Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 832

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Монгол Улсын Дээд шүүх, түүний Тамгын газрын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, эрх олгох тухай” А/74 дүгээр тушаалаар өмнөх 2016 оны А/155 дугаар тушаалын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. 

Нэгэнт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/155 дугаар тушаалын “Д*******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон байх тул Улсын Дээд шүүх шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н******* Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар маргаан бүхий захиргааны актын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Монгол Улсын Дээд шүүхийн газар ашиглах эрхийг сэргээн олгожээ.  

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгч Монгол Улсын Дээд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Монгол Улсын Дээд шүүхийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН