| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01157/И |
| Дугаар | 309/ШШ2025/00827 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 309/ШШ2025/00827
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 309/ШШ2025/00827 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******д холбогдох,
“Н.Соёмбын эрүүл мэндэд учруулсан хохиролд 3,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Баттунгалаг миний хүү ******* нь 2025.02.18-ны өдөр Г.*******гийн хүү *******д зодуулсны улмаас хамрын таславчийн муруйлт, хамрын ясны хугарлын гэмтэл авч Тэлмэн нь тус шүүхээр 2025.06.06-ны өдөр шийтгэгдсэн. Шалгагдаж байх хугацаандаа Тэлмэний хууль ёсны төлөөлөгч Г.*******гийн хүсэлтээр бид зөвхөн хамрын хагалгаа хийлгэх зардал 5,000,000 төгрөгийг 2025.07.15-ны дотор төлж барагдуулахаар тохирч баталгаа гаргасан боловч 1,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 3,500,000 төгрөгийг төлөхгүй, утсаа авахгүй, холбогдохгүй боллоо. Иймд үлдэгдэл 3,500,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******аас нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан “Н.Соёмбын эрүүл мэндэд учруулсан хохиролд 3,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Баттунгалагийн “Н.Соёмбын эрүүл мэндэд учруулсан хохиролд 3,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 35,475 төгрөгийг гаргуулан Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА