Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/818

 

       

 

 

 

 

    2024           07            16                                          2024/ДШМ/818

 

 

    Н.Н.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Н.Н., түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/611 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н., түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Н-д холбогдох эрүүгийн 2006 04499 2229 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.Н ..

Шүүгдэгч Н.Н. нь “Өндөр буянт Холдинг” ХХК-ийн захиалгаар баригдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи Таун” хотхоны 73 дугаар байрыг “Худалдаа хөгжлийн банк”-ны барьцаанд байгаа, өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрхгүй болохыг мэдсээр байж, хохирогч П.О-т өөрийн эзэмшлийн 84, 85 дугаартай орон сууцнуудыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Л.А-ны Хаан банкны дансаар 130.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 150.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Н.Н-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-аас 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг гаргуулан хохирогч П.О-т олгож, шүүгдэгч Н.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Н. давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд С.Мөнхтулга өмгөөлөгчтэй оролцож, тухайн өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг цагаатгаж, гэм буруугүй гэж үзсэн учраас 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгчийнхөө зөвлөгөөгөөр өөрийгөө гэм буруугүй гэж шүүхэд мэдүүлсэн. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд миний бие иргэн П.О-ийн өмнө харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хохиролд нэхэмжилсэн 150.000.000 төгрөгийг бүхэлд төлсөн. Би одоо 55 настай, анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Өдий насанд хүрсэн хүн үр хүүхэд, ач зээ нартаа үлгэр дуурайлал болохын оронд ийм хэрэгт орж, гэр бүлээсээ тусгаарлагдсандаа туйлын ихээр харамсаж, тэднийгээ санаж байна. Миний хийсэн үйлдлийн улмаас П.О-т хохирол учруулснаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Анх уг асуудлын талаар П.О надад хэлэхэд би бүхий л чадлаараа зохицуулаад түүнийг хохиролгүй болгох гэсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ талаараа би мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлсэн. Би өмгөөлөгчөөрөө дамжуулан иргэн П.О-т 150.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, П.О, Ч.П нараас чин сэтгэлээсээ уучлалт хүсмээр байна. Миний бие өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Т.Мөнх-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Н.Н. нь анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд П.Одонтунгалагийн өмнө чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Түүнчлэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Н.Н-д 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан байдаг. Шүүгдэгч Н.Н. нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “надад байрны ордерыг миний нэрээр гаргаж өгнө гэж Өндөрбуянт хэлж байсан” гэж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би 2014 онд Өндөр буянт компанид 92 сая төгрөгийн бартерын бараа нийлүүлсэн ба нийлүүлсэн бараандаа би Өндөр буянт ХХК-иас барьж байсан байрнаас үйлчилгээний зориулалттай талбай авахаар санал болгосны дагуу Өндөр буянт ХХК-иас 120 м.кв үйлчилгээний талбай авч супермаркетын үйл ажиллагаа явуулсан. ...Одоо би О-т учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж тохиролцох болно. Ийм байдалд орно гэж бодож байгаагүй болохоор учруулсан хохирлоо төлж барагдуулна” гэж тус тус мэдүүлсэн. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Н.Н. нь “...Миний харамсаж байгаа юм юу вэ гэхээр бүтэн 4 жилийн хугацаа бараг болж байна. Энэ хугацаанд нэг хүний хөрөнгийг залилчихлаа, хүнийг хохироочихлоо, ял үүрэхээр боллоо, үүнд үнэхээр харамсаж байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Н. нь хохирогч П.О-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг 100 хувь шилжүүлж өгсөн байдаг. Ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн Н.Н-ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулахаар заасан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ялаар солих боломжтой буюу түүний банкны харилцах дансны хуулгаар торгох ялыг биелүүлэх боломжтой байна. Н.Н. нь тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд түүний хувийн байдал, өөрийн сар бүрийн орлого, эд хөрөнгийн нөхцөл байдлаас авч үзвэл торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2018 онд бусдад их хэмжээний хохирол учруулсан, хохирлоо төлөөгүй байсан нь хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогддог тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.Н. нь “Өндөр буянт Холдинг” ХХК-ийн захиалгаар баригдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаппи Таун” хотхоны 73 дугаар байрыг “Худалдаа хөгжлийн банк”-ны барьцаанд байгаа, өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрхгүй болохыг мэдсээр байж, хохирогч П.О-т өөрийн эзэмшлийн 84, 85 дугаартай орон сууцнуудыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Л.Анхилууны Хаан банкны дансаар 130.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөгийг, нийт 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч П.О-ийн “...манай хотхоны 73 дугаар байрны 1 давхарт Н. гэх хүн Нархан гэх хүнсний дэлгүүр ажиллуулж байсан юм. ...Н. нь тухайн үед "Би уг дэлгүүрээ хүнд түрээсэлж байгаа, гэхдээ зарна" гэхээр нь би уг дэлгүүрийг нь сонирхож үзээд авахаар болсон ...нийт 249.062.000 төгрөгийн үнэ бүхий байр байсан ба эхний ээлжид 150.000.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 99.062.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувааж төлөх нөхцөл байсан. ...Би 130.000.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Н.ын өгсөн бэр нь гэх Л.А-ны дансанд шилжүүлсэн. ...Дараагийн мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүр дээр Худалдаа хөгжлийн банкны хүн албан тоот авч ирж надад өгсөн. ...уг барилгын гүйцэтгэгч нь тус банкинд 48.725.000.000 төгрөгийн зээлийн барьцаатай учир уг объект нь манай банкны мэдэлд шилжсэн, орон сууцаа буюу манай банкны өмчийг суллаж өгнө үү гэсэн байсан. Ингээд би уг асуудлын талаар Н.д "Би танд гэрээнд заасны дагуу үлдэгдэл 100.000.000 төгрөгөө өгье, та банкинд мөнгөө тушаагаад миний үл хөдлөхийг миний нэр дээр гаргаж өгнө үү" гэхэд Н. нь "эгч нь банктай очоод уулзчихна, би өөрөө асуудлаа шийдчихнэ гэсэн. ...” /1хх 44-47/,

гэрч Б.Б “...Хаппи таун хотхоны 73 дугаар байр нь албан ёсоор Улаанбаатар банкнаас манай Худалдаа хөгжлийн банкны мэдэлд шилжиж ирсэн байгаа. ...Ингээд тухайн 73 дугаар байранд оршин суугч иргэдтэй уулзаж байрыг хэрхэн авсан, зээлээ ямар байдлаар төлж байгаа гэдгийг судалж байх явцад 84, 85 дугаар тоотод оршин сууж байсан Одонтунгалагтай уулзахад “би уг хоёр тоотыг Н. гэх хүнээс худалдаж авсан байгаа. Би урьдчилгаанд 150.000.000 төгрөг төлсөн” гэсэн тайлбарыг хэлсэн. Анх 73 дугаар байр нь манай банкны мэдэлд ирэхэд О, Н. гэх хүмүүсийн нэр дээр тухайн 84,85 тоот нь шилжээгүй, "Өндөрбуянт Холдинг" ХХК-ийн нэр дээр гэсэн бүртгэлтэй ирж байсан. ...” /1хх 58/

гэрч Ч.П “...130.000.000 төгрөг бол миний охин О болон манай гэр бүлийн хуримтлуулж цуглуулсан хадгаламжийн мөнгө. ...Миний хувьд Н-ыг зүс таньдаг байсан ба тэрний дүү Н.Т-гээс өмнө нь байр авч байсан учраас тэр шугамаараа мэддэг байсан. Тухайн байрны гэрчилгээ нь гараагүй байгаа, гарахаар нь үлдэгдэл мөнгөө өгөөд гэрчилгээгээ аваарай гэж хэлж байсан. Тэр байрыг миний эзэмшлийн байр, Т-д барилгын бараа нийлүүлдэг, тэрнийхээ оронд 4-5 байр авах ёстой, тэр байрнуудын нэг нь байгаа юм, удахгүй байрны ордер нь гарна гэж хэлсэн. ...” /1хх 110/ гэсэн мэдүүлгүүд,

 

Худалдаа хөгжлийн банкны мэдэгдэл /1хх 71-74, 157/, Ч.П-гийн Хаан банкны 5544053071 тоот депозит дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт /1хх 76-77/, мөнгө хүлээлцсэн хэлцэл /1хх 78-79/, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 80-81/, П.О-ийн Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх 182-183/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Н. ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Н.Н-ын “Худалдаа хөгжлийн банк”-ны барьцаанд байгаа байрыг өөрийн эзэмшлийн байр мэтээр ойлголт төрүүлэн хохирогч П.О-т 84, 85 дугаар орон сууцнуудыг зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Н.Н., түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир нар “...хохирогч П.О-т учруулсан 150.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэг Н.Н.д торгох ял оногдуулсантай холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 720.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 19.280.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Н.Н. болон түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир нарын “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Н.Н-ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Н. нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч П.О-ийн Хаан банкны 5720401973 тоот дансанд хохирлын 150.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/611 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Н-ын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 48х15000=720.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялын хэмжээг 19.280.000 /арван есөн сая хоёр зуун наян мянга/ төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Н.д мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Н. нь хохирогч П.О 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Н.Н. нь 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН