Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2022/00003

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00003

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/02630 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.С-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 26 330 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Манай компани тоног төхөөрөмж түрээслэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч З.Стоног төхөөрөмж түрээслэн авч яваад одоо хүртэл өгөөгүй, мөн түрээсийн төлбөрөө төлөөгүй. З.Снь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр барилгын гадна фасадны ажил хийхэд ашигладаг дүүжинт өргүүрийг сарын 1 200 000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч, авч явсан. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 4 сарын түрээсийн төлбөр 4 800 000 төгрөг болсон боловч бид тохиролцож, 4 000 000 төгрөгөөр тооцоог дуусгасан. Ингээд 3 дугаар сараас өргөгч төхөөрөмжийг өөр байгууллагад түрээслэх тул авчирч өгөөрэй гэсэн боловч өгөөгүй. Бид тоног төхөөрөмжөө өөр хүмүүст түрээслүүлээд ашиг олох байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 26 330 000 төгрөгт нэхэмжлэл гаргахаас өмнөх түрээсийн төлбөр багтсан. Тоног төхөөрөмжид эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 4 000 000 гаруй төгрөгөөр үнэлэгдсэн. Одоо дээрх тоног төхөөрөмжийг өдрийн 80 000 төгрөгөөр түрээсэлдэг болсон. Гэрээг бичгээр байгуулаагүй болохоор бусад иргэдтэй хийдэг байсан гэрээнүүдээ шүүхэд баримтаар өгсөн. Хөл хорионоос болж авчирч өгч чадаагүй гэх тайлбар нь худлаа. Дүүжинт өргүүрийг түрээсэлж авсан хугацаа ковид гарахаас өмнө болсон. Түүнээс хойш 2 жилийн хугацаанд уг төхөөрөмжөө буцааж өгөх боломжтой байсан. Өргүүрийн үнийг шүүхээр тогтоолгосон дүнгээр тооцоход татгалзах зүйлгүй. Иймд өргөгч төхөөрөмжний үнэ 4 650 000 төгрөг, олох ёстой байсан орлого 21 600 000 төгрөг, үнэлгээний төлбөр 80 000 төгрөг, нийт 26 330 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дүүжинт өргүүрийн мотор эвдэрсэн ажиллахгүй байсан учраас мотор худалдаж авсан. Мөн ашиглаж байх явцад эвдэрсэн, хүн унаж бэртэж байсан асуудал гарсан. Тэрнээс хойш уг төхөөрөмжийг ашиглаагүй бөгөөд буцааж өгөх гэсэн боловч хөл хорио тогтоосон болохоор өгч чадаагүй, шинэ төхөөрөмж аваад өгье гэж хэлэхэд авахгүй гэсэн. Өргөгч төхөөрөмжийг үнэлсэн үнийн дүнг нэхэмжлэгчид төлөх боломжтой, харин олох ёстой орлого зэрэг бусад төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Сандагдоржоос түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 22 780 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдсэн 3 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 334 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 271 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус зааснаас үзэхэд зохигчдын хооронд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн буруугаас гэрээг бичгээр байгуулж чадаагүй гэж тайлбарладаг боловч энэ тайлбарыг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй тул зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба эдгээр гэрээнүүдийн учирсан хохирол төлбөрөө гаргуулах асуудал нь нийтлэг шинжтэй боловч шүүхээс хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Мөн хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг баримталж нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэг ...хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, бэлэн мөнгө өгсөн байдал, дүүжинт өргүүрийн паспорт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түрээсийн хөрөнгө болон хэтэрсэн хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Тооцооллыг бодож үзэхэд... гэснээс үзэхэд дээр дурдсан баримтуудад тооцоолол хийхэд иш үндэс болгох тоон утга бүхий баримт байхгүй. Харин хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөр этгээдүүдтэй хийж байсан гэх баримтууд нь төхөөрөмжийг 2-3 сар түрээслэдэг болохыг харуулж байхад 3-11 сар хүртэлх хугацааг тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй. Дээрх баримтуудаар хохирлын хэмжээ, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийн хэмжээ тогтоогдох боломжгүй бөгөөд төлбөрийн хэмжээг ямар баримтад үндэслэн тооцсон талаар дурдаагүй, гэнэт тоо гаргаж ирээд тооцоолол хийсэн нь хуульд нийцэхгүй.

Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн дээрх шаардлагад зөвхөн олох ёстой байсан орлогын талаар тооцооллыг хийж, дүгнэсэн гэж үзэхээр ба бусад шаардлага болох өргөгч төхөөрөмжийн үнэ 4 650 000 төгрөгийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үнэлгээг хэрхэн тооцсон, яагаад бууруулж шийдвэрлэж байгаа талаар болон үнэлгээ хийлгэсэн 80 000 төгрөгийг яагаад хангаж байгаа, түрээсийн гэрээ үүргийн зөрчилтэй яагаад хамааралтай гэж үзсэн, холбогдох баримт нь юу болох, хуралдаанаар огт хэлэлцээгүй байхад юугаар нотлогдсон гэж үзсэн зэрэг асуудлын талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь нэг талыг баримталсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч З.С-д холбогдуулан өргөгч төхөөрөмжний үнэ 4 650 000 төгрөг, олох ёстой байсан орлого 21 600 000 төгрөг, үнэлгээний төлбөр 80 000 төгрөг, нийт 26 330 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 3 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн хугацаа дууссан боловч дүүжинт өргүүрийг буцааж өгөөгүй, энэ хугацаанд бусдад түрээсэлж ашиг олох боломжтой байсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ дүүжинт өргүүр эвдрэлтэй байсан, буцааж өгөх гэсэн боловч хөл хорио тогтоосон тул олох ёстой байсан орлого зэрэг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбараар тэдний хооронд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амаар хэлцэл хийгдэж, Б ХХК нь барилгын гадна фасадны ажил хийхэд ашигладаг өргөгч төхөөрөмжийг 2-3 сарын хугацаатай, сарын 1 200 000 төгрөгөөр З.С-д түрээслүүлэхээр харилцан тохиролцож, З.Снь урьдчилгаа төлбөрт 1 100 000 төгрөгийг бэлнээр төлсөн үйл баримт тогтоогджээ. Мөн З.Снь түрээсийн төлбөрт нийт 4 000 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй бөгөөд гэрээний зүйл болох дүүжинт өргүүрийг Б ХХК-д буцааж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, улмаар нэхэмжлэгч Б ХХК нь түрээсийн гэрээтэй холбогдуулан шаардах эрхтэй байх боловч уг хэлцэл нь түрээсийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 49.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж, 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч З.Снь нэхэмжлэгч Б ХХК-тай байгуулсан хэлцлийн дагуу авсан зүйлээ буцааж өгөөгүйн улмаас тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болж, нийт 22 780 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт /хх-6/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх59-74/ зэрэг бичгийн баримт болон зохигчдын хоорондох хэлцэлд үндэслэсэн байна. Эдгээр баримтуудад уг тоног төхөөрөмжийг бусдад түрээслэж ашиглуулбал олох байсан орлогын талаар заасан байна. Хариуцагч З.Снэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ/2021/02630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг 493 дугаар зүйлийн 493.2, 493.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН