Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 309/ШШ2025/00884

 

 

 

 

  2025              08            14                                       309/ШШ2025/00884

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн асрамж тогтоолгох, нэр, төр, сэтгэл санаанд халдсан зураг, нийтлэл олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг  даалгуулах тухай”  шаардлагатай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2017 онд *******тай танилцаж, улмаар бэлгийн харилцаанд орсон. Хэд хоногийн дараа ******* надаас жирэмсэн болсноо хэлсэн. Тухайн үед бид хоёр ярилцаад, гэр бүл болох бодолгүй байсан учир үр хөндүүлэхээр болж, би эмнэлгийн зардалд 300,000 төгрөг өгөөд салцгаасан. Энэ явдлаас хойш ямар нэг харилцаагүй байснаа 2021 онд нэг орой *******аас миний Фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт илгээж, чат бичээд “тухайн үед үр хөндүүлээгүй, хүүхдээ төрүүлсэн” гэдгийг хэлж, хүү надтай уулзуулья гэж холбогдсон. Би ганц бие байсан болохоор хүүхдийг эцэггүй өсгөөд яахав гэсэн бодлоор *******тай амьдрал зохиохоор болсон. ******* “хүү гадна гэдэг бага ангийн нэг охинтой, тэр охиныгоо аав дээрээ байдаг" гэж байсан.

Би 2022 оны зун аймагт нэг уурхайд маркшейдер инженерийн ажилд орсон. Үүнээс хойш би хоногийн рестороор ажилдаа явдаг болсон. Амралтын үед бид хамтдаа манай эцэг эхийн гэрт байдаг, намайг ажилтай үед ******* өөрийнхөө эцэг эхийн гэрт байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 13-нд охин ******* мэндэлсэн. Одоо 8 сартай. Гэвч хамтран амьдрах хугацаанд амьдралын үзэл бодол, хандлага, зан харилцаа таарахгүйгээс болж үе, үе хэрүүл маргаан үүсэж, хурцдаж, даамжирсаар цаашид гэр бүл болж амьдрах бодолгүй болсон. Хамтын амьдрал хэрүүл маргаантай байсан учир гэр бүлээ албан ёсоор батлуулалгүй өдий хүрсэн. 2025 оны 4-р сард хэрүүл гараад би охинтойгоо, боож багласан хувцас хунараа аваад *******ын аавынхаас хөөгдсөн. 2 хоногийн дараа ******* охиноо авъя гээд ирэхэд нь би өгөөд явуулсан бөгөөд хамтын амьдрал, харилцаагаа дуусгая гэдгээ хэлсэн.

Түүнээс хойш ******* нь намайг хохироох гэсэн сэдлээр хувийн амьдралынхаа талаар намайг муухайгаар харагдуулах гэсэн агуулгатай янз бүрийн нийтлэлүүдийг бичиж, миний зургийг хавсарган өөрийн фэйсбүүк хаягнаасаа энд тэндхийн фэйсбүүк группууд дээгүүр тавих болсон бөгөөд энэ үйлдлээ улам өргөжүүлнэ гэж заналхийлж байна. Манай ажлын газрын болон сумын группууд дээр тавьж намайг ажлын хамт олон, нутаг усныхан, танил найз нөхдийн хүрээнд нүүр хийх газаргүй болгож байна. Мөн дахиад л “чи охиноо ав” гээд нялх охиноо надад авчирч өгснөө, хэд хоноод ирж авсан. Энэ мэтээр нэг өдөр намайг “хүүхдээ ав” гэснээ, дараагийн өдөр “хүүхдээ чамд өгөхгүй” гэдэг болж байна. Энэ бүх хэрүүл, маргаан болон нялх хүүхдээ нааш цааш нь болгон зовоож, намайг олон нийтийн цахим орчинд муу муухайгаар бичин тарааж байгаа нь миний болон эцэг, эхийн маань сэтгэл санааг хямрааж, сэтгэл санааны шаналалд автуулж, асар их хохироож, сэтгэл санаанд гэм хор учруулж байна. Иймд би *******тай хамтын амьдралаа дуусгахын тулд хүүхдүүдийн асрамж, тэжээн тэтгэх асуудлыг албан ёсоор шүүхээр тогтоолгохын зэрэгцээ миний сэтгэл санаанд гэм хор учруулж буй *******ын үйлдлийг таслан зогсоолгох арга хэмжээ авхуулах шаардлагатай болоод байна. Иймд 2018 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн хүү эх *******ын, 2024 оны 09 дүгээр сарын 13-нд төрсөн охин Э.г эцэг Г.******* асрамжид байлгахаар тогтоож өгнө үү. Мөн миний нэр, сэтгэл санаанд халдсан мэдээлэл болон гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байхыг үүргийг хариуцагч О.******* даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хоёр хүүхдээ нэг, нэгээр нь асрамждаа авах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн цахим орчимд мэдээлэл нийтлэхгүй байх шаардлагыг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрч байна.... гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаангүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэдийгээр гэрлэлтийн баталгаагүй боловч дундаасаа хоёр хүүхэдтэй, тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан. Улмаар амьдралын тодорхой шалтгааны улмаас тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Хариуцагч *******ын хувьд нялх хүүхэдтэй учраас сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалд орсон байх магадлалтай. Хүүхдээ ******* болон түүний ээжид үлдээж, санаад байна гээд буцааж авсан тохиолдол гарсан байсан. Нэгэнт гэрлэлтийн баталгаагүй хэдий ч хамтын амьдрал дуусгавар болж байгаа учраас хүүхдийн асрамжийн асуудлыг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Нэхэмжлэгчийн хувьд хүүхдийн асрамжийн асуудалд ямар нэгэн маргаан үүсгэхгүй, *******ын саналын дагуу шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээсэн тохиолдолд хүүхдийн тэтгэлэг төлөх эсвэл бага охиноо өөрийн асрамжид авахыг зөвшөөрч байгаа. Гагцхүү хүүхдийн асрамжийн асуудлыг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх нь эцэг, эхийн хариуцлагатай холбоотой учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарч, хүүхдийн асрамжийг тогтоосон тохиолдолд хүүхэд бага байгаа, ******* хөдөө ажиллаж байгаатай холбоотойгоор *******тай харилцан ойлголцож, дэмжлэг хүсэх шаардлагатай. Г.******* ажилтай байх хугацаанд хүүхэд эмээтэйгээ байснаас өөрийн ээжтэйгээ хамт байсан нь зүйтэй гэж үзэж, дээрх асуудлыг ярилцаж байна. Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудлын тухай Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хүүхдийн асрамжийн асуудал яаж шийдвэрлэгдсэнээс үл хамааран хүүхэдтэйгээ уулзах, өвчтэй үед нь хүүхдээ хайрлаж халамжлах, хичээл сургуульд нь анхаарах зэрэг эцэг, эхийн үүрэг хариуцлага хуульд заасны дагуу хэвээр үлдэнэ.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар тусдаа амьдрах шийдвэр гаргаснаас хойш ******* нь Г.******* ажлын газрын групп, сумын групп-д хувийн амьдралтай холбоотой маргааны тухай болон сөрөг талаар мэдээлж, постууд бичсэн байсан. Тус үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт хүний сэтгэл санаанд дарамт учруулах үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Зөвхөн эмэгтэй хүн хүчирхийлүүлдэг гэдэг уламжлалт ойлголт байдаг боловч цахим сүлжээнд мэдээлэл нийтэлж байгаа *******ын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хууль бус үйлдэлд хамаарна. Иргэний шүүх нь ерөнхий харьяаллын буюу эрүү болон захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй маргааныг хянан шийдвэрлэдэг учраас дээрх үйлдлийг таслан зогсоох зорилгоор хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно гэж заасан.  Дээрх *******ын үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хориглосон үйлдэл бөгөөд мөн тухайн мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төрд халдсан агуулга бүхий мэдээллийн эзний зөвшөөрөлгүй, үнэн зөв эсэх нь шүүхийн шийдвэрээр нотлогдоогүй, хэвлэлийн эрх чөлөө буюу бусдын мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хамгааллын хүрээнд хамаарахгүй шинжтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хм 4-р тал/, цахим орчинд тавигдсан гэрэл зураг, нийтлэлийн хуулбар /хм 5-6-р тал/ Нэхэмжлэгч Г.******* өмгөөлөгч *******ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, хавсгаргасан баримт /хм 7-р тал/ Өмгөөлөгч *******ын хүсэлт /хм 8-9-р тал/ зэрэг болно.

5. Хариуцагчаас гаргасан нотлох баримт байхгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.******* холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, нэр, төр, сэтгэл санаанд халдсан зураг, нийтлэл олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг даалгуулах тухайнэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь  2017 онд *******тай танилцаж, тэдний дундаас 2018 оны 03 сарын 28-ны өдөр хүү А.Төгөлдөр  төрсөн, тэд  2021 оноос хамт амьдарч мөн 2024 оны 09 дүгээр сарын 13-нд  охин Э. төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй гэж заасан ба  2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү эх *******ын, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин  Г.г эцэг Г.******* асрамжид үлдээхэд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргахгүй байх тул хүү эх *******ын асрамжид, охин Г.Урансууг эцэг Г.******* асрамжид үлдээх нь зүйтэй байна

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин хүү эх *******ын асрамжид, охин Г.Урансууг эцэг Г.******* асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч, нэхэмжлэгчийн хувьд түүний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг, эх нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэйг баталгаажуулсан боловч хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ч мөн хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно гэж,  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараах аргаар хамгаална гэж, мөн хуулийн  9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заасан тул нэхэмжлэгчийн  Г.******* нэр, төр, сэтгэл санаанд халдсан зураг, нийтлэл олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг  даалгуулгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Мөн энэ шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн, маргадаггүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Алтансувдын Төгөлдөрийг эх *******ын, 2024 оны 09 дүгээр  сарын 13-ны өдөр төрсөн охин ******* г эцэг Г.******* ажрамжид тус тус үлдээсүгэй.  

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нэр, сэтгэл санаанд халдсан мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байхыг хариуцагч О.******* даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ