| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/03887/И |
| Дугаар | 192/ШШ2025/06732 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/06732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
Хариуцагчийн төлөөлөгч В.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Н******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэн Б******* овогтой Н******* миний бие 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Н******* ХХК-ний захирал Г.Б*******тай Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд гарын үсэг зурж 147 тоотод байраа захиалж 1м2-ийг 1 100 000 төгрөг төлөхөөр болсон. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг нийт 34 000 000 сая төгрөг төлөөд явж байтал 2018 он хүртэл байр маань баригдахгүй зогссон байсан бөгөөд иргэд хуралдаж оршин суугчдын эрхийг хамгаалах зорилгоор Түр хороо-г байгуулсан.Тус хорооноос 1м2-ийн үнийг 1 450 000 болгохоор тогтож гэрээ шинэчилсэн. Гэтэл манай байр айлтай давхардсан байсан тул 162 тоот руу шилжиж гэрээгээ байгуулсан. Шинэ гэрээгээр нэмж 14 937 500 төгрөг төлөхөөр болсон. Энэ мөнгөө 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл 2 937 500 төгрөгөө хийж төлбөрөө 100% төлж дуусгасан. 2020 оны 5 дугаар сард байрандаа орсон бөгөөд ямар нэгэн айлтай давхардаагүй 90С-162 тоотод гэр бүлийн хамтаар амьдарч байна. Иймд Б******* овогтой Н******* намайг 162 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Н******* ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр захиалга өгсөн, байрандаа 2018 онд нүүн орж ирсэн, одоог хүртэл энэ байрандаа амьдарч байгаа. Орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байсан боловч байрандаа орсон. Миний бие Н******* ХХК-ийн барьж байсан 157 тоот 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэвч давхардал үүссэн гээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин гэрээ байгуулж, нэмэлт төлбөр төлөхөөр болж 90С байрны 162 тоот орон сууцыг захиалахаар болсон. Тэгээд орон сууцны үнэд 48 937 500 төгрөгийг төлсөн. Энэ байрандаа 2020 оны 5 сараас хойш амьдарч байгаа. 2019 оны 01 сарын 31-ний өдөр гэрээгээ байгуулсан, ямар нэгэн давхардал байхгүй, үнийг нь бүрэн төлсөн, оршин сууж байгаа юм. Иймд намайг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №С-162 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, Н******* ХХК-ийн 2025.06.09-ний өдрийн албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 162 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой лавлагааг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н******* ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №С-162 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууц худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад хариуцагч нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Н******* ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №С-162 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр худалдагч нь 162 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авагч нь орон сууцны үнэд 48 937 500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.Талуудын маргааны зүйл нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх талаар байна, гэрээ байгуулсан орон сууцны үнэ төлөгдсөн талаар хэн аль нь маргаагүй байна.
6.1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сард хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
6.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
6.3.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Н******* нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №С-162 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний зүйл болох 162 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 48 937 500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дотоодын дансны орлогын гүйлгээ, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үнийг нь төлсөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байна гэж үзэв.
6.4.Хариуцагч Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* нь тус дүүргийн шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
7.Гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн талаар хариуцагчийн төлөөлөгч нь маргаагүй, шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Хүсэлт гаргах нь гэсэн баримтаар ... 162 тоот орон сууцны төлбөр тооцоо бүрэн дууссан тул Б овогтой Н*******ад эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгнө үү гэсэн байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй болно.
7.1.Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсанаас хойш орон сууцыг шилжүүлэн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
7.2.Мөн хэрэгт баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10-4/520 тоот албан бичигт ... тоот хаягт байрлах орон сууц нь өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.. гэжээ.
8.Иймд нэхэмжлэгч Б.Н*******ыг 162 тоот хаягт байрлах, 33,75 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******т 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түүний утсаар нь мэдэгдэж, шүүхээс зурвас илгээж, оршин суугаа хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, эмнэлэгт байна гэсэн боловч энэ талаараа нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 402 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н*******ыг 162 тоот хаягт баярлах, 33.75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 402 638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН