Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/817

 

       

 

 

 

 

    2024           07            16                                          2024/ДШМ/817

 

 

    П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наянбаатарын өмгөөлөгч А.Бүдханд,

яллагдагч П.П.ын өмгөөлөгч М.Цэрэндэжид, Г.Нямхүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1046 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг үндэслэн П.Б-д холбогдох эрүүгийн 1909030210889 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

П-Б ..

 

П.П. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 11 дүгээр гудамжны 282-6 тоот гэртээ Ч.Х-тай хамт архи ууж байгаад үл ялих зүйлээр маргаан үүсгэж, улмаар зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна. Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШТ/29 дүгээр шүүхийн тогтоолоор П.Б, Д.Г нарт холбогдох эрүүгийн 1909030210889 дугаартай хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт биш хийсэн” гэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай магадлалд “...Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдал буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой ба энэ нь шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд шууд нөлөөлөх тул тэдгээрийг заавал тогтоох,  ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт шалгаж тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй...” гэж тодорхойлж, тус шүүхийн 29 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэтэл хэргийг прокурорт буцааснаас хойш мөрдөгч болон прокурор дээр дурдсан шүүхийн тогтоол болон магадлалд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх үндэслэлээр  П.П-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, П.П-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу Д.Г-тай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн П.Б., Д.Г нарт холбогдох эрүүгийн 1909030210889 дугаартай хэргийг анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШТ/29, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/925, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/163 дугаар захирамжуудаар нийт 3 удаа прокурорт буцаасан. Хамгийн сүүлд буцаасан шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичээгүй ба хэргийг прокурорт ирүүлснээс хойш нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын даалгавар бичиж, хохирогч Ч.Н, гэрч Л.А, Ц.Э, Б.С, Л.А, шинжээч эмч Ц.Бадрал, 103-ын эмч Б.Цэрэнчунт нараас дахин мэдүүлэг, Б.Г, Д.Д, Д.Б, Ц.Б нараас гэрчээр мэдүүлэг авсан. Цаг-уурын шинжилгээний газарт албан бичиг хүргүүлж хариуг авсан, 102-ын дуудлагын ярианы бичлэгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан, Д.Г, П.Б. нараас дахин мэдүүлэг авсан, хувийн байдлыг тодруулсан зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоон хэрэгт авагдсан болон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудад үндэслэн яллагдагч Д.Г нь “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь эргэлзээтэй байна гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 12 минутад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02 цаг 50 минутад цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түргэн тусламжийн “...Өвчтөнг үзэхэд нас барсан байв. Хөрөлт бүх биед үүссэн. Хөшилт доод мөчдөд үүссэн...” гэсэн хуудас, хохирогч Ч.Н-ын талийгаач нь П.Б.тай архи уугаад зодуулчхаад ирдэг байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг буюу П.Б., Ч.Х нар нь хоорондоо таарамжгүй харьцаатай байсан, П.П.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй болох нь гэрч Б.С, О.Б, Б.С, Л.А, Д.Г, С.Н, С.Ж, Ц.А, П.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4010 дугаартай П.П.ын өмдөнд шинэ ханзралт үүссэн гэсэн дүгнэлт, П.П.ын эзэмшлийн “Самсунг Эс-4” загварын гар утсанд үзлэг хийсэн 23 цаг 53 минутад 102-т дуудлага өгсөн тэмдэглэл, 01.06 минутад 103-ын эмчийн “хөрөлт бүх биед үүссэн, хөшилт доод мөчдөд үүссэн...” гэсэн хуудас, эмч Б.Цэрэнчунтын “...Хүн нас барснаас хойш буюу зүрх зогссоноос хойш 2-3 цагийн хугацаанд бүх биед хөрөлт явагддаг, дуудлагад очоод талийгаачийн биед хүрч үзэхэд биед нь хөрөлт явагдсан байсан...хөлд нь хүрэхэд хөдөлгөөн хязгаарлагдсан, хөшилт үүссэн байсан” гэсэн мэдүүлэг, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн П.Б-ын 102-т дуудлага өгсөн “...хамт архи уусан хүн сонин болоод өнгөрчихлөө...” гэсэн дуудлагын лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 655 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнээд яллагдагч П.Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд болон яллагдагч Д.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэр, яллагдагч П.Б-д холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтуудад огт дүгнэлт хийхгүйгээр урьд нь хэргийг шүүхээс буцаасан шүүхийн тогтоол, магадлалыг үндэслэн хэргийг дахин прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа, шалгагдвал зохих зүйл бүрэн шалгагдсан, цаашид хийж гүйцэтгэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа байхгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэргийн сэргээн дүрслэх замаар хэрэг үйлдэгдсэн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаас аль нь нотлогдоогүй болох, ямар нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байгаа, аль нотлох баримт ямар нотлох баримтаас зөрүүтэй байгаа, хэрхэн үгүйсгэж байгаа, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн ямар үндэслэл байгаа талаар дүгнэж бичээгүй, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны дараа хийгдсэн дээр дурдсан тодорхой ажиллагаануудыг хэрхэн үнэлсэн болох нь тодорхойгүй, урьд нь хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол, магадлалыг иш татах байдлаар хэргийг прокурорт буцаасан захирамж нь дээрх хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Наянбаатарын өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Яллагдагч П.Б-ын өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын яллагчийн эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтдээ “Энэ хэрэг шалгагдаад 5 жил болж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль болон Үндсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэснийг шүүх хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа хэрэгжээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан тул прокурорт буцаасантай санал нэг байна. Гэхдээ 5 жилийн хугацаанд 3 удаа шүүхээр ороход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй үндэслэлээр буцаагдаж, хэргийн яллагдагч П.Б-ыг хэрэгт оролцоогүй гэж үзээд үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож байсан. Энэ хэргийн хоёр яллагдагч байхад зөвхөн П.Б-д холбогдуулан бүх шалгах ажиллагааг явуулсан прокурор Амарбатын хууль бус ажиллагаа байсан тул энэ талаар ерөнхий прокурор, орлогч прокурор Жаргалсайхан, Чинбат нартай уулзахад “Ийм зүйл байж болохгүй, таны ярьж байгаа үнэн бол хүчингүй болгоно” гэж хэлсэн. Хэрэгт ажиллагаа хийгдэхдээ гэрчүүдээс асуулт асуусан болж, шинжээчээс өөрийнх нь дүгнэлтийн эсрэг мэдүүлэг авсан. Мөрдөгчтэй яагаад ингэсэн талаар уулзахад “Прокурорын даалгавраар хийсэн” гэж хариулдаг. Энэ бүгдэд А-ын хууль бус ажиллагаа, ашиг сонирхол байсан бөгөөд Авлигатай тэмцэх газар шалгаж байгаад баярлаж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч П.Б-ын өмгөөлөгч М.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Г.Нямхүүгийн тайлбартай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон. Энэ хэргийн хамгийн гол холбогдогч болох Д.Г-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Зөвхөн П.Б-ыг буруутгаж, нэг талыг барьж шалгасан асуудал нь хэргийг дахин нухацтай шалгах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Прокуророос яллагдагч П.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 11 дүгээр гудамжны 282-6 тоот гэртээ Ч.Х-тай хамт архи ууж байгаад үл ялих зүйлээр маргаан үүсгэж, улмаар зодож алсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх П.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй буюу яллагдагчийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт бусадтай хамтран оролцсон эсэх, хэний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай...”  гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

 

Яллах дүгнэлтэд, хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...П.Б. нь Ч.Х-тай хамт архи ууж байгаад үл ялих зүйлээр маргаан үүсгэж, улмаар зодож алсан” гэж гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагчийн үйлдэл, оролцоо, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Түүнчлэн Д.Г-ыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь эргэлзээтэй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн прокурорын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр тогтоол үндэслэл муутай байна.  /6хх 107-110/

П.Б., Д.Г нар нь энэ гэмт хэрэгт хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар, мэдүүлэг өгч, өөрсдийгөө гэм буруугүй, харин нэг нэгнийгээ энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тус тус нотлохыг хичээх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад сэрдэгдэн шалгагдаж байсан нь тэднийг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэж байна.

 

Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой харилцан эсрэг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг шүүх анхаарах учиртай.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт, ялангуяа хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход дан ганц нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан харилцан эсрэг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө гэж үзлээ.

 

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/1046 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН