Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2022/00004

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00004

 

 

 

Т К -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/02581 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Т К -ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К К- ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31 332 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхманлай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхцэцэг, өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ: 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр К К- ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, бетон зуурмагийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг нэмэлт бүтээгдэхүүн болох Topmix CPS-2 төрлийн бүтээгдэхүүнийг 1 тонныг нь 2 200 000 төгрөгөөр, нийт 130 200 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч тус компани төлбөрөө төлөөгүй. Хариуцагч талтай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10 сая төгрөг өгөөд тооцоо нийлэх гэсэн боловч чадаагүй. Үүнээс хойш төлбөрөө төлөхийг шаардаж байсан ч хүлээн зөвшөөрөхгүй өдийг хүрсэн. 2016 оны 6 сарын 5-ны өдрөөс 7 дугаар сарын хооронд Каяак ХХК-иас Товгор сайр ХХК-д хайрга өгсөн. Хайрганы үнийн дүн 2 талд зөрүүтэй байна. Бид Товгор сайр ХХК-тай тооцоо нийлэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцохгүйгээр манайхаас 10 800 000 төгрөг хассан байдаг боловч бид хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж 11 664 000 төгрөгөөр тооцож төлбөрөөс суутгана. Орон сууцыг 87 648 000 төгрөгт тооцож хариуцагчийн төлбөрөөс суутгасан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.Уранчимэг Нью стар финанс ББСБ-аас авсан зээлийнхээ төлбөрөөс төлсөн 10 000 000 төгрөгийг тус тус хасаад үндсэн төлбөрийн үлдэгдэл 20 888 000 төгрөг, алданги 10 444 000 төгрөг, нийт 31 332 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Манай компани нийт 50 тонн буюу 110 000 000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн худалдаж авсан бөгөөд гэрээний төлбөрт Баянзүрх дүүрэг, 8 хороо, 63 байр, 113 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 87 848 000 төгрөгөөр тооцож өгсөн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 5-наас 7 сарын 4-ний хооронд 11 664 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын менежерээр дамжуулж өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью стар финанс ББСБ-аас авсан зээлийн төлбөрөөс 10 000 000 төгрөгийн тооцоо хийж, нийт 109 312 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн тооцоогоор 20 800 000 төгрөгийн зөрүү гарч байгаа ч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Бараа бүтээгдэхүүн авсан бол төлбөрийг нь төлөөд авсан байгаа. Хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудыг нэхэмжлэгч тал өөрсдөө үйлдсэн, хариуцагч тал хүлээн авч гарын үсэг зурсан баримт биш байна. Татварын хэлтсээс ирүүлсэн баримтыг харахад нийт дүн 92 400 000 төгрөг байгаа бөгөөд хариуцагч талаас 110 000 000 төгрөгт хүрэхгүй байна. Бид төлбөр тооцоогоо бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч К К- ХХК-иас 24 132 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т К -ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 420 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 420 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К К- ХХК-иас 278 610 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т К -ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад ялангуяа татварын байгууллагын нэгдсэн бүртгэлийн системд тусгагдсан баримтад тулгуурлахгүйгээр гагцхүү нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нэг талын зарлагын баримтад түшиглэн хариуцагчийг 125 400 000 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж дүгнээд 16 088 000 төгрөгийн төлбөр дутуу хийгдсэн, үүний 50 хувиар алданги тооцож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн өөрийн үйлдсэн зарлагын баримт гэх нэг талын хуурамч баримт бичгийг өөрийнх нь хүсэлтээр татварын албаны нэгдсэн мэдээллийн сангаас албан ёсоор гаргуулсан баримтаас дээгүүр үнэлж, шийдвэрээ үндэслэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх дээрх заалтыг ноцтой зөрчлөө. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4-т заасны дагуу шүүх татварын байгууллагад илгээсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, мэдээллийн баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой байтал хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуулийн дагуу тайлагнаагүй, хууль бус зарлагын баримтыг үндэслэн хариуцагчаас мөнгө нэхэмжилснийг шүүх хүлээн зөвшөөрч, хариуцагчаас гаргуулах, улмаар 50 хувийн алданги нэмж тооцож байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т К -ХХК нь хариуцагч К К- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 20 888 000 төгрөг, алданги 10 444 000 төгрөг, нийт 31 332 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Т К -ХХК нь барилгын бетон зуурмаг, бетон хийц эдлэлийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг химийн нэмэлт бодис нийлүүлэх, худалдан авагч К К- ХХК нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг 1 тонн нь 2 200 000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх72-75/

 

Нэхэмжлэгч Т К -ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 57 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж, хариуцагч К К- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ хүлээн авсан 50 тонн бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан байна. Зохигчид худалдах, худалдан авах гэрээний үүргээ талууд биелүүлсэн эсэх буюу ямар хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлсэн, улмаар нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр бүрэн төлөгдсөн эсэх талаар маргасан байх тул энэ үйл баримтыг тогтоох шаардлагатай.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч К К- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн буюу 57 тонн бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэдгээ нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй.

 

Хэргийн 25-29, 139-155 дугаар талд авагдсан зарлагын баримтуудад худалдагч буюу Т К -ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан боловч худалдан авагч буюу К К- ХХК-ийн ямар ажилтанд, хэрхэн хүлээлгэж өгсөн гэдэг үйл баримт тодорхой бус байхад эдгээр баримтуудыг үндэслэж, хариуцагч К К- ХХК-д нийт 57 тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Түүнчлэн, Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн нэхэмжлэгч Т К -ХХК-ийн борлуулалтын бүртгэл буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь нэг талын баримт бөгөөд уг баримтыг хариуцагч К К- ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компанид бүтээгдэхүүн нийлүүлсэн үйл баримтыг шууд нотлохгүй байна.

 

Иймд хариуцагч К К- ХХК-ийн нягтлан бодогчийн тооцоо нийлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т К -ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар 40 тонн, мөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 10 тонн, нийт 50 тонн бүтээгдэхүүн хүлээн авсан байх бөгөөд бүтээгдэхүүний үнэд нийт 109 312 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нийт 110 000 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс Баянзүрх дүүргийн 8 хороо, 63 дугаар байр 113 тоот хаягт байрлах Ү-2204082896 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг 87 648 000 төгрөгт тооцож шилжүүлсэн, Товгор сайр ХХК-д 11 664 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон тул эдгээрийг хасч тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 688 000 төгрөг болж байна.

 

Хариуцагч К К- ХХК нь дээр дурдсанаар худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг төлснөөс хойш өөр төлөлт хийгээгүй байх тул энэ үеэс үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Т К -ХХК нь гэрээний 8.2 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход түүний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж, 344 000 төгрөгөөр тооцож, үндсэн төлбөрийн хамт хариуцагчаас нийт 1 032 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ/2021/02581 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 24 132 000 гэснийг 1 032 000 гэж, 8 420 000 гэснийг 30 300 000 гэж, 2 дах заалтад 278 610 гэснийг 29 318 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 610 төгрөгийг буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Н.БАТЗОРИГ 

Д.ЦОГТСАЙХАН