| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0827/З |
| Дугаар | 128/ШШ2025/0920 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0920
2025 12 08 128/ШШ2025/0920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Маргааны төрөл: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Б******* ХХК-ийн Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот хариуг хууль бус болохыг тогтоолгох, Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Дорноговь аймгийн И сумын Ц нэртэй газарт орших 109 гектар талбайд Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Б******* ХХК-д анх олгосон.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу манай компани 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хариуцагчид гаргасан нь кадастрын бүртгэлийн NM- дугаарт бүртгэгдсэн.
Уг өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр", 25.1.7-д заасан "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэсэн баримтуудыг бид хавсарган өгч чадаагүй. Учир нь компанийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр хүргүүлсэн бөгөөд тус зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ХХ- дугаар шийдвэрээр шинжээч томилж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарч, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын хуудас олгогдсон боловч тус зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байсан тул арга буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх эцсийн өдөр өргөдлөө гаргасан. Түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгддэг тул уг баримтыг мөн өргөдөлд хавсаргах боломжгүй байсан.
Хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай албан тоотоор Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу байгаа тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нөхцөл үүсэж байгаа болон сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдсэн. Мөн үүнтэй ижил утга бүхий 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн , 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан тоотуудыг ирүүлсэн ба компанийн зүгээс тухай бүрд нь нөхцөл байдлыг тайлбарлаж байсныг хариуцагч байгууллага хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар манай хайгуулын ажлын үр дүнг хэлэлцүүлэхээр болсон.
Гэтэл ийнхүү зөвлөлийн хурлаар оруулсан атлаа дүгнэлтэд гарын үсэг зурагдаж албажин гараагүй байхад Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын мөн өдрийн тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Компанийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын 82 дугаартай шийдвэрт холбогдуулан 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 37, 38 дугаартай албан тоотоор хариуцагч болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох гомдлыг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэх хариу өгсөн.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ХХ- дугаар хуралдаанаар манай компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж ХХ- тоот дүгнэлт гарсан бөгөөд Үндэсний геологийн албаны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тоот "Нөөц бүртгэх тухай" тушаалаар хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь ордын геологийн нөөцийг хүлээн авч улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн. Мөн эдгээр баримт бичгийг үндэслэн 2025 оны 05 дугаар сард байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тоот "Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай" албан тоотоор манай компанид ирүүлсэн юм.
Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан өргөдөлд хавсаргах баримт бичгүүд бүрэн бүрдсэнээр компани 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан тоотоор хариуцагчид хандаж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоотоор "хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн. Компани уг хариуг хүлээн авмагцаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргахад 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай албан тоотоор "гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариу өгснийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад байна.
Манай компани *******Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хуульд заасан хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлт гарсан, мөн хуулийн хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч 2 жилийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарч нөөц бүртгэгдсэнээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэж, өргөдөл гаргаснаас хойш 5 жилийн дараа хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангагдаж буй асуудал нь төрийн байгууллагын хүнд суртал, удаашралтай байдал, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоогүй, үүссэн нөхцөл байдлын талаарх тайлбарыг судлан үзэлгүй шийдвэр гаргадаг байдлаас шууд хамааралтай гэж үзэж байна. Үүнээс шалтгаалж манай компани асар их хөрөнгө, хүч хөдөлмөр зарж 12 жилийн хугацаанд хайгуул хийсэн, нөөц тогтоолгосон талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, үйл ажиллагаа явуулах хуулиар олгогдсон эрхийг зөрчөөд байна.
Иймд Б******* ХХК-ийн Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн татгалзал буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, "Б" ХХК-ийн Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү.” гэв.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “12 жилийн хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл дуусах байсан. Үүнээс өмнө хуульд заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын зөвшөөрөл авахаар материалаа бүрдүүлж эхэлсэн.
Хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай баримтууд бүрдээгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гарган, Ашигт малтмал, газрын тосны газрын бүртгэлд бүртгүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч компаниас хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй байх хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандан, тайланд дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу шинжээч томилогдсон боловч дүгнэлт гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт гараагүйгээс хамааран Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан шаардлагатай баримтуудыг дутуу өгсөн байгаа.
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын хуудас бичигдэн, шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч, мэргэжлийн зөвлөлийн хурлаар манай асуудал хэлэлцэгдсэн. Хариуцагч байгууллагаас 2022 оны 10 дугаар сард сонсох ажиллагаа хийх талаар манай компанид мэдэгдсэн бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 10 дугаар сарын 27-ны хурлын товд орчихсон талаар тайлбарлаад түр хойшлуулах боломжтой эсэхийг тодруулж, тайлбар өгсөн.
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, нөөцийн тайланг хүлээж авахаар шийдвэрлэсэн. Үүнээс хойш мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт бичгээр гараагүй хүлээгдээд 2025 онд дүгнэлт гарч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Геологийн үндэсний албаны даргын нөөц бүртгэх тухай дугаартай тушаалаар манай компанийн ордын геологийн нөөцийг хүлээн авч улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн.
Нөөцөд хүлээн авснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх нөхцөл бүрдэж, 2025 оны 05 дугаар сард байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийн, дүгнэлт гарснаар манай компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг бүрэн бүрдсэн гэж үзэн, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 25 тоотоор хариуцагч байгууллагад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байгаа. Хариуцагч 06 дугаар сарын 19-ний өдөр дугаартай албан тоотоор дутуу материал бүрдүүлсэн гэх шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Кадастрын хэлтсийн газрын 82 тоот дугаартай шийдвэрээр тусгай ашиглалтын зөвшөөрөл олгохоос татгалзсан, Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хүсэлтийг хүлээн аваагүй.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаас өмнө хяналтын хуудас хийгдэн гарчихсан. Гомдол гаргасан боловч материал дутуу гэх хариуг дахин ирүүлсэн. Бидний зүгээс 2025 онд материал бүрэн бүрдсэн гэж үзэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргасан. Манай компани хуульд заасны дагуу 12 жил хайгуулын тусгай зөвшөөрлөөр цаг зав, мөнгө санхүү гарган хайгуулын үйл ажиллагаа эрхэлчихсэн бөгөөд хуульд заасан бусад этгээдүүдээс онцгой эрхтэйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх хуулиар олгогдсон. Эрхээ хэрэгжүүлэх үүднээс хуульд заасан хугацаанд шинжээч томилуулах асуудлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр 2020 онд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргасан бөгөөд тухайн үе нь цар тахлын цаг үетэй таарч байгаа. Төрийн байгууллагын хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэдэггүй уддагаас шалтгаалан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх онцгой эрхээ эдлэх цаг хугацааг алдсан гэж үзэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2020 онд шинжээч томилсон боловч 2022 онд дүгнэлт гаргасан нь ковид цар тахлын хөл хорио тогтоосон нийтэд илэрхий үйл баримттай холбоотой. Үүнтэй холбоотойгоор шинжээч дүгнэлт гаргахгүй удсан байх.
Тухайн үед компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн байдал хэцүү болж эхэлсэн. Эдгээр нөхцөлүүдээс хамааран Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн аван, нөөцөд бүртгэсэн бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй болно. Хугацаа хэтэрсэн асуудлын хариуцлагыг зөвхөн нэхэмжлэгч талд ногдуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
2.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Б******* ХХК-ийн Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн татгалзал буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, "Б" ХХК-ийн Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах" гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1/ Төрийн захиргааны байгууллага Дорноговь аймгийн И сумын нутагт орших "Ц" нэртэй 109.15 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1392 дугаар шийдвэрээр Б******* ХХК-д олгожээ.
2/ Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т "Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд 25.1.2-т тухайн этгээд энэ хуулийн түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 25.1.5.хайгуулын 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт; ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр; 25.1.6.хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт; 25.1.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; гэж хуульчилсан. Нэхэмжлэгч Б******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн дээр дурдсан заалтад заасан баримтуудыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсарган ирүүлээгүй байна.
3/ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б******* ХХК- д дугаартай албан бичгээр мэдэгдэж мөн оны 10 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан байна.
5/ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих" гэж заасныг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр Дорноговь аймгийн И сумын нутагт орших "Ц" нэртэй 109.15 га талбай бүхий МN- дугаартай өргөдлийг хянаж үзээд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.
6/ Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Б******* ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 татвар төлөгчийн тодорхойлолт, 25.1.3 талбайн зураг, 25.1.5 ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6 хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7 байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ бүрдүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсарган ирүүлээгүй байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр Дорноговь аймгийн И сумын нутагт орших "Ц" нэртэй 109.15 га талбай бүхий МN- дугаартай өргөдлийг хянаж үзээд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* ХХК нь Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот хариуг хууль бус хэмээн маргаж, Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй бөгөөд 25 дугаар зүйлийн 25.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд 25.1.1. хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт, 25.1.2.тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт, 25.1.3. талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр, 25.1.4. үйлчилгээний хөлс төлсөн баримт, 25.1.5. хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6. хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргахаар заасан.
2. Б******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1392 дугаар шийдвэрээр эзэмшиж эхэлсэн, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны хүртэл сунгагдсан, Дорноговь аймгийн И сумын нутагт байрлах 109 гектар талбай бүхий Ц нэртэй ашигт малтмалын хайгуулын Х /ХВ0/ дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтааж 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр NM- дугаарт бүртгэгдсэн өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр", 25.1.7-д заасан "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэсэн баримтын бүрдлийг хангуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарсан шалтгаан, нөхцөлөө тайлбарласан байдаг.
Тодруулбал, хуулийн 25.1.5-д заасан "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр" бүрдээгүй шалтгаан нөхцөлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр хүргүүлснийг, тус зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ХХ- дугаар шийдвэрээр шинжээч томилсныг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарсныг, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын хуудас олгогдсоныг, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байгааг, түүнчлэн 25.1.7-д заасан "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ"-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, нөөц хүлээн авсан шийдвэрийн дараа гарах процесстой болохыг тус тус тайлбарласан байдаг.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн К-02 маягтаар 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гаргасан өргөдөлдөө хавсаргасан баримт бичгүүдэд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, тодорхойлолт”, 25.1.2 Монгол улсад татвар төлөгч болох нотолгоо, 25.1.3 талбайн зураг, 25.1.6 хайгуулын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан орон нутгийн тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтуудыг хавсаргасныг тэмдэглэсэн, өргөдлийг хүлээн авсан захиргааны байгууллага эдгээрээс 25.1.2 Монгол улсад татвар төлөгч болох нотолгоо, 25.1.3 талбайн зураг, 25.1.6 хайгуулын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан орон нутгийн тодорхойлолт ирүүлээгүй гэж тэмдэглэсэн.
Гэхдээ хариуцагч тусгай зөвшөөрлийн хувийн хэргээс 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гаргасан өргөдөлд хавсаргасан баримтыг ирүүлэхдээ хэвлэмэл хуудасгүй, огноо, дугааргүй, тус газарт хаяглагдсан тусгай зөвшөөрлийн талбай байрших Дорноговь аймгийн И сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Г*******ын 01-******* дугаартай улсын байцаагчийн тамга, гарын үсэгтэй “И сумын Ц нэртэй газарт Б******* ХХК нь ХВ0 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан” тодорхойлолтыг хуулбар үнэн тэмдэгтэйгээр шүүхэд ирүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.
4. Хариуцагч Кадастрын хэлтсээс 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ******* тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн шийдвэрлэлтийн талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ дээрх 25.1.5, 25.1.7 дахь заалтаарх баримт дутуу гэж, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр мөн энэ асуудлаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ дээрх 25.1.5, 25.1.7 дахь заалтаарх баримтаас гадна 25.1.6 дахь “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”-ыг эх хувиар ирүүлэхийг шаардсан, 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ******* тоот албан бичгээр мөн энэ асуудлаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ дээрх 25.1.5, 25.1.6, 25.1.7 дахь заалтаарх баримтаас гадна 25.1.2 дахь “тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт”, 25.1.3 дахь “талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр” талаарх баримт ирүүлэхийг шаардсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь Монгол улсад татвар төлөгч болох нотолгоог татварын албанаас 2020 оны 10 дугаар сарын 30-нд авсан, өөрөөр хэлбэл энэ шаардлага өргөдөл шийдвэрлэлтийн явцад хангагдсан.
Өргөдөл шийдвэрлэлтийн явцын сонсох ажиллагааны мэдэгдэлд тухай бүрд нь тусгай зөвшөөрөл эзэмшигч 2021 оны 2 дугаар сарын 26-нд 21/02, 2021 оны 6 дугаар сарын 30-нд 21/02 тоотоор нөхцөл байдлыг тайлбарласан байдаг.
5. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ХХ- дугаар шийдвэрээр шинжээч томилж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарч, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын хуудас олгогдсон боловч тус зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байсан нь тогтоогдож байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 76 дугаартай хяналтын хуудсаас үзвэл 2022 оны 9 дүгээр сарын 23-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр, тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгавар болсон ч хайгуулын тусгай зөвшөөрөл системд хүчин төгөлдөр бүртгэлтэй хэвээр байгааг мэргэжлийн зөвлөлийн гишүүд, эрх бүхий этгээдүүд 2022 оны 9 дүгээр сарын 22-23-нд тэмдэглэсэн, 39 дугаартай хяналтын хуудсаас үзвэл мэргэжлийн зөвлөлийн гишүүд, эрх бүхий этгээдүүд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авахаар 2022 оны 12 дугаар сарын 23-нд, технологийн туршилтын ажил, шинжилгээний дүнтэй танилцсаныг 2024 оны 6 дугаар сарын 24-нд тэмдэглэсэн байдаг.
6. Хариуцагч Кадастрын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр хүргүүлсэн “NM- дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын хайгуулын Х /ХВ0/ дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх” сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22/38 тоотоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэхээр товлосныг тайлбарласан байх ч энэ бодит нөхцөл байдлыг хариуцагч төрийн захиргааны байгууллага үл харгалзан Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” шийдвэр гаргаж, шийдвэрийн дагуух тоот мэдэгдлийг Б******* ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн байдаг.
Улмаар уг шийдвэрт холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах, захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамаарах бодит нөхцөл байдлыг тайлбарлан 2022 оны 12 дугаар сарын 15-нд 38 тоотоор гомдол гаргасан ч Кадастрын хэлтэс болон Ашигт малтмал, газрын тосны газар гомдлыг үл хэрэгсжээ.
7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийдвэрт тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь “тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт”, 25.1.5 дахь “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.6 дахь “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 25.1.7 дахь “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” бүрдүүлж ирүүлээгүй гэж NM- дугаартай өргөдлөөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
Мөн дээрх Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийдвэрийн дагуу Б******* ХХК-д хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тоот мэдэгдэлд “25.1.2, 25.1.5, 25.1.6, 25.1.7-д заасан шаардлага хангаагүй”-г дурдсан.
Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлд 25.1.3 дахь “талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр” талаарх баримтыг дутуу гэж үзээгүй, энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэх тухайн төрийн захиргааны байгууллагад байдаг мэдээлэл бөгөөд тиймээс ч Кадастрын хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр талбайд зураг зүйн шүүлт хийсэн байдаг.
8. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ХХ- дугаар хуралдаанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээн авсан ч тухайн өдрийн ХХ- тоот дүгнэлтийг бичгээр гарснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12/5598 тоот албан бичгээр Үндэсний геологийн албанд хүргүүлсэн, өөрөөр хэлбэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ХХ- дугаар дүгнэлт бичгээр албажиж гарснаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний геологийн албанд хүргэгдсэн байна.
9. Үндэсний геологийн албаны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр "Нөөц бүртгэх тухай" тушаалаар хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь ордын геологийн нөөцийг хүлээн авч улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн байдаг.
10. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр" тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах, төрийн захиргааны байгууллагаас шууд хамаарах шалтгаанаар бодит нөхцөл байдалд 2025 оны 1 дүгээр сарын 14-нд бүрдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.
11. Улмаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн хийгдэх төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандаж, тус яамны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид "Ерөнхий үнэлгээний дүгнэлт” -ийг ирүүлснээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасан "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэсэн баримтын бүрдэл ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах нөхцөл байдлаар хугацаа алдаж хангагджээ.
12. Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан өргөдөлд хавсаргах баримт бичгүүд бүрдсэнээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж, К-01 маягтаар өргөдлөө гаргаж баримтуудыг хавсаргасан.
13. Кадастрын хэлтэс маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр “...ашигт малтмалын хайгуулын ХВ-0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн бүрдүүлбэр дутуу өргөдлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.5, 25.1.6, 25.1.7-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн” гэж, улмаар “ХВ0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бүртгэлтэй, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хариу өгчээ.
14. Маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр татгалзсан үндэслэл тус бүрд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
14.1. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинэчилж К-01 маягтаар гаргасан өргөдөлд хавсаргасан баримт бичгүүдэд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм”, 25.1.2 Монгол улсад татвар төлөгч болох нотолгоо, 25.1.3 талбайн зураг, 25.1.5 Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, нөөц хүлээн авсан шийдвэр, 25.1.6 хайгуулын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан орон нутгийн тодорхойлолт, 25.1.7 байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтуудыг хавсаргасан хэмээн тэмдэглэсэн, өргөдлийг хүлээн аваагүй тул захиргааны байгууллагаас маягтад ямарваа тэмдэглэгээ хийгдээгүй.
14.2. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөлд хавсаргах баримтаас 25.1.3 дахь “талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр”-ийн мэдээлэл татгалзсан үндэслэлд хамаараагүйн дээр хариуцагч төрийн захиргааны байгууллагад өөрт нь хадгалагдах мэдээлэл болохыг шүүх дээр дүгнэсэн, уг зураг хэрэгт авагдсан, 25.1.4 дэх үйлчилгээний хөлс төлсөн баримтын тухайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичигт “2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тусгай зөвшөөрлийн хүссэн өргөдөл гаргахдаа тусгай зөвшөөрөл болон үйлчилгээний хөлс төлсөн баримтын эх хувийг тушаасан, буцааж аваагүйг дурдсан байдаг.
14.3. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь Монгол улсад татвар төлөгч болох нотолгоог татварын албанаас 2020 оны 10 дугаар сарын 30-нд авсан байсан тул энэ шаардлага маргаантай энэ хугацаанд хэдийн хангагдсан байсан.
14.4. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хайгуулын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан орон нутгийн тодорхойлолт хавсаргах шаардлага хангагдсан. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газарт хаяглан тусгай зөвшөөрлийн талбай байрших Дорноговь аймгийн И сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Г******* 01-******* дугаартай улсын байцаагчийн тамга, гарын үсэгтэй “И сумын Ц нэртэй газарт Б******* ХХК нь ХВ0 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан” тодорхойлолт, “хайгуулын талбайд 2019 онд байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан” тодорхойлолт, “хайгуулын талбайд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд татгалзахгүй” тодорхойлолт ирүүлснийг 2020 оны 9 дүгээр сарын 30-нд гаргасан өргөдөлд хавсаргасан байсан, тус сумын Засаг дарга 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 05/37 тоот албан бичгээр “2018 онд хийгдсэн хайгуулын ажил нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээгүйг”, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 01/225 тоот албан бичгээр “хайгуулын талбайд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд татгалзахгүйг” тус тус тодорхойлсон нь дээрх шаардлагыг хангасан гэж үзнэ.
14.5. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, нөөц хүлээн авсан шийдвэр, 25.1.7 дахь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамаарах нөхцөл байдлаас ийнхүү хугацаа алдаж бүрдсэнийг дээр дүгнэсэн, эдгээр баримтыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К-01 маягтаар гаргасан өргөдөлд хавсаргасан байх тул хуулийн энэ шаардлагыг хангасан гэж үзнэ.
15. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К-01 маягтаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот хариу Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх 26 дугаар зүйлийн 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өгнө” гэсэнд нийцээгүй тул хууль бус гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өгнө” хэмээн 25.1-д заасан шаардлага хангаагүй хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаахаар, 26.3.4-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана” гэж талбайн давхцал үүсвэл тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахаар, 26.4-т “тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүлээн авсан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж эхний жилийн төлбөрөө төлөөгүй бол өргөдлийн бүртгэлээс хасахаар өөр өөрөөр зохицуулсан, өөрөөр хэлбэл 25.1-д заасан баримт бичиг дутуу тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргагчид өгөхөөр байхад хариуцагч төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь, улмаар уг шийдвэрт гомдол гаргах хугацаа дуусгавар болсон үндэслэлээр шинээр гаргасан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн дээрх зүйл, заалтыг буруугаар хэрэглэсэн шийдвэр болжээ.
16. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К-01 маягтаар гаргасан өргөдөлд Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоотоор “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй гэж үзнэ. Учир нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны захиргааны актад тусгай зөвшөөрөл эзэмшигч бодит нөхцөл байдлыг тайлбарлан хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 15-нд 38 тоотоор гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн талаар дээр дүгнэсэн.
17. Шинжээч тусгай зөвшөөрлийн талбайд очиж дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны ирц хангахад Ковид 19 цар тахлын улмаас Засгийн газрын тогтоолоор 2020-2022 онд улсын хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх талуудын тайлбарыг шүүх хүлээж авсан.
18. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл арилсан, өргөдөл шийдвэрлэхээс татгалзсан үндэслэл үгүйсгэгдсэн, захиргааны байгууллагаас өргөдлийг шийдвэрлэхээс татгалзах өөр үндэслэл гаргаж маргаагүй тул хуульд заасан шаардлагыг хангуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан болохгүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.31, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8 дахь заалтыг баримтлан Б******* ХХК-ийн Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тоот хариуг хууль бус болохыг тогтоож, Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хуульд заасан шаардлагыг хангуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА