| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Б.Сансар, Э.Өсөхбаяр тэдгээрийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмид овогт Сүхбаатарын Сансар, Манал овогт Эрдэнэбаатарын Өсөхбаяр нарт холбогдох эрүүгийн 1709019140391 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймаг 3 дугаар баг Угалзын 1-5 тоотод оршин суудаг, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,
2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дэмид овогт Сүхбаатарын Сансар, /РД: ТА99032233/,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Гацуурт” ХХК-нд гэрээт ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эх 11 гудамжны 1101а тоотод оршин суух хаягтай, одоо Сэлэнгэ аймаг Цагааннуур сум “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж, ахуйн төвд түр амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Манал овогт Эрдэнэбаатарын Өсөхбаяр, /РД:НН98091819/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Сансар, Э.Өсөхбаяр нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 3 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Ж.Балжиннямын эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг галакси эс-6 эдже” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Сансар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч Э.Өсөхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Эрүүгийн 1709019140391 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Сансар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Монгол 3 дугаар сургуулийн орчим явж байгаад урд талын арктай шар байрны тэнд 10-12 орчим насны 2 эрэгтэй хүүхэд гар утсаараа оролдоод зогсож байхаар нь Өсөхөө бид хоёр гар утсыг нь авъя гэж ярилцаж байгаад Алтансүх, Дэлгэрмаа хоёр мэдээгүй байсан учраас түрүүлээд урагшаа явуулчихсан юм. Тэгээд бид хоёр тэр хоёр хүүхэд дээр очоод “агаагын дүү утсаараа ганц яриулчихаач хүнтэй ярьчихаад өгье” гэхэд хохирогч гэх хүүхэд надад шар өнгийн самсунг галакси эс-6 эдже маркын гар утсыг өгч, авсаны дараа Алтансүх Өсөхөө бид хоёрыг харчихаад бид хоёр руу ирж байхаар нь би Өсөхөөд гар утсыг өгчихөөд Алтансүхийг цаашаа авч яваад Дэлгэрмаа дээр очтол төд удалгүй 5-10 минутын дараа Өсөхөө нөгөө хүүхдийн гар утсыг нь аваад араас хүрээд ирэхээр нь бид нар тэндээсээ такси барьж улмаар Сансарын тунел рүү явцгаасан. Тэгээд замдаа "ок ланд" нэртэй ломбард дээр зогсож Алтансүхийг дуудаж буулгаж ирээд иргэний үнэмлэхний лавлагаагаар нь тэр гар утсыг 60.000 төгрөгийн барьцаанд тавиулж тэндээсээ таксины мөнгөө өгч улмаар бид дөрөв хоол идчихээд Тэмүүлэн ахын амьдардаг сансарын тунел дэх подвальд очиж Тэмүүлэн ахыг дагуулж гараад бид нар бөөнөөрөө доошоо алхаж байсан чинь хохирогч гэх хүүхдийн аав нь машинтай ирж зогсоод Өсөхөөг бариад авахаар нь бид нар зугтаасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Өсөхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 10 дугаар сарын З0-ний өдөр би өөрийн найз Сансар болон түүний найз охин Дэлгэрмаа нартай хамт явж байгаад Алтансүх Баянбүрд дээр таараад бид нар тэндээс Сансарын тунел рүү Сансарын ах Тэмүүлэнгийн амьдарч байсан газар руу явцгаасан. Уг нь бид хоёр Тэмүүлэн ах дээр нь Дархан явах зардлын мөнгө авна гэж ярьж байсан боловч замдаа бид хоёр түрүүлээд алхаж яваад яг хаана гэдгийг нь мэдэхгүй арктай байрны аркаар гараад явж байхад 9-11 орчим насны 2 эрэгтэй хүүхэд хичээлийн цүнх үүрчихсэн хамт байрны гадна зогсож байхаар нь бид хоёр энэ хоёр хүүхдийг айлгаж байгаад утсыг нь аваад ломбарданд тавиад Дархан явах зардлын мөнгөө олоод явъя гэж ярилцаад Алтансүх, Дэлгэрмаа хоёрыг түрүүлж явуулаад Сансар бид хоёр очоод шаргал өнгийн самсунг галакси эс-6 эдже маркын гар утсаа гаргачихсан байж байсан хүүхдээс “ах нартаа утсаа өгчих” гэж хэлтэл тэр хүүхэд “би одоо хичээлтэй явла”а гэхээр нь “ах нар нь 13 цаг 30 минут гээд сургуулийн чинь гадаа авчираад өгчихье тэгэх үү” гэж хэлтэл утсаа өгөхөөр нь бид хоёр аваад явсан. Тэгээд нөгөө хоёр руу гүйж очоод бид дөрөв тэндээсээ тунел рүү такси барьж яваад замдаа тунелын тэр хавьд зогсоод Сансар Алтансүхийг дагуулж буугаад нөгөө гар утсыг нь 60.000 төгрөгөнд ломбарданд тавиулсан байсан. Тэгээд бид дөрөв Тэмүүлэн ахын амьдарч байсан газраас Тэмүүлэн ахыг дагуулж гарч ирээд нэг, нэг аяга хоол идчихээд тэндээсээ шууд вокзал руу явах гээд доошоо Сансар уруудаад алхаж байтал нөгөө хүүхдийн аав машинтай ирээд намайг бариад цагдаа дээр авчирч өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Ж.Балжинням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...3-р байрны 2-р орцны хажуу талд явж байтал араас танихгүй 2 ах дуудахаар нь бид 2 тоохгүй явсан чинь “хөөе хүлээж бай гээд байгаа юм биш үү” гэхээр нь хүлээсэн чинь ирээд “утсаар яриадахъя гялс ярьчихаад өгнө” гэхээр нь би гаргаад өгсөн. Миний утсыг авсан малгайгаа буруу харуулаад өмссөн улаан үстэй ах, мөн хамт явж байсан хар хүрэн нүдний шилтэй малгайгүй, бас улаан үстэй 2 ах аваад яваад өгсөн...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Алтансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Өсөхбаяр халааснаасаа 1 гар утас гаргаад ирэхээр нь би юун гар утас юм бэ гэсэн чинь сая байсан 2 жаахан хүүхдийн гар утсыг авчихлаа гэсэн. Тэгээд тэр гар утсыг миний иргэний үнэмлэхээр тавьчихъя гээд нэг ломбарданд 60.000 төгрөгөөр тавиад бид хоолонд ороод салаад явсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэдхээ: "...такси бариад явж байтал Өсөхбаяр гэнэт утас гаргаж ирээд энэ утсыг ломбарданд тавина гээд Алтансүхийг дагуулаад тэр 3 буугаад нэг ломбарданд 60.000 төгрөгний барьцаанд тавсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ:
“…Самсунг галакси эс-6 эдже маркийн гар утсыг 500.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 10 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл:
“…хохирогч Ж.Балжиннямын хууль ёсны төлөөлөгч түүний төрсөн эх А.Цэрэндуламд харагдах байдал бүрэн бүтэн, гадуураа ямар нэгэн кейс гэр байхгүй, дэлгэцийн баруун дээд буланд шил хэсэг нь цуурсан голд өнгийн хэрэглээний бага зэргийн сэвтэй, самсунг галакси эс-6 эдже маркын гар утсыг хүлээлгэн өгөв…” гэжээ / хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Э.Сарангоогийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч С.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, Э.Өсөхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, С.Сансарын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй цахим үнэмлэхгүй тухай Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Сансар, Э.Өсөхбаяр нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хорооллын 3 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд насанд хүрээгүй хохирогч Ж.Балжиннямын эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-6 эдже” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгч Б.Сансар, Э.Өсөхбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ж.Балжиннямын мэдүүлэг, гэрч Б.Дэлгэрмаагийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нараас хохирогчийн эд хөрөнгийг илээр авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос тэдгээрт гар утсаа өгсөнийг мэдүүлж, гэрчээс шүүгдэгч нарыг тухайн гар утас байсныг мэдүүлсэн, цагдаагийн байгууллагаас шүүгдэгч нараас гар утсыг ломбарданд тавьсаны дагуу ломбардын ажилтнаас хохирогчийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид хичнээн хэмжээний хохирол учирсаныг тогтоосон эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч С.Сансар, Э.Өсөхбаяр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Сансар нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан ба энэ хугацаанд гэмт хэрэг дахин үйлдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Сансар, Э.Өсөхбаяр нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо буцаан өгч нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сансар, Э.Өсөхбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Иймд шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгэмд биеэ зөв авч дадал хэвшүүлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч Ж.Балжиннямын хууль ёсны төлөөлөгч А.Цэрэндуламаас “...миний хүү гар утсаа буцаан авч хохиролгүй болсон...” гэсэн /хх-ийн 104/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Сансар, Э.Өсөхбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.