Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/62

 

 

Ж.Женсбек, А.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Т.Дэлгэрсайхан

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа           

Шүүгдэгч Ж.Женсбекийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ч.Булган, Ж.Уранчимэг /цахим/

Шүүгдэгч А.Батболдын өмгөөлөгч Н.Дэлгэрнаран

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Женсбекийн өмгөөлөгч Ч.Булган, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайхан, шүүгдэгч А.Батболдын өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нарт холбогдох 2318000000140 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Яллагдагч , нь 61-13 ДАР улсын дугаартай “lexus HS250" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байрлах асфальтан зам дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “... Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас,

яллагдагч Александрын Батболд нь 04-07 ДАХ улсын дугаартай “Т.Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг тус бүр жолоодож яваад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байрлах асфальтан зам дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “... Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч 04-07 ДАХ улсын дугаартай “Тоёота приүс-20” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч иргэн Г.Сэлэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Ж.Женсбек, А.Батболд нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

    Шүүгдэгч Уйгар овогт Жапарын Женсбек, Боржигон овогт Александрын Батболд нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Женсбекийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч А.Батболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Шүүгдэгч А.Батболдод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор, шүүгдэгч Ж.Женсбект оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сум, Дархан сум, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн Сэлэнгэ аймагт байрлах “Болд өмөр Ерөө гол” уурхай хүрэх зам, уурхайн бүсээс гарахыг хориглохоор тус тус тогтоож биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар К.Женсбек, А.Батболд нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2,173,174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нар нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батболдоос 13,409,233 төгрөгийг, шүүгдэгч Ж.Женсбекээс 47,509,233 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайханд, шүүгдэгч Ж.Женсбекээс 7,141,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Тамирбатад, шүүгдэгч А.Батболдоос 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Ж.Женсбект тус тус олгож, М.Цэцэгмааг асрахад гарсан 9,800,000 төгрөгийн зардлыг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Батболд, Ж.Женсбек нарт 1 жилийн хугацаанд хохирол хор уршиг арилгах арга хэмжээ авахыг тус тус үүрэг болгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 03765399 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Женсбект буцаан олгож, Ж.Женсбекийн 459220 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдах гомдолдоо:

... Ж.Женсбек, А.Батболд нарыг хөдөлгөөний байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, зорчигчийн амь хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэсэн нь хоёр жолоочийн хэнийх нь үйлдлээс болж зорчигчийн амь нас хохирсон шалтгаант холбоог ялгаж салгаж зааглаж тогтоож чадсангүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Саруулболд приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Батболд урсгал сөрж, аюултай нөхцөл бий болгосон, осол гарахад гол буруутай гэж мэдүүлсэн.

Хэрвээ шүүгдэгч А.Батболд нь урсгал сөрж ороогүй бол энэ осол болохгүй байсан ба түүний үйлдэл, хүний амь хохирсонтой шууд шалтгаант холбоотой байна.

Иргэний нэхэмжлэлийг хангахдаа хууль зөрчсөн талаар.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршигт 82.500.00/ наян хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Г.Сэлэнгэ нь 2023.02.03-ны өдөр нас барсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80-р зүйлийн 80.6-д:-Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Женсбекийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ 19,145,700 төгрөгийг иргэний хариуцагч Б.Тамирбатаас гаргуулахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Женсбект холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайхан давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Батболд, Ж.Женсбек нарт 1 жилийн хугацаанд хохирол, хор үршгийг арилгах арга хэмжээ авахыг тус үүрэг болгосугай гэжээ. Гэтэл шүүгдэгч Ж.Женсбек нь шүүхийн шийдвэр гарангуут шүүх л дээр "24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг өгнө" гэж ярьсан боловч өнөөдрийн хүртэл өгөөгүй байгаа нөхцөл байдлаас харахад миний ээж Сэлэнгэ авто ослоос болж нас барсан. Бүтэн жил болж байхад шүүх хурлын урьд 20 минутын өмнө 5,000,000 /таван сая/ төгрөг Ж.Женсбек өгсөн. Үлдэгдэл 47,509,233 төгрөгийг нэг жилийн дотор хохирол хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг даалгасан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл би хохирсон дээрээ хохирч шүүгдэгч Ж.Женсбек ял завшиж байна. Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дахь хэсгийг шүүгдэгч Ж.Женсбект хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Ж.Женсбекд оногдуулсан эрх хязгаарлах ял болон 1 жилийн хугацаанд 47,509,233 төгрөгийн хохирлыг барагдуулах гэсэн нь хуульд нийцээгүй. Ж.Женсбек нь энэ байдлаараа бол надад нэг жил болтол нэг ч төгрөг өгөхгүй юм байна гэж ойлголоо. Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн эрхээр хянаж Ж.Женсбект холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын хувийн байдалд тохироогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзаагүй, хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэв.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх боловч ийнхүү ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмыг удирдлага болгохоос гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ... гэж дүгнэсэн боловч хор уршиг нь нөхөн сэргээгдэхгүй буюу хүний амь нас хохирсон байдал мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол нөхөн төлөөгүй зэрэг хувийн байдалд дүгнэлт хийгээгүй, улсын яллагчийн гаргасан шүүгдэгч нарт хорих ял оногдуулах талаар гарсан дүгнэлтийг хүлээн аваагүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийг шаардлага хангаагүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх талаар дүгнэлт хийгээгүй боловч тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримталсан нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран давж заалдах гомдолдоо:

  1. Хуульд нийцээгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон.

Шинжээч С.Саруулболдын 2023.02.08-ны өдрийн №58 тоот /1ХХ-208 дугаар хуудас/ дүгнэлт нь зөвхөн шүүгдэгч А.Батболдын “...үл ялиг цагаан зураас давсан байж магадгүй” гэх мэдүүлгийг үндэслэн гаргасан байх ба энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т “хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Мөн тухайн шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3-т заасан мэдээллийг огт тусгаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй. Энэ талаар шүүх хуралдаанд шинжээч С.Саруулболдоос тодруулахад дүгнэлт гаргахаас өмнө хэргийн газарт биечлэн очиж үзээгүй, №58 тоот дүгнэлтийг зөвхөн шүүгдэгч А.Батболдын мэдүүлгийг үндэслэж гаргасан талаар мэдүүлдэг.  

Улмаар шүүгдэгч А.Батболдын өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд дээрх хууль зөрчиж гаргасан, үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлт өгсөн боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзсан.

Шүүхийн шийтгэх тогтоолд ямар үндэслэлээр С.Саруулболдын №58 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаагүй талаар, ямар үндэслэлээр хуульд нийцээгүй дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж байгаа талаар огт дурдаагүй төдийгүй, шүүгдэгч Ж.Женсбекийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй талаар шинжээч Ш.Бямбажавын 06 тоот дүгнэлт /1ХХ-187/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Дарханбаатарын 2016 тоот дүгнэлт /2ХХ- 169/-үүдээр тогтоосон байхад ямар үндэслэлээр С.Саруулболдын 78км/цаг хурдтай явсан гэх дүгнэлтийг үндэслэж, хурд хэтрүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй.

Ийнхүү хуульд нийцээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, хэт нэг талыг барьж, шүүгдэгч А.Батболдыг буруутгасан нь үндэслэлгүй.

2. Нотлох баримтыг буруу үнэлсэн.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зургаар “А” цэг буюу анх мөргөлдсөн цэг шүүгдэгч А.Батболдын зорчиж явсан эгнээнд байгаа болохыг тодорхой тусгасан байдаг.*

Гэрч Б.Мөнхжаргал Ж.Женсбекийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан/ мэдүүлэхдээ ...миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч машинаа баруун тийш дараад эсрэг урсгал руу ороход түс тас хийгээд л яваад өгсөн... гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Женсбек урсгал сөрж явж байгаад өөрийн эгнээнд орох үйлдэл хийж баруун тийш дарах үед осол болсон талаар мэдүүлжээ.

Насанд хүрээгүй гэрч П.Мөнхзул /А.Батболдын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан/ ...Бид нарын явж байсан эгнээнд нэг суудлын хар өнгийн машин нэлээн хурдтай орж ирээд л түс тас хийгээд явчихсан... гэж А.Батболдыг урсгал сөрөөгүй, Ж.Женсбек хурд хэтрүүлэн урсгал сөрснөөс осол болсон талаар мэдүүлдэг.

Дээрх нотлох баримтуудаар А.Батболдын гэм буруугүй нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг дурдаж А.Батболдын гэм буруутай нь тогтоогдож байгаа мэтээр дүгнэсэн /Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудас/ нь нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  1. Сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтын талаар

Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдах бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан.

Сэтгэцэд 'учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

  1. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар

Ослын улмаас Ж.Женсбекийн жолоодож явсан 6113-ДАР улсын дугаартай Lexus HS250 маркийн тээврийн хэрэгсэлд 19,145,700 төгрөгийн хохирол,

А.Батболдын жолоодож явсан 0407-ДАР улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 7,141,800 төгрөгийн хохирол тус тус учирсан,

Тухайн тээврийн хэрэгслүүд нь ББСБ-ын нэр дээрх /өмчлөлийн/ тээврийн хэрэгслүүд бөгөөд тухайн эрүүгийн хэрэгm Ж.Женсбек нь иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй, хохирол нэхэмжлээгүй. Гэтэл Lexus HS250H маркийн тээврийн хэрэгсэлд 19,145,700 төгрөгийн хохирлыг үндэслэлгүйгээр А.Батболдоос гаргуулан Ж.Женсбект олгохоор шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол үндэслэлгүй байх тул эсэргүүцэл бичсэн. Нэгдүгээрт анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын хувийн байдалд тохироогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзаагүй, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судалсны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах эрх нь шүүх эрх хэмжээний асуудал боловч хуулийн тодорхой зүйл заалтуудыг анхаарч үзсэний үндсэн дээр ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байдаг. Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг удирдлага болгохоос гадна тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэх хуулийн зохицуулалт байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Харин шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял шийтгэснийг шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн тухайд хор уршиг нь нөхөн сэргээгдэхгүй буюу хүний амь нас хохирсон байдалтай байгаа. Мөн шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргадаг. Улсын яллагчийн зүгээс гаргасан шүүгдэгч нарт хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй талаараа үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй,  шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэж дүгнэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамласан. Гэвч хууль буцаан хэрэглэсэн үндэслэлээ тогтоох хэсэгт заасан атлаа тодорхойлох хэсэгт  тайлбарлаагүй  байна. Шийтгэх тогтоолын үндэслэлд Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдаж байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэх, эсвэл саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд орохыг хориглоно, хөдөлгөөнд аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна хэмээн заасан. Хэргийн газрын үзлэг хийсэн зурагт тээврийн хэрэгсэл жолоодож явсан А.Батболдын буюу замын хөвөө тал руу мөргөлдсөн А цэг гарсан байдаг. Энэ нөхцөл байдлыг харахад зайлшгүй тохиолдол буюу аюул саад учирсан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Шүүх дүгнэлтдээ аюул саадыг тойрох болон гүйцэж түрүүлэхээс бусад тохиолдолд эсрэг урсгалд орохыг дүрмээрээ хориглочихсон учраас Ж.Женсбек буруутай гэдгийг маш тодорхой тусгасан. Х.Даваахүү өмгөөлөгч нь шийтгэх тогтоолд Х.Батболдыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдгийг дүгнээгүй гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Ж.Женсбек нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг маш тодорхой дүгнэсэн.  Өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нь эсрэг урсгалд орсон гэдгийг ганцхан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэж тайлбарласан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч Майра, Мөнхжаргал, Мөнхзул нарын мэдүүлгүүдээр А.Батболдыг эсрэг урсгал сөрөөд Ж.Женсбек мөн эсрэг урсгал сөрж А.Батболд буцаж эгнээгээ эзлэх явцад осол гарсан гэдгийг мэдүүлдэг. Тэгэхээр А.Батболд нь Ж.Женсбекийн явж байсан урсгалд орчхоод буцаад эгнээ байраа эзэлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэргийн талаар шалгавал зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Шинжээчийн дүгнэлт дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Сэтгэцэд учирсан гэм хор, хохирлын талаар шүүх Иргэний хуулийн 508.5 дугаар зүйлд заасныг баримтлаад Иргэний хуулийн 511.5 дугаар заалтад заасны дагуу 82,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган тайлбартаа:

Нэгдүгээрт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь бодит байдалд нийцээгүй. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ж.Женсбекийг тухайн нөхцөл байдалд бодитойгоор үнэлэлт өгч, оновчтой арга хэмжээ авч чадаагүй, замын зорчих хэсэгт аюултай байдал үүсэхэд тээврийн хэрэгслийг явж байгаа эгнээ байраа өөрчлөхгүйгээр баруун тал руу шахаж зогсоох арга хэмжээ авах байсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Баруун гар тал руу зогсоох арга хэмжээ авах байсан гэж таамгаар дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эсрэг урсгалтай 2 эгнээ зам байсан бөгөөд урд урдаасаа явж байсан 2 машины приус 20 буюу шүүгдэгч А.Батболдын машин  20 орчим метрийн зайнаас Ж.Женесбекийн явж байсан урсгал руу зөрж ороод мөргөлдөх бодит аюул тулгарсан. Шинжлэх ухаанд жолоочийн самбаачлах хугацаа 0,4-1,4 секунд байдаг. Энэ хугацаанд нэг секунтэд 70км цагийн хурдтай явж байгаа машин 30 метр зам туулдаг гэж дүгнэдэг. Тэгэхээр өөд өөдөөсөө явж байгаа 2 машины мөргөлдөх хугацаа 2 дахин багасна. Ж.Женсбекийн машинд 3 хүүхэд, эхнэр, нэг зорчигч нийт зургуулаа явж байсан. Гэнэт урдаас ирсэн машинтай мөргөлдөхгүйн тулд гарцаагүй байдлын улмаас зүүн гар тийш жолоогоо залж эсрэг урсгал руу орсон. Өөр ямар ч боломж байгаагүй. Баруун гар талд нь гуу жалгатай байсан. Энэ нь хэргийн газрын үзлэгийн фото зургийн үзүүлэлтээр харагдаж байгаа.

Хоёрдугаарт шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нарын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, зорчигчийн амь хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэсэн. 2 жолоочийн хэнийх нь үйлдлээс болж зорчигчийн амь нас хохирсон шалтгаант холбоог нарийн зааглаж чадсангүй гэж үзэж байна. Шүүгдэгч  А.Батболдын  эсрэг урсгал руу гэнэт орсон үйлдэл нь осол гарах гол үндсэн нөхцөл болсон гэдгийг шинжээч Саруулболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг. Ж.Женсбекийн үйлдэл нь урдаас гэнэт ирсэн аюулыг тойрон гарахаас өөр аргагүй, гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл. Миний хувьд шүүгдэгч А.Батболдыг гэм буруутай гэж үзэж байна. Дээрх нөхцөл  байдлыг үнэлж шүүгдэгч Ж.Женсбект холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн сэтгэцэд учирсан хохиролд 82,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний тухай хууль болон дагах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Тэгэхээр хуулийг буцаан хэрэглэсэн нь шүүгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлж хууль зөрчсөн байна. Шүүгдэгч Ж.Женсбекийн тээврийн хэрэгслийн гэмтлийн үнэлгээ 19,145,700 төгрөг гарсан байдаг. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар приус 20 маркийн авто машины эзэн Тамирбат татагдсан. Гэтэл иргэний хариуцагчаар Ж.Женсбект учирсан машины хохирлыг төлүүлэх талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Ж.Женсбект холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдолд хариу хэлэхэд уг гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн. Хохирол огт төлөгдөөгүй гэж яригдаад байна. Оршуулгын зардалд 21,000,000 төгрөг гаргасныг анхан шатны шүүх хурал дээр оршуулгатай холбоогүй 2 сая гаруй төгрөгийн баримт байсныг хасуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй орхисон. Гэм буруугийн хувьд  2 машины жолоочийн хэн нь гол буруутай гэх шалтгаант холбоог тогтоож, бодитой дүгнэлт гаргаж Ж.Женсбект холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тайлбартаа:

Ч.Булган өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Зам тээврийн ослыг техникийн тусгай мэдлэгтэй шинжээч нарын дүгнэлтээр  тогтоодог. Ж.Женсбекийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байдаг. Шүүх хуралдааны явцад суурин газрын гадна байсан учраас Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж гаргасан дүгнэлтээсээ татгалзсан мэдүүлэг өгсөн. Харин эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замд эсрэг урсгалыг сөрсөн гэж Ж.Женесбекийг буруутгаж байгаа. Гэтэл А.Батболд эсрэг урсгалд орсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т гүйцэж түрүүлэх юм уу, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд орохыг хориглоно гэсэн заалт байдаг. Тэгэхээр саадыг тойрон гарах үйлдэл хийхээс өөр арга байгаагүй. Гэтэл шүүгч Ж.Женсбек баруун гар талын эгнээ рүү буюу хөвөө рүү шахаагүй байна гэх хийсвэр дүгнэлт хийсэн. Хөвөө гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулагдаагүй, тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсолт хийхэд зориулагдсан замын хэсгийг хэлнэ. А.Батболд эргэж дараад, мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Чигээрээ явсан бол зам тээврийн осол гарахгүй байсан гэж үзэж байна. Ж.Женсбекийн үйлдэлд эргэлзээтэй байдал үүсэж байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгөөч гэх гомдол гаргасан байна. Зам тээврийн осол 2023 оны 2 сарын 1-ний өдөр болсон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6-д сэтгэл санааны хохирлыг гаргана гэж заасан. Гэхдээ уг хууль нь 2023 оны 7 сарын 1-нээс эхэлж мөрдөгдөх ёстой. Иймд сэтгэл санааны хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Ч.Булган өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тайлбартаа:

Хэрэг учрал нь шүүгдэгч А.Батболдын буруутай үйлдлийн улмаас болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. А.Батболд нь Ж.Женсбекийн явж байсан урсгал руу сөрж орсон байсан гэдгээ өөрөө мэдүүлдэг.  Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг баруун гар тал руу шахаж зогсох арга хэмжээ аваагүй гэж буруутгаад байгаа. Гэтэл анхан шатны шүүх Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн гэж дурдсан үндэслэлээр Ж.Женсбекийг буруутгаагүй. Ж.Женсбек нь баруун гар тал руу зогсох арга хэмжээ авах ямар ч нөхцөл бололцоогүй байдалд байсан. Учрах ёстой аюулыг  зайлуулахын тулд эсрэг урсгал руу орсон. Хэрэв баруун гар талын далан руу шахсан бол зорчигчдын амь насанд аюул тулгарах нөхцөл байдалтай байсан. Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-т заасан хууль буцаан хэрэглэх, сэтгэл санаанд учирсан хохирлыг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Женсбект холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан.  Нэгдүгээрт хуульд нийцээгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Шинжээч Саруулболдын 2023 оны 2 сарын 8-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч А.Батболдын үл ялиг цагаан зураас давсан байж магадгүй гэх мэдүүлгийг үндэслэн гаргасан байх ба энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т хэргийн оролцогчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасныг зөрчсөн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд зайлшгүй тусгах ёстой мэдээллүүдийг огт тусгаагүй тул хуульд заасан шаардлагыг хангаагүй.  Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Саруулболдоос тодруулахад дүгнэлт гаргахаас өмнө хэргийн газарт биечлэн очиж үзээгүй, шүүгдэгч А.Батболдын мэдүүлгийг үндэслэж гаргасан гэдгээ мэдүүлдэг. Улмаар шүүгдэгч А.Батболдын өмгөөлөгч нарын зүгээс дээрх хууль зөрчиж гаргасан үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулъя гэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хангахаас татгалзсан. Ийнхүү татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй. Шүүгдэгч Ж.Женсбекийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй талаар  хавтаст хэрэгт авагдсан шинжээч Бямбажав, шинжээч Дарханбаатар нарын дүгнэлтүүд авагдсан. Гэтэл ямар үндэслэлээр Саруулболд шинжээчийн 78км цагийн хурдтай явж байсан гэх дүгнэлтийг нь үндэслээд хурд хэтрүүлээгүй гэж үзсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй.  Шүүх хуралдаанд шинжээчээс тухайн хурдыг хэрхэн тодорхойлсон талаар асуухад томьёоллоор гаргасан гэж хариулсан. Тэгвэл яагаад А.Батболдын тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлоогүй юм бэ гэхэд маш бага хурд гарна, тодорхойлох боломжгүй гэж тайлбарласан. Тэгэхээр хуульд нийцээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, хэт нэг талыг барьж шүүгдэгч А.Батболдыг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан.

Хоёрдугаарт нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зургаар шүүгдэгч А.Батболдын зорчиж явсан хэсэг тодорхой харагддаг. Ж.Женсбекийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан гэрч Мөнхжаргал нь миний сууж байсан тээврийн хэрэгслийн жолооч машинаа баруун тийш нь дараад эсрэг урсгал руу ороход түс тас хийсэн гэж мэдүүлдэг. А.Батболдын тээврийн хэрэгсэлд зорчиж байсан насанд хүрээгүй гэрч Мөнхзул нь бид нарын явж байсан эгнээнд суудлын хар өнгийн машин нэлээн хурдтай орж ирээд түс тас хийсэн гэж А.Батболдыг урсгал сөрөөгүй, Ж.Женсбек хурд хэтрүүлэн урсгал сөрснөөс болж осол гарсан талаар мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаар Батболдын гэм буруугүй нотлогдож байхад анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолдоо дурдаж А.Батболдын гэм буруутай нь тогтоогдож байна гэж буруу үнэлж дүгнэсэн.

Гуравдугаарт сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан үндэслэлээр шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн хуулийн зохицуулалт нь Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулиар орсон. Тухайн хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгайлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл осол 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр болсон. Тухайн хууль 7 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн учраас Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй.

Дөрөвдүгээрт шүүх тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Ослын улмаас Ж.Женсбекийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд  19,145,700 төгрөгийн хохирол, А.Батболдын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд  7,141,800 төгрөгийн хохирол тус тус учирсан. Тухайн тээврийн хэрэгслүүд нь хоёулаа банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан. Гэтэл тухайн хэрэгт Ж.Женсбек нь иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцоогүй байхад хохирол нэхэмжлээгүй байхад түүнд учирсан хохирлыг ямар ч үндэслэлгүйгээр А.Батболдоос гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх зарчмын дагуу А.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокуророос гаргасан эсэргүүцэлд хохирлоо нөхөн төлөөгүй хувийн байдалд ял тохироогүй гэж дурдсан. А.Батболдын нь тухайн хэрэгт гэрчээр оролцож байгаад яллагдагчаар татагдаж, 2016 оны 6 дугаар сард яллагдагчаар татсан тогтоол хэрэгсэхгүй болсон. Тэгээд 2024 оны 2 дугаар сард шууд шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцсон. Анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэхэд нь хохирогч талд өөрт байгаа байшин, тугалтай үнээгээ өгсөн. Иймд хохирол төлөөгүй гэж үзэж эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэлгүй. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх, ял шийтгэл оногдуулахаас гадна хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байгаа нь тухайн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх байр суурийг бүрэн илэрхийлдэггүй. Тэгэхээр гомдол гаргасантай холбоотой болон анхан шатны шүүх дээр өмгөөлөгч нар нь мэтгэлцсэнтэй холбоотой эрх зүйн байдлыг нь дордуулж, ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэлгүй. Гуу жалгатай байсан учраас Ж.Женсбек эсрэг урсгал руу орохоос өөр аргагүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тийм нөхцөл байдал байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, баримтуудаар  харагдаж байгаа. Ж.Женсбекийг буруутай гэж тогтоосон зүйл байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч техникийн шинжээчийн дүгнэлтэд Ж.Женсбекийн жолоодож байсан тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйны хээний гүн 1мм ба тороос нь гарсан, хээ нь арилсан байсныг дурдсан байдаг. Тэгэхээр энэ нь осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй. Иргэний хуулийн 497.1, 511.5, 508.5-д заасан  сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой заалтууд нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр Иргэний хуульд нэмэлтээр орсон. Гэхдээ хууль батлах, тухайн хуулийг дагаж мөрдөх хугацаа нь өөр ойлголт юм. 2023 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөнө хэмээн хуульд тусгайлан заасан. Тэгэхээр дээрх заалтууд уг хугацаанаас өмнөх харилцаанд үйлчлэхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайхан тайлбартаа:

Уг хэрэг 2023 оны 2 сараас хойш шүүхээр явж байна. Шүүгдэгч нар огт буруугаа хүлээхгүй, над руу ганц удаа ч залгасангүй.  Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж өгнө үү гэх гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайханы өмгөөлөгч Б.Цэдэндамбаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн  ээж нь осолд орж нас барсан. 2023 оны 2 сарын 2-ны өдрөөс хойш жил гаруйн хугацаанд 2 жолооч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, оршуулгын зардал 21 сая төгрөг болон хохирол төлбөр төлөөгүй байдалтай байгаа. Ийнхүү хүний амь нас хохирсон, шүүгдэгч нар иймэрхүү хүнлэг бус байдалтай байхад шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оноосон нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулсан гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгч гомдол гаргасан.

 Хоёрдугаарт Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалыг ярьж байна. Гэтэл Иргэний хуулийн 497.1-т бусдын эрх, сэтгэц, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж тусдаа хуулиар зохицуулж заасан. Үүнийг анхан шатны шүүх хэрэглэсэн нь үндэслэлтэй.  Иргэний хуулийн 511.5-д заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүл, сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсвэл хүн амын дундаж наслалтын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүх тогтооно гэж 2022 оны 12 сарын 23-ны өдрийн хуулиар нэмж оруулсан. Сүүлд 7 сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа журам энэ хуульд нөлөөлөхгүй. Иргэний хуулийн 97-д заасан үндэслэлийн дагуу 510-т өөрчлөлт оруулсан. Үүний дагуу шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын ял хөнгөдсөн, хохирол төлбөрийг төлөхгүй байх тул оршуулгын зардлыг төлөх хугацаа зааж өгөөч гэх гомдлыг гаргасан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нарт холбогдох 2318000000140 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Шүүгдэгч Ж.Женсбекийн өмгөөлөгч Ч.Булган, шүүгдэгч А.Батболдын өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нараас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “ шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул цагаатгаж өгнө үү? ” гэсэн утга бүхий гомдол гаргажээ.

Иймд шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх  улмаар тэдний үйлдэл, эс үйлдэхүй нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох болно.

Өөрөөр хэлбэл:

Хэргийг нотлох ажиллагаа нь хянан шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай болж өнгөрсөн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэргээн, бодит үнэнийг тогтоох танин мэдэхүйн үйл явц юм.

Шүүгдэгч нарын үйлдсэн нийгэмд аюултай үйлдэл нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээх нь зайлшгүй бөгөөд энэхүү хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугийн болон шударга ёсны дээрх зарчмуудыг удирдлага болгохын зэрэгцээгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

-Гэрч Ж.Женсбекийн: “... хуучин Госпиталь эмнэлгийн балгас барилгын харалдаа урд төв асфальтан зам дээр явж байхад урсгал сөрөөд суудлын жижиг машин ороод ирсэн. Тэгэхээр нь би тухайн машинтай мөргөлдөхөөс зугтаагаад зүүн гар тал руугаа буюу эсрэг урсгал руугаа жолоогоо дарсан.” гэх мэдүүлэг,  /1-р хх-ийн 51-52/

-Гэрч А.Батболдын: “... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Дархан-Уул аймгаас Хонгор сум руу гэр рүүгээ харих гээд 04-07 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Дархан сумын Малчин баг, хуучин Госпиталь эмнэлгийн балгасны харалдаа урд төв асфальтан зам дээр явж байхад нар гялбаад байхаар нь машиныхаа урд талын нарны хаалтыг буулгах гэж оролдож байхад машин замын голын цагаан зураас даваад эсрэг урсгал руу орчихсон.” гэх мэдүүлгүүдийг /1-р хх-ийн 46-47/ дүгнэж үзэхэд:

04-07 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Батболд,

61-13 ДАР улсын дугаартай LEXUS.HS250 маркийн суудлын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.Женсбек нар

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.6-д заасан “ Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль эгнээгээр явахыг хориглоно.” гэх заалт,

Мөн дүрмийн 11.3-д заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд  орж явсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх мэдүүлгийг нотолж:

-Гэрч Е.Майраагийн мэдүүлэг: ...Би өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Дархан сум руу өөрийн нөхөр Ж.Женсбек, хүү Ж.Омар /9 нас/, Ж.Ибрахим /6 нас/ нарын хамтаар нөхрийн эзэмшлийн 61-13 ДАР улсын дугаартай LEXUS.HS250 маркийн суудлын тээврийн хэрэгслийг нөхөр Ж.Женсбек жолоодоод, би жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад хойд суудал дээр манай хоёр хүүхэд суугаад явсан.

Тэгээд хуучин Госпиталь эмнэлгийн балгасны харалдаа явж байхад урсгал сөрөөд нэг суудлын жижиг машин ороод ирсэн. Тэгэхэд энэ машин чинь яаж байна аа гэж хэлээд манай нөхөр машинаа зүүн гар тал руу буюу эсрэг урсгал руу дараад орсон. Тэгээд л тас түс хийгээд миний сууж явсан машины зүүн талын хэсэг тэр чигээрээ чихэгдээд ороод ирчихсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/,

-Гэрч Б.Мөнхжаргалын: ...Би өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Дархан сум орох санаатай өөрийн зээ охин А.Номин-Эрдэнийн хамтаар зам дагаад алхаж байтал манай сумын зүс таних залуу /Ж.Женсбек/ машинтайгаа ирээд бид хоёрыг аваад явсан.

Хуучин Госпиталь эмнэлгийн балгасны харалдаа төв асфальтан замаар явж байхад бид нарын явж байсан урсгалд нэг суудлын жижиг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхэд нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч машинаа баруун тийш дараад эсрэг урсгал руу ороход түс тас хийгээд л яваад өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/,

-Насанд хүрээгүй гэрч П.Мөнхзулын мэдүүлэг: ... бид нар Дархан-Уул аймагт орж ирээд Бирж дээр ажил төрлөө амжуулчхаад 14 цагийн орчимд Бирж дээрээс Хонгор сум руу хөдөлсөн. Тухайн үед Г.Сэлэнгэ эгч машины урд талын суудал дээр суугаад хүү бид хоёр хойд талын суудал дээр суугаад Батболд ах машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгээд Эрдэнэт аймаг руу салдаг уулзвар буюу Цагдаагийн пост өнгөрөөд явж байсан тухайн үед бид нарын явж байсан эгнээнд нэг суудлын хар өнгийн машин нэлээн хурдтай орж ирээд л түс тас хийгээд явчихсан. гэж мэдүүлжээ. /1-р хх-ийн 59-60/,

Гэрч Ж.Женсбекийн: ...хуучин Госпиталь эмнэлгийн балгас барилгын харалдаа урд төв асфальтан зам дээр явж байхад урсгал сөрөөд суудлын жижиг машин ороод ирсэн. Тэгэхээр нь би тухайн машинтай мөргөлдөхөөс зугтаагаад зүүн гар тал руугаа буюу эсрэг урсгал руугаа жолоогоо дарсан. Миний энэ үйлдэл бол гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэж мөрдөн байцаалт болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурджээ.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  10.12-д “ Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.”

Мөн дүрмийн 14.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсохдоо зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно.” гэж заасан байх тул

Тухайн  тохиолдолд шүүгдэгч Ж.Женсбекийн явж буй чиглэлийн урсгалд өөр тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн тохиолдолд уг тээврийн хэрэгслийг өөрийн зам дээр бий болсон саад гэж үзэж дүрмийн 10.12-д заасны дагуу зам тавьж өгөх эсхүл дүрмийн 14.1-д заасны дагуу замын баруун гар талын хашлага хэсэг рүү шахах, эсхүл хашлагыг унуулж жолоодож яваа тээврийн хэрэгслээ түр зогсоох үүргийг тухайн жолоочид хүлээлгэсэн байна.

Гэтэл шүүгдэгч Ж.Женсбек өөрийн эгнээнд урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгслээс зугтааж эсрэг урсгалд орсон үйлдэл нь:

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.6-д заасан “ Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.”,

Мөн дүрмийн 11.3-д заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”,

Мөн дүрмийн 10.12-д “ Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.”

Мөн дүрмийн 14.1-т. “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсохдоо зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно.” гэх заалтуудыг зөрсөн байна.

Шүүгдэгч А.Батболдын тухайд:

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.6-д заасан “ Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.”,

Мөн дүрмийн 11.3-д заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтуудыг зөрчсөнөөс гадна,

Шүүгдэгч А.Батболд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ...Би бичиг үсэг мэдэхгүй учир миний мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Н.Дэлгэрнаран оролцоно гэсэн байдал,

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө: ...  Өмгөөлөгч Н.Дэлгэрнарангаар яллагдагчийн эрх, үүргийг уншуулж, танилцлаа гэжээ.

Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр талд шүүгдэгч А.Батболд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж байгаа нь бичиг үсэг мэдэхгүй хүн Авто сургуулийг амжилттай төгсөж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан нь эргэлзээтэй байгааг мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд анхаарч үзээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх үзэж байна.

Шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас бусдад хүнд хор уршиг учирсан, хохирол төлбөр төлөгдөөгүй байдлуудыг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч нарт илтэд хөнгөн ял шийтгэл оногдуулсан байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайханаас давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Иргэний хуулийн хуулийн 497, 510, 511 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримтлан хохирогч талын сэтгэцэд учирсан хохирлыг тооцож гаргасан боловч энэхүү зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх ёстой тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэсэн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу хэрэглэсэн байх тул хэргийг дахин шийдэхдээ анхаарвал зохино.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2024/ШЗ/208 дугаар захирамжид:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.”, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ж.Женсбекийн өмгөөлөгч нараас гаргасан Б.Тамирбатыг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй.” гэж үзсэн мөртөө захирамжийн дагуу ямар нэг ажиллагаа хийгээгүй нь ойлгомжгүй байна.

Ингээд магадлалд дурдсан дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баярсайханы давж заалдах журмаар гаргасан гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Женсбекийн өмгөөлөгч Ч.Булган, шүүгдэгч А.Батболдын өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Ж.Женсбек, А.Батболд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ

                    ШҮҮГЧ                                                       Б.МАНЛАЙБААТАР