Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2021/00024

 

                                                          

 

 

 

Ч.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00770 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “Ш А” алтны үйлдвэрт холбогдох,

М ТӨҮГ-ын харьяа Ш А алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2001 оноос “М” ТӨҮГ-ын харьяа Бор өндөр улсын үйлдвэрийн газар Баяжуулах Фабрикт эдийн засгийн норм зохиогчоос эхлэн автобаазын эдийн засагч, удирдах албан тушаал, ерөнхий эдийн засагчаар тасралтгүй үр бүтээлтэй, хариуцсан үүрэгт ажлаа 20 гаруй жил нэр төртэй гүйцэтгэж, алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл М ТӨҮГ-ийн харьяа Ш А алтны үйлдвэрийн захирал Б.Чагнаадорж 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар ажлаас халсан явдалд гомдолтой байна. Энэхүү тушаалаар намайг ажлаас халсан асуудлын хувьд ажил тасалсан, өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан гэх шалтгаан, үндэслэлээр шийдвэрлэсэн. Ажил тасалсан гэх асуудлын хувьд бол миний бие 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу эхнэр, 3 хүүхдийн хамт орон сууцны зээлийн төлөлт, хувийн бусад асуудал тэр дундаа эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгүүлэх зорилгоор зорчих талаар албан ёсоор ирэх 7 хоногийн Лхагва гариг буюу 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл чөлөө авах талаар амаар “М” ТӨҮГ-ийн харьяа Ш А алтны үйлдвэрийн газрын захиргаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал М.Мөнх-Эрдэнэд мэдэгдэж хэлсэн. Тухайн үед алтны үйлдвэрийн газрын захиргаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал М.Мөнх-Эрдэнэ ...бичиг цаас, өргөдөл гээд яах вэ? явчхаад ирээ ...захирал Б.Чагнаадоржид хэлчихнэ ...гэсэн, үүнийг миний бие зөвшөөрсөн, чөлөө олгосон гэж ойлгосон. Тэр үед мөн надтай хамт ажилладаг Ш А алтны үйлдвэрийн газрын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очирт бас хэлж байсан. Захирал Б.Чагнаадоржид 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 99113837 дугаарт холбогдож Улаанбаатар хот руу эхнэр, хүүхдээ Улаанбаатар хот хүргэж өгөх, хувийн ажлаа хөөцөлдөх асуудал байгаа тул чөлөө өгнө үү гэж мэдэгдэж хэлсэн. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу Даваа гаригт ажилдаа амжиж ирж чадахгүй, боломжгүй байгаа талаар мэдэгдсэн ...ойлголоо тэгье ...гэсэн. Би тэр үед 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өглөө ажил дээрээ бэлэн байх болно гэж хэлсэн. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ирж, ажлын байран дээр ажиллах гэсэн боловч коронавируст халдвар /КОВИД-19/-ын голомт, эрсдэл бүхий бүс болох Улаанбаатар хотоос ирсэн, эмнэлгээр үйлчлүүлсэн тул холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэм баримталж, гэртээ тусгаарлалтад орох талаар үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Батбилэг, мөн үйлдвэрийн захиргаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал М.Мөнх-Эрдэнэ, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал С.Ган-Очир нартай зөвлөлдөөд 7 хоног гэрийн тусгаарлалт байх шаардлагатай гэж хэлж, утсаар мэдэгдсэн. Энэхүү шаардлагын дагуу миний бие халдвар хамгааллын дэглэм баримталж, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэхээр ажлын хэрэгцээнд ашигладаг иж бүрэн зөөврийн компьютер, бусад бичиг хэрэгсэл зэргээ гэртээ хүнээр хүргүүлж авсан. Дээрх шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэм баримталж, гэрээс гаралгүй, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байж 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үүрэгт ажлаа хийсэн. Намайг мөн “М” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан гэж тушаалдаа үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Миний бие энэхүү тушаалаар өгөгдсөн үүргийн дагуу уулын ажлын хоцрогдлыг багасгах, эдийн засгийн алдагдлыг бууруулах чиглэлээр боломжит арга хэмжээг авч ажиллаж байсан. Тухайлбал: техникийн оновчтой хуваарилалтыг боловсруулан Цэцэгмандал-ын уурхайн үлдэгдэл нөөцийг олборлох, түрээсийн техникийн гэрээний хугацааг сунгах, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлуудыг ямар нэгэн нэмэлт зардал, төлбөргүйгээр зохион байгуулж байсан. Ер нь бол хоцрогдлын гол шалтгаан нь Улаан уулын ордын уул техникийн нөхцөл, түрээслэгч компанийн экскаваторуудын техникийн бэлэн байдал хангалтгүй, операторуудын ур чадвар дутмаг зэрэгтэй холбоотой юм. 2020 онд үйлдвэрлэлийн улиралд Улаан уулын ордын уул техникийн нөхцөлийг бүрэн таньж мэдэж чадсан учраас энэ онд алдаагаа давтахгүй ажиллана гэж үзэн түрээсийн техник ашиглахаас татгалзах саналыг ТӨҮГ-т тавьж шийдвэрлүүлсэн зэрэг 2021 онд шинээр 3 ширхэг экскаватор худалдан авч, туршлагатай операторуудаас өндөр бүтээлтэй ажиллуулна гэж үйлдвэрийн бусад удирдлагуудтай хамтран зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Миний бие 20 гаруй жил “М” ТӨҮГ-т ажиллах хугацаанд үүрэгт ажлаа цаг хугацаанд нь шуурхай хийж, алдаа зөрчил гаргалгүй, үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр хоёргүй сэтгэлээр тууштай ажилласан. Гэтэл Ш А алтны үйлдвэрийн захирал Б.Чагнаадорж нь өөрийн тушаалаар 6 өдрийн ажил тасалсан, өгөгдсөн үүргийг биелүүлээгүй гэх шалтгаанаар ажлаас халсанд нь үндэслэлгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. М” ТӨҮГ-ын харьяа Ш А алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Ш А алтны үйлдвэрийн газарт холбогдуулан шаардаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь 2001 оноос хойш “М” ТӨҮГ-ын харьяа үйлдвэрт эдийн засагчаар одоог хүртэл тасралтгүй 20 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй чадварлаг ажилтан байсан. Гэтэл “М” ТӨҮГ-ын харьяа Ш А алтны үйлдвэрт шинээр томилогдсон Чагнаадорж гэдэг хүн ажилд ороод, өөрийн хамаарлын хүмүүсээ ажиллуулах санаа зорилготойгоор Бийг ажлаас халсан. Чагнаадорж гэдэг хүнийг бүрэн төлөөлж байгаа Мөнх-Эрдэнэ гэдэг хүнээс албан ёсоор 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зөвшөөрөл аваад Улаанбаатар хот руу хувийн шалтгаанаар зорчсон. Энэхүү хугацааг нь ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Эмнэлэгт үзүүлэхээр чөлөө аваад явж байхад ажил тасалсан гэсэн тушаал гаргасанд гомдолтой байна. Бийн хувьд тухайн өдөр захиргаа нийгмийн асуудал хариуцсан Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд чөлөө өгнө үү гэж амаар хүсэлт гаргасан байдаг. Мөнх-Эрдэнэ нь бичиг цаас гээд яах вэ захиралд хэлээд өгье гэж хэлснийг нь Б нь чөлөө өгсөн гэж ойлгоод мөн дээрээс нь Чагнаадорж захиралтай өөрийнх нь хувийн дугаар руу холбогдож хувийн хөөцөлдөх ажил байна гэхэд нь ойлголоо гэсэн хариу өгсөн байдаг. Тэгээд Б нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу эхнэр хүүхдийн хамт явсан. Улаанбаатар хотод ирээд ажил төрлөө хөөцөлдөөд эмнэлэгт үзүүлээд эмнэлгийн тусламж бичгээ авчхаад буцаад ажил дээрээ ирэхэд нь үйлдвэрлэл хариуцсан захирал Ган-Очир, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ, үйлдвэрлэлийн эрүүл ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн Батбилэг нар нь ярилцаад тухайн үед ковид-19 цар тахлаас болж нөхцөл маш хүнд байсан. Тухайн үед Заамар сум нь ногоон бүс байсан учраас Бийг 7 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой гэдэг шийдвэр гаргаж, Б нь гэртээ ажиглалтад байсан. Тухайн үед PCR шинжилгээ өгөөд сөрөг буюу эрүүл байсан ч гэсэн энэ хугацаанд тусгаарлах шаардлагын дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлж гэртээ байсан. Гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажлуудыг хийж ажилласан. Үүнийг нь дээрх тушаалаар ажил хийгээгүй 6 хоног ажил тасалсан гэж шийдсэн. Нэхэмжлэгч 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн. 02 дугаар сарын 25, 26, 03 сарын 01, 02-ны өдрүүдэд зөвшөөрөл аваагүй гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байгаа. Ажлын хоногоор тооцохоор энэ нь 4 хоног болж байна. 02 дугаар сарын 27, 28-нд амралтын өдрүүд байсан. Тэгэхээр 6 хоног гэдэг нь 3 дугаар сарын 09-нийг хүртэл хугацаа гэж бодож байгаа. Гэхдээ 3 дугаар сарын 08-ны өдөр бүх нийтийн амрах өдөр. Яаж 6 хоног гэснийг сайн ойлгохгүй байгаа. Ч.Б нь Ш А алтны үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа 2020 оны 10 сарын 12-ны өдөр Б/142 тушаалаар үүрэг даалгавар өгөгдсөн байдаг. Үүний дагуу уг тушаалыг хэрэгжүүлж тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байтал Б/62 тушаалаар 2020 оны 10 сарын 12-ны өдөр гаргасан зөрчилтэй нь холбогдуулж давхар хариуцлага оногдуулж тушаалд дурдсан. Шууд утгаараа өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй давтан зөрчил гаргасан гэж ойлгож байгаа. Дээрээс нь зөрчлийг хянаж шалгасан тухай, энэ тушаалын хэрэгжилттэй холбоотой дотоод хяналт шалгалт явуулсан тухай ямар нэгэн баримт байхгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “М” ТӨҮГ-ын захирлын Б/142 дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “М” ТӨҮГ-ын харьяа Ш А алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.7-д заасанчлан харьяалах удирдлагадаа бичгээр мэдэгдэлгүй ажил тасалсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд иргэн Ч.Бийн “М” ТӨҮГазрын харьяа Ш А алтны үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байгууллагад 2 сараас эхлэн ажиллаж байгаа. Бийн хувьд зөвшөөрөл аваагүй явсан асуудал байгаа. Чагнаадорж захиралд утсаар мэдэгдсэн гэж байгаа нь нотлогдох боломжгүй. 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн үйлдвэрийн шуурхай хурал дээр Чагнаадорж захирал Мөнх-Эрдэнээс Б хаачсан юм бэ, яагаад ажилдаа ирээгүй вэ гэж асуусан байдаг. Утсаар мэдэгдсэн бол ингэж асуухгүй байсан. Бид нар хуулийг чандлан сахиж биелүүлдэг байгууллага. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дотоод журмыг мөрдөнө гэж заасан. Тэрийг нь хүлээн зөвшөөрөөд Бямбадорж нь гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн учраас үйлдвэрийн захирлын Б/62 тоот тушаал үндэслэл бүхий гэж үзэж байна. Б нь өөрийгөө хувийн ажлаар Улаанбаатар хот руу зорчино гэдгээ амаар хэлээд явсан байдаг. Дотоод журам дээрээ бичгээр зөвшөөрөл авна гэж заасан байдаг. Үүнийг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ч.Б 02 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ хот руу явсан өдрөөс эхлээд мэдэгдээгүй. Мэдэгдсэн ямар нэгэн баримт байхгүй. Өөрөө амаар хэлсэн гээд байдаг. Хөдөлмөрийн дотоод журмаа дагаж мөрдөөгүй. 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж ажил тасалсан. 3 дугаар сарын 03-аас эхлэн гэрээр ажиллаж эхэлсэн. Гэрээр ажилласан гэдэг дээр маргаагүй. 02 дугаар сарын 25-аас 3 дугаар сарын 03-ыг хүртэл 6 хоног. Тэр хугацаанд ямар нэгэн байдлаар албан бичиг, өргөдөл гомдол явуулах боломжтой байсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар зүйлийн 1-т ноцтой зөрчил-ийг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 6.7-т бичгээр зохих зөвшөөрлийг авах гэж заасан. Дотоод журмын 6.13-т ажилтан нь 2 буюу түүнээс дээш өдрийн чөлөөг үйлдвэрлэл эрхэлсэн захирал, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлын саналыг үндэслээд захирал тушаалаар олгоно гэж заасан байдаг. Гэтэл ямар ч тушаал гараагүй, албан бичгээр хүсэлт өгсөн зүйл байдаггүй. Давхардуулан шийтгэл оногдуулсан асуудал байхгүй. Харин тус тусдаа зөрчил гаргасан байгаа. Нэг нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж байгаа бол нөгөөх нь ажил тасалсан гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ханшар овогт Чойжилсүрэнгийн Бийн хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Ш А алтны үйлдвэрт холбогдох тус үйлдвэрийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгож, ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар давж заалдах гомдолдоо: “...1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд зохигч буюу хариуцагчийг бүрэн төлөөлж буй этгээд нь хэргийн үйл баримт болох "Ш А" алтны үйлдвэрийн захирлын "Ч.Быг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгох тухай" 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.13-т заасан "М" ТӨҮГ-ын захирлын "Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/375 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын 8.3.13-т заасан “...хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас үйлдвэрийн газрын хууль ёсны эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц зөрчил гаргасан..." гэсэн хэсэгт авагдсан нотлох баримт, маргаж буй ажил олгогчийн тушаалд дурдсан энэхүү зөрчлийн талаар шалгаж тогтоосон, хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх баримтгүй, үйлдвэрийн ямар үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үр дагавар үүссэн талаар асуудлыг хариуцагч гал нотлоогүй.

Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.13-т заасан асуудалтай холбоотойгоор уг зөрчлийн талаар шалгасан, дотоод хяналт хийсэн баримтыг гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс маш тодорхойгүй, бүрэн мэдээлэл, ойлголт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан дотоод журмын 8.3.13-т заасан зөрчлийг үндэслэн дотоод зохион байгуулалттай холбоотой зөрчлийг тогтоосон шалгасан үйл баримтын талаар нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй, нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа зэргийг шүүх харгалзаж, анхаарч үзэлгүй маргаагүй гэж үзэж, шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан, шүүгч бусдын нөлөөнд орсон байж болзошгүй гэсэн хардлага илт төрж байна.

Хариуцагч тал өөрийн тушаалын нэг дэх заалтын хэсэгт ..."М" ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй..." гэх зөрчлийг давтан гаргасан гэж дотоод журмын 8.3.13-т заасан зөрчлийг тогтоосон, шалгасан үйл баримтыг гаргаж өгөөгүй, няцаасан хариу тайлбар өгөөгүй үйл баримт нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухай дүгнээгүй шүүх хуралдаанд энэ талаар маргасан байтал маргаагүй гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл зөвхөн нэхэмжлэгчийг ажил тасалсан зөрчлийн асуудлаар маргасан байдлаар шүүх дүгнэлт хийж байгаа шударга бус тэгш бус дүгнэлт хийж. анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч миний гаргасан зөрчил тус бүрийг шалгаж тогтоосон ажил олгогчийн үйл баримтыг нягтлах, шалгах гаргуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад заасан хууль зүйн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч өөрөө хэрэгт ач холбогдол бүхий зөрчилтэй холбоотой асуудлыг шалгасан, тогтоосон баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан тул шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу нотлох баримтад үзлэг хийх, гаргуулан авах энэхүү хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад заасан "...нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн." гэснийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн.

2. Мөн хэрэгт ач холбогдол бүхий тухайн үйл баримтыг гэрчлэх Т.Мөнх-Эрдэнийг гэрчээр асуух, мэдүүлэг тайлбар авах тухай шүүгчийн захирамжийг шүүх өөрөө хангаагүй зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт, өөрийнх нь үүрэг мэтээр нөлөө үзүүлж хэрэг шийдэгдэхгүй удаашрах гэх мэтээр ойлголт өгсөн зэргээс болж татгалзах хүсэлт бичүүлэх нөхцөл үүссэн.

Нэхэмжлэгч талаас гэрч Т.Мөнх-Эрдэнийг шүүх хуралдаанд авч ирэх, оролцуулах боломж байгаагүй. Энэхүү гэрч нь тухай үед байгууллагынхаа хурлын тэмдэглэлд чөлөө өгөөгүй мэтээр "үгүй" гэж худал мэдээлэл өгсөн. Шүүх хуралдаан дээр шүүх гэрчийг албадан ирүүлэх боломж байсан ба үүнийг ашиглаагүй. Анхан шатны шүүхийн шүүгч нь өөрийн гаргасан шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт зөвхөн нэхэмжлэгч талыг буруутгах нэг талыг барьсан тухайн байгууллагын дотоод журмыг нэг бүрчлэн дурдсан байна.

3. Гэтэл "М'' ТӨҮГ-ын захирлын "Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/375 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын 8.5-д "...сахилгын шийтгэл ногдуулахын өмнө тухайн ажилтан болон холбогдох бусад этгээдээс тайлбар авах, бусад хэлбэрээр нотлох баримтуудыг бүрдүүлсэн байвал зохино." гэсэн дээд шатны албан тушаалтнаас баталсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчлийг хэрхэн шалгах, баримт бүрдүүлэх талаар зохицуулсан зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар шүүх дүгнэж үзээгүй.

Энэ нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 3.3-д заасан "...тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ." гэснийг анхаараагүй.

4. Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 3.1-д дурдсан хөдөлмөрийн маргаантай холбоотой хэргийг шийдвэрлэхэд анхаарах гол асуудал ажил олгогчийн тушаал нь "...ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх..." гэсэн тушаалд тавигдах шаардлагыг хангасан байхыг авч үзээгүй, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй.

Учир нь нэхэмжлэгчийг ажлаас халсан "Ш А" алтны үйлдвэрийн захирлын "Ч.Бийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгох тухай" 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаартай тушаалын нэгдэх заалтад ноцтой зөрчил гэх 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажил тасалсан, Улаанбаатар хот явж 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хайлааст багт ирсэн бөгөөд ковид-19 голомттой бүсээс ирсэн тул хөл хорионд орж 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн, энэ хооронд-нийт ажлын 6 өдөр ажил тасалсан..." гэсэн зөрчил гаргасан талаар дурдсан.

Дээрх Монгол Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид дурдсан "...ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх..." гэсэнтэй нийцэж байгаад шүүх анхаарч үзэх байсан.

Анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьж шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил тасалсан байна. Энэхүү өдрийн талаарх үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж буруутган ажил олгогчийн байр сууринаас сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхэнд бүдүүлгээр халдсан үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч нь хувийн шалтгаанаар болон эрүүл мэндийн асуудлаас болж тухайн үед Улаанбаатар хотод зорчсон.

Улаанбаатар хотод байх хугацаандаа нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндийн шалтгаанаас болж "Мөнхийн ус" эмнэлгээр үйлчлүүлж, маш хүчтэй эм, тариа хэрэглэж, 3 хоног гэртээ биеийн байдлаа ажиглаж, хөдөлгөөн хийлгүй байсан.

Эмнэлэгт үзүүлэх шаардлагаар коронавирусийн эрсдэл өндөр бүсээр зорчсон тул ажил тасалсан гэх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа очиж болохгүй тусгаарлагдах байсан, тэр өдөр ажлаа хийж гүйцэтгэж байсан нь цахим хаягт үзлэг хийхэд тодорхой болж нотлогдоно. Иймд тухайн ажил тасалсан гэх өдөр бусад тусгаарлалтад байсан өдрүүдийн адил ажил үүргээ цахимаар бүрэн гүйцэтгэж байсан ба тэр очоогүйгээс байгууллагад ямар ч хохирол учраагүй. Мөн тухайн үед дэлхийн улс орон болон Манай Улсад коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахал өвчин дэгдэж улс орон даяар хорио цээрийн хатуу дэглэм тогтоон хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан цаг үе нөхцөл байдалтай байсан. Энэ талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх, олж авах боломжгүй баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан баримтуудыг гаргуулж авсан байгаа.

Энэ мэт гамшгийн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзаж үзэлгүй, анхан шатны шүүхийн шүүгч хэт нэг талыг барьж, бусдын нөлөөнд автаж, ажил олгогчийн байр сууринаас хэрэг маргааныг шийдвэрлэсэн явдалд туйлаас харамсаж байна.

Шүүх хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгчийн алдаатай, дутуу мэдээлэлтэй, үндэслэлгүй, нотолгоогүй хариу тайлбар болон байгууллагын хурлын тэмдэглэлд дурдсан илэрхийллийг нотлох баримтаар үнэлсэн нь нэг талыг барьсан гэж үзнэ.

Ажил олгогч буюу "Шижир-Алт" алтны үйлдвэрийн захирлын "Ч.Быг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаартай тушаалд дурдсан ажил тасалсан ажлын 6 хоног, бусад зөрчил болох өмнөх 2020 оны Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй гэх зөрчлүүдийг бүхэлд нь няцаах, үгүйсгэх үйл баримт, нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч талаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа маргаж, тайлбарлаж, нэхэмжлэлдээ илэрхийлсээр байхад шүүх илтэд буруу ойлгож дүгнэсэн.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгч буюу ажилтан Ч.Бийн гэм буруу, сахилгын шийтгэлийн шинж чанар, үр дагавар тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгоогүй, ажил олгогч буюу "Ш А" алтны үйлдвэрийн захирал н.Чагчаадорж гэгч нь яаж үүрэгт ажлаас зайлуулах оронд нь өөрийн хамаарал бүхий этгээдийг оронд нь ажилд авах гэсэн цаад далд санаа зорилго нь энэхүү тушаалаар агуулагдаж байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж, тогтоогдсон эсэх тушаал нь алдаагүй тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Золбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн ажил тасалсан хугацааны цалин хөлсийг хэрхэн суутгасан, мөн тушаалын нэг дэх заалтад заасан ямар хугацааны ажил тасалсан талаар бүрэн мэдээлэл, ойлголт байхгүй байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд хариу өгсөн хариу тайлбарын дагуу зөвхөн ажил тасалсан асуудалд анхаарч, бусад зөрчлийн талаар маргаагүй, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх байдлаар үнэлж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна.

Шүүх нэхэмжлэгч талаас гаргасан баримт, ажил олгогч талаас гаргуулах эргэлзээтэй нотолж чадахгүй байгаа мөн тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй гэх баримт болон /Чагнаадоржтой утсаар мэдэгдэж байсан тухай/. цаг үеийн нөхцөл байдал эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзаж үзэлгүй хатуу бөгөөд хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” Гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг бүрэн зөв хэрэгжүүлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд ...Хариуцагч тал өөрийн тушаалын нэг дэх заалтын хэсэгт ..."М" ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй..." гэх зөрчлийг давтан гаргасан гэж дотоод журмын 8.3.13-т заасан зөрчлийг тогтоосон, шалгасан үйл баримтыг гаргаж өгөөгүй, няцаасан хариу тайлбар өгөөгүй үйл баримт нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухай дүгнээгүй шүүх хуралдаанд энэ талаар маргасан байтал маргаагүй гэж дүгнэсэн.

...Нэхэмжлэгч талаас хэрэгт ач холбогдол бүхий тухайн үйл баримтыг гэрчлэх Т.Мөнх-Эрдэнийг гэрчээр асуух, мэдүүлэг тайлбар авах тухай шүүгчийн захирамжийг шүүх өөрөө хангаагүй зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан хүсэлт, өөрийнх нь үүрэг мэтээр нөлөө үзүүлж хэрэг шийдэгдэхгүй удаашрах гэх мэтээр ойлголт өгсөн зэргээс болж татгалзах хүсэлт бичүүлэх нөхцөл үүссэн хуралдаанд авч ирэх. оролцуулах боломж байгаагүй. Энэхүү гэрч нь тухай үед байгууллагынхаа хурлын тэмдэглэлд чөлөө өгөөгүй мэтээр "үгүй" гэж худал мэдээлэл өгсөн. Шүүх хуралдаан дээр шүүх гэрчийг албадан ирүүлэх боломж байсан ба үүнийг ашиглаагүй. Анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьж шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил тасалсан байна. Энэхүү өдрийн талаарх үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж буруутган ажил олгогчийн байр сууринаас сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь шударга ёсонд нийцэхгүй... гэсэн агуулга бүхий гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа ”Ш А” алтны үйлдвэрийн газарт холбогдуулан М ТӨҮГ-ийн харьяа “Ш А” алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа “Ш А” алтны үйлдвэрт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзахдаа Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “М” ТӨҮГ-ын захирлын Б/142 дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “М” ТӨҮГ-ын харьяа “Ш А” алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.7-д заасанчлан харьяалах удирдлагадаа бичгээр мэдэгдэлгүй ажил тасалсан ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ч.Б  нь “М” ТӨҮГ-ын харьяа “Ш А” алтны үйлдвэрийн ерөнхий эдийн засагчийн ажлаас ажил олгогчийн 2021 оны 03 дугаар  сарын 12-ны өдрийн Б\62 дугаар тушаалаар халагдсан байна.

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 59 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.,3., “Ш А”  алтны үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын  8.3.1, 8.3.2, 8.3.13 дахь заалтуудыг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Ажил олгогчийн Б/62 тушаалын талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1.-д зааснаар гомдол гаргасан тул “М” ТӨҮГ-ын харьяа “Ш А” алтны үйлдвэр өөрийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү давтан  зөрчил гаргасан, уг зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын давтан зөрчил болохыг нотлох үүрэгтэй болно.

 Сахилгын давтан зөрчил нь тушаалын  нэг үндэслэл болж байгаа тул ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалын  үндэслэл болгож сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчил болон ногдуулсан  шийтгэлийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх ажил олгогчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажлаас халсан тушаалын нэг үндэслэл болсон сахилгын давтан зөрчлийн талаар зохигчид маргаагүй, хэн аль нь нотлох баримт гаргаагүй тул шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.3.-т заасан зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...“М” ТӨҮГ-ын захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан гэж тушаалдаа үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ч.Б нь Ш А алтны үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа 2020 оны 10 сарын 12-ны өдөр Б/142 тушаалаар үүрэг даалгавар өгөгдсөн байдаг. Үүний дагуу уг тушаалыг хэрэгжүүлж тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байтал Б/62 тушаалаар 2020 оны 10 сарын 12-ны өдөр гаргасан зөрчилтэй нь холбогдуулж давхар хариуцлага оногдуулж тушаалд дурдсан. Шууд утгаараа өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй давтан зөрчил гаргасан гэж ойлгож байгаа. Дээрээс нь зөрчлийг хянаж шалгасан тухай, энэ тушаалын хэрэгжилттэй холбоотой дотоод хяналт шалгалт явуулсан тухай ямар нэгэн баримт байхгүй... гэснээс үзвэл ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан улмаар уг зөрчил нь ажлаас халах тушаалын нэг үндэслэл болсон үйл баримтыг маргаагүй гэж үзэх боломжгүй байна.

Ажил олгогчийн зөрчил гэж үзсэн болгоныг шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ зөрчил гэж үзэх эсэх, шийтгэл хүлээлгэсэн болгоныг шийтгэл гэж үзэх эсэхийг шүүх хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хэргийн нотлох баримтад үндэслэн эрх зүйн хувьд үнэлж дүгнэх учиртай.

Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийн  талаар өгсөн эрх зүйн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Ажил олгогчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ноцтой  зөрчил буюу Ч.Бийн ажил тасалсан гэх зөрчлийг тодорхойлохдоо... Ерөнхий эдийн засагч Ч.Б нь харьяалах удирдлагадаа мэдэгдэлгүй 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил таслан Улаанбаатар хот явж 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хайлааст багт ирсэн бөгөөд улмаар ковид 19-ийн голомттой бүсээс ирсэн тул хөл хорионд орж 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа ирсэн, энэ хооронд нийт ажлын 6 өдөр тасалсан... гэжээ.

Анхан шатны шүүх дээрх тушаалын бичвэрийн агуулгын талаар дүгнэлт өгөхдөө ...Ч.Бийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдөр хүртэл хугацаанд ажил тасалсанд тооцжээ гэсэн атлаа ажил олгогчийн тушаалд дурдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх нийт ажлын 6 өдрийн ажил тасалсан гэх хоногоос 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийг ажил тасалсан, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримтыг нотолж байна гэсэн эрх зүйн логикийн зөрчилтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Ажил олгогчийн тушаалд тодорхойлсон ажил тасалсан гэх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажилдаа ирсэн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 6 бус 7 өдөр байх бөгөөд ажил олгогч нь хуанлийн тухайн дараалсан ажлын өдрүүдээс хэдэн хэдний өдрийг ажил тасалсан гэж үзсэн болон шүүх дээрх хугацаанд нэхэмжлэгчийг Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, хорио цээрийн дэглэмд орж гэрээсээ ажлаа хийж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг ажил тасалсан гэж үзэхгүй талаар эрх зүйн дүгнэлт өгсөн атлаа дээрх дараалсан хугацаанд хамаарах зөвхөн нэг өдрийг буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх болсон эрх зүйн үндэслэл ойлгомжгүй байна. 

Нэхэмжлэгч талаас тухайн үед байгууллагын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Т.Мөнх-Эрдэнийг шүүхэд гэрчээр асуулгаж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч шүүх уг захирамжийнхаа биелэлтийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 43.3., 43.5.-д заасан ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болсон өдөр хүсэлтээсээ татгалзахад хүрсэн байх бөгөөд үүнийгээ мөн давж заалдах гомдлынхоо нэг үндэслэл болгожээ.

Ажил олгогч болон ажилтны хоорондох хөдөлмөрийн гэрээг цуцалснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажилтныг сахилгын зөрчлөөр халж буй тушаалын үндэслэл болсон сахилгын зөрчил тус бүр нэг бүрчлэн тогтоогдсон байх учиртай.

Ажилтан Ч.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын зөрчлөөр ажлаас халсан ажил олгогч “М” ТӨҮГ-ын харьяа “Ш А” алтны үйлдвэрийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/62 дугаар тушаалд тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан сахилгын давтан болон ноцтой зөрчлүүд хэргийн баримтаар тогтоогдсон  эсэх нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. дэх хэсгийн “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэсэн заалтуудад шүүхийн шийдвэр нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2021/00770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

         ШҮҮГЧИД                                                     М.МӨНХДАВАА

                                                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР