыг  хариуцагч нар авах болсон бодит нөхцөл юу болох, маргааны үйл баримт тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний болон маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.5-д хэсэгт заасан  зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэжээ.

Иймээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2021/00674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч болон  түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгчийн 804 417 төгрөгийг шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай. 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Т.ЭНХМАА