Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2021/01805

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01805

 

 

Т д о ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02357 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т д о ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б д- ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 451 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, хариуцагчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: Б д- ХХК-тай 2018 оны 9 сарын 17-ны өдөр Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, нэг бүр нь 105 000 төгрөгийн үнэтэй ус зайлуулах суваг 66 ширхэг, нэг бүр нь 15 000 төгрөгийн үнэтэй ус зайлуулах сувгийн таг 264 ширхэг, нэг бүр нь 14 000 төгрөгийн үнэтэй авто замын хашлага 206 ширхгийг тус тус 2018 оны 09 сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 сарын 17-ны өдрийн хооронд бэлтгэн нийлүүлэхээр тохирсон. Б д- ХХК нь 264 ширхэг ус зайлуулах сувгийн тагийг өөр газар захиалсан гэх үндэслэлээр манайхаас аваагүй, харин бусад барааг гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн. Манай компани 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс 2018 оны 09 сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд нийт 66 ширхэг ус зайлуулах суваг, мөн оны 09 сарын 18-ны өдөр замын хашлага 206 ширхгийг буюу нийт 9 814 000 төгрөгийн бараа материалыг бэлтгэн нийлүүлсэн. Захиалагч тал төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй. Гэрээний 6.5 дугаар зүйлд гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй бол 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 9 814 000 төгрөг, алданги 4 637 000 төгрөг, нийт 14 451 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Б д- ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Наадамчдын замын уулзвараас Яармагийн шинэ эцсийн автобусны буудал хүртэлх хатуу хучилттай авто замыг барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийхэд 588 ширхэг авто замын хашлага шаардлагатай байсан бөгөөд Минжит булган ХХК, Говь хангай ХХК-иудаас нийт 604 ширхэг замын хашлага авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэгч талаас 206 ширхэг авто замын хашлага авсан байх учиргүй. Харин 66 ширхэг ус зайлуулах сувгийг нэхэмжлэгч талаас авснаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 66 ширхэг ус зайлуулах сувгийн үнийг төлөхөд татгалзахгүй. Алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний 5.1 дүгээр зүйлд барааг бэлтгэн нийлүүлж захиалагчаас томилсон комисст актаар хүлээлгэн өгнө гэж заасан боловч хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас авто замын хашлаганы үнийг, алдангийн хамт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Бумбатдаваа ХХК-аас 14 451 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Түшигдаян оргил ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бумбатдаваа ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 230 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Түшигдаян оргил ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Т д о ХХК нь манай компаниас бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний 6.5 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй. Гэрээний 5.1 дүгээр зүйлд ажлыг стандартын дагуу бэлтгэн нийлүүлж, комисст хүлээлгэн өгнө гэж заасан боловч хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас авто замын хашлаганы үнэ болох 2 884 000 төгрөг, алданги 4 637 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 14 451 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүнгээс дээрх үнийн дүнг буюу нийт 6 930 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т д о ХХК нь хариуцагч Б д- ХХК-д холбогдуулан бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 9 814 000 төгрөг, алданги 4 637 000 төгрөг, нийт 14 451 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нийлүүлсэн гэх бүтээгдэхүүний тоо хэмжээ тодорхойгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 9 сарын 17-ны өдөр Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, бэлтгэн нийлүүлэгч Т д о ХХК нь мөн өдрөөс 2018 оны 10 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ус зайлуулах суваг 66, ус зайлуулах сувгийн таг 264, авто замын хашлага 206 ширхгийг тус тус бэлтгэн нийлүүлэх, захиалагч Б д- ХХК нь бараа материалын үнэд 13 774 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх10-13/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Т д о ХХК гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээнд заасан барааг бэлтгэн хариуцагч Б д- ХХК-д нийлүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Хавтаст хэргийн 30-32 дугаар талд авагдсан зарлагын баримтуудын хүлээн авагч гэсэн хэсэгт Б д- ХХК-ийн нэр бичигдсэн байгаа боловч хүлээн авсан гэх гарын үсэг нь тус компанийн ажилтан мөн эсэх нь тодорхой бус, хариуцагч байгууллага үүнийг зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд хүлээлгэн өгсөн гэж эргэлзээгүй нотлох баримт болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 5.1 дэх хэсэгт гэрээний ажлыг стандартын дагуу бэлтгэн нийлүүлж, гэрээнд заасан хугацаанд захиалагчаас томилсон комисст актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй, 5.3 дахь хэсэгт гэрээнд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй, чанар стандартын шаардлага хангасан бараа материалыг бэлтгэн нийлүүлж, стандартын дагуу угсарч, гэрээнд заасан хугацаанд захиалагчаас томилсон комисст актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй, 5.5 дахь хэсэгт бэлэн болсон бараа материалыг захиалагч талын төслийн удирдагчид актаар хүлээлгэн өгнө гэж тус тус заасан. /хх-11/ Эдгээр зарлагын баримтуудад хүлээн авагчаар гарын үсэг зурсан этгээдүүдийг Б д- ХХК-иас эрх олгогдсон буюу бараа материалыг хүлээн авах үүрэг хүлээсэн комисс гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч буюу Т д о ХХК-ийн нягтлан бодогч Г.Эрдэнэчимэгийн инженер болон цуг явсан жолоочид нь хүлээлгэж өгдөг, инженер байхгүй бол жолоочийн гарын үсэг байх ёстой. Түүнээс биш ямар нэг гарын үсэггүй баримт үйлдэж бараа гаргадаггүй гэх, гэрч буюу Б д- ХХК-ийн менежер Б.Эрдэнэбаатарын би хүлээж аваагүй, өөр хүн авсан гэх мэдүүлгүүдээс үзэхэд талууд барааг хүлээлцсэн, зохих ёсоор шилжүүлж өгсөн гэдгийг эргэлзээгүй нотлох баримт болохгүй байна. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд өгөх, эсхүл 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар уг үүргийн гүйцэтгэлээс ашиг олсныг нотолсон тохиолдолд үүргээ гүйцэтгэсэнд тооцдог.

 

Хариуцагч компанийн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримтуудад тээврийн хэрэгслийн дугаар бичигдсэн, хүлээн авсан хэсэгт зурагдсан гарын үсэг хэнийх болохыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт болно. Эдгээр нөхцөл байдал тодорхой бус байхад холбогдох хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН