| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Болорцэцэг |
| Хэргийн индекс | 115/2025/0030/З |
| Дугаар | 115/ШШ2026/0002 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 115/ШШ2026/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ю” ХХК /РД:.../
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газар,
Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Н” ХХК /РД:.../-ийн хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Гандашгүй-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, К.Д, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Т, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Ц, хариуцагчийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Х.С, гуравдагч этгээд “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах;
1.2. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаr даргын Тамгын газраас 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр www.tender.gov.mn-д нийтэлсэн “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл буюу захиргааны актыг хүчингүй болгуулах;
1.3. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын “Н” ХХК-тай байгуулсан “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох;
1.4. Тендерийн үнэлгээний хороонд тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг тодруулахдаа: “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл болон Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр зарлан, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр нээсэн байна.
2.2. Тус тендерийн шалгаруулалтад “Ю” ХХК 709,205,391 төгрөг, “Ц” ХХК 699,373,764 төгрөг, “В” ХХК 695,129,416 төгрөг, “Б” ХХК 686,908,220 төгрөг, “Н” ХХК 664,062,724 төгрөг, “С” ХХК 683,643,273 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна.
2.3. Тендерийн үнэлгээний хороо 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдөр хуралдан “Н” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, “Н” ХХК-д 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлж, “Н” ХХК-тай 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр 5 дугаартай гэрээг байгуулжээ.
2.4. Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 6 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг Монгол Улсын Сангийн хянан шалгаж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 7 тоот албан бичгээр “Ю” ХХК-ийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.
2.5. Тус шүүхэд “Ю” ХХК нь 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн 9 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Ю” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газраас 2025 оны ... сарын ...-ны өдөр зарласан 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас манай компанид ирүүлсэн 2025 оны ... сарын ...-ний өдрийн 10 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр манай тендерийг хянан үзэхэд “Хамгийн сайн үнэлэгдсэн” оролцогчийн үнийн саналаас өндөр үнийн санал ирүүлсэн тул тендер шалгаруулалтад шалгараагүй болохыг мэдэгдсэн.
“Ю” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтын дагуу шалгараагүй тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор буюу 2025 оны ... сарын ...-ны өдөр Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд тухайн тендерт “Н” ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлгүй талаар гомдол гаргасан.
Сангийн яам 2025 оны ... сарын ...-ны өдрийн 7 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хариу ирүүлэхдээ Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1.-т “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн ... дугаар сарын ...-ний өдрийн дотор бүрэн дуусгах”, 13.1.2-т “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэж заасныг үндэслэн Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4.6-д заасны дагуу манай компанийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Гэвч Дорноговь аймгийн 2025 оны төсөвт уг тендер шалгаруулалтын төслийг 2025 онд хэрэгжүүлэхээр батлаагүй байх тул Сангийн яамнаас ирүүлсэн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-т заасан гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллага болох Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 1 тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгосон Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.1-т заасны дагуу шалгарсан компанийн тендер нь чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан эсэхийг хянан үзээд тус хуулийн 26.10-т заасны дагуу шаардлага хангаагүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах ёстой байсан. Гэвч шаардлага хангаагүй тендерийг үнэлэн, “Н” ХХК-ийг шалгаруулсан нь Тендер шалгаруулалтын баримт бичиг (цаашид “ТШББ” гэх)-т заасан бүх шаардлагыг хангасан “Ю” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Бид дараах үндэслэлээр “Н” ХХК-ийн тендерийг ТШББ-д заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:
3.1.1. Ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй тухай Тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа (“ТШЗ”)-ны 19.1-т “2023, 2024 онуудын аль нэг жилд тухайн төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” гэж заасан байх бөгөөд “Н” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын үнийн дүн нь тус шаардлагыг хангаагүй.
3.1.2. Техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн тухай ТШББ-ийн 3 дугаар бүлэг болох Техникийн тодорхойлолтын А хэсэгт заасан ажлыг гүйцэтгэх технологи аргачлал, техникийн тодорхойлолтыг боловсруулан ирүүлэх шаардлагыг хангалгүй ажлын даалгаврын хэсгийг хуулбарлан тайлбар оруулсан.
ТШББ-ийн 3 дугаар бүлэг болох Техникийн тодорхойлолтын Цахилгааны ажил хэсгийн 3-т заасан импортын барааны тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүн, санал болгож буй барааны техникийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг огт ирүүлээгүй байна.
3.1.3. Ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн тухай. ТШББ-ийн ТШЗ 19.1-т Ажил гүйцэтгэх хүний нөөцийн мэдээлэл шаардана гэж заасны дагуу илгээсэн холбоо, дохиолол мэдээллийн инженер Б.Э-ийн мэдээллийг илт худал мэдүүлэн, дараах баримт бичгүүдийг хуурамчаар бүрдүүлсэн байна. Үүнд: Маягт 2-ын Тендерт санал болгож буй хүний нөөцийн мэдээлэл, Инженер техникийн ажилтны тодорхойлолт хэсэг, Инженер техникийн ажилтнуудын гэнэтийн ослын даатгалын мэдээлэл.
Тухайн ажилтан нь 2020 оноос эхлэн өнөөдрийг хүртэл “Ю” ХХК-д үндсэн ажилтнаар ажиллаж байгаа тул дээрх мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн нь илэрхий байна.
Иймээс “Ю” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг биелүүлсэн бөгөөд тус төрийн байгууллагуудын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, гомдолтой байгаа тул Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Техникийн тодорхойлолтод гаргасан мэдээллийг дутуу ирүүлсэн гэх үндэслэлийг тодруулбал Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд гаргасан Тендерийн үнэлгээний хорооны тайлбарт эдгээр баримтууд нь цахилгааны ажлын заалтад хамаарахгүй. Тус заалт нь тендерт шалгарсан гүйцэтгэгчдэд тавигдсан шаардлага гэж хариу тайлбар өгсөн байдаг. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно” гэж заасан байгаа. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “захиалагч тендерийг тендер шалгалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзсэн гээд 26.4.2-т санал болгосон бараа, ажил үйлчилгээг тендерийн тодорхойлолтод нийцсэн байна” гэж тус тус зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хэлээд байгаа тайлбарын дагуу шалгарсан тохиолдолд шаардлагыг нь хангах ёстой зүйлийг техникийн тодорхойлолт гэж хэлэхгүй. Тендерт оролцогчийн заавал хангах ёстой шаардлагыг техникийн тодорхойлолт гэж хэлээд байгаа. Гэтэл тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-н 16.1-д техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт гэдэг дээр шаардана гэж бичээд 1 дүгээрт санал болгож буй ажил, 3 дугаар бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэн нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ гэж тусгасан байгаа. 2 дахь хэсэгт нь 3 дугаар бүлэгт заасан техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол тухайн тайлбарыг ирүүлнэ гэж авсан байдаг. Гэтэл “Н” ХХК-ийн тухайн тендерт ирүүлсэн тендерийн баримт бичгээс харахад техникийн тодорхойлолтын цахилгааны ажил хэсгийн 3-д заасан шаардлагыг ерөөсөө ирүүлээгүй, үүнтэй холбоотой ямар ч материалыг ирүүлээгүй байдаг. Гэтэл цахилгааны ажилтай холбоотой тухайн тендерт импортын тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа. Тодруулбал камертай холбоотой тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа техникийн тодорхойлолт, хохирлын гэрчилгээ, холбогдох сертификатыг заавал ирүүлнэ. Үүнийг заавал шаардана, техникийн тодорхойлолтод хамаарна гээд тодорхой заачихсан байдаг. Тэгэхээр манай үндсэн нэхэмжлэлд заасны дагуу “Н” ХХК-ийн тухайн тендерт ашиглах камертай холбоотой техникийн тодорхойлолтын мэдээлэл, тендерийн баримт бичгээрээ хуулиараа ч гэсэн шаардах ёстой байсан боловч үнэлгээний хорооны хувьд тус материалыг ерөөсөө шалгаагүй. “Н” ХХК-ийн зүгээс ч гэсэн техникийн тодорхойлолтод заасан дээрх баримтуудыг ерөөсөө ирүүлээгүй.
2 дахь хэсэгт нь ажиллах хүчний мэдээлэл нь шаардлага хангаагүй үндэслэлээ тодруулбал хариуцагч болох маргаан бүхий тендер шалгаруулалтын тендерийн үнэлгээний хороо 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн тайлбартаа тендерт оролцогчийн үндсэн ажилтны бичиг баримтыг ирүүлсэн байна гээд тайлбарласан байдаг. Гэтэл тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-д ажил гүйцэтгэх хүний нөөцийн мэдээллийг шаардана гэж маш тодорхой тусгаад юу гэж заасан бэ гэхээр хүний нөөцийн нотлох баримт буюу мэргэжилтэн, ажилтан нь гэрээгээр ажиллах, хөлсөөр ажиллах гэрээ ирүүлнэ, хөлсөөр ажиллах гэрээг шаардана гээд маш тодорхой тусгачихсан байдаг. Хөлсөөр ажиллах гэрээ нь зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд зориулсан байх бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад нөхцөлийг тодорхой тусгасан байна гээд заасан байдаг. Гэтэл “Н” ХХК-ийн тендерийн баримт бичигт тендерт ирүүлсэн материалуудаас харвал Этай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг ерөөсөө ирүүлээгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөлсөөр ажиллах гэрээг нөхөж ирүүлсэн, тухайн тендерт материалаа ирүүлэхдээ хөлсөөр ажиллах гэрээг ерөөсөө ирүүлээгүй буюу хүний нөөцийн мэдээлэлд тавигдах шаардлагыг хангаагүй байна. Яагаад хөлсөөр ажиллах гэрээг ирүүлээгүй талаарх тайлбарыг, мөн тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ аплоад хийхдээ мөн тайлбарлаагүй байдаг. Техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн, хүний нөөцийн мэдээллийг дутуу ирүүлсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтад заасан тендерт оролцогчийн техникийн болон чадавхын доод шаардлагыг хангаагүй байсан учраас Тендерийн үнэлгээний хороо “Н” ХХК-ийн тендерээс татгалзах хууль зүйн үндэслэл байсан. Гэхдээ Үнэлгээний хороо доод шаардлагыг хангаагүй байтал татгалзахгүйгээр харин ч “Н” ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж байна, хамгийн бага үнийг ирүүлсэн байна гэдэг үндэслэлээр шалгаруулсан байгаа. Ингэж шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.
Тендерийн баримт бичигтэй танилцахад тендерийн баримт бичиг дээр үндсэн ажилтан бол үндсэн ажилтны мэдээллүүдийг ирүүлнэ. Тэрийг үндсэн ажилтны хэсгийг тендерийн үнэлгээний хороо шалгах үүрэгтэй байсан. Үндсэн ажилтан биш бол хөлсөөр ажиллах гэрээ шаардана гээд маш тодорхой заасан. Хөлсөөр ажиллах гэрээ ирүүлсэн эсэхийг Тендерийн үнэлгээний хороо шалгах үүрэгтэй байсан. Гэхдээ тэр хэсгүүдийг Тендерийн үнэлгээний хороо шалгаагүй бөгөөд Э гэдэг ажилтны хувьд хэргийн материалд авагдсан баримтаар хөлсөөр ажиллах гэрээ ирүүлсэн байгаа нь үндсэн ажилтан биш гэдгийг хангалттай нотлоод байна. Өөрөөр хэлбэл манай нэхэмжлэлийн хүний нөөцийн мэдээлэл хангалтгүй байсан, хүний нөөцийн мэдээллийг үнэлгээний хороо хангалттай үнэлээгүй гэдэг шаардлага үндэслэл нь нотлогдож байна гэж харж байна.
Техникийн тодорхойлолтын хувьд ч гэсэн гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлахдаа компани болгон техникийн тодорхойлолтыг өөрсдийнхөө чадвар хэмжээнд ирүүлдэг гэж тайлбарлаж байгаа. Танайх илүү ирүүлсэн байгаа нь манайх дутуу ирүүлсэн гэсэн үг биш гэсэн зүйл ярьж байсан. Гэхдээ бид нар яг баримтдаа үндэслэх ёстой. Хэргийн материалд авагдсан тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.1 дээр цахилгааны ажил хэсэг дээр хэрвээ импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа тохиолдолд тохирлын гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, холбогдох сертификатыг ирүүлнэ, шаардана гээд маш тодорхой бичсэн байгаа. Техникийн тодорхойлолт гэдгийг Тендерийн тухай хуулийн 26.4, 26.1, 26.2 дахь хэсэгт заасан, Техникийн тодорхойлолт гэдэг нь тендерт оролцогчдын ирүүлэх ёстой шаардлагыг нь хангах ёстой баримт бичгийг хэлдэг. Захиалагчийн буюу хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг тендерт шалгарсны дараа компанийн ирүүлдэг баримт бичиг биш. Техникийн тодорхойлолтыг энэ компанийн шалгаруулах юм уу, үгүй юу гэдгээ шийдэхдээ л шалгах ёстой байдаг. Тэгэхээр хариуцагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг буруугаар тайлбарлаж, хариу тайлбараа хэлж байна гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын лавлагааны хувьд нийгмийн даатгалыг “Н” ХХК дээр төлсөн, “Ю” ХХК болон түүний хамаарал бүхий компани дээр төлсөн гэсэн мэдээллүүд сая асуулт, хариултын шатанд ч гэсэн тодорхой болсон. Гэхдээ Нийгмийн даатгалын тухай хуульд маш тодорхой заасан байгаа. Иргэний хуулийн 343, 359 буюу хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тохиолдолд ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг байдаг. Ажилтан ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх эрхтэй. Манай үндсэн ажилтан бол тухайн ажилтан мөн байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байгаа. Давхар төлсөн гэдэг нь зөвхөн үндсэн ажилтан дээрээ л давхар төлсөн. 2 компани дээр зэрэг үндсэн ажилтан байсан гэдгийг нотлохгүй гэж харж байна. “Ю” компанийн хувьд тендерийн шаардлагыг бүгдийг нь хангасан гэдэг нь Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтээс тодорхой харагддаг. “Н” ХХК-ийн хувьд техникийн тодорхойлолтын цахилгааны ажлын холбогдох хэсгүүд, тохирлын гэрчилгээ, сертификат хүний нөөцийн мэдээлэл ирүүлэхдээ хөлсөлсөөр ажиллах гэрээний мэдээллийг дутуу ирүүлсэн гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан холбогдох заалтыг зөрчсөн учраас Үнэлгээний хороо “Н” ХХК-ийн тендерээс доод шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр татгалзах үүрэгтэй байсан. Ингэж татгалзаагүйн улмаас хууль бус захиргааны акт гаргаж гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Засаг даргаас гэрээ байгуулах тухай захирамж гаргасан. Энэ мэдэгдэл захирамжуудын үндсэн дээр “Н” ХХК болон Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Тухайн ажлын явц нь тодорхой хувьд хүрсэн байх нь Тендерийн үнэлгээний хороо болон Засаг дарга, мөн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллага хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулахгүй байсныг зөвтгөх үндэслэл болохгүй. Хууль зөрчсөнийг зөвтгөх үндэслэл болохгүй. Магадгүй “Н” ХХК төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон бол энэ талаарх хохирлоо Захиргааны процессын хууль болон Иргэний хуульд заасан журмын дагуу нэхэмжлээд явах бүрэн боломжтой. Хамгийн гол нь захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн үндэслэлтэй байх шаардлагатай. Үүнийг үнэлгээний хороо болон хариуцагч байгууллагууд зөрчсөн байгаа учраас гомдол гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Холбогдох захиргааны акт, үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагуудаа бүгдийг нь дэмжиж байна гэв.
3.3. Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтад захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад “үнэлгээний хороо байгуулах” тул сумын Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 10 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх”-ээр заасан.
Үнэлгээний хорооноос “Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэн тул захиалагчийн хувьд 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүргүүлсэн.
Сайншанд сумын Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дүгээр “Камержуулалтын ажлын гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж батлагдсан бөгөөд “Манай орц” төсөл камержуулалтын ажлын гүйцэтгэлийн санхүүжилт болох 449,416,840 төгрөгийг холбогдох журмын дагуу гүйцэтгэгчид олгосон.
“Ю” компани техникийн тодорхойлолт, хүний нөөц хууль бус гэсэн асуудал ярьж байна. Манай үнэлгээний хороо хуулийн дагуу гүйцэтгэсэн нь харагдаж байна. Хүний нөөцийн хувьд Н компани тайлбар өгсөн. Яг үндсэн ажилтан мөн үү, биш үү гэдэг асуудал яригдаад байна. Үндсэн ажилтан тухайн захирлын тушаалаар томилогдоод нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж байгааг өөр юугаар нотлох юм. Албан ёсны үндсэн ажилтан байна гэдгийг би тэгж харж байна. Техникийн тодорхойлолтод манай үнэлгээний хороо бас тайлбар хийлээ. Байхгүй зүйлээ хүсээд байгаа юм уу гэж харагдлаа. Юийн хувьд өөрсдөө илүү юм хийчхээд байгаа техникийн тодорхойлолтоос шаардсан юмнаас илүү юм хүсээд ийм хууль бус байна гэж яриад байгаа нь харагдаж байна. Энэ тендерт зарим компаниуд ороод гомддог, яагаад гомддог вэ гэвэл тендерт шалгараагүйдээ гомдол үүсгэдэг. Тендерийн ажил цаг хугацаа, төсөв мөнгөтэй цаг хугацаа өнгөрөх тусам тухайн жилдээ багтахгүй төсөв мөнгө нь олгогдохгүй ажил, кэйсүүд зөндөө гардаг. Хэрвээ энэ ажилд гомдоод явсан цаг хугацааны хувьд бид нар жилдээ багтаж амжихгүй байж байгаад эцсийн үр дүн дээр компаниуд биш нийтийн эрх ашиг хохирдог. Харин бид жилдээ багтаагаад ямар ч байсан сумын Засаг даргын үүднээс зарласан ажлаа, төлөвлөсөн ажлаа хийгээд нийтийн эрх ашгаа хамгаалаад цаг хугацаандаа хийгдээд явсан байна. Хохирсон хохирогч байхгүй. Гэхдээ бид бас төрийн мөнгийг аль болох үр ашигтайгаар олон нийтийн эрх ашигт нийцсэн ийм ажлаа зохион байгуулаад хийж явсан. Хийгээд дууссан гэв.
3.4. Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:
Сайншанд сумын Засаr даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 10 дугаар захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй /худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан буюу А-3 сертификат/-тай үнэлгээний хороог байгуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтад “Тендер хүлээн авах хугацааг зарлал нийтэлсэн өдрөөс эхлэн тоолно”, 20.6 дахь заалтад “Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана.”, 23.1 дах заалтад “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ.” 32.1 дэх заалтад “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэнэ.”, 32.3 дахь заалтад “Нээлттэй тендер шалгаруулалтын тендер хүлээн авах эцсийн хугацаа ажлын 15-аас дээш, энэ хуулийн 8.3-т заасан тендер шалгаруулалтад ажлын 20-иос дээш өдөр байхаар заана.” гэж заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулж 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр зарлан, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр 13 цаг 30 минутад нээсэн.
Тус тендерийг нээхэд Ю ХХК-709,205,391 төгрөг, Ц ХХК-699,373,764 төгрөг, В ХХК-695,129,416 төгрөг, Б ХХК-686,908,220 төгрөг, “Н” ХХК-664,062,724 төгрөг, С ХХК-683,643,273 төгрөг, нийт 6 оролцогч үнийн санал ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.1 дэх заалтад “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.”, 26.1 дахь заалтад “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.” 26.2 дахь заалтад “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 50.2.1 дэх заалтад “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах;” 50.2.2 дахь заалтад “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”; 50.2.3 дахь заалтад “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.”, 51.1 дахь заалтад “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.” 51.3 дахь заалтад “Үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно”, 51.7 дахь заалтад “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, 52.2 дахь заалтад “Энэ хуулийн 52.1-д заасан ажилтан, албан тушаалтан энэ хуульд зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд нь оролцох үүрэгтэй.” гэж заасны дагуу 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдөр үнэлгээний хорооны гишүүд 100 хувийн ирцтэйгээр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг зохион байгуулж хуралдан, гишүүдийн олонхын саналаар шийдвэрийг баталгаажуулан, шийдвэрлэсэн.
Тус үнэлгээний хороо 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.1 дэх заалтад “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.”, 28 дугаар зүйлийн дагуу 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;” 28.1.2-д “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай” 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасны дагуу захиалагч талд хүргүүлсэн.
Ю ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлд тайлбар гаргах нь: 1. “Н” ХХК нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн ТШЗ 19.1 дэх заалтын 2023, 2024 онуудын аль нэг жилд тухайн төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэж заасан шаардлагыг хангаж байсан. Тус байгууллага ижил төстэй 16 ажил санал болгосноос камержуулалттай холбоотой 3 ажлыг үнэлгээнд авч үзсэн.
Сүү ХК-тай 2025 оны ... сарын ...-ны өдрийн 11 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ч ажлын гүйцэтгэх хугацаа нь 2025 оны ... сарын ...-ны өдрөөс 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр байгуулж, тус ажлыг барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр хүлээн авсан байна. Энэ нь 2024 оны ижил төстэй ажилд хамрагдаж байна.
“Хангай дээд сургууль”-тай 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хяналтын камерын систем шинэчлэх ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс 2024 оны ... дугаар сарын ...-ны хороонд 21 хоногт багтаан бүрэн гүйцэтгэж дуусгахаар байгуулж, тус ажлыг барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2024 оны ... дугаар сарын ...-ний өдрийн дүгнэлтээр хүлээн авсан байна.
Сайншанд сумын Засаг даргын тамгын газартай 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 13 дугаартай “Манай орц” төсөл камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдөр гүйцэтгэж дуусгахаар байгуулж, тус ажлыг барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн дүгнэлтээр хүлээн авсан байна. Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний 4.2 дахь заалтад 2024 оны батлагдсан гүйцэтгэлээр олгохоор тусгагдсан байна. Иймд гүйцэтгэгч компани 2024 онд гүйцэтгэлээр 184,184,980 төгрөгийг авсан байна.
Иймд 400,023,911+54,314,943+184,184,980 нийт 638,524,834 төгрөг болж ижил төстэй ажлын шаардлага хангасан гэж үзсэн.
2. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн ТШЗ 19.1 дэх заалтад Хүний нөөцийн нотлох баримт:
Дээрх инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг маягт 2-т заасны дагуу гаргаж, тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилсон байх бөгөөд тэдгээрийн ажлын туршлагыг ажилтан тус бүрээр гаргаж ирүүлнэ.
Тендерт оролцогчийн үндсэн ажилтны мэдээллийг тендерийн бичиг баримт хавсарган ирүүлнэ гэж заасны дагуу оролцогч “Н” ХХК материалыг бүрэн ирүүлсэн байна. Үүнд: Дээрх инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг маягт 2-т заасны дагуу гаргаж ирүүлсэн байна. “Н” ХХК-ийн захирлын 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн “Ажилд томилох тухай” 14 дугаар тушаалаар холбоо, дохиолол, мэдээллийн инженер Б.Эг томилон ирүүлсэн байна. Тендерт оролцогчийн үндсэн ажилтны бичиг баримтыг ирүүлсэн байна. Холбоо, дохиолол, мэдээллийн инженер Б.Э-ийн сүүлийн сарын нийгмийн даатгалын шимтгэлийг худалдан авах ажиллагааны цахим систем татан үзэхэд 2025 оны ... дугаар саруудад “Н” ХХК-д ажилласан байсан.
3. Тендер шалгаруулах баримт бичгийн 3 дугаар бүлэгт заагдсан Техникийн тодорхойлолтын А хэсэгт заасан ажлыг захиалагч талаас заасан 3 заалтыг хэрэгжүүлэхээр “Н” ХХК-ийн захирлаар батлуулан техникийн тодорхойлолт, техник аргачлалыг боловсруулж ирүүлсэн байна.
4. Тендер шалгаруулах баримт бичгийн 3 дугаар бүлэгт заагдсан Техникийн тодорхойлолтын Цахилгааны ажил хэсгийн 3-т заасан импортын барааны тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүн, санал болгож буй барааны техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт зэрэг нь цахилгааны ажлын заалтад хамаарахгүй болно. Тус заалт нь тендерт шалгарсан гүйцэтгэгчид тавьсан шаардлага болно.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9. Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, гэж заасны дагуу үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн өгөгдлийг үндэслэн үнэн зөв дүгнэлт гаргасан бөгөөд тендерийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ажилтны хувьд бид нар үнэлгээний хороогоороо хэлэлцээд Н компаниас ирүүлсэн бичиг баримт, материал шаардлага хангасан гэж үзсэн. Тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар томилсон захирлын тушаалыг ирүүлэх ёстой байсан. Тэр тушаал ирсэн Эг томилсон байсан. Дээрээс нь энэ мэргэжилд мэргэшсэн ажилтны дипломын хуулбар ирэх ёстой байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаараа Н компани дээр 2025 оны ... дугаар сарууд дээр үндсэн ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байсан. Тиймээс хүний нөөцийн нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэж байна. Техникийн тодорхойлолтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд захиалагч техникийн тодорхойлолт, бараа, ажил үйлчилгээ нь шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт норм, дүрэм зааврыг тусгана гэж заасан. Бид нар техникийн тодорхойлолтоор мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аваад энэ бүгдийг тусгасан. “Ю” ХХК-ийн гаргаад байгаа техникийн тодорхойлолтоор тендерт шалгарсан гүйцэтгэгч нь хийх ёстой зүйлийг өөрсдөө нэмэлтээр оруулж ирчхээд Н компанийг дутуу ирүүлсэн байна гэж үзээд байгаа.
Мөн хуулийн 12.4 дүгээр зүйлд техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүний эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглодог. Бид нар компанийн тийм тохирлын гэрчилгээтэй, тийм импортын бараа бүтээгдэхүүнээр ингэж хий гэж заах эрх байхгүй. Ерөнхийд нь шалгарсан гүйцэтгэгч нь импортын бараа сонгосон тохиолдолд эдгээр бичиг баримтуудыг авчирна гэж тодорхой зааж өгч байгаа. Нэг бүрчлэн заах хориотой байдаг. Энэ хуулийн 26.9-д заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан, тендерийн шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу үнэлгээний хороо бичиг баримтын өгөгдлийг үндэслээд үнэн зөв дүгнэлт гаргасан. Тендерийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байгаа гэв.
3.5. Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Чулуунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын дагуу сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажилласан.
Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн “Дорноговь аймгийн 2025 оны төсөв батлах тухай” 03/02 дугаар тогтоол, хурлын тогтоол Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн “Сайншанд сумын 2025 оны төсөв батлах тухай” 15 дугаар тогтоолоор Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлэх 10 төсөл арга хэмжээ батлагдсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44.3-т “Захиалагч санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг харьяалах дээд шатны төсвийн захирагчид цахим системээр илгээнэ” гэж заасан тул Сайншанд сумын Засаг даргаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталгаажуулан худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д байршуулан илгээсэн бөгөөд Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газраас төлөвлөгөөг баталгаажуулсан.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 дэх хэсэгт “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн ... дугаар сарын ...-ний өдрийн дотор бүрэн дуусгах” 13.1.2 дэх хэсэгт “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох”-оор хуульчилсан бөгөөд сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан 10 төсөл арга хэмжээнээс 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн байдлаар тендер зохион байгуулагдаагүй төсөл арга хэмжээнд гэрээ байгуулахгүй байх тухай чиглэл ирсэн.
Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн “Дорноговь аймгийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 06/05 дугаар тогтоолоор сумын ОНХС-ын хөрөнгийг 1,580,546.6 төгрөгөөс 180,406.5 төгрөгийг бууруулж баталсан.
Сайншанд гэмт хэрэг гаралт 2025 оны эхний ... дугаар сарын байдлаар нийт 225 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд аймгийн гэмт хэрэг гаралтын 49 хувийг эзэлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 буюу 32,4 хувиар өссөн байна. Үүнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 38.2 хувь өссөн, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 29,8 хувь өссөн байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хувьд гэр, орон сууцанд 15,8 хувиар өссөн, гудамж талбайд 17,9 хувиар тус тус өссөн.
Иймд сумын иргэдийн нийтийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор “Манай орц” төсөл камержуулалтын ажлын тендерийг зохион байгуулах нэн хэрэгцээ шаардлагатай байсан болно.
Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн “Сайншанд сумын 2025 оны тодотгосон төсөв батлах тухай” 16 дугаар тогтоолоор “Манай орц” төсөл камержуулалтын ажилд 749,458,194 төгрөг батлагдсан.
Хууль тогтоомжийн хүрээнд тендерийг зохион байгуулж ажилласан бөгөөд “Үнэлгээний хороо”-оос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх”-ээр заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”-оор хуульчилсан бөгөөд Захиалагчаас 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот албан бичгээр ”Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл бүхий албан бичгийг Худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3 дахь заалтад “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно” гэж заасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх”, 59 дүгээр зүйлд “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх” талаар хуульчилсан бөгөөд захиалагч болох Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаагүй бөгөөд Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан талаарх мэдээлэл худалдан авах ажиллагааны цахим систем болон захиалагч болох сумын Засаг даргын Тамгын газарт ирээгүй.
Дээрх хуулийн 59.6 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана” гэж заасан байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1 дэх хэсэгт “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг “Н” ХХК-тай 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр байгуулсан.
Хуулийн 57.7 дахь заалтад “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй”, 28.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”-оор хуульчилсан.
Гэрээ байгуулснаас хойших хугацаанд Монгол Улсын Сангийн яамны 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 7 тоот дугаартай албан бичгийг байгууллагын Бичиг хэрэг ажилтан 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр шуудангаас хүлээн авсан.
Ю ХХК нь 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 17 дугаартай “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 1 дугаартай Манай орц төсөл (камержуулалт)-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан манай компанийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 6 дугаартай /Сангийн яаманд гаргасан/ гомдолтой танилцаагүй тухай албан тоот гаргуулж авах хүсэлт ирүүлсний дагуу сумын Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 18 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57.7 дахь хэсэгт зааснаар “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэр гарч, гүйцэтгэгчтэй гэрээгээ байгуулснаас хойших гомдлыг хүлээн авахгүй.
Өөрөөр хэлбэр нэхэмжлэгч болох Ю ХХК нь захиалагч талд тендер зохион байгуулалтын аль ч үе шатанд санал болон гомдол гаргаагүй.
Ю ХХК-ны хуулиар хамгаалагдсан ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг захиалагч болох Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар болон Үнэлгээний хороо зөрчсөн нь ойлгомжгүй байна.
Гүйцэтгэгч компани болох “Н” ХХК нь “Манай орц төсөл” камержуулалтын ажлыг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхлүүлж 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна. Нэхэмжлэгч Ю ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.6. Хариуцагч Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас Засаг даргын Тамгын газар, Засаг даргыг хариуцагчаар татсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яагаад татсан юм бэ гэдэг асуултад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр татсан гэж тайлбарласан. 26 дугаар зүйлд захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ гээд 4 заалт байгаа. 15, 16 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх гээд заасан. Тендерийн баримт бичгээ холбогдох хууль, дүрэм журмынх нь дагуу боловсруулаад нийтэд зарлаад Ю компани хуульд нийцсэн тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд өөрсдөө оролцсон. Тэгчхээд 26.4 дэх хэсэгт заасныг та нар буруу хийсэн байна гэж яриад байгаа нь утгагүй байна. Ю компани болон “Н” ХХК хоёроос гадна 4 компани тендер шалгаруулалтын үйл ажиллагаа, тендер шалгаруулалтын үйл ажиллагаа эхлэхээсээ авхуулаад дуусах хүртэл бүх л процесс орж байгаа. Хууль тогтоомжид нийцсэн, нийцүүлж зарласан энэ үйл ажиллагаанд Ю компани өөрөө оролцож байгаа. Өөрсдийнх нь үйлдлээр харагдаж байгаа. Манайх хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан. Ю компанийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч гэсэн энэ төлөвлөлттэй холбоотой тендер шалгаруулалттай холбоотой Засаг даргын Тамгын газраас чиг үүргийнх нь дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой маргахгүй байгаа. Хууль тогтоомжийнхоо хүрээнд энэ тендер зарлах нь зөв байсан. Үнэлгээ буруу байсан гэдэг. Ийм л асуудал ярьдаг. Энэ нь Сангийн яам тодорхой хариуг нь өгсөн байдаг.
Гэрээ байгуулах эрх олгосон сумын Засаг даргын 2025 оны 3 дүгээр захирамжийг шүүгчээс тодруулж асуусан. Тэгэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар илт хууль бус болгохыг тогтоолгоё гэсэн байгаа. Энэ зүйлд заасныг өөрсдөө бас уншиж өгдөг. Эрх хэмжээ олгогдоогүй гээд тайлбарладаг. Хуулиар эрх хэмжээ олгосон, олгоогүйг чинь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр тайлбарлаад өгсөн байгаа. 28.1.1 дэх заалтаар үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслээд захиалагч шийдвэр гаргах эрхтэй, түүнийгээ мэдэгдэнэ. Энэ 28 дугаар зүйлд захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх гээд заасан. Хууль тогтоомжоор Засаг даргын захирамж гаргах эрхийг олгосон. Захиргааны актыг илт хууль болгохыг тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалт гэж өөрсдөө тодруулж хэлсэн. Энэ нь үгүйсгэгдэж байна. Хуулийн 48.2.6 дээр гэрээ байгуулах эрхийг мөн захиалагчид олгосон. Энэ захиргааны акт өөрөө хууль тогтоомжийн дагуу гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасантай хамааралтай биш. Аль үндэслэлээр нь гэхэд өөрсдөө ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан. Ю компани үйлдлээрээ илэрхийлсэн. Энэ үйл ажиллагаанд анхнаасаа оролцсон. Ганц гомдож байгаа нь манайх шалгараагүй, яагаад өөр компани шалгарчхав гэж гомддог. Тэгэхээр Засаг даргын Тамгын газар болон захиалагч Засаг даргаас энэ үнэлгээний хорооноос зохион байгуулсан үйл ажиллагаа бүгд хууль тогтоомж, Сангийн яамны цахим системийн хараа хяналт дор зохион байгуулаад гүйцэтгэлээ хүлээж аваад өнөөдөр үр дүнгээ өгөөд явж байгаа ажил байгаа. Ийм учраас ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй, хууль журмынхаа дагуу зохион байгуулсан энэ бүх үйл ажиллагаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хамгийн сүүлийнхээ тайлбарыг гаргаж байна гэв.
3.7. Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн захирал Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
Ю ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Н” ХХК нь 2016 оноос эхлэн барилга угсралт, барилгын засал, гадна талбайн тохижилт, холбоо, дохиоллын систем суурилуулалтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон.
Дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр манай компанид хандаж “Тус газраас зарласан 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажил төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр 2025 оны ... дугаар сарын ...-ний өдөр ирүүлсэн танай тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 664,062,724 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгож байна.” гэж мэдэгдсэн.
Улмаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар “Камержуулалтын ажлын гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гарч, “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажлыг гүйцэтгүүлэхээр манай “Н” ХХК болон Сайншанд сумын Засаг даргын тамгын газар хооронд 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр 5 дугаартай “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
Өнөөдрийн байдлаар дээрх 5 дугаартай “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээт ажлын гүйцэтгэл 80%-тай, гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу хийгдэж, гэрээнд заасны дагуу 66%-ийн дундын санхүүжилтийг авсан байдалтай байна.
“Ю” ХХК-аас 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. “Ю” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ: 1. Манай компанийг ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй гэжээ. Манай “Н” ХХК нь дээр дурьдсанчлан 2016 оноос эхлэн барилга угсралт, барилгын засал, гадна талбайн тохижилт, холбоо, дохиоллын систем суурилуулалтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-т заасны дагуу “Н” ХХК нь 2023, 2024 онд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан, ижил төстэй нийт 16 ажлын холбогдох баримтыг Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийн дагуу бүрдүүлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулах Үнэлгээний хороонд хүргүүлсэн байдаг.
Үнэлгээний хорооны зүгээс дээрх “Н” ХХК-ийн 2023, 2024 онд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан, ижил төстэй 16 ажлаас дараах 3 ажлыг үнэлгээнд авч үзсэн тухай Үнэлгээний хорооны дарга Б.Цын 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр тус шүүхэд хүргүүлж, хэргийн материалд авагдсан хариу тайлбарт бичигдсэн байна. Үүнд: “Сүү” ХК-тай 2025 оны ... сарын ...-ны өдөр байгуулсан 11 дугаартай шинэ офиссын барилгын цахилгаан, холбоо дохиолол, интернет сүлжээ болон хяналтын камер хийх Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээт ажлын үнийн дүн: 400,024,911 төгрөг,
“Хангай дээд сургууль”-тай 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр байгуулсан Хяналтын камерын систем шинэчлэх ажил гүйцэтгэх гэрээ. Гэрээт ажлын үнийн дүн: 54,314,943 төгрөг,
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газартай 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр байгуулсан 13 дугаартай “Манай орц” төсөл камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээт ажлын үнийн дүн: 258,922,255 төгрөг.
Иймд “Ю” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд “Н” ХХК-ийг “ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй” гэж бичсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн гэх хэсэгт холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: “Н” ХХК нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн 3 дугаар бүлэгт заагдсан Техникийн тодорхойлолтын А хэсэгт заасан ажлыг захиалагч талаас заасан 3 заалтыг хэрэгжүүлэхээр “Техникийн тодорхойлолт ба техник аргачлал”-ыг батлан Үнэлгээний хороонд хүргүүлсэн байдаг.
Мөн Үнэлгээний хорооны даргын шүүхэд хүргүүлсэн тайлбарт “Тендер шалгаруулах баримт бичгийн 3 дугаар бүлэгт заагдсан Техникийн тодорхойлолтын Цахилгааны ажил хэсгийн 3-т заасан импортын барааны тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторын шинжилгээний дүн, санал болгож буй барааны техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт зэрэг нь цахилгааны ажлын заалтад хамаарахгүй болно. Тус заалт нь тендерт шалгарсан гүйцэтгэгчид тавьсан шаардлага болно.” гэж бичсэн тайлбарыг дэмжиж байгаа болно.
Иймд “Ю” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд “Н” ХХК-ийг “Техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн” гэж бичсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн тухай гэх хэсэгт холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: “Н” ХХК нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-т заасан шаардлагыг бүрэн хангуулан Тендерт санал болгож буй хүний нөөцийн мэдээлэл болон Инженер техникийн ажилтны тодорхойлолтыг Үнэлгээний хороонд хүргүүлсэн байдаг бөгөөд энэ тухай Үнэлгээний хорооны дарга Б.Цын 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр тус шүүхэд хүргүүлж, хэргийн материалд авагдсан хариу тайлбарт тодорхой бичигдсэн байдаг. Мөн инженер техникийн ажилтнуудын гэнэтийн ослын даатгалын мэдээллийг тендер шалгаруулалтын баримт бичигт шаардаагүй болно.
Үүний зэрэгцээ Б.Э нь манай “Н” ХХК-д 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2025 оны ... дүгээр сарын ...ны өдрөөс эхлэн гэрээгээ дуусгавар болгосон. Дээрх хугацааны туршид Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг манай компани төлж, цалинжуулж байсан боловч, 2025 оны 07 дугаар сараас эхлэн “Ю” ХХК нь Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулан төлж эхэлсэн байдаг.
“Ю” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд “Н” ХХК-ийг “Ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж бичсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд манай компанийн зүгээс хэргийн материалд авагдсан хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр 19 тоот албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар болон Үнэлгээний хорооны дарга Б.Цын 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр тус шүүхэд хүргүүлсэн хариу тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн, дэмжиж байна. Харин “Ю” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн гол юм чинь Сангийн яамны мэдэгдэл юм биш үү, Сангийн яамны мэдэгдэл хугацаандаа өгөөгүй ч юм уу, эсвэл Сангийн яам гомдлыг нь хэрэгсэхгүй болгочхоод байхад ингээд яваад байгаагаас хамаг асуудал үүсээд байна. Үндсэн ажилтан уу, үндсэн ажилтан биш үү гэдгийг чинь манайхаас өгсөн нотлох баримтын дагуу сонгон шалгаруулалтаа хийж байгаа. Манайх сүүлийн 5 жил зөвхөн улсын тендерээс ажил авч амь зогоодгийн хувьд өдий дайны юмыг золиослоод энэ болтол явж байгаа компани хуурамч бичиг баримт бүрдүүлэхгүй. Чадавхын хувьд сайн уу, муу юу, үнийн хувьд хангалттай бага үнэ өгч үү, үгүй юу гэдгээрээ л тендерийн ажлыг авдаг. Ю ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэл шаардлага нотлогдохгүй, ач холбогдол багатай байна. Хэрвээ Ю ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу энэ ажил хүчингүй болсон бол ... дугаар сарын ...-нд байгуулсан гэрээ дахиж хойшоо сунаж 01 сард тендер зарлагдаад дахиж сонгон шалгаруулалт хийхэд энэ ондоо амжихгүй буюу энэ төсөв татагдаад Сайншанд сум хяналтын камерын ажил хийгдээгүй байх байсан. Худалдан авах ажиллагаа яаж сонгон шалгаруулдагыг мэдэхгүй байна. Тэгэхдээ миний төсөөлж байгаагаар оролцогч бүх байгууллагуудын ирүүлсэн баримтыг үнэлээд, бүх шалгуур үзүүлэлтийг хараад эднийх бусдаасаа илүү үнэлэгдсэн байна гэдгээр шалгаруулдаг байлгүй. Тэгэхээр Ю ХХК-ийн хэргийн материалд хавсаргагдсан бичиг баримтыг үзэхэд би 13 зөрчил илрүүлээд хэдхэн цагийн хугацаанд сууж чадаж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ шүүхээр явбал Ю ХХК-ийн тендерийн материал болон “Н” ХХК-ийн материал гэдэг дээр шүүх тусдаа явах байх гэж бодож байгаа. Ю ХХК нь ганцхан юм хэлээд байгаа. Өөрсдийнхөө оруулаад ирсэн хяналтын камеруудаа манайх үүнийг хийх байсан. Бүх юм нь бэлэн байгаа. Мэдээж импортоор оруулаад ирсэн зүйлийг худалдахын тулд гарал үүслийн гэрчилгээ бүх юм нь бэлэн байж худалдана. Тэгээд өөрсдийнх нь хэлж байгаа үндсэн ажилтан гэж хэлээд байгаа байдал 4, 5 сард нийгмийн даатгал төлөөгүй нь батлагдах юм бол Ю үндсэн ажилтны гэрээгээ зөрсөн байна гэсэн үг. Нөхөж төлөх боломжгүй. Тэгэхэд тасралтгүй ажилласан гээд хэлээд байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа тендерийн материалуудыг нь би Ю ХХК-ийн тендерийн материалыг ч хэлээд яах вэ. 128 сувгийн бичиг гээд дурдаж байна. Тийм юм тендерт тоо хэмжээнд байхгүй. Санаанаасаа зохиогоод илүү нэмэлт юм хэлсэн. Тэгэхэд Ю ХХК нь ийм ажилд уг нь би Ю ХХК-ийг анхнаасаа энэ тендерт ороход нь гайхаж байсан. Юун нэг сумын камерын ажил Таван толгой, Эрдэнэт үйлдвэр, Гок гээд тэнд Мобиком, Скайтелтайгаа өрсөлдөөд явж байхгүй энд “Н” ХХК-тай болон 2, 3 компанитай түншлээд баахан дутуу материал өгсөн. Манайх шалгарах байсан гээд явж байгаад миний зүгээс гомдолтой байгаа. Манай компани зөвхөн тендерээс ажил хийдэг компани. Энэ шүүхийн шийдвэр нь яаж гарах вэ гэдгээс шалтгаалаад бид бүхний энэ 5 жилийн хүч хөдөлмөр, энэ болтлоо зорьж явсан үнэт зүйл, золиосолсон бүх зүйл маань эрсдэлтэй байдал үүсэж байна. Тэгэхдээ шүүхийн гаргасан шийдвэрийг 100 хувь хүндэтгэнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл болон Сайншанд сумын Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын “Н” ХХК-тай байгуулсан “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Тендерийн үнэлгээний хороонд тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Н” ХХК-ийн тендерийг тендер шалгаруулалтын бичиг баримтад заасан чадавхын болон туршлагын шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан нь хууль бус гэж
Ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй буюу “Н” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын үнийн дүн нь хангаагүй;
Техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн буюу Техникийн тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгэх технологи аргачлал, техникийн тодорхойлолтыг боловсруулан ирүүлэх шаардлагыг хангалгүй ажлын даалгаврын хэсгийг хуулбарлан тайлбар оруулсан. Техникийн тодорхойлолтын Цахилгааны ажил хэсгийн 3-т заасан импортын барааны тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүн, санал болгож буй барааны техникийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг огт ирүүлээгүй;
Ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн буюу холбоо, дохиолол мэдээллийн инженер Б.Э-ийн мэдээллийг илт худал мэдүүлэн, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн шаардлага хангаагүй “Н” ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлгүй гэж маргасан.
Харин хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга болон Тендерийн үнэлгээний хороо нь “Н” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байсан тул хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулсан. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг үндэслэн үнэн зөв дүгнэлт гаргасан, тендерийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж;
Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газар нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан талаарх мэдээлэл худалдан авах ажиллагааны цахим систем болон захиалагч болох сумын Засаг даргын Тамгын газарт ирээгүй. Тиймээс “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг “Н” ХХК-тай 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр байгуулсан нь үндэслэлтэй гэж тус тус маргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэлийн ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 19.1-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлага: Шаардана.”, “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Шаардана. 2023, 2024 онуудын аль нэг жилд тухайн төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх” гэж заажээ.
Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн тендерт ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзвэл ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэдээлэл, “Сүү” ХК-тай байгуулсан 2025 оны ... сарын ...-ны өдрийн 11 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, “Хангай дээд сургууль”-тай байгуулсан 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хяналтын камерын систем шинэчлэх ажил гүйцэтгэх гэрээ, Сайншанд сумын Засаг даргын тамгын газартай 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 13 дугаартай “Манай орц” төсөл камержуулалтын ажил гүйцэтгэх гэрээг тус бүр барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт болон холбогдох баримтын хамтаар ирүүлсэн байх ба “Н” ХХК нь эдгээр камержуулалттай холбоотой ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна. Эдгээр ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн нийлбэр нь 638,524,834 төгрөг болж нэг жилд тухайн төсөвт өртгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангасан байна.
Иймээс нэхэмжлэгчээс ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. /3 дугаар хавтаст хэргийн 210-211 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 7-30 дахь тал/
3.2. Техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн буюу техникийн тодорхойлолтын А хэсэгт заасан ажлыг гүйцэтгэх технологи аргачлал, техникийн тодорхойлолтыг боловсруулан ирүүлэх шаардлагыг хангалгүй ажлын даалгаврын хэсгийг хуулбарлан тайлбар оруулсан. Техникийн тодорхойлолтын Цахилгааны ажил хэсгийн 3-т заасан импортын барааны тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүн, санал болгож буй барааны техникийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг ирүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:
Гуравдагч этгээд “Н” ХХК-аас Тендер шалгаруулах баримт бичгийн 3 дугаар бүлэгт заасан Техникийн тодорхойлолтод заасны дагуу техникийн тодорхойлолт, техник аргачлалыг боловсруулан “Н” ХХК-ийн захирлаар батлуулан тендерийн баримтад ирүүлсэн байх ба техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дэх тал, 3 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал/
Мөн Сайншанд сумын Засаг дарга буюу хотын захирагчийн баталсан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Техникийн тодорхойлолт”-ын “Цахилгааны ажил” гэх хэсэгт “ВВГ 2*25 мм2 огтлолтой зэс голтой гэрэлтүүлгийн кабель угсрах, хяналтын камерын 400вТ гэрэлтүүлэг угсрах” гэж;
“Тендерт шалгарсан гүйцэтгэгч нь” гэх хэсгийн 3. “Импортын материал сонгон худалдан авах тохиолдолд тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүнг хавсаргана. Үндэсний үйлдвэрийн материал сонгон авбал бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ, лабораторийн шинжилгээний дүн, үнийн баримтыг хавсаргана” гэж зааснаас үзвэл тендерт шалгарсан оролцогч нь тендерийн ажлыг гүйцэтгэх явцдаа импортын болон үндэсний үйлдвэрийн материал худалдан авсан тохиолдолд тэдгээрийн “тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүн” зэрэг баримтуудыг авч тендерийн ажлын гүйцэтгэлийн тайландаа хавсаргана гэж ойлгохоор байна.
Тодруулбал захиалагчаас тендерийн бичиг баримт ирүүлэхэд “тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүн” зэрэг баримтыг шаардаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчээс “техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн, технологи аргачлал, техникийн тодорхойлолтыг боловсруулан ирүүлэх шаардлагыг хангаагүй” гэж маргасан нь үндэслэлгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дэх тал/
3.3. Ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн буюу холбоо, дохиолол мэдээллийн инженер Б.Э-ийн мэдээллийг илт худал мэдүүлэн, хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасан Хүний нөөцийн нотлох баримт хэсэгт “Дээрх инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг маягт 2-т заасны дагуу гаргаж, тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилсон байх бөгөөд тэдгээрийн ажлын туршлагыг ажилтан тус бүрээр гаргаж ирүүлнэ. Тендерт оролцогчийн үндсэн ажилтны мэдээллийг тендерийн бичиг баримт хавсарган ирүүлнэ” гэж заасан байна.
Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтыг хянан үзвэл инженер, техникийн ажилтнуудын жагсаалтыг Маягт 2-т заасны дагуу тендерт санал болгож буй хүний нөөцийн мэдээлэл; Холбоо, дохиолол, мэдээллийн инженер Б.Эг бусад ажилтнуудын хамтаар тухайн төсөл арга хэмжээнд томилсон “Н” ХХК-ийн захирлын 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн “Ажилд томилох тухай” 14 дугаар тушаал; Инженер техникийн ажилтны хийж гүйцэтгэсэн ажлын туршлага болон тодорхойлолт зэргийг тус тус тендерийн баримт бичигт ирүүлсэн байна. /3 дугаар хавтаст хэргийн 203 дахь хуудасны ар тал, 208 дахь хуудасны ар тал, 209, 212 дахь хуудасны ар тал, 2013-216 дахь хуудасны ар тал/,
Мөн Тендерт оролцогчийн үндсэн ажилтны мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, дээд боловсролын дипломын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн байна. /4 дүгээр хавтаст хэргийн 46-49 дэх тал/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны А/44, А/40 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлал”-ын “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн төрлийн код” гэх хүснэгтэд “1. Даатгуулагчийн төрлийн код” хэсэгт “01001”, “Даатгуулагчийн төрөл” хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтан” гэж заасан байх ба тухайн даатгуулагч ямар төрөлд хамаарахаас шалтгаалж код нь өөр өөр байхаар журамласан байна.
Үүнээс үзэхэд инженер Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 6 дугаар сард “Н”, “В” гэх компани, 2025 оны 07 дугаар сард “В”, “С”, “Н” гэх компани, 2025 оны 08 дугаар сард “Н”, “С” гэх компаниуд даатгуулагчийн төрлийн код “01001” гэх ижил кодоор буюу үндсэн ажилтны кодоор төлсөн байна. Энэ тохиолдолд “С” ХХК-ийн үндсэн ажилтан, “Н” ХХК-ийн үндсэн ажилтан биш гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “Н” ХХК нь инженер Б.Э-ийн 2025 оны ... дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн ажилтан буюу “01001” гэх даатгуулагчийн төрлийн кодоор төлж байсан болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул тендерийн баримт бичгийн хүний нөөцийн нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзнэ. Иймээс инженер Б.Э-ийн мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн гэж маргасан нь үндэслэлгүй байна. /4 дүгээр хавтаст хэргийн 46-49, 115 дахь тал/
Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т “Ажил гүйцэтгэх хүний нөөц” гэх хүснэгтийн 3. “Албан тушаал-Холбоо, дохиол мэдээллийн инженер”, “Ажиллах хүч-2”, “Туршлага-2 ба түүнээс дээш жил” гэж; Харин хүснэгтийн 4. “Албан тушаал-Мэргэжилтэй ажилтан”, “Ажиллах хүч-3” гэж;
Хүний нөөцийн нотлох баримт хэсэгт “Мэргэшсэн инженерийн гэрчилгээ, мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн үнэмлэхийг зөвхөн эх хувиас сканердаж ирүүлнэ. Мэргэжилтэн ажилтан нь гэрээгээр ажиллах бол хөлсөөр ажиллах гэрээ ирүүлнэ...” гэж тус тус зааснаас үзэхэд захиалагчаас мэргэжилтэй ажилтны хувьд хөлсөөр ажиллах гэрээ шаардахаар байна гэж үзэхээр байна.
Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн гуравдагч этгээд “Н” ХХК нь ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагыг хангаагүй, техникийн тодорхойлолтод заасан мэдээллийг дутуу ирүүлсэн, техникийн тодорхойлолтын Цахилгааны ажил хэсгийн 3-т заасан импортын барааны тохирлын гэрчилгээ, сертификат, паспорт, лабораторийн шинжилгээний дүн, санал болгож буй барааны техникийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг огт ирүүлээгүй, ажиллах хүчний мэдээллийг хуурамчаар бүрдүүлсэн гэж маргасан нь үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэж товчлох/ 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар Тендерийн цахим системд мэдэгдлийг 9 дүгээр сарын 29-ний өдөр нийтэлсэн. Хуульд заасан ажлын 5 хоног дууссан байхад 10 дугаар сарын 06-ны өдөр буюу ажлын 6 дахь хоног дээр гомдол гаргасан гэж хариуцагчийн маргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эсвэл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан. Тендерийн цахим системд 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдөр мэдэгдлийг нийтэлсний дараагийн өдөр буюу 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хугацааг тооцож, ажлын 5 хоногт буюу 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр нэхэмжлэгч нь Сангийн яаманд гомдол гаргасан нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
5. Харин нэхэмжлэгчийн Сангийн яаманд гаргасан гомдлын талаарх мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системд мэдээлэл ирүүлээгүй болох нь шүүхийн үзлэгээр, захиалагч Сайншанд сумын Засаг даргын тамгын газарт 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр ирүүлсэн болох нь шууданчийн гардуулалтын хуудсаар тус тус тогтоогдож байх тул захиалагчийг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/
6. Дээр тогтоогдсон үйл баримтыг хуулийн зохицуулалттай уялдуулан дүгнэвэл:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16. “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг; 4.1.17. “тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор;
мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2. “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж тус тус заасны дагуу Үнэлгээний хороо 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр хуралдаж, тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, баталгаажуулсан нь хуульд нийцсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 131-139, 154-160, 162-164 дэх тал/
Үнэлгээний хороо Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4. “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1. “Энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2.”Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” 26.4.3.”Захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх;” 26.4.4. “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж;
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9. “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг эрх хэмжээний хүрээнд үнэлсэн нь;
Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.”Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:” 28.1.1.”хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;” 48 дугаар зүйлийн 48.2.6. “худалдан авах гэрээ байгуулах”-аар заасны дагуу захиалагчаас 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот албан бичгээр “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлж, мөн өдрийн Сайншанд сумын Засаг даргын 3 дүгээр захирамжаар “Н” ХХК-тай “Манай орц” төсөл (камержуулалт)-ын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь тус тус хуульд нийцсэн байна.
7. Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/08 тоот албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар дүгнэлт зэрэг баримтаас үзвэл маргаан бүхий “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг “Н” ХХК гүйцэтгэж дууссан, улсын комисс хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Иймээс Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх тендерт сонгон шалгаруулалтын улмаас нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд маргааны үндэслэлд хамааралгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, 48 дугаар зүйлийн 48.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, тус сумын Засаг даргын тамгын газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас зарласан 1 дугаартай “Манай орц” төсөл (камержуулалт)-ийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын гүйцэтгэгчээр “Н” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны ... дүгээр сарын ...-ний өдрийн 2 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл болон Сайншанд сумын Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын “Н” ХХК-тай байгуулсан “Манай орц” төсөл камержуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Тендерийн үнэлгээний хороонд тендер шалгаруулалтыг дахин үнэлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРЦЭЦЭГ