| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01061/И |
| Дугаар | 309/ШШ2025/00799 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00799
| 2025 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 309/ШШ2025/00799 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 3,340,154 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024.09.16-ны өдөр тоот гэрээний дагуу Iphone13 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,588,000 төгрөгийн зээлээр 22 сарын хугацаатай авсан.
2024.09.15-ны өдөр тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан ... авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2172972 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 495,904.37 төгрөг, үндсэн хүүнд 120,599.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,884.49 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг нийт 3,340,154 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Халхгол сумын Эрүүл мэндийн төвд асрагч ажилтай бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байгаад зээлээ төлж чадаагүй. Иймд ******* ББСБ-аас авсан зээлийн үлдэгдэл 3,340,154 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,340,154 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 3,340,154 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,392 төгрөгөөс 50 хувь болох 34,196 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, 34,196 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогоос 34,196 төгрөгийг хариуцагч Э.*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА