Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0011

 

2025         12           23                                    128/ШШ2026/0011   

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Я******* /РД:/,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ч /РД:/,

Гуравдагч этгээд: Ш /РД:/,

Маргааны төрөл: Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б /цахимаар/ оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Бөртэ-Үжин хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б., Я.Н бид хоёр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай "Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай" захирамжийн дагуу эзэмшлийн нэгж талбарын 1864, 1864, 1864, 1864, 1864 дугаар бүхий 700 м.кв газруудыг Г.Э, Ч.Б, Б., Б.Б, Ө.Ж нараас шилжүүлэн авсан. Эзэмшлийн нэгж талбарын 1864, 1864 дугаартай газар нь Б.гийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эзэмшлийн нэгж талбарын 1864, 1864, 1864 дугаартай газар нь Я.Нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан юм.

Б., Я.Н бид хоёр Чингэлтэй дүүргийн Татварын албанд газрын татвараа 2024 он дуустал төлж байсан ба газар эзэмших эрхээ шалгахад бид хоёрын нэр дээр байгаа газрууд лавлагаагаар гараад ирдэг байсан. 2025 оны 03 дугаар сард гэрчилгээнүүдээ шинээр гаргахаар очиход бид хоёрын нэр дээр байсан газрууд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар захирамжийн дагуу иргэн Ш. Х, Ч.Бын нэр дээр шилжсэн байсныг мэдсэн юм.

Б., Я.Н бид хоёр Ш.Х, Ч.Быг танихгүй ба газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт, газрын эрх шилжүүлэх тухай гэрээг нотариатчаар баталгаажуулаагүй, итгэмжлэл өгч байгаагүй байхад хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн газруудыг шилжүүлэн авсныг мэдээд Чингэлтэй дүүргийн Засаг даргад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар захирамжийг хүчингүй болгуулах өргөдөл гаргахад" маргаан бүхий асуудлаар холбогдох шүүхэд хандана уу" гэсэн хариу өгсөн. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бид нарын хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн тухай хариу өгсөн.

Б., Я.Н бид хоёр Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар захирамжийн нэгж талбарын 1864, 1864, 1864, 1864, 1864 дугаар бүхий 700 м.кв 5 газрыг Ш.Х, Ч.Б нарт шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгоогүй тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.... гэж заасан байдаг. Ш.Х, Ч.Б нарын хуурамчаар үйлдэж бүрдүүлэн өгсөн баримт бичгийг нягтлан шалгахгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Засаг дарга шилжүүлсэн нь нэхэмжлэгч Б., Я. Н бид хоёрын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар захирамжийн нэхэмжлэгч Б., Я.Н бид хоёрын 700 м.кв газруудыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д******* шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбартаа: “Би Я.Нгийн төрсөн ах, Я.Н, Б. нар эхнэр нөхөр. Нэхэмжлэгч нар ******* өмгөөлөгчийг танихгүй, миний бие Я.Д******* Н.******* өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч байсан. Тухайн газрыг Н.******* зуучилж 2013 онд надад авч өгч байсан. ... 12 айлын газрыг шилжүүлж авахаар талийгаач н.*******тэй тохирсон байсан, 8 айлын газрыг шилжүүлж өгсөн. Газрыг бусдад шилжүүлсэн талаар мэдээгүй, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөр төлөөрэй, нэхэмжлэлүүд үүссэн байна гээд газрын төлбөр төлөөд явж ирсэн. Цахимаар газрын гэрчилгээ, кадастрын зураг гарч ирдэг. 2023 оны 12 дугаар сард гэрчилгээгээ цахимаар авахаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд очиход 2017 онд шилжсэн байна гэсэн. Нэхэмжлэгч нар буюу манай дүү нар Н.*******ыг мэдэхгүй, танихгүй, газар шилжүүлэх баримтад гарын үсэг зураагүй, нотариат орж байгаагүй гэдэг. Газартай, татвараа төлөөд явж байгаа гэдгээ мэднэ.” гэжээ.   

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нэгж, талбарын 1864, 1864, 1864 дугаар бүхий дугаартай 700 м² газруудыг иргэн Ч.Бт шилжүүлэх тухай хүсэлт, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл, гэрээг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар захирамжаар шилжүүлсэн байна.

Дүүргийн Засаг даргын 2013 оны дугаар захирамжаар иргэн Б.д эзэмшүүлсэн 19 дүгээр хороо, Ойн булагт 700 м.кв, нэгж талбарын 1864*******, 1864 дугаартай 2 газрыг 15 жилийн хугацаатайгаар Ш.Хд тус дүүргийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" дугаар захирамжаар шилжүүлсэн байна.

Тус нэгж талбарын дугаартай газруудыг шилжүүлэхдээ дүүргийн Засаг даргаас холбогдох хуулиар газрын харилцааг хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх" хүсэлтийн дагуу Засаг дарга шийдвэр гаргах бөгөөд тус шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг харьяа газрын албанд бүртгүүлэх, тус албанаас газрыг шинээр эзэмшигчдэд олгосноор хүчин төгөлдөр болсон байна.

Иймд иргэн Б., Я.Н нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б тайлбартаа: “Манайхаас Газрын тухай хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан учир газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээж аваад дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. Эрх шилжүүлэх эрхийг шилжүүлсэн итгэмжлэл, түүний дагуу гаргасан хүсэлтийг хуурамч эсэхийг шүүх л тогтоох байх. Өөр тайлбар байхгүй.” гэв.

2.5. Гуравдагч этгээд Ш.Х, Ч.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б., Я.Н нарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт холбогдуулан гуравдагч этгээдүүдийн зүгээс доорх үндэслэлээр тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж тодорхойлсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны дугаар захирамжаар эзэмшсэн иргэн Б.гийн 19 дүгээр хороонд байрлах Ойн булагт 700 м.кв, нэгж талбарын 1864*******, 1864 дугаартай 2 газрыг Ш.Хд, Я.Нгийн нэгж талбарын 1864, 1864, 1864 дугаар бүхий 700 м.кв газруудыг Ч.Бт шилжүүлэх тухай гэрээг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээ байгуулах эрхийг бусдад олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгч нар тухайн эзэмшлийн газруудаа гуравдагч этгээдүүдэд гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн, хамаарах газар эзэмших эрхтэй эсэхийг нотолсон баримтуудыг бидэнд өгсний дагуу хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад бүрдүүлэн өгч дүүргийн Газрын албанаас баримтын бүрдүүлбэр бүрэн, хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар дээрх газар эзэмших нэгж талбарын дугаар бүхий эрхүүдийг шилжүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байгаа нөхцөлд маргаан бүхий асуудлыг 2017 оноос хойш өдий хүртэл эрх бүхий байгууллага, шүүхээр шийдвэрлүүлээгүй байгааг анхаарч үзэхийг хүсэхийн хамт нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.6. Гэрч Н.******* мэдүүлэгтээ: “Маргаан бүхий яригдаж байгаа газарт нийт 12 өрхийн газар Ч.*******баяр гэх хүний хамаарал бүхий хүмүүсээс худалдаж авах хэлцэл хийж, гэрээгээр тохирсон мөнгөө өгөөгүйн улмаас буцсан үйл баримт байгаа юм. Буцаахдаа надад итгэмжлэл олгож эрх шилжүүлсэн. Б., Я.Н нараас итгэмжлэл хуульд заасны дагуу олгогдсон. Чингэлтэй дүүргийн нотариатч,  Нийслэлийн онцгой байдлын газрын баруун талд, Төрийн албаны зөвлөл байрладаг байрны 1 давхарт байрладаг нотариатч дээр нэхэмжлэгч нар биечлэн очиж гарын үсгээ зурж итгэмжлэл хуульд заасны дагуу олгогдсон. Гэхдээ надтай хамт байгаагүй, талууд цуварч ирсэн, хэн нь хэзээ ирсэн талаар мэдэхгүй байна. Талууд биечлэн очиж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт миний бичиг биш, түүн дээрх гарын үсэг минийх биш. Тухайн үед газар эзэмших эрхийг эзэмшигчийг төлөөлж бусадтай гэрээ хийх эрхийг надад итгэмжлэлээр олгосон учир би гэрээг хийсэн, гэрээнд зурсан гарын үсэг минийх мөн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуслан Ойн булаг хаягт байрлах маргаанд хамаарах нэгж талбарын 1864, 1864, 1864 дугаартай тус бүр 700 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Я.Нд,  нэгж талбарын 1864*******, 1864 дугаартай тус бүр 700 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.д тус тус Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тоот захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн, улмаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжаар нэгж талбарын 1864, 1864, 1864 дугаартай газрын эзэмших эрхийг Ч.Бт, нэгж талбарын 1864*******, 1864 дугаартай газрын эзэмших эрхийг Ш.Хд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Я.Н, Б. нар ийнхүү газар эзэмших эрхийг нь  гуравдагч этгээд Ш.Х, Ч.Б нарт шилжүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн тэдгээрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “итгэмжлэл олгоогүй, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй” үндэслэлээр маргасан бөгөөд захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хүрээнд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

1. Маргаанд хамаарах газрын хувьд, газрын мэдээллийн сангийн шинэчилсэн бүртгэлээр нэгж талбарын дугаар өөрчлөгдөж, нэхэмжлэгч Я.Нгийн эзэмших эрхтэй байсан, маргаан бүхий захирамжаар Ч.Бт шилжсэн газрын нэгж талбарын 1864 дугаар нь 1501, 1864 дугаар нь 1501, 1864 дугаар нь 1201 болсон, нэхэмжлэгч Б.гийн эзэмших эрхтэй байсан, маргаан бүхий захирамжаар Ш.Хд шилжсэн газрын нэгж талбарын 1864******* дугаар нь 1501, 1864 дугаар нь 1501 болсон[1], бусад нэгж талбарын хамт хашаалсан, нэгж талбарын 1864******* буюу 1501 дугаартай газрын баруун хойд хэсэгт манаачийн байртай, өөрөөр үл хөдлөх хөрөнгө баригдаагүй, тохижилт хийгдээгүйг[2] дурьдах нь зүйтэй.

2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэд хооронд шилжүүлэх харилцааг зохицуулах ба, ингэхдээ талуудын хүсэлтэд буюу хүсэл зоригт үндэслэх, хүсэл зоригийн илэрхийллийг нотлохоор хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдлийг 38 дугаар зүйлийн 38.2-т зааж, тухайн газар эзэмших эрхийг олгосон эрх бүхий Засаг дарга хүсэлтийг хүлээн аваад тодруулах нөхцөлийг 38.3-т, улмаар шийдвэр гаргах хугацаа, уг шийдвэрийг үндэслэн бүртгэл хийгдэхийг 38.4-т заасан.

3. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн “төлөөлөх, гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, газар эзэмших эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлсэн гэрээ болон холбогдох баримт”-ыг үндэслэн маргаан бүхий нэгж талбарын 1864, 1864, 1864, 1864*******, 1864 дугаартай газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч Б., Я.Н нараас гуравдагч этгээд Ш.Х, Ч.Б нарт шилжүүлсэн.

Тодруулбал маргаанд хамаарах нэгж талбарын 1864, 1864, 1864*******, 1864 дугаартай газрын хувийн хэргээс[3] үзвэл “газар эзэмших эрхийг  бусдад шилжүүлэх, уг асуудлаар төрийн байгууллагад төлөөлөх, гомдол хүсэлт гаргахад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг Б., Я.Н нараас Н.*******ад олгосон нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл, төлөөлөгч, төлөөлүүлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, нэгж талбар тус бүрээр нотариатчаар гэрчлүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ /гэрээнд эрх шилжүүлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан/, гэрээний талуудын иргэний үнэмлэхний хуулбар, шилжүүлж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг хавсарган гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх газар эзэмшигчийн нэрээр гаргасан хүсэлт, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэрийг эрх бүхий захиргааны байгууллага болох Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжаар гаргасан нь тус хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд, үндэслэл бүхий байна.

3. Чингэлтэй дүүргийн тойргийн 83 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Я.Н, Б. нараас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газар эзэмших эрхийг  бусдад шилжүүлэх, уг асуудлаар төрийн байгууллагад төлөөлөх, гомдол хүсэлт гаргахад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатайгаар тус тус Н.*******ад олгосон, итгэмжлэлүүдэд төлөөлүүлэгч болон төлөөлөгч нар гарын үсэг зурсан, тэдгээрийн иргэний үнэмлэхийг хуулбарлан хавсаргасан, уг итгэмжлэл нотариатчийн бүртгэлийн дэвтэрт 18, 19 дүгээрт бүртгэгдсэн[4] байдаг.

Мөн итгэмжлэлд итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсаныг, бусдын дарамт шахалтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлснийг тусгасан байдаг.

4. Нэхэмжлэгч нараас газар эзэмших эрхийг шилжүүлэхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосныг үндэслэн захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэрийг гаргасан байх бөгөөд итгэмжлэлийг хуульд зааснаар олгосон эсэх нь, өөрөөр хэлбэл иргэд хооронд үүссэн харилцаанд хүсэл зоригийн илэрхийллийг гэрчилсэн нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх асуудал тул газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл хүчин төгөлдөр эсэхийг захиргааны байгууллага шалгах үүрэг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т хуульчлагдаагүй.

5. Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан талууд болох итгэмжлэлээр хүсэлт гаргах, хүсэлтэд гарын үсэг зурах эрх хүлээн авсан төлөөлөгч Н.*******, газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гуравдагч этгээд Ш.Х, Ч.Б нар хүсэлтийг хэн бичсэн талаар маргаагүй нөхцөлд “хүсэлт гаргах, хүсэлтэд гарын үсэг зурах эрх”-ээ итгэмжлэлээр шилжүүлсэн нэхэмжлэгч нар маргах нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт дэх бичгийн хэв, гарын үсгийн хэвд шинжээч томилуулах нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаагүй болно.

6. Нэхэмжлэгч Я.Нгийн эзэмшиж байсан нэгж талбарын 1864 /1501/ дугаартай газрын хувийн хэргийг захиргааны байгууллагаас нотлох баримтаар удаа дараа шаардахад уг газрын хувийн хэрэг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаагүй, ирүүлээгүй[5] боловч хавтас хэрэгт авагдсан захирамж, түүний хавсралт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/3827 тоотоор ирүүлсэн мэдээллийн сангийн мэдээллээс  нэгж талбарын 1864 /1501/ дугаартай газар нь нэхэмжлэгч Я.Нгаас гуравдагч этгээд Ч.Бт шилжсэн болох нь тогтоогдсон[6] болно.

Иймд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, эрх зүйн зөрчилгүй шийдвэр гаргасан байх тул “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Б., Я.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсгийг баримтлан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгч Б., Я.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 70-71 дүгээр хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 23-33, 71 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 57-71, 79-110, 147-162 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 243-246 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 9-10, 34-35, 85 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 184-187, 219, 2 дугаар хавтсын 67-68, 70-71 дүгээр хуудас