Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 290

 

Ч.Э-ын нэхэмжлэлтэй, Тагнуулын

ерөнхий газарт холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                    Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийг буруу тооцож олгосон Тагнуулын ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 18 сарын тэтгэмжийн зөрүү 19 746 300 төгрөгийг олгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0164 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0279 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0164 дүгээр шийдвэрээр: Тагнуулын байгууллагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Ч.Э-ын гаргасан “Тэтгэмжийг буруу тооцож олгосон Тагнуулын ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 18 сарын тэтгэмжийн зөрүү болох 19.746.300 төгрөгийг олгохыг Тагнуулын ерөнхий газрын даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гомдлоор хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0279 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21- ний өдрийн 221/МА2019/0279 дүгээр магадлалын “Хянавал” хэсэгт “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, мөн зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно” гэж тус тус хуульчилсан.

4. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 3-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно”, 9-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй болно. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна" гэж тус тус журамлажээ.

5. Дээрх хууль, журмын зохицуулалтаас харахад цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил цэргийн алба хаасан бол тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор, ийнхүү олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заажээ.

6. Харин дээрх хууль журмаар тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн үед тэтгэмжийн зохих хэсгийг авч, түүнээс хойш үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд тухайн үеийн цалингийн зөрүүгээр тооцож тэтгэмж олгох талаар тусгайлан зааж зохицуулаагүй байх тул нэхэмжлэгчид 2018 оны Б/639 дүгээр тушаалаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохдоо 2010-2015 онуудын цалингийн нийлбэрээр тооцож олгосон хариуцагч Тагнуулын ерөнхий газрын үйлдлийг хууль бус гэж үзэх, зөрүүг олгохыг даалгах нь хууль зүйн боломжгүй байна” гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

7. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтанд тэтгэмжийг хэрхэн бодох талаарх нарийвчилсан зохицуулалт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд болон Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журамд байхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 11.6-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй” гэж заасныг үндэслэн хуулийг хэрэглэх ёстой байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... хууль журмаар тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн үед тэтгэмжийн зохих хэсгийг авч, түүнээс хойш үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд тухайн үеийн цалингийн зөрүүгээр тооцож тэтгэмж олгох талаар тусгайлан зааж зохицуулаагүй байх тул ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч миний гомдлыг хангахгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

8. Харин 36 сарын тэтгэмжийг олгохдоо хэрхэн тооцож олгох зохицуулалт Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 3-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж тодорхой тусгагдсан байна.

9. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0279 дүгээр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

11. Нэхэмжлэгч Ч.Э “... тэтгэвэрт гарахад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох буюу тэтгэвэр тогтоолгох үед авч байсан үеийн цалингаар тооцож тэтгэмж олгох хуулийн зохицуулалтыг зөрчсөн” гэж маргаж, тэтгэмжийг буруу тооцож олгосон Тагнуулын ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 18 сарын тэтгэмжийн зөрүү 19 746 300 төгрөгийг олгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

12. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “... цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад … 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох”-оор, 3-т “... нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болох”-оор тус тус заасан, мөн зүйлийн 7-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 3-т “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж, 9-д “... хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй болно. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна” гэж зохицуулжээ.

13. Хуулийн дээрх заалт болон журмын зохицуулалтаас үзэхэд, нэг удаагийн тэтгэмж 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээтэй, үүнээс 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг урьдчилж авах боломжтой /тэтгэмж авагчийн эрхийг хамгаалах зорилготой/, нэг удаагийн тэтгэмжийг бодохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж гарсан дундаж цалин хөлсийг /бөөнд нь авч байгаа бол/ 36 дахин нэмэгдүүлж олгох ба нэг удаагийн тэтгэмжийн зарим хэсгийг урьдчилж болон үлдэх хэсгийг олгоход тус аргачлалаар тооцож гаргасан дундаж цалин хөлсийг тухайн сарын тоогоор үржүүлж олгох, “урьдчилж” авах, “үлдэх” хэсгийн нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараар хязгаарлагдах агуулгатай байна.

14. Хэргийн оролцогчид нэг удаагийн тэтгэмжийн “үлдэх 18 сард ногдох хэсэг”-ийг дээрх журмын дагуу нэхэмжлэгч Ч.Э-ын үргэлжлүүлж ажилласан сүүлийн 5 жилийн цалин хөлснөөс тооцож гаргасан дундаж цалинг 18 сараар үржүүлж олгосонтой маргаагүй, иймээс нэхэмжлэгчийн маргаж буй “... үргэлжлүүлэн ажилласан хугацаанд хамаарах нийт цалингаас тооцож олгоогүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Дээрх байдлаар зохицуулагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “... урьдчилан авсан тэтгэмжийг үргэлжлүүлэн ажилласан хугацааны цалингийн зөрүүгээр нөхөн олгох хуулийн зохицуулалтгүй” гэж буруу дүгнэсэн, давж заалдах шатны шүүх “...2018  оны Б/639 дүгээр тушаалаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо 2010-2015 онуудын цалингийн нийлбэрээр тооцож олгосон ...” гэж нотлох баримтыг зөрүүтэй үнэлсэн нь алдаа боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.

16. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэг удаагийн тэтгэмжийн 18 сард ногдох хэсгийг 2015 онд өөрийн хүсэлтээр урьдчилж авсан, үлдэх 18 сард ногдох хэсгийг  тэтгэвэрт гарах үедээ авах нь тодорхой, дээр дурдсан “Журам”-ын 9-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй болно. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна” гэж зааснаас үзэхэд, “үлдэх хэсэг” нь “үлдсэн сард ногдох хэсэг” болох нь илэрхий юм.

17. Иймд, “үлдэх хэсэг”-ийн тэтгэмжийн мөнгийг 36 сараар тооцож, урьдчилж 2015 онд авсан 18 сарын “тэтгэмж”-ийн мөнгийг хасч, үүний зөрүүгээр 18 сарын “тэтгэмж”-ийн мөнгө олгогдох ёстой гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй, ийм байдлаар нэг удаагийн “тэтгэмж”-ийг бодож олгох нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан “… 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох”-оор заасанд нийцэхгүй учир нэхэмжлэгчийг 2018 онд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмжийн “үлдэх хэсэг”-ийн буюу 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгийг олгосон хариуцагчийн үйлдлийг хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

18. Нөгөө талаар нэхэмжлэгч Ч.Э- нь өөрийн хүсэлтээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т заасан боломжийг эдэлж, 2015 онд 18 сард ногдох хэсгийн тэтгэмжийн 22 771 500 төгрөгийг авсан, түүний 2014-2018 онд үргэлжлүүлэн ажилласан хугацаанд Тагнуулын байгууллагын ажилтны цалин, хөлс нэмэгдсэнээс “цалин хөлс”-нөөс шууд хамааралтай “тэтгэмж”-ийн хэмжээ мөн нэмэгдэж, “зөрүү” гарсан байж болох ч “урьдчилж” авах, “үлдэх” хэсгийн нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараар хязгаарлагдах тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

19. Иймд, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ын хяналтын журмаар гаргасан “...36 сарын тэтгэмжийг олгохдоо хэрхэн тооцож олгохыг Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Журам”-ын 3-т тодорхой тусгасан байхад хэрэглээгүй, ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0164 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0279 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ