| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Д.Мөнхтогоо,
Шүүгдэгч Б.Энхбат, /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Батмөнхийн Энхбатад холбогдох эрүүгийн 1809000000139 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн Зуун модны задгайн 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 8 удаагийн ял шийтгэлтэй,
-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 346 дугаартай шүүгчийн захирамжаар Бичээч овогт Батмөнхийн Энхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлсөн, Бичээч овгийн Батмөнхийн Энхбат /РД:ШЗ78073115 /
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Энхбат нь 2018 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эгшиглэн" караокегоор үйлчлүүлж байсан иргэн А.Алтанчимэгийн "Самсунг жи 5" загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 520.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв…” гэв.
Эрүүгийн 1809000000139 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Энхбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эгшиглэн” нэртэй караоке руу “Жоби” төвийн урд талд ТҮЦ-нд зогсдог Сүхбаатар гэдэг залуутай хамт орсон юм. Тэгээд ороод бид хоёр эхлээд хоёулахнаа сууж байсан юм. Манай ширээний ард талын ширээн дээр 3 хүүхэн сууж байгаад 2 хүүхэн нь түрүүлж яваад нэг хүүхэн үлдсэн. Тэгтэл тэр хүүхэн эхлээд Сүхбаатарыг дуудаад “та хоёр наашаа суучихаач” гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хоёр юм ярьж сууж байхад нь би яг хажууд нь сууж байсан. Тэгээд тэр хоёр ариун цэврийн өрөө явсан ба тэр хүүхэн цүнхээ куртктэйгээ хамт ширээн дээр гаргаж тавьсан. Тэгээд ариун цэврийн өрөө ороод нэлээн удсан ба би тэр хороонд нь тэр хүүхний цүнхэнд нь байсан точтой гар утсыг аваад унтраачихсан. Тэгтэл тэр хоёр удалгүй ирээд нөгөө хүүхэн “миний утас алга болсон байна өг” гэж хэлэхээр нь “би аваагүй, мэдэхгүй” гэсэн ба “цагдаа дуудлаа” гэхээр нь би “цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа ирээд бид нарыг энд авчирсан. Цагдаа миний биед үзлэг хийж гар утсыг миний өмсөж явсан хар өнгийн куртканы ханцуйнаас авч хохирогчид хүлээлгэж өгөөд намайг эрүүлжүүлэхэд хийсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хохирогч А.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Хажуу ширээний 2 залуу ирээд манай ширээн дээр танилцаад суугаад бид нар цуг дуулсан. Тэгээд утсаар ярьж байгаад утсаа цүнхэндээ далд хийгээд ариун цэврийн өрөө орсон. Тэгээд эргээд ирэхэд миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан. Цагдаа манай ширээн дээр хамгийн сүүлд ганцаараа сууж байсан залууд нэгжлэг хийхэд миний гар утас баруун талын ханцуйнаас нь гараад ирсэн. Хамт явж байсан залуу нь ч гэсэн мэдээгүй байсан. Би өөрийн гар утсаа буцаагаад авчихсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...
“Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 520.000 /таван зуун хорин мянга төгрөг/-р үнэлэгдэв…” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...
“ Шаргал өнгийн урдаа самсунг гэсэн бичигтэй, хойд хэсэгтэй самсунг гэсэн бичигтэй, имэй 352085-09/424084/8, 352086/09/424084/6 гэсэн бичигтэй, утсанд харагдах сэвгүй, шаргал өнгийн саатай гэртэй байсныг А.Алтанчимэгт хүлээлгэн өгөв…” гэжээ /хх-ийн 05 дугаар хуудас/
Илтгэх хуудасны тэмдэглэлээр: “...Алтантуул овогтой Алтанчимэг нь “Эгшиглэн” караокед үйлчлүүлж байх үедээ гар утсаа хулгайд алдсан байсныг Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Архустайн зуслангийн 5 тоотод суух Батмөнх овогтой Энхбат нь /ШЗ78073115/ хулгайлан авч баруун гарын ханцуйнд нуусан байсныг илрүүлж...а/а Д.Энхсайхан, д/а Б.Мөнхжаргал ...” гэжээ /хх-ийн 04/
Шүүгдэгч Б.Энхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Энхбат нь 2018 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эгшиглэн" караокегоор үйлчлүүлж байсан иргэн А.Алтанчимэгийн цүнхнээс "Самсунг жи 5" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 520.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Алтанчимэгийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа хүлээн мэдүүлж, хохирогчоос эд зүйл болох гар утсаа алдсаныг мэдүүлж, холбогдох цагдаагийн байгууллагад хандсаны дагуу цагдаагийн албан хаагч нь шүүгдэгчээс гар утсыг хураан авсаныг илтгэх хуудсанд тусгаж, тухайн эд хөрөнгө болох гар утсанд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн /буцаан өгсөн/ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Энхбатын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Энхбатад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан хохирогч А.Алтанчимэг бичгээр гаргасан хүсэлтдээ “...гар утсаа буцаан авсан, хохирол гомдолгүй...” /хх 60/ гэсэн баримтаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Энхбат цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.