| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Л.Цэрэнтогоо /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсандамдингийн Цэрэнтогоод холбогдох эрүүгийн 1809010330191 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг, Лансын 3б гудамж 6 тоотод оршин суух, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Лувсандамдингийн Цэрэнтогоо /РД: НЭ59100201/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Л.Цэрэнтогоо нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Их Монгол” ресторанд үйлчлүүлж байсан иргэн Ш.Хишигсүрэнгийн өмчлөлийн гар цүнх 1 ширхэг, “Самсунг Галакси Эс 8” загварын гар утас 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, “Хаан” банкны виза карт 1 ширхэг, “Банк Оф Чайна” нэртэй карт 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, биет 100.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.308.466 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Цэрэнтогоо нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй …” гэв.
Эрүүгийн 1809010330191 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Л.Цэрэнтогоо нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би нэг сандал дээр байсан хар өнгийн цүнхийг хулгайлаад аваад гарсан. Цүнхтэй эд зүйлсийг гаргаад үзэхэд дотор нь түрийвчтэй мөнгө, бичиг баримтууд, гар утас зэрэг эд зүйлс байсан. Би тэгээд түрийвчинд нь байсан мөнгийг нь аваад бусад эд зүйлсийг нь буцаагаад цүнхэнд нь хийсэн. Би уг мөнгөөр үргэлжлүүлээд архи уусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Хишигсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 20 минутанд “Их Монгол” ресторанд очсон. ... ширээн дээр байсан цүнхээ авахаар ирэхэд миний цүнх алга болсон байхаар нь шууд хайж эхэлсэн. Менежер нь камер шүүж өгөхөд гаднаас 50 орчим насны эмэгтэй гадуур хувцастайгаа орж ирээд ийш тийш харж байгаад шууд миний цүнх рүү очиж аваад цаашаа цонх руу нэг алхаж үзээд буцаад авч гарч байгаа бичлэг байсан. Би эд зүйлээ хүлээн авлаа. 100.000 төгрөгөөс бусад эд зүйлсээ хүлээн авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээ:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлээр:
“...арьсан цүнх 1 ширхэг, бор өнгийн хэтэвч 1 ширхэг, Ш.Хишигсүрэнгийн жолооны үнэмлэх, Банк Офф Чайна гэсэн бичигтэй карт 1 ширхэг, шар өнгийн металл шигтгээтэй ээмэг 1 ширхэг буюу өрөөсөн, Самсунг эс 8 маркийн гар утсыг түр хураан авав...эд зүйл хураалгасан Л.Цэрэнтогоо...” гэжээ /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр:
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр:
“...170 орчим см-ийн өндөртэй 50 орчим насны дээгүүрээ хар өнгийн үстэй малгайтай, ноосон мэт өнгийн нэхий өмссөн, цагаан өнгийн урт ороолттой, доогуураа цагаан өнгийн үстэй мэт гутал өмссөн, эмэгтэй орж ирээд хохирогчийн цүнхийг модон сандал дээрээс аваад баруун гартаа бариад, зоогийн газрын хаалгаар гараад Их Монгол рестораны баруун урагшаа зам хөндлөн гараад алхаж байгаа нь камерийн бичлэгт бичигдсэн...” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:
“Их Монгол” рестораны хяналтын камерын бичлэг бичигдсэн 1 ширхэг сидиг хэрэгт эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч Ш.Ядамсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Л.Цэрэнтогоогийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Цэрэнтогоо нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Их Монгол” ресторанд үйлчлүүлж байсан иргэн Ш.Хишигсүрэнгийн өмчлөлийн гар цүнх 1 ширхэг, “Самсунг Галакси Эс 8” загварын гар утас 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, “Хаан” банкны виза карт 1 ширхэг, “Банк Оф Чайна” нэртэй карт 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, биет 100.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Ш.Хишигсүрэнд 2.308.466 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Цэрэнтогоогийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Хишигсүрэнгийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүх шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос цүнхтэй эд зүйл, мөнгөө алдсаныг мэдүүлж, холбогдох цагдаагийн байгууллагад хандсаны дагуу цагдаагийн албан хаагч нь шүүгдэгчээс хохирогчийн эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэлд тусгаж, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэгт хэрэг болсон газарт шүүгдэгч нь хохирогчийн цүнхтэй эд зүйлийг авсан талаар бичигдсэн камерын бичлэг, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид хичнээн хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Л.Цэрэнтогоог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 2.308.466 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Л.Цэрэнтогоод ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Хохирогч Ш.Хишигсүрэнгээс “...эд зүйлсээ хүлээн авсан. 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт /хх-ийн 15/ дурьдсан хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан төлөгдөөгүй хохирол болох 100.000 төгрөгийг шүүгдэгч Л.Цэрэнтогоогоос гаргуулан хохирогч Ш.Хишигсүрэнд олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Цэрэнтогоогоос “...би хохирогчид учирсан хохирлыг барагдуулж, нөхөн төлнө...” гэж хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /өндөр настай/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цэрэнтогоод хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар тогтов.