Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/836

 

       

 

 

 

 

    2024           07            18                                          2024/ДШМ/836

 

 

    С.Б-, Б.Г-а нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг, Э.Булганчимэг,

хохирогч нар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С., С.Г-а,

хохирогч нарын өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

хохирогч н.А-, Б.Мөнгөншагай, Р.Алдарбаяр нарын өмгөөлөгч А.Уянга,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1164 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэг, Э.Булганчимэг нарын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлийг үндэслэн С.Б-, Б.Г-а нарт холбогдох эрүүгийн 2209000001687 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

2. Г-

 

С.Б-, Б.Г-а нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “Голконда Соурсе” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Д- арвин өргөө” ХХК-ийг бусдаас худалдан авч санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо "Голконда Апартмент-1"  орон сууцны хотхон, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо "Голконда Апартмент-2" орон сууцны  хотхон, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо "Голконда Апартмент-3" орон сууцны хотхон, Налайх дүүрэг, 2 дугаар хороо "Голконда Виллаж" хотхоныг барьж ашиглалтад оруулж өгнө гэж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Прован" оффисын 307 тоотод байрлан хуурч,  цахим хэрэгсэл ашиглан,  зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б-, Б.Г-а нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан баримт болон хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбартай танилцахад яллагдагч нарын өмгөөлөгчийн “...шинжээчийн дүгнэлттэй холбоотой...” гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн ба шүүх дараах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Хохирогч Б.О-, Г.Д- нарын гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Б-д холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар /19 хх-ийн 13, 36 дугаар тал/ татсан байна. Яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2209000002419, 08-ны өдрийн 22090002432 дугаартай прокурорын тогтоолуудыг С.Б-д танилцуулаагүй байна. Энэ нь дээрх хохирогч болон яллагдагчийн эрхийг зөрчиж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд зааснаар уг тогтоолыг танилцуулж, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулж, хэргийг нэгтгэн ирүүлэх нь зүйтэй.

Мөн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг хэрхэн тодорхойлж тогтоосон нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд бичигдсэн огноо нь хэрэгт авагдсан захиалгын гэрээ болон хохирогч, яллагдагч нарын мэдүүлсэн огноогоос зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн...” байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолсон байх учиртай. Гэтэл тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Б-, Г.Д-, Ч.А-, Д.Ш-, Б.Д-, Э.Т-, Т.М--О-, Г.С-, Х.У-, И.Р, О.А, Д.С, Ж.Б, Ч.С, Б.Ц, У.М, Ц.Г, Б.Э, С.Д, Б.У, М.Г, Б.Пүрэвжаргал, Б.М, Г.Ц, А.У нарыг хохироож гэмт хэрэг үйлдсэн гэх яллагдагч С.Б-, Б.Г-а нарын үйлдлийн огноог зөв тогтоогоогүй, зөрүүтэй бичсэн байна.

Түүнчлэн яллагдагч С.Б-, Б.Г-а нартай “...гэрээ байгуулсан...” гэх нэр бүхий иргэдийг хохирогчоор тогтоогоогүй, өөр иргэдийг хохирогчоор тогтоосон, хэд хэдэн иргэн гэрээнд гарын үсэг зурсан байхад нэгнийг нь хохирогчоор тогтоогоод бусдыг нь орхигдуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээнд гарын үсэг зурсан гэх зарим иргэд бусдад итгэмжлэл олгож, төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг буруутгах боломжгүй ч хохирол нэхэмжлэх эрхтэй этгээдийг хохирогчоор зөв тогтоох, төлөөлүүлэх эрхийг шалгах, баримтыг хэрэгт хавсаргах, орхигдсон гэх иргэдээс мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байна. Тухайлбал, хохирогч Б.Б-ийн охин анх гэрээ байгуулсан гэх, эрх шилжих гэрээ хийгдсэн эсэх, түүний охиноос энэ талаар тодруулж мэдүүлэг авах, хохирогч Ч.Ц-ын нөхөр гэрээ байгуулсан ч нас барсан гэх, энэ талаарх баримт, өвийн асуудлыг тодруулах, хохирогч А.М нь захиалгын гэрээнд М.Э гэх хүнтэй хамт гарын үсэг зурсан байна. М.Э хохирол нэхэмжлэх эсэх, А.М түүнийг төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулах, мөн захиалгын гэрээнд Э.Н гарын үсэг зурсан байхад хохирогчоор Б.О тогтоогдсон, А.А гэх хүн гарын үсэг зурсан байхад Л.А хохирогчоор тогтоогдсон, н.Б гэх хүн гарын үсэг зурсан байхад Т.Д- хохирогчоор тогтоогдсон, П.Н гэх хүн гарын үсэг зурсан байхад Б.С хохирогчоор тогтоогдсон, Т.О гэх хүн гарын үсэг зурсан байхад Г.Ц хохирогчоор тогтоогдсон байна. Захиалгын гэрээ байгуулсан гэх дээрх иргэдийн итгэмжлэл, төлөөлүүлсэн байдлыг тодруулах, баримт материалыг хэрэгт хавсаргах, боломжтой хэмжээнд гэрээнд гарын үсэг зурсан гэх иргэдээс мэдүүлэг авах шаардлагатай байна.

 Яллагдагчийн өмгөөлөгч хэлэлцүүлэгт “...хавтас хэргийн дугаарлалт зөрүүтэй, баримт материалыг буруу харуулж үдсэн...” талаар тайлбар гаргасан. Шүүх хэрэгтэй танилцахад дээрх зөрчил байсан тул хэргийн дугаарлалт зөрүүтэй, алгасаж, давхардсан, баримт бичгийг буруу харуулж үдсэн, хэргийн дугаарлалт буруу байгаа зөрчлийг арилгаж зөвтгөн, засаж ирүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр С.Б-, Б.Г-а нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, С.Б-, Б.Г-а нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Булганчимэг, Э.Булганчимэг нар бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, 2 дахь хэсэг "Яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах эрхтэй”, 3 дахь хэсэг Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй” гэж заасан. Энэ нь яллагдагчаар татсан хүн ямар хэрэгт яллагдагч байгаа мэдэх эрхийг зөрчсөн нөхцөл байдал байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах эрхийг прокурорт олгосон.

Үүний дагуу яллагдагч С.Б-, Б.Г-а нарт холбогдох эрүүгийн 2209000001687 дугаартай хэрэг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт ирүүлснийг хүлээн авч хянаад яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч С Б-, Б Г-а нарын өмнө нь хохирогч тус бүрээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргүүдийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 64, 65 дугаартай тогтоолуудаар өөрчлөлт оруулан нэгтгэн яллагдагч нарт уг тогтоолыг танилцуулсан. Үүгээр яллагдагч С.Б-, Б.Г-а нар нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэж байсан гэж дүгнэх боломжтой юм

Шүүгчийн захирамжид зааснаар эрүүгийн 2209000002419 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 733 дугаартай тогтоолоор, 2209000002432 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 734 дугаартай тогтоолоор тус тус хэрэгт нэгтгэсэн ба мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор яллагдагч нарт танилцуулсан байхад уг тогтоолыг танилцуулж мэдүүлэг авч нэгэнт нэгтгэсэн хэргийг дахин нэгтгэж зөрчлийг арилгах боломжгүй.

Яллагдагч С.Б-, Б.Г-а нар нь тус залилах гэмт хэргийг 2020 оны 10 сараас эхлэн 2022 оны 06 хүртэлх хугацаанд үйлдсэн болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтээс харагддаг. Түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ нийт 177 хохирогчийн С.Б-, Б.Г-а нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээ байгуулсан цаг хугацаагаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойлсон байхад хохирогч, яллагдагч нарын мэдүүлсэн огнооноос зөрүүтэй гэж ойлгомжгүй буюу хохирогч, яллагдагчийн мэдүүлэг нь зөрүүтэй байх боломжгүй, уг үйл баримт нь нотлох баримтаар буюу тухайн байгуулсан гэрээгээр тогтоогдож байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхойлж чадаагүй гэсэн атлаа уг үйл баримтыг хэрхэн яаж тогтоох нь мөн ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Мөн гэмт хэрэг үйлдсэн газар нь тодорхой буюу яллагдагч С.Б-, Б.Г-а нар нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Pro one" оффисын 307 тоот байрыг түрээслэн нийт 177 хохирогч орон сууц захиалгын гэрээг байгуулж тус гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Pro one" оффист үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Хохирогчоор тогтоогдсон Б Б-, Г.Д-, Ч А-, Д.Ш-, Б.Д-, Э.Т-, Т.М--О-, Г.С-, X.У-, И.Р, О.А Д.С, Ж.Б, Ч.С, Б.Ц, У.М, Ц.Г, Б.Э, С.Д, Б.У, М.Г, Б.П, Б.М, Г.Ц, А.У нарыг хохироож гэмт хэрэг үйлдсэн гэх яллагдагч С.Б-, Б.Г-а нарын үйлдлийн огноог зөв тогтоогоогүй, зөрүүтэй бичсэн гэсэн нь хохирогч нарыг шүүх хуралдаанаар оролцуулж үйл баримтыг тогтоох бүрэн боломжтой буюу нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл биш байна.

Тус гэмт хэргийн онцлог нь яллагдагч С.Б-, Б.Г-а нартай хохирогч нар нь орон сууц захиалгын гэрээг байгуулан урьдчилгааны төлбөрийг шилжүүлж цаашид төлбөрийг зээлээр буюу тодорхой хугацаанд төлөлт хийхээр тохиролцсон учраас мөнгө шилжүүлсэн үйлдлийг гэмт хэрэг төгссөн газар гэж үзэхийн тулд нийт 177 хохирогчоос дахин мэдүүлэг авч нөхцөл байдлыг тогтоох боломжгүй юм. Учир нь уг хэрэгт зөвхөн хохирогч нараас гаргасан гомдлын дагуу хэргүүдийг нэгтгэх ажиллагаа явуулахад 2 жилийн хугацаа өнгөрсөн, хохирогч нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Pro one” барилгад гэрээ байгуулан урьдчилгаа эхний төлбөрийг төлсөн байхад одоо дахин дээрх байдлыг тодруулахад ямар хэмжээний цаг хугацаа шаардлагатай нь хэргээс тодорхой харагдсаар байхад шүүх хохирогч нарын мөнгө өгсөн сүүлийн цаг хугацаа, нутаг дэвсгэрийг тогтоолгох нь хэргийг шийдвэрлэх нь ямар ач холбогдолтой вэ. Иймд хохирогч нар гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг төлсөн цаг хугацаанаас хохирогчийн эзэмшил өмчлөлийн эд хөрөнгөө шилжүүлэх үүргийнхээ дагуу төлбөрийг төлж байсан тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг гэрээ байгуулсан газар, цагаар тогтоосон болно.

 Яллагдагч С.Б-, Б.Г-а нар нь иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг захиалгын гэрээнд гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс хамтран гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Голконда Соурсе” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэдээс цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гаргасны дагуу нийт 177 хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Тухайн хохирогч нар нь гэрээ байгуулсан эсэх болон гэрээ байгуулаагүй боловч мөнгө шилжүүлсэн хамаарал бүхий этгээд нь хоорондоо маргасан удаа байхгүй буюу хохирогчоор тогтоогдох ёстой этгээдийг тогтоогоогүй гэж шүүхээс үзсэн нь үндэслэлгүй юм. 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн энэ цаг хугацаанд нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдсон өвийн дагуу дараагийн хүнийг нь шүүх хуралдаанд хохирогчоор тогтоогоод мэдүүлэг авах бүрэн боломжтой.

Түүнчлэн хэрэгт хохирогч А.Мөнхтуяа нь “...Би 2021 оны 02 дугаар сарын эхээр “Голконда Соурсе" ХХК-ын байр болох "Pro one” оффис очиж борлуулалтын менежертэй уулзаж байр захиалгатай танилцтал "Эхний 10 айлд урамшуулалтай" гээд байхаар нь 2021 оны 02 сарын 08-ны өдөр "Голконда Соурсе" ХХК-ын "Голконда апармент-1" Б блокийн 8 давхрын Е тоот буюу 41,69 м2 2 өрөө байр худалдан авахаар 30,000 000 төгрөг “Голконда Соурсе" ХХК-ын Хаан банкны 5028910693 дансанд шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш сарын дараа 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Pro one” оффисын 3 давхарт 307 тоот өрөөнд “Голконда Соурсе" ХХК-ын “Голконда апармент-Г төслийн борлуулалтын менежер гэх охинтой уулзсан. Мөн С.Б- гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулсан. Тэгээд тус өдрөө үлдэгдэл 18,151,950 төгрөгийг “Голконда Соурсе" ХХК- ын Хаан банкны 5028910693 данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед м2 1,155,000 төгрөгөөр бодож байр худалдан авахаар гэрээ хийсэн юм. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр гардуулахаар болсон юм. 2021 оны 05 дугаар сарын үед барихаа больсон Тухайн үед асуухаар "Ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан” гэсэн... утсаар асуухаар "Одоо "Д- өргөө арвин” гэдэг компани барина. Хүлээж байна" гээд байсан Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Голконда Соурсе" ХХК-ын байр болох "Pro one” оффис дээр хурал болсон. Тэр хурал дээр очтол хэдэн хүн шүүхэд өгөхөөр болсон байсан... тэр хурал шийдэл өгөөгүй. “Та нар шүүхэд өг, барилгын материалын үнэ өссөн байна, хил гааль хаалттай байна" гээд л шалтаг хэлээд байсан... Хүмүүстэй дахиж гэрээ хийсэн юм шиг байна лээ. Бид нарт мэдэгдээгүй юм. Би маш их гомдолтой байна. Одоо байр захиалгын нийт 48,151.950 төгрөг нэхэмжилж байна. Би өөрт учирсан хохирлоо барагдуулах, мөн тухайн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэж хүсэж байна..." мэдүүлэг /5хх 144-145/ "Голконда Соурсе" ХХК-ийн захирал С.Б-, А.М нарын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 20/01/063 дугаар орон сууц захиалгын гэрээний хуулбар /5хх 133-136/ гэж тус авагдсан байхад гэрээг А.Мөнхтуяатай байгуулаагүй гэж бичсэн. Мөн хохирогч Б.Одгэрэлийн " Би өөрийн охин Э.Номинд байр авч өгөх зорилгоор фейсбүүк дээрээс байр судалж байгаад "Голконда Соурсе" ХХК-ийн зарыг хараад боломжийн үнэтэй байхаар нь лавлах утас руу нь залгаж борлуулалтын менежертэй холбогдож байрны талаар мэдээлэл аваад 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр "Голконда Соурсе" ХХК-ийн оффис болох "Pro one" оффис дээр манай охин Э.Номин очиж тус компанийн борлуулалтын менежер гэх хүнтэй уулзаж Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй "Голконда Апартмент-3" төслийн А блок 5 давхарт В тоот буюу 40.78 м2 2 өрөө байрыг 1 м2-г 990,000 төгрөгөөр бодож 40,372.200 төгрөг /100% төлөлтөөр/ төлөхөөр тохиролцож 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 40,372,200 төгрөгийг цуглуулж байгаад өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр "Голконда апартмент-3" В-2 давхар 17 тоот авто зогсоолыг худалдан авахаар 5.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 5.000,000 төгрөг нийт 10,000.000 төгрөг зогсоол худалдан авахаар тушаасан. Тухайн үед мөнгөө бэлнээр 50,372,200 төгрөг тус байрыг худалдан авахаар төлсөн санагдаж байна. Би 2021, 2022 оны зун очиж үзэхэд тухайн барилга явагдана гэсэн талбай огт барилга баригдаагүй суурины хэдэн арзгар төмөр л харагдаж байсан. Тэгээд "Голконда Соурсе" ХХК-ийн удирдлагуудтай уулзахад "Барилга хөрөнгө оруулалт орж ирээгүй учраас баригдах боломжгүй болсон. Мөнгөө буцааж авч болно" гэж 2022 оны 08 дугаар сард тэгж хэлсэн. Тэгэхээр нь мөнгөө буцааж авахаар өргөдөл тус компанид өгсөн. Тэгээд "данс руу чинь орно" гэж хэлээд тэрнээс хойш мөнгө нь ороогүй юм. Тухайн үед манай охин Э.Н ч очиж байсан би ч очиж уулзаж байсан. Яг гэрээ хийх үед манай охин Э.Н гэрээ хийсэн. Одоо манай охин Япон улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа юм. 2021 оны 09 дүгээр сард Япон улс руу явсан юм. Хамгийн анх гэрээ II хийхдээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр түлхүүр гардуулна гэж гэрээ хийсэн..." мэдүүлэг /15хх 177-179/ "Голконда Соурсе" ХХК-ийн захирал С.Б-, Э.Н нарын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 21/08/015 дугаар орон сууц захиалгын гэрээний хуулбар, "Голконда Соурсе" ХХК-ийн захирал С.Б-, Э.Номин нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 03/015 дугаар авто зогсоол захиалан бариулах гэрээний хуулбар, хохирогч Э.Номины С.Б-ын Хаан банкны 5429401193 дугаар данс руу болон бэлнээр нийт 50,372,00 төгрөг шилжүүлсэн талаарх бэлэн мөнгөний орлогын баримт /15хх 180-188/. Хэдийгээр гэрээг Э.Н нь байгуулсан боловч Монгол Улсад оршин суухгүй байгаа тул түүний өмнөөс Б.О-ийг хохирогчоор тогтоосон. Энэ мэт тухайн хохирогч нь хоорондоо маргаагүй буюу тодорхой шалтгааны улмаас гэрээ байгуулсан боловч өөр хүнийг хохирогчоор тогтоосон болно. Дээрх хэргийн хохирогч нараас шүүх хуралдаанд биечлэн оролцдог ба хэргийн нийт хохирогч нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд дахин мэдүүлэг авч дүгнэлт хийх боломжтой байхад шүүх боломжтой хэмжээнд гэрээнд гарын үсэг зурсан иргэдээс мэдүүлэг авах шаардлагатай гэж тодорхойгүй байдлаар дүгнэлт хийсэн байна. Боломжтой хэмжээ гэдэгт хэдэн хүнийг хамааруулан ойлгох вэ, мөрдөн шалгах ажиллагаанд нэг хүнээс ч мэдүүлэг авч болно гэж ойлгож болох уу зэрэг шүүгчийн захирамж ойлгомжгүй тодорхойгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч. хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ" гэж заасны дагуу мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн байх тул тухайн хэрэг материалыг өөрчлөх боломжгүй. Түүнчлэн прокурорт буцаасан үндэслэл нь хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Энэ хэрэг 3 жилийн хугацаанд шалгагдсан бөгөөд өөр прокурор хяналт тавьж байсан. Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед С.Б-, Б.Г-а нарт холбогдох өмнө нь яллагдагчаар татсан тогтоолуудад өөрчлөлт оруулан нэгтгэж, хохирогч нарт учруулсан хохирлын асуудлыг тусган 64, 65 дугаар тогтоолуудыг С.Б-, Б.Г-а нар танилцаж, ямар хэрэгт яллагдаж байгаагаа буюу Г.Д-, Б.О- нарын хохирсон хэрэгт яллагдагчаар татагдсанаа мэдэж байсан гэж дүгнэх боломжтой. Нийт 177 хохирогчийг олж тогтоож, хэргийг нэг мөр шийдвэрлүүлэхээр нэлээдгүй цаг хугацааг зарцуулсан. Тухайн хугацаанд гэрээ байгуулсан хүмүүс хохирогчоор тогтоогдсон. Гэрээ байгуулснаас хойших асуудлыг тодруулж үзэхэд эхлээд гэрээ байгуулаад тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө өгч, дараа нь графикийн дагуу мөнгө хуваан төлж, тухайн компанид төвлөрүүлсэн. Захиалгын гэрээ байгуулагдсанаар үүрэг хүлээж, төлбөрөө төлж байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгч, гэрээ байгуулсан цаг хугацаагаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоосон. Мөн гэмт хэрэг үйлдсэн газар нь тодорхой буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Pro one" оффисын байрыг түрээслэн, нийт 177 хохирогчтой орон сууц захиалгын гэрээг байгуулж, тус гэмт хэргийг үйлдсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 122 хүн ирсэн бөгөөд хохирогч нарыг дуудуулахад бүгд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны явцад талуудаас мэдүүлэг авч гэмт хэрэг гарсан газар, харьяаллыг тодруулах боломжтой гэж үзэж байна. Хохирогчоор тогтоох үед Э.Н Монгол Улсад байгаагүй. Гэрээ байгуулсан асуудалд төрсөн эцэг, эх, ах, эгч болон эхнэр, нөхөр гэдгээ цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа мэдүүлсэн бөгөөд энэ асуудалд маргасан зүйл байхгүй. Хохирогч Б.О хувьд энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тодруулахад “энэ талаар маргаагүй, манай охин гадаад улс руу явсан тул би хохирогчоор тогтоогдсон, хэргийн нөхцөл байдлыг мэднэ, би анх энэ байгууллагыг олж, охиноо уулзуулж, гэрээ байгуулсан” гэх байдлаар мэдүүлэг өгсөн. Хохирогч А.М орон сууц захиалгын гэрээг өөрөө байгуулсан байхад гэрээ байгуулаагүй гэсэн тодорхойгүй дүгнэлт хийсэн. Хэрэг шалгагдаж байх хугацаанд гэрээ байгуулсан зарим нэр бүхий хүмүүс нас барсан, оршин суух хаяггүй болсон зэрэг нөхцөл байдлууд байхад дахин хохирогч нарыг олж тогтоож, өвийг асуудлыг шийдвэрлэж, дараа нь хохирогчоор тогтоох нь учир дутагдалтай гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид зааснаар боломжтой хэмжээ гэдгийг нийт 177 хохирогчийн хэдийг гэж үзэх нь тодорхойгүй. Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын шатанд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд хохирогч нараас хохирогчоор тогтоосонтой холбоотой маргасан асуудал байхгүй. Өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан баримтууд дугаарлалтын зөрүүтэй, баримтуудын толгой дээш, доош харсан байсан гэж байна. Хэргийг прокурорт энэ байдлаар ирүүлсэн бөгөөд энэ байдлаар нь хянасан. Прокурорт энэ нөхцөл байдлыг засварлах, нотлох баримтуудын байрыг солих эрх хуулиар олгогдоогүй. Шүүх хэргийг хүлээж авахдаа 14 хоногийн хугацаанд хуудас бүрийг тоолж, шалгаж авсан хэрнээ дараа нь ийм асуудал ярьж байгаа нь ойлгомжгүй. Одоо хэргийг засварлаж, баримтуудын байрыг өөрчилснөөр хэргийн материалтай танилцсан оролцогч нар хавтас хэргийн хуудас өөрчлөгдсөн байна гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарыг бүгдийг оролцуулж, шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргасан холбогдох албан тушаалтнуудыг оролцуулж, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийснээр хохирогч нарын эрх ашиг хөндөгдөх бөгөөд дахин хэдэн хүн хохирох вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх хэргийг хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой, эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч нарын өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолдоо өөрчлөлт оруулж, яллагдагч нарт танилцуулсан бөгөөд яллагдагч нар гомдол гаргаагүй. Хэргийг нэгтгэсэн зөрчил байгаа боловч өөрчлөлт оруулсан тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан учир шүүгчийн захирамжийн тус заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор гэмт хэрэг гарсан цаг хугацааг орон сууц захиалгын гэрээ байгуулсан өдрөөр тогтоосон нь үндэслэлтэй. Нэр бүхий иргэдийг хохирогчоор тогтоогоогүй, өөр иргэдийг хохирогчоор тогтоосон, мөн гэрээнд хэд хэдэн хүн гарын үсэг зурсан байхад бусдыг нь асуугаагүй гэсэн асуудлыг шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулж, тэднээс тодруулах байдлаар тогтоох боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч нарын өмгөөлөгч А.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогч нарыг тогтоох боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй. Хохирогчоор тогтоох, итгэмжлэл болон шүүгчийн захирамжид заасан бусад нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад тогтоох боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс хавтас хэргийн материалтай бүрэн танилцахад ойлгомжгүй болон яллагдагч, хохирогч нарын эрх ашгийг зөрчсөн нөхцөл байдал байгаагүй. ...” гэв.

 

Хохирогч Ч.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт нийт 177 хүн хохирогчоор тогтоогдсон бөгөөд би хохирогч нарын групп чатын админ юм. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. 2019 онд орон сууцанд захиалга өгсөн хүмүүс байгаа бөгөөд тэдгээр хүмүүсээс хэд хэд нь нас барсан. Хохирогч нары дунд хорт хавдартай, бөөрний дутагдалтай, бусад өвчтэй, өндөр настай хүмүүс байгаа тул хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. С.Б-, Б.Г-а нар эхнэр, нөхөр. Илтгэгч шүүгч хэргийн талаар уншиж танилцуулахдаа Б.Г-ыг “Д- арвин өргөө” ХХК-ийн үүсгэн байгуулагч гэж уншиж танилцуулж байна. Гэтэл Б.Г-а нь “Д- арвин өргөө” ХХК-ийн үүсгэн байгуулагч биш бөгөөд “Д- арвин өргөө” ХХК гэх 2-3 барилга барьсан компанийг худалдан авч, биднийг залилсан. Б.Г-а өмнө нь барилга барьж байгаагүй бөгөөд одоо дутуу барьсан 2 барилга, 2 газарт шороо ухсан байдалтай байгаа. ... хохирогч нар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. ... гэв.

Хохирогч нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...Захирамжийг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-а, С.Б нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна”. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Б-, Б.Г-а нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгчийн захирамжид заасан  яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2209000002419, 08-ны өдрийн 22090002432 дугаартай прокурорын тогтоолуудыг С.Б-д танилцуулаагүй гэх асуудлын тухайд,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор хохирогч Б.О-г залилсан гэх /19хх 13/, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор хохирогч Г.Д-ыг залилсан /19хх 36/ гэх үндэслэлээр С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байх ба С.Б-ын дээрх хоёр үйлдлүүдийг бусад хохирогч нарыг залилсан гэх үйлдлүүдтэй нэгтгэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болгон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан яллагдагч Б.Г-а, С.Б-д танилцуулжээ. /83хх 20-21/

 

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөв тогтоогоогүй гэх асуудлын тухайд, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авч, холбогдох нотлох баримтуудыг гаргуулан авч хохирогч болон яллагдагч нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулсан огноогоор гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлжээ.

 

Яллагдагч С.Б-, Б.Г-а нартай “...гэрээ байгуулсан...” гэх нэр бүхий иргэдийг хохирогчоор тогтоогоогүй, өөр иргэдийг хохирогчоор тогтоосон, хэд хэдэн иргэн гэрээнд гарын үсэг зурсан байхад нэгнийг нь хохирогчоор тогтоогоод бусдыг нь орхигдуулсан гэх асуудлын тухайд, хэрэгт хохирогч Б.Б-ийн “...гэрээ хийхдээ би хөдөө байсан учраас өөрийн охин руугаа мөнгө шилжүүлээд захиалгын гэрээг өөрийн нэр дээр хийчих гэж хэлээд охины нэр дээр хийсэн. ...” /1хх 15/, хохирогч Ч.Ц--ын “...манай нөхөр С.Д гэрээ хийсэн бөгөөд нөхөр маань 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. ...” /1хх 101-102/ гэх мэдүүлэг, гэрлэлтийн болон нас барсны гэрчилгээ /1хх 108-109/ хохирогч Б.О “...тухайн үед манай охин Э.Н ч очиж байсан, би ч очиж уулзаж байсан. Яг гэрээ хийх үед манай охин Э.Н гэрээ хийсэн. Одоо манай охин Япон улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа юм. 2021 оны 09 дүгээр сард Япон улс руу явсан. ...” /15хх 177-179/, хохирогч Т.Д “...миний том охин Н.Б 2021 оны 03 дугаар сараас фейсбүүкээр "Голконда Соурс" ХХК-н мэдээллийг аваад 2021 оны 04 дүгээр сард охины хамт очиж охиныхоо нэр дээр 51,28 мкв байрыг 2021 оны 4 дүгээр улиралд буюу 12 дугаар сард ашиглалтад орохоор гэрээ хийгээд урьдчилгаа 20 сая төгрөг өгөхөөр болоод би өөрийн данснаас 15 сая төгрөгийг Б-ын хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн... миний охин 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр БНСУ руу ажиллаж амьдахаар явсан. ...” /17хх 150-151/, хохирогч Г.Цэвэлмаагийн “...би БНСУ-д ажиллахаар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яваад, ажил хөдөлмөр хийж байгаад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа фейсбүүк олон нийтийн сүлжээгээр "Голконда Соурсе" ХХК-ны пейж хуудаснаас байршуулсан зарыг нь харж орон сууц худалдаж авахаар шийдсэн. Тухайн үед би өөрөө Солонгос улсад байсан учраас өөрийн төрсөн ээж Оюуныг "Голконда Соурсе" ХХК-ны оффис дээр очиж уулзуулаад "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулахаар болсон.” /24хх 8-9/ гэсэн мэдүүлгүүд болон П.Н нь БНСУ-д суугаа элчин сайдын яамаар дамжуулан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.С хийж өгсөн итгэмжлэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. /21хх 242/

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой ба С.Б-, Б.Г-а нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болон хохирогчоор тогтоосонтой холбоотой тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор, шаардлагатай гэж үзвэл хуралдаанд оролцуулбал зохих оролцогчдыг оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн С.Б-, Б.Г-а нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч С.Б-, Б.Г-а нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1164 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч С.Б-, Б.Г-а нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН