Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Б.Энхжаргал, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархууд овогт Баясгалангийн Энхжаргалд холбогдох эрүүгийн “1803000010066” дугаартай, 186/2018/0173/э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Титэм хотхоны 103-11 тоотод оршин суух бүртгэлтэй, Шархууд овогт Баясгалангийн Энхжаргал  /РД:УШ96061657/,

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Энхжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Синчи ойл” шатахуун түгээх станцын замд Ж.Очирбалын эзэмшлийн Тоёото Ландкруйзер прадо-120 маркийн 97-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчин, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын хоёр: Хориглох тэмдэг-2.1 ”Орох хориотой” тээврийн хэрэгсэл тэмдгээс  цааш орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Д.Эрдэнэчимэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэчимэгийн:..2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд би гэрээсээ ганцаараа гарч Бөмбөгөр худалдааны төв орох зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Синчи ойл” шатахуун түгээх станцын харалдаа замд ертөнцийн зүгээр зүүн урд талын баруун хойшоогоо зам хөндлөн гарч автобусны буудлаас автобусанд суух гээд алхаж яваад баруун өнгийн том оврын машинд мөргүүлсэн. Тэр үед би яг ямар маркийн машин байсан эсэхийг анзаараагүй ямар ч байсан том жийп машин байх шиг байсан. Энэ үед би зам дагуу унах шиг л болсон. Нэг мэдэхэд тухайн машинаас хүмүүс гарч ирээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр миний хүүхдүүд ирсэн гэх мэдүүлэг.                /хх 30-31/,

            2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхжаргалын:..2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 14 цагаас 15 цагийн хооронд Очирбалын эзэмшлийн хар өнгийн Тоёота Прадо 120 маркийн 97-54 УНВ дугаартай тээврийн хэрэгслийг кабиндаа эхнэр Г.Энхжаргал, хамаатан Энхмарал нарын хамт хороолол орох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг Синчи Ойл шатахуун түгээх станцийн замаар гарч ирээд баруун гар тийшээгээ эргэх үед зам хөндлөн гарч явсан нэг эмэгтэй хүнийг шүргээд зогссон. Тэр үед би хөндлөн гарч ирж байсан хүнийг анзаараагүй. Тэгээд би машинаас бууж ирээд тэр эмэгтэй хүнийг шууд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Ингээд  гэмтлийн эмнэлэгт байдаг цагдаад бүртгүүлсэн. Ингээд тэр эмэгтэйг үзүүлж дуусаад ослын газарт очоод байж байх үед Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн гэх мэдүүлэг. /хх 61-62/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Энхмаралын:..2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14-15 цагийн хооронд  дүү Б.Энхжаргал нь Очирбалын эзэмшлийн хар өнгийн Тоёота Прадо 120 маркийн 97-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд эхнэр Г.Энхжаргал нарын хамт эмнэлэг орчихоод, хороолол орох замдаа Чингэлтэй дүүргийн нутаг Синчи Ойл шатахуун түгээх станцын хажууд байх авто засварын газар ороод эргээд замруу орох явцдаа машиныхаа зүүн хажуу талын толь хэсэгт нэг эмэгтэй хүн мөргөгдөөд унах шиг болсон. Тэгээд тэр даруй машинаа зогсоогоод бөөнөөрөө машинаас буугаад тэр хүнийг машиндаа суулгаж гэмтлийн эмнэлэгт авч очсон. Дараа нь Замын цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэрэг болсон газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн гэх мэдүүлэг. /хх-65/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Гэрэлтуяагийн:..Б.Энхжаргал нь 1996 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 1999-2003 он хүртэл Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Сот-ын цэцэрлэгт хүмүүжиж, 2003-2011 он хүртэл Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуульд 10 дугаар ангиа дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2013-2014 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн ангид 2 дугаар курс хүртлээ суралцаж байгаад чөлөө авчихсан байгаа. 2014 оноос хойш Титэм Өлзий ХХК-д менежерээр ажиллаж байгаа гэх мэдүүлэг. /хх-69/,

2.5. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13346 тоот актын: 

1. Д.Эрдэнэчимэгийн биед баруун талын сүүжний тогооны урд баганын зөрөөгүй, хугарал, баруун талын умдаг ясны дээд салааны цууралт, баруун чамархайнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн  дүгнэлт. /хх-72/,

2.6. Замын цагдаагийн  албаны шинжээчийн 08 тоот дүгнэлт:

1. Тоёото Ланд Крузер маркийн 97-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баясгалан овогтой Энхжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино, мөн хуулийн нэгдүгээр хавсралтын Хоёр: Хориглох тэмдэг 2.1 “Орох хориотой тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Доржпүрэв овогтой Эрдэнэчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах-гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Э.Ганбаатар гэсэн дүгнэлт. /хх 89-90/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл             /хх 10-12/, иргэний хариуцагч Ж.Очирбалаас авсан мэдүүлэг /хх-58/, гэрч Э.Энхмаралаас авсан мэдүүлэг /хх-65/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13346 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-72/, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төв дуудлагын лавлагаа /хх-102/ зэрэг нотлох баримтуудыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-21/, гэрч П.Гэрэлтуяагийн мэдүүлэг    /хх-69/, Б.Энхжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/, хохирогчийн хүсэлт /хх-123/ зэрэг нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.  

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Б.Энхжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Синчи ойл” шатахуун түгээх станцын урд замд Ж.Очирбалын эзэмшлийн Тоёото Ландкруйзер Прадо-120 маркийн 97-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын хоёр: Хориглох тэмдэг-2.1 ”Орох хориотой” тээврийн хэрэгсэл тэмдгээс  цааш орохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Эрдэнэчимэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрдэнэчимэгийн:...2017 оны 10 дугаар сарын        19-ний өдөр 14 цагийн орчимд би гэрээсээ ганцаараа гарч Бөмбөгөр худалдааны төв орох зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Синчи ойл” шатахуун түгээх станцын харалдаа замд ертөнцийн зүгээр зүүн урд талын баруун хойшоогоо зам хөндлөн гарч автобусны буудлаас автобусанд суух гээд алхаж яваад баруун өнгийн том оврын машинд мөргүүлсэн. Тэр үед би яг ямар маркийн машин байсан эсэхийг анзаараагүй ямар ч байсан том жийп машин байх шиг байсан. Энэ үед би зам дагуу унах шиг л болсон. Нэг мэдэхэд тухайн машинаас хүмүүс гарч ирээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг аваад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр миний хүүхдүүд ирсэн гэх мэдүүлэг  /хх 30-31/,  Б.Энхжаргалын гэрчээр мэдүүлсэн:...2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 14 цагаас 15 цагийн хооронд Очирбалын эзэмшлийн хар өнгийн Тоёота Прадо 120 маркийн 97-54 УНВ дугаартай тээврийн хэрэгслийг кабиндаа эхнэр Г.Энхжаргал, хамаатан Энхмарал нарын хамт хороолол орох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг Синчи Ойл шатахуун түгээх станцийн замаар гарч ирээд баруун гар тийшээгээ эргэх үед зам хөндлөн гарч явсан нэг эмэгтэй хүнийг шүргээд зогссон. Тэр үед би хөндлөн гарч ирж байсан хүнийг анзаараагүй. Тэгээд би машинаас бууж ирээд тэр эмэгтэй хүнийг шууд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Ингээд  гэмтлийн эмнэлэгт байдаг цагдаад бүртгүүлсэн. Ингээд тэр эмэгтэйг үзүүлж дуусаад ослын газарт очоод байж байх үед Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн гэх мэдүүлэг. /хх 61-62/, гэрч Э.Энхмаралын:..2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14-15 цагийн хооронд  дүү Б.Энхжаргал нь Очирбалын эзэмшлийн хар өнгийн Тоёота Прадо 120 маркийн 97-54 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд эхнэр Г.Энхжаргал нарын хамт эмнэлэг орчихоод, хороолол орох замдаа Чингэлтэй дүүргийн нутаг Синчи Ойл шатахуун түгээх станцын хажууд байх авто засварын газар ороод эргээд замруу орох явцдаа машиныхаа зүүн хажуу талын толь хэсэгт нэг эмэгтэй хүн мөргөгдөөд унах шиг болсон. Тэгээд тэр даруй машинаа зогсоогоод бөөнөөрөө машинаас буугаад тэр хүнийг машиндаа суулгаж гэмтлийн эмнэлэгт авч очсон. Дараа нь Замын цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэрэг болсон газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн гэх мэдүүлэг. /хх-65/, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13346 тоот актын: 1. Д.Эрдэнэчимэгийн биед баруун талын сүүжний тогооны урд баганын зөрөөгүй, хугарал, баруун талын умдаг ясны дээд салааны цууралт, баруун чамархайнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн  дүгнэлт. /хх-72/,  Замын цагдаагийн  албаны шинжээчийн 08 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Энхжаргалыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Д.Эрдэнэчимэг нь эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад  учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шархууд овогт Баясгалангийн Энхжаргалыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Энхжаргалыг 500  /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхжаргалд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхжаргал нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Энхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.                                  

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхжаргалд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ