Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/61

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* /цахим/

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох *******18002680603 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

- Шүүгдэгч ******* нь 20******* оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 00 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Дархан- Өргөө” сургуулийн замын эсрэг талын жалганаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг түүж бэлтгэн, мөн өдрөө Дархан- Уул аймаг, Дархан сумын ******* дугаар баг ******* дугаар байр ******* тоотод өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай 334,9 грамм, цэнхэр өнгийн гялгар ууттай 52,2 грамм, “дээж” гэж хаягласан 1,9 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

- Ялтан ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

- Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ”гэж заасны дагуу гэм буруутайд тооцсон.

******* нь хувьд анхнаасаа гэм буруу дээр маргаагүй, хэргийн үйл байдлын талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтвортой мэдүүлдэг, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар зөв үнэлж дүгнэсэн ба ******* нь БНХАУ-д суралцдаг, гэмт хэрэгт холбогдсоноос хойш суралцаж чадахгүй байгаа, төрсөн эх Ш.Хулан нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр харамсалтайгаар, өвчний улмаас нас барсан ба Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хориглосноос шалтгаалж тул *******ын хувьд төрсөн эхийнхээ компани, бусад эд зүйлсийг цэгцлэх, цаашид БНХАУ-д суралцах, буяны ажлын 21, 49 хоногийг өнгөрүүлж ээжийнхээ буяны үйлийг гүйцээх, явуулж байсан бизнес, компанийг цэгцлэх, ганц үлдсэн төрсөн дүүгээ харж хандах зайлшгүй нөхцөл үүссэн, анхан шатны шүүхэд хяналтын прокурорын зүгээс тэнсэн харгалзах ялыг санал болгосон зэрэг үйл байдлыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар ******* авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хориглох эрхийг хязгаарлах ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу тэнсэн харгалзан ялаар сольж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Шүүгдэгч нь хэргийн талаар тогтвортой байдлаар мэдүүлдэг, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Шүүгдэгч нь хар тамхитай холбоотой сургалтад суусан, энэ талаар сэтгэл зүйчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргасан. Миний зүгээс тэнсэн харгалзах ялын үр дагаврыг үйлчлүүлэгчдээ маш сайн тайлбарлаж ойлгуулсан. ын ээж нь залуу хүн боловч хөлөндөө гэмтэл авсны улмаас идээлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч сайжралгүй гэнэтийн байдлаар нас барсан. Энэ нь болон түүний дүүд маш том цохилт болсон. Дархан-Уул аймгаас гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа учраас давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх нь шүүгдэгч ын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан давж заалдах гомдлыг хангаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч С. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн. Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, үүрэг хүлээлгэх саналыг гаргаагүй, төрсөн эх болох н. донор болох тухай хувийн байдлыг нь харгалзан зорчих эрх хязгаарлах ял санал болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх тул хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* нь 20******* оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Дархан Өргөө” сургуулийн замын эсрэг жалганаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг түүж бэлтгэн, мөн өдрөө Дархан-уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод байх өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл ургийн үзүүлэлт ...”том өрөөний ертөнцийн зүгээр хойд хэсэгт гал тогооны тавилга байрлуулсан байх ба өрөөний гол хэсэгт тавилга байрлуулсан байх бөгөөд ширээний доод хэсэгт цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг “3”, “2” цифр тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, үзлэгийн тэмдэглэлээр хураан авав. Ширээний тавцан дээр 2 ширхэг тариур болон утааны үнэр дарагч, чихэвч цэнэглэгч гэх мэт зүйл байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” /1хх-6, 7-9 /,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай мөрдөгчийн санал /1хх-10/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-26-28/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-22/

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  20******* оны 09 дүгээр сарын 05 /1хх-12/

******* нь Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 1 дүгээр давхарт байрлах ОО-ийн өрөөнд оруулж 10 төрлийн /FTY, MOP, BZO, MET, THC, KET, TRA, MDMA, COC, AMP/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглах талаар тестийн битүүмжлэлийг ******* уутыг задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглаж үр дүнг хүлээв. 10 минутын дараа ТНС хэсгийн ТС түвшинд улаан зураас эерэг илэрсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 20******* оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4381 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-44-46/-ийн

2.Шинжилгээнийд ирүүлсэн ******* ТА01292611 20*******...26” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв.

3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 4385 дугаар дүгнэлтийн...1, 2, 3. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж” гэж хаягласан цагаан цаасанд хийж ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9  тетрагидроканнабинол / delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 жагсаалтад багтсан болно.4. 5. Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.9 грамм байна./1хх-74-76/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 4386 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-81-83/

2. дельта-9  тетрагидроканнабинол / delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. 

3.Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 жагсаалтад багтдаг болно.

4. Ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 59.7 грамм, цэвэр жин нь 52.2 грамм болов.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 4387 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-87--89/

1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяггүй цэнхэр өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 жагсаалтад багтдаг болно.

4.5 Шинжилгээнд ирүүлсэн нойтон бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 334.9 грамм байна” зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч *******ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгч, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгосон, тухайн гэмт хэргийг ухамсарлан сайн дураараа өсвөр үе, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах, стресс, сэтгэл хөдлөлөө хянахад туслах амьдрах ухааны сургалтад хамрагдсан зэргийг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс сонгож хэрэглэсэн нь зөв болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж тодорхойлж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах чухал үүрэг нь гэмт этгээдийг нийгэмшүүлж бие хүн болгон төлөвшүүлэхэд чиглэгдэх учиртай.

Иймээс шүүгдэгч *******ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын  хор уршиг, хөнөөлийг өсвөр үеийнхэнд таниулж ойлгуулах чин эрмэлзэл, Дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал, ар гэрийн гачигдлын улмаас завсардсан сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгааг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөн хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар тэнссэн хүнд хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохыг шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “зан үйлээ засах”, 2.3-д “хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх”,  2.5-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт”-ыг тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах журмаар гомдол гаргасан өмгөөлөгч *******ын “зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар С. зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож, мөн мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай гэж,

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болго, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

5. Шүүгдэгч ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                                Б.МАНЛАЙБААТАР

                                                                          З.ТӨМӨРХҮҮ