Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0934

 

2025        12           10                                   128/ШШ2025/0934   

 

 

                                  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Н******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ганчимэг,

Гуравдагч этгээд: Н******* овогтой Э******* /РД:/,

Маргааны төрөл: Ажил олгогч ажилтны цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй гэх зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Ч.Ганчимэг, гуравдагч этгээд Н.Э******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Номин-Эрдэнэ хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:  

1.1. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн Н.Э******* Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст “Н******* ХХК тогтоосон хугацаанд цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө олгоогүй” гэх гомдол 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ганчимэг дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,

2.2. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар Н******* ХХК-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчилд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.  

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “Н******* овогтой Э******* нь ажлаас гарахдаа амралтын өдрөөр ирж, компанийн бичиг баримт хүлээлгэж өгөөгүй авч явснаас үүдсэн маргаан. Компанийн эд хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөөд тооцоо хий гэхэд тэр чигээрээ явж Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гомдол гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хэргийг бодит байдалд тулгуурлалгүйгээр, нэг талд үйлчлэн байгууллагыг хохироосон байх тул шийтгэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.   

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмж тайлбарлахдаа: “Ажилтан ажлаа хаяж явсны дараа байгууллагын эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарсан бөгөөд түлхүүрийг хураалгасан, ажил хүлээлцэх ажиллагаа бүрэн хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Гэсэн хэдий ч дараа нь тухайн этгээд Хөдөлмөр, халамжийн байгууллагад гомдол гаргаж, хоёр сарын цалин олгоогүй гэж мэдүүлсэн. Харин бодит байдалд тухайн этгээд ажлын хугацаанд нэг ч өвчтөнд үйлчилгээ үзүүлээгүй, эмчилгээ, оношилгоо хийсэн тухай баримт байхгүй, эмнэлгийн үйл ажиллагаанд бодитоор оролцоогүй нь тогтоогдож байна. Мөн тухайн этгээд байгууллагын бичиг хэрэг, тамга тэмдэг хариуцаж байсан ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ, тушаал, ирсэн, явсан бичиг баримтыг бүрдүүлэх үүрэгтэй байсан боловч эдгээр баримт нь бүрэн бус, зарим нь огт байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүлээлцэх баримт тодорхойгүй, томилгоо, эрх олгосон тушаалын хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.

Энэ нөхцөлд уг маргаан нь захиргааны эсхүл иргэний эрх зүйн маргаан уу гэдгийг тодорхой ялгаж үзэх шаардлагатай. Хэрэв байгууллагын эд хөрөнгийг хууль бусаар авсан, ажлаа хаяж явсан үйлдэл тогтоогдвол цалин хөлс нэхэмжлэх нь хөдөлмөрийн бус, иргэний болон эрүүгийн шинжтэй маргаанд хамаарах боломжтой. Харин цалин, ээлжийн амралтыг нэхэмжлэх бол иргэний журмаар шүүхэд хандах бүрэн боломжтой бөгөөд энэ нь төрийн байгууллага зөрчлийн журмаар торгуулийн арга хэмжээ авах үндэслэл болохгүй.

Зөрчлийн хэрэг шалгах явцад холбогдогчийн эрхийг хангаагүй, хэргийн материалыг танилцуулаагүй, прокурорын хяналт бодитоор хэрэгжээгүй, нэг прокурорын гарын үсэгтэй баримтаас өөр нотолгоо байхгүй байгаа нь процессын ноцтой зөрчилд тооцогдоно. Хуулиар зөрчлийн хэрэгт оролцогчдод танилцах, тайлбар өгөх эрхийг заавал олгох ёстой бөгөөд уг эрхийг хангаагүй тохиолдолд шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл үүснэ. Мөн байгууллага болон албан тушаалтны хэний буруутай үйл ажиллагаанаас зөрчил үүссэн бэ гэдгийг тогтоогоогүй нь ноцтой алдаа юм. Байгууллагын буруутай үйл ажиллагаа гэдэг нь захирал Ш.Уянгын удирдлагын хүрээнд гарсан шийдвэртэй холбоотой байх ёстой бөгөөд жирийн ажилчдын үйлдлийг байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй. Хэрэв буруутай этгээд нь албан тушаалтан бол 500,000 төгрөгийн торгууль, харин байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдвол илүү өндөр торгуулийн асуудал яригдана. Иймд уг хэргийг дутуу шалгасан, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, процессын ноцтой зөрчил гаргасан нөхцөлд оногдуулсан шийтгэл нь хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шийтгэлийг хүчингүй болгох шаардлагатай гэж дүгнэж байна.” гэв.

3.3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би хуульд заасны дагуу 14 хоногийн дотор зөрчлийн хэргээ шийдвэрлэсэн учир хугацаа сунгах шаардлага үүсээгүй, прокуророос даалгавар ирүүлээгүй. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. Н.Э*******ын цалинг битгий өг гэсэн гэж тайлбарлаж байна. Ш. нь байгууллагын захирал буюу ажил олгогч бөгөөд анхнаасаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч, ажилтны хооронд гэрээ байгуулснаар үүсэх ёстой боловч уг шаардлагыг хангаагүй нөхцөлд хөдөлмөрийн харилцаа зөрчилтэй үргэлжилсэн байна. Гэсэн хэдий ч тухайн ажилтан бодитоор ажилласан нь цагийн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар нотлогдож, холбогдох томилсон, чөлөөлсөн тушаал гарсан, мөн өөрөө ажилласан тухайгаа мэдүүлгээр баталгаажуулсан. Ажилтан нэг жил ажилласан атлаа ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг олгоогүй, тооцоогүй тухайгаа мөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийг ажил олгогч тал зөрчлийн хэрэг хянан шалгах явцад хүлээн зөвшөөрч, хуульд заасан 14 хоногийн хугацаанд гомдол гаргагч Н.Э*******ын хоёр сарын цалин болон ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгосон байна. Энэхүү нөхөн олголт нь цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй, саатуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасан зөрчилд хамаарч байна.

Зөрчлийн хэрэгт байгууллагыг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр нягтлан бодогч оролцсон бөгөөд тухайн үед цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг олгоогүй нь хууль зөрчсөн болохыг тайлбарлаж, холбогдох хуулийн заалтыг танилцуулсан. Хэрэв зөрчил нь албан тушаалтны буруутай үйлдлээс үүдэлтэй бол 500,000 төгрөгийн торгууль ногдуулах боломжтой боловч уг тохиолдолд зөрчил нь ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалсан, тухайлбал анхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 5,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Энэ нь нягтлан бодогчийн тооцооны алдаа бус, ажил олгогчийн зохион байгуулалт, удирдлагын үүргээ биелүүлээгүйтэй холбоотой зөрчил юм.

Байгууллагын эд хөрөнгөтэй холбоотой маргаан, иргэний хэргийн шинжтэй асуудал байсан гэх тайлбар нь цалин хөлсийг хугацаанд нь олгох үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд зөрчлийн хэрэг хянан шалгах явцад 2025 оны 02 дугаар сарын цалин болон ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгосон нь ажил олгогч цалин хөлсийг саатуулж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрснийг нотолж байна. Нөхөн олголтын мөнгийг ажил олгогч Н.Э*******ын дансанд шилжүүлсэн баримт зөрчлийн хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан бөгөөд уг зөрчилд арга хэмжээ авсан нь хууль ёсны гэж дүгнэж байна.” гэв.

3.4. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нэр хүндийг гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй. Ямар нэгэн зүйл ярьж байгаа бол баримттай ярих ёстой. Ажлын өрөөний түлхүүр надад угаасаа байдаг. Хэзээ л бол хэзээ ажлын байранд орох боломжтой, эрхтэй учраас надад өгсөн байх.

Эмч хүн биш гэж хэллээ. Би Э******* их сургуулийг уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх сэтгүүл зүйн курсийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, 2 их сургууль төгссөн боловсролтой. Энэ эмнэлэг нь орлого байхгүй, орлогоороо цалингаа тавьдаг гэсэн байна. Тэгвэл үйл ажиллагаагаа болих хэрэгтэй. Яагаад хүмүүсийг ажилд аваад ажиллуулаад байгаа юм. Би 1,600,000 төгрөгийн цалинтай байсан.

Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орсон. Эмнэлгийн тамга надад байхгүй Tuersongjiang Abudakadeer гэх хүнд байдаг. Чөлөөлсөн тушаалыг 2025 оны 04 дүгээр сард гаргасан, 2025 оны 10 дугаар сард цалин, ээлжийн амралтын мөнгө нөхөж өгсөн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар,

1.1. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гомдол гаргагч Н.Э******* 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “...миний бие Н******* ХХК-д эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Ажилласан хугацаандаа ээлжийн амралтын мөнгө, 2025 оны 02 дугаар сарын цалин олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдэхгүй байгаа” гэх гомдол гаргаж,

1.2. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ганчимэг ******* дугаар зөрчлийн хэргийг нээж, шалган 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Н******* ХХК-ийг “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

Хоёр. Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэх бөгөөд шийтгэлийн хуудаст хариуцагчийн баримталсан мөн хуулийн “Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан” 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалт нь “ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулах заалт байна. Энэ заалтын объектив шинж нь ажилтны цалин хөлсийг олгоогүй, саатуулсан байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг шаардана.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 2-т хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд уг хуулийн тусгай ангид заасан тохиолдолд шийтгэл ногдуулахаар заажээ.

2.2. Ажил олгогч Н******* ХХК ажилтан Н.Э******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэж заасан хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан тус компанийн захирлын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр Н.Э*******ыг тус эмнэлгийн эмчилгээ хариуцах, бичиг хэргийн ажилтан ажлын байранд томилсон, цалинг 1,600,000 төгрөгөөр тогтоосон, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар Н.Э*******ыг 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс чөлөөлсөн тушаалаар болон тус компанийн 2025 оны 1, 2 дугаар сарын цалингийн хүснэгт, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, ажлын цаг ашиглалтын бүртгэлээр тогтоогдож байна.

2.3. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3. гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, 42.1.4. ээлжийн амралт эдлэх, 42.1.6. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах эрхтэй, энэ хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл 42.1.5-д зааснаар эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй, нөгөө талдаа ажил олгогч 43 дугаар зүйлийн 43.2.1. гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, 43.2.7. ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.

2.4. Ажлын цаг ашиглалтын бүртгэл, цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалтын тайлангаас үзвэл Н.Э******* нь 2025 оны 2 дугаар сарын 06-ныг дуустал хугацаанд ажилласан, ажилласан ажлын 4 хоногийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч тооцсон байна.  

2.5. Гэсэн хэдий ч ажил олгогч  Н******* ХХК ажилтан Н.Э*******д  ажилласан хугацаанд хамаарах ээлжийн амралтын мөнгө, 2025 оны 02 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хийгээгүй байсан нь энэ талаарх Н.Э*******ын гомдлоор Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн харьяаллын дагуу явуулсан зөрчил шалгах ажиллагаагаар цугларсан зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон байх тул  Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар “ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан” зөрчилд ажил олгогчид шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

2.6. Холбогдогчийн төлөөлөгч мэдүүлэгтээ цалин хөлсийг саатуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаагүй тул энэ нөхцөлийг шалгаагүй гэж хариуцагчийг буруутгахгүй.

2.7. Тус хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Ш. ажилд томилсон, чөлөөлсөн тушаалыг гаргасан бөгөөд ийнхүү ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан зөрчлийг ажил олгогч гаргасан, уг зөрчил тус компанийн гүйцэтгэх удирдлагаас өөр албан тушаалтанд хамаарахаар нөхцөл байдал тогтоогдоогүй тул ажил олгогч хуулийн этгээдэд шийтгэлийг ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад нийцэж байна.    

2.8. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, тухайлбал

- зөрчилд холбогдогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар харилцаа холбооны хэрэгслээр удаа дараа, тухайлбал 2025 оны 9 дүгээр сарын 29, 30, 10 дугаар сарын 1, 2, 6, 12-ны өдөр дуудсан,

- Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.ас 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/28 тоот албан бичгээр олгосон итгэмжлэлээр холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, холбогдогчийн төлөөлөгчөөс мөн өдөр мэдүүлэг авсан,

- холбогдогчид эрх үүрэг тайлбарласан хэсэгт холбогдогчийн төлөөлөгч хэдийгээр гарын үсэг зураагүй байх ч мэдүүлэг эрх үүргийг тайлбарлан, эрх үүргээсээ тодруулах зүйл байгаа эсэх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэхэд хариулт авсан, мэдүүлэгтэй холбогдогчийн төлөөлөгч уншиж танилцаад гарын үсэг зурсан,

- зөрчлийн хэрэгт зөрчилд холбогдогч болон хохирогчийг дуудан оролцуулж, мэдүүлэг авсан, хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн, дуусгавар болгосон шийдвэрүүд, ажлын цагийн бүртгэл, цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн лавлагаа баримтууд зэрэг хэрэгт хамааралтай баримтуудыг цуглуулах замаар зөрчлийг баримтаар хангалттай тогтоосон,

- зөрчлийн хэрэг нээсэн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, хэргийн материалтай хяналтын прокурор О.Одгэрэл танилцаж, зөрчлийн хэрэгт ******* дугаар олгосон, зөрчлийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-нд прокурорын хяналтад хүргүүлснийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын дардастайгаар хяналтын прокурор О.Одгэрэл хянасан байна.

2.9. Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдийг зөрчил үйлдсэнийг нотлох баримтаар тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар зөв зүйлчилсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн эрхийг хангаагүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын хяналтаас гадуур явуулсан, хуулийн этгээдийг торгосон нь үндэслэлгүй гэх гомдлууд үндэслэлгүй байна.

2.10. Ажилласан хугацаа, цалингийн хэмжээ, ээлжийн амралтын олговрын хэмжээний хувьд ажилтан, ажил олгогч талууд маргаагүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад  олгогдоогүй цалин, ээлжийн амралтын олговрыг ажил олгогч ажилтанд олгосон байх тул нөхөж гаргуулах хохирол, нөхөн төлбөр байгаагүй, ийнхүү саатуулсан олгогдоогүй цалин олговрыг зөрчил шалган шийдвэрлэх явцад олгосон нь зөрчилд ногдуулах хариуцлагаас чөлөөлөхгүй.

Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Н******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Н******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Н******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА