Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00043

 

 

 

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00043

 

Р.О, Н.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02997 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.О, Н.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д-4 Т-д холбогдох

Р.О 1 587 200 төгрөг, Н.Н 2 700 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Р.О, Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.О 1996 оны 10 дугаар сард Д-4 Т-д зуухан цехийн цахилгаан шүүлтүүрийн засварчнаар ажилд орж тасралтгүй 32 жил 2 сар ажилласан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын гуравдугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Д-4 Т-ийн захиргаа Р.Оийг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 15 872 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл дээрх нэг удаагийн тэтгэмжийг Р.Оийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн. Энэ талаар санхүүгийн албаны ажилтантай уулзахад тодорхой хариулт өгөөгүй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасны дагуу суутган авсан 1 587 200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн нэхэмжлэгч Н.Н 1983 оны 10 дугаар сард Д-4 Т-д машинт тоноглолын засварчнаар ажилд орж тасралтгүй 35 жил 2 сар ажилласан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-ын гуравдугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Д-4 Т-ийн захиргаа нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 27 008 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, ажлаас халагдсаны тэтгэмж 5 490 031 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн ба нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар суутган авсан 2 700 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.О Д-4 Т-д нийт 20 жил 8 сар, Н.Н Д-4 Т-д 35 жил 2 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 дугаартай Тушаал-аар Хөдөлмөрийн гэрээ-г цуцалж, ажлаас чөлөөлсөн. Д-4 Т-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээ-ний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Р.Оийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 15 872 000 төгрөг, Н.Нд нэг удаагийн мөнгөн тэтгэмж 27 008 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Монголын татварын албаны татварын дансанд хариуцагч байгууллага шилжүүлж, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.О, Н.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д-4 Т-иас Р.О 1 587 200 төгрөг, Н.Н 2 700 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.509 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх Хариуцагч Хамтын гэрээ-ний дагуу олгосон нэг удаагийн тэтгэмжээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасныг зөрчиж, хувь хүний орлогын албан татварын 10 хувь болох 1 587 200 төгрөгийг Р.Оээс, 2 700 800 төгрөгийг Н.Нгаас тус тус суутган авсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч нар нь Хамтын гэрээ-ний дагуу маргааны талаарх гомдлоо мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гарган шийдвэрлүүлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч Р.О, Н.Н нарын хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халж, өндөр насны тэтгэвэрт гаргаснаар дууссан. Үүнийг үндэслэн Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т зааснаар татвар авахыг хуулиар хориглосон байтал өндөр насны тэтгэвэрт гарсан Р.О, Н.Н нарын эрхийг ноцтойгоор зөрчиж татвар авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгч нарын буцалтгүй тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар хариуцагч маргадаггүй юм. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад хууль зөрчин татвар авч, Р.О, Н.Н нарын эрхийг зөрчсөн. Мөн хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар бус харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх ерөнхий хугацаагаар шаардлага гаргах хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.О, Н.Н нар нь хариуцагч Д-4 Т-д холбогдуулан Р.О 1 587 200 төгрөг, Н.Н 2 700 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тэтгэвэрт гарсан. Р.О, Н.Н нарт олгосон нэг удаагийн тэтгэмжээс 10%-ийн татвар суутган авсан нь хууль зөрчсөн гэж, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10%-иар тооцон суутгаж Монголын татварын албаны татварын дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч уг мөнгөө Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй гэж тус тус тайлбарласан маргасан байна.

Д төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан цахилгаан шүүлтүүрийн үнс зайлуулах тоноглолын засварчин Р.О, машинт тоноглолын засварчин Н.Н нарын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс цуцалж, тушаалын нэгдүгээр хавсралтаар Р.Од 15 872 000 төгрөг, Н.Нд 27 008 000 төгрөгийн тэтгэмжийг тус тус олгосон байна. /хх.36-37/ Хариуцагч байгууллага нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын 10 хувь нийт 4 288 000 төгрөгийг суутгасан үйл баримт тогтоогджээ.

Дээрх тушаалаар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Р.О, Н.Н нарыг өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлт гаргасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалснаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах маргааныг авч хэлэлцэхдээ мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийн хугацааг харгалзан үздэг. Харин анхан шатны шүүх ажил олгогчийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д Т-ийн Захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1, 12.2 дахь заалтуудыг үндэслэн ажилтанд олгосон тэтгэмжээс албан татвар ногдуулсан маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтад хамааруулан үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлнө гэж нарийвчлан заасан байх тул Д төрийн өмчит хувьцаат компани хувь хүний орлогын албан татварыг суутган авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Д-4 Т-аас 1 587 200 төгрөгийг гаргуулж Р.Од, 2 700 800 төгрөгийг гаргуулж Н.Нд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02997 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д-4 Т-аас 1 587 200 төгрөгийг гаргуулж Р.Од, 2 700 800 төгрөгийг гаргуулж Н.Нд тус тус олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-4 Т-аас 40 346 төгрөгийг гаргуулж Р.Од, 58 163 төгрөгийг гаргуулж Н.Н нарт тус тус олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханы 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /40 346+58 163/ нийт 98 509 төгрөг төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Ц.ИЧИНХОРЛОО