Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Р.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатгин овогт Рагчаагийн Батболдод холбогдох эрүүгийн “1811001830200” дугаартай, 186/2018/0206/э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг, Орхон суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Орхон сум 1 дүгээр баг 5 дугаар хэсэг 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, Хангайн 12-485 тоотод оршин суух бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 05-ны 81 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдэж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Хатгин овогт Рагчаагийн Батболд /РД:МЙ77100519/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Р.Батболд нь 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг давсгэрт Ч.Гансүхийг зодож, түүний биед дээд баруун 2 дугаар шүд, доод баруун 2 дугаар шүдний сулрал, уруулын салстад язрал, цус хуралт, уруул, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Шүүгдэгч Р.Батболд нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Гансүхийн:..Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлынхаа хажуу талд машин дотор архи  ууж байгаад хамт ажилладаг, жижүүрт гарч байсан Батбаяр намайг таксинд суулгаж өгсөн. Тэгээд би 7 буудал явна гэсэн бөгөөд хэдээр явж байгааг нь асуусан чинь  800 төгрөгөөр явна гэж байснаа жолооч эрэгтэй, шөнө болчихсон юм чинь 1000 төгрөгөөр явна гэхээр нь би тэгвэл бууна гээд машин явж байхад хаалга онгойлгочихсон чинь жолооч эрэгтэй ам хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би чамд ингэж зодуулна гэж байхгүй, цагдаа руу очно гээд 5-р сургуулийн хажууд ирсэн бөгөөд жолооч эрэгтэй намайг буу гэхээр нь би буухгүй, хүн зодчихоод би буухгүй гээд хаалгыг нь тэгнээд суучихсан миний нэхий дээл, өмднөөс татаад урчихсан. Тэгээд би цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх 12-13/,

            2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Болортуяагийн:..Манай нөхөр Батболд хувиараа халтуур хийдэг бөгөөд тэр өдөр шөнө Батболд надруу яриад "согтуу хүн авчихсан чинь явж байхад буулаа гээд хаалга үүд өшиглөөд маргаан гараад цагдаа дээр ирчихсэн байна гэж  хэлсэн бөгөөд би бол цагдаагийн хэлтэс дээр ирээгүй. Тэгээд 03 цагийн үед  байх яг цагийг мэдэхгүй байна, Батболд гэртээ ганцаараа ирсэн бөгөөд тэр харахад гар нь маажигдсан, зүүн талын чихний ар хэсэгт нь маажигдсан байсан тэгээд би юм болсон юм бэ гэж асуусан чинь согтуу хүн авчихсан чинь  машин явж байхад буух гээд хаалга нээгээд, буулгахгүй гээд татсан чинь намайг маажсан, машины урд талын салоныг бас өшиглөсөн гэж байсан. Маргааш өглөө нь машиныг нь үзэхэд машины хаалганы дифузер нь хагарчихсан байсан. Үүнээс хойш би цагдаа дээр очиж уулзсан л гэж байснаас өөр зүйлийг бол би мэдэхгүй байна. Би зодоон, маргаан болоход хамт байгаагүй болохоор яг хаана нь хэдэн удаа юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэр согтуу эрэгтэй нь машин хөдлөөд явж байхад бууна гээд хаалга онгойлгосноос л маргаан гарсан юм шиг байна лээ Батболдын яриагаар бол тэр эрэгтэйг буулгахгүй гээд хувцаснаас нь татсан гараараа санаандгүй тэр эрэгтэйг цохьчихсон гэж хэлсэн. Манай нөхрийг ч гэсэн эрэгтэй маажсан байсан. Бас машины урд талын салоныг өшиглөж, эвдсэн байсан машинаа янзлууллаа гэж байсан. Би бол Гансүх гэж хүнтэй нь огт уулзаагүй хараачгүй. Батболд бид 2 одоогоос 5 жилийн өмнө танилцаж байсан бөгөөд гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй, дундаасаа одоогоор хүүхэд байхгүй. Батболд уцаар багатай, архи тамхи хэрэглэдэггүй, төлөв, даруу зантай хүн байгаа юм тогооч хийдэг бөгөөд Батболд өөрийнхөө машинаар халтууранд явдаг гэх мэдүүлэг. /хх-17/,

 2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цолмонсайханы:..Би Хайрхан-113 чиглэлд 24/72 цагийн хугацаатай машинд эргүүл үүрэг гүйцэтгэн ажилладаг бөгөөд хуваарь, томилгоонд 2017 оны 12-р сарын 22 өглөө 09 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн 4,5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинд эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Дуудлага мэдээлэл хоногт их ирдэг болохоор ирсэн дуудлага мэдээлэл бүрийг цаг хугацаанд шалгадаг. одоо сайн санахгүй байна. Таксины жолооч эрэгтэйд зодуулсан гэж нэг настай эрэгтэй дуудлага өгсөн байсан бөгөөд эхлээд 5-р сургуулийн хажууд байна гээд тэр газар нь очиход байхгүй, дуудлага өгсөн утасруу нь залгахаар авахгүй байсан. Тэгээд араас нь явж байгаад Тэнгис кино театрын автобусны буудлын орчим такситайгаа ирээд зогсчихсон байхад нь ирээд хэлтэс дээр авч ирсэн. Дуудлага өгсөн эрэгтэй нилээд согтолттой байсан болохоор жижүүрт хүлээлгэж өгөөд дараагийнхаа дуудлага мэдээлэлдээ очиж ажилласан. Одоо яг сайн санахгүй байна, ямар ч байсан таксины жолооч дуудлага өгсөн үйлчлүүлсэн хүнээс өөр хүн тухайн үед машин дотор байгаагүй. Таксины жолооч эрэгтэй бол эрүүл байсан. Харин дуудлага өгсөн эрэгтэй нилээн согтуу байсан, таксины мөнгөнөөс болж маргалдсан гэж ярьж байсан. Таксины жолооч эрэгтэй намайг зодсон гэж яриад гомдлоо гаргана гээд хэлтэс дээр үлдсэн. Би одоо дуудлага өгсөн хүний биед ямар гэмтэл шарх үүссэн байсан гэдгийг санахгүй байна. Тэр шөнөдөө тухайн дуудлага өгсөн хүн өргөдлөө гарган шалгуулсан гэх мэдүүлэг. /хх-18/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Батболд гэрчээр мэдүүлэхдээ:..би таксинд явж байгаад Баянбүрдийн урд талын автобусны буудал дээрээс 2 хүн гар өргөсөн ба нэг хүн нь манай ахыг хүргээд өгөөрэй гэсэн. Тэгээд нэг настай ах суусан бөгөөд хэдээр явж байгаа юм бэ гэхээр нь би 1000-р явж байгаа гэхдээ   800-р яваад өгье гэсэн юм тэгсэн тэр ах өөрөө манай гэрийн тийшээ 5500 гардаг юм гэсэн тэгэхээр нь би за за гэж хэлээд явж байсан чинь гэнэт чи 1000 төгрөгөөр явах гэлээ би бууя гээд замын голд шууд хаалга онгойлгосон юм. тэгэхээр нь би зогсоодхий гээд замаас гарах гэтэл машины хаалгыг бүр томоор онгойлгохоор нь би хувцаснаас нь бариад та яах гээд байгаа юм бэ гээд татсан чинь тохойгоороо миний малгайны саравчруу цохиод би бууя гэж байна гээд уурласан. Тэгээд тэр ахад би зогсоодхий гэж хэлсэн чинь сонсохгүй би бууя гээд байхаар нь би захнаас нь бариад татахдаа санаандгүй уруул руу нь цохьсон тэгсэн уруул нь сэтэрсэн юм шиг байсан. тэгээд тэр ах өөрөө цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх 19-21/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №559 тоот актын:

1. Ч.Гансүхийн биед дээд  баруун 2-р шүд, доод баруун 2-р шүдний сулрал, уруулын салстад язрал, цус хуралт, уруул баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.ЧимэдОчир гэсэн дүгнэлт. /хх-26/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-9/,  хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 12-13/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 14-24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 559 дүгээр дүгнэлт /хх-26/ шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт /хх 45-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас     /хх-35/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Р.Батболд нь 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг давсгэрт иргэн Ч.Гансүхийг зодож, түүний биед дээд баруун 2 дугаар шүд, доод баруун 2 дугаар шүдний сулрал, уруулын салстад язрал, цус хуралт, уруул, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааний үед хохирогч Ч.Гансүх, Д.Болортуяа, шүүгдэгч Р.Батболдын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 559 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Р.Батболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.Гансүх нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж үзэх шүүх үзлээ.

 

Хэрэгт эд  мөрийн  баримт  ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9 дэххэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатгин овогт Рагчаагийн Батболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Батболдыг  450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батболдод оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батболд нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Р.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ