| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Болорцэцэг |
| Хэргийн индекс | 115/2025/0029/З |
| Дугаар | 115/ШШ2026/0001 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 115/ШШ2026/0001
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг би, иргэн М.Агийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн оролцогчоос 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-тэй танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд: 1. Нэхэмжлэгч М.Агийн Дорноговь аймгийн тойргийн нотариатч Ц.Дын хууль бус үйлдэлд үндэслэгдэн И.Өт олгогдсон эрхийн улсын 1 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг, .... гудамж ... дугаар байр, ... тоот 43,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрч байна.
2. Гуравдагч этгээд И.Өыг 2 дугаартай гэрчилгээг эх хувиар Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж хураалгаж И.Өыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр болгон бүртгэж гэрчилгээ олгохоор нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Дорноговь аймгийн тойргийн нотариатч Ц.Дын хууль бус үйлдэлд үндэслэгдэн И.Өт олгогдсон эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг, .... гудамж ... дугаар байр, ... тоот 43,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн 2 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 3 гэрчилгээний дугаартай 2 өрөө орон сууцыг иргэн Данзандоржийн Алиахүү өмчилсөн байдаг ба иргэн Д.Алиахүү нь 2021 онд нас барснаар дээрх орон сууцыг өв залгамжлах, өмчлөх эрхийн талаар иргэн М.А, И.Ө нарын хооронд маргаан үүссэн байна. /хавтаст хэргийн 119, 133 дахь тал/
1.2. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2024/00008 дугаар магадлалаар “Дорноговь аймгийн Сайншанд сум, .... дугаар баг .... гудамж,... байр ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр хариуцагч И.Өыг тогтоож, 2 бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр хариуцагч И.Өыг бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 42-49 дэх тал/
1.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001/XT2025/00018 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2024/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр дээрх 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр И.Өыг тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 50-55 дахь тал/
1.4. Хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001/XT2025/00018 дугаар тогтоолыг үндэслэж 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44-60546 дугаартай мэдүүлгээр шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлээр И.Өыг хамтран өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. /хавтаст хэргийн 134, 151 дэх тал/
1.5. Мөн Дорноговь аймгийн тойргийн нотариатчийн өвлөх эрхийн 50 дугаартай бүртгэлээр И.Өт 2 бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 44-60653 дугаартай мэдүүлгээр өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлээр И.Өыг өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсоноор И.Өыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тус тус хүчингүй болжээ. /хавтаст хэргийн 152, 154, 156, 157 дахь тал/
1.6. Үүний дараагаар хариуцагч тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар 09-ний өдөр 308/ШШ2025/00446 дугаар захирамжийг үндэслэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 гэрчилгээний дугаартай 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 44-60653 дугаартай мэдүүлгээр өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг хүчингүй болгож, 2 бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд тусгай тэмдэглэл хийгджээ. /хавтаст хэргийн 8-13, 122 дахь тал/
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.Б нар нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г шүүхэд ирүүлжээ.
2.2. Нэхэмжлэгч М.А нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.От 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр, /хавтаст хэргийн 159 дэх тал/
Хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Э нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.У, Г.Б нарт 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг тусгайлан олгосон байна. /хавтаст хэргийн 102 дахь тал/
Энэ тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй болох нь тогтоогдож байна.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.“Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.Б нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-гээр хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь И.Өт олгогдсон эрхийн улсын 1 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг, .... гудамж ... дугаар байр, ... тоот 43,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд И.Өыг 2 дугаартай гэрчилгээг эх хувиар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж хураалгаж И.Өыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр болгон бүртгэж гэрчилгээ олгохоор эвлэрлийн гэрээг байгуулж маргаанаа дуусгавар болгохоор тохиролцсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг батлахаар ...” заасан байна.
хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 308/ШШ2025/00446 дугаар захирамж буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 гэрчилгээний дугаартай 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 44-60653 дугаартай мэдүүлгээр өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг хүчингүй болгосон байна.
И.Өт олгогдсон эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэлтэй, 2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг И.Ө нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эхээр нь хураалгаж, бүртгүүлснээр түүний Д.Алиахүүтэй хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчин төгөлдөр болгон бүртгэж, гэрчилгээ олгосноор И.Өын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасантай нийцсэн, мөн хуулийн 68.2-т заасан эвлэрлийн гэрээгээ бичгээр хийж, гарын үсгээ зурсан байх хэлбэрийн шаардлагыг хангасан, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул, шүүхээс мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.Б нарын байгуулсан 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээ буюу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “И.Өт олгогдсон эрхийн улсын 1 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг, .... гудамж ... дугаар байр, ... тоот 43,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд И.Өыг 2 дугаартай гэрчилгээг эх хувиар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж хураалгаж И.Өыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр болгон бүртгэж гэрчилгээ олгохоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.Б нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, М.Агийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, “Дорноговь аймгийн тойргийн нотариатч Ц.Дын хууль бус үйлдэлд үндэслэгдэн И.Өт олгогдсон эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар баг, .... гудамж ... дугаар байр, ... тоот 43,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРЦЭЦЭГ