Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Бамбадорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  *******

Хохирогчийн өмгөөлөгч                                        М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Галтогтох

Шүүгдэгч                                                                *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2321004430078 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, EF хүнсний дэлгүүрийн урд талын замд Toyota spacio маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд “уулзвар, явган хүний гарцад ойртон ирэхдээ хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч ******* дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэж зөвтгөн өөрчилж,

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Анхан шатны шүүхээс *******ыг 2 жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

… Улсын яллагч 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноох санал гаргасан, өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэсэн байр суурьтай оролцсон. Хохирогч нарын зүгээс эрүүгийн ял хариуцлагын хувьд ямар нэгэн санал гаргаагүй.

... Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд гэрэлтүүлэггүй замаар явж байхдаа өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн хурц гэрлийн гялбаанд орж, зам дээр хэвтэж байсан хохирогчийг харж амжилгүй үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл гэнэтийн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг гарсан. ******* нь ямар нэгэн зүйл дээгүүр гарчихлаа гэж мэдээд машинаа нэн даруй зогсоож шалгасан. Ингээд осол гаргаснаа мэдэж, эхнэр аар цагдаа, эмнэлгийн байгууллага руу мэдэгдсэн.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт оршуулгын болон сэтгэцэд учирсан хор уршигт 94 850 000 төгрөг төлсөн. Дээрх хохиролыг барагдуулахын тулд мөрдөн байцаалтын шатнаас хүчин чармайлт гаргаж ирсэн.

******* урьд өмнө гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулах гэх мэт зүй бус үйлдэл гаргаж байгаагүй. Амь хохирогчийн ар гэрт 3 өрөө байр өгөх санал гаргаж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөнгө авна гэсэн саналтай байсан тул 2 банкнаас их хэмжээний зээл авч хохирлыг бүрэн барагдуулсан. Энэ нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байсныг илтгэнэ. ******* нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байсан.

******* нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

6. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. ... Хэрэг нэгэнт болоод өнгөрсөн болохоор яаж ч харамсаад цаг хугацааг ухрааж чадахгүй учраас хохирогчийн ар гэрийн хохирол төлбөрийг аль болох барагдуулахыг хичээсэн. Надад өөр чадах зүйл байгаагүй. Би ар гэрийнхэнтэй нь уулзаж царайг нь харахаас ч халширч ирсэн. Уучлалт гуйх эрх надад байхгүй юм шиг санагдаж байсан. Үнэхээр их харамсаж байна.

Би хохирогчийн хүүхдүүдэд маш их санаа зовж өөрийн амьдарч байсан 3 өрөө орон сууцыг эхнэр хүүхдүүдэд нь өгөх санал тавьж ирсэн. Хохирогчийн эхнэр орон сууц авахгүй гэсэн учир банкнаас мөнгө зээлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д сэтгэцэд учирсан хохирол 82 500 000, хохирогчийн эгч *******т оршуулгын зардал 12 350 000 төгрөгийг тус тус бүрэн төлсөн.

... Эхнэр бид хоёр 1-15 насны 4 хүүхэдтэй. Өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхийн тулд их хэмжээний зээл авсан. Хорих ял оноохгүй бол илүү ихээр ажиллаж зээлээ барагдуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч хорих ял эдлээд байж байна. Эхнэр маань 4 хүүхдээ асрахын хажуугаар дэлгүүрээ ажиллуулж байгаа. Гэсэн хэдий ч бидний авсан зээлийн сар бүрийн төлөлт болох Пос-ын орлого барьцаалсан зээл 1 622 800, Төрийн банкны 1 609 000, 680 000 төгрөг буюу нийт 3 911 800 төгрөгийг олох боломж байхгүй гэдгийг бодолцож үзнэ үү гэж хүсэж байна.

Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөн талийгаачийн ард үлдсэн 4 хүүхдийг өөрийн үр хүүхдийн адил бүх талаар дэмжиж явна. Надад хорихоос өөр төрлийн ял оноовол би дахин хэрэг зөрчилд холбогдохгүй зөвхөн ажлаа хийж явах болно гэдгээ хэлмээр байна.

Эрхэм шүүгч нар минь миний болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг, хохирол төлбөр төлсөн байдал, гэр бүлийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие давж заалдах гомдолтой танилцсан. Талийгаач нь миний төрсөн дүү юм. Зам тээврийн осолд холбогдож маш харамсалтай нөхцөл байдал үүссэнд бид бүхэн маш их харамсаж байна. Оршуулгын зардлыг ******* бүрэн төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлыг манай бэр д өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний хувьд дүүгээ алдсандаа маш их харамсаж, гомдож байгаа ч *******ын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэг санамсаргүйгээр үйлдэгдсэн гэдгийг ойлгож байна. *******д оногдуулсан хорих ялыг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгөхийг хүсч байна.”  гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд *******ын зүгээс төлбөл зохих хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Үүнээс гадна хохирогчийн ар гэрийнхний сэтгэл санааны байдалд нь маш их анхаарал тавьж, үнэхээр чин сэтгэлээсээ шаналж байгаа нь хохирогч талд бүрэн мэдрэгдэж байсан. Талийгаачийн эцэг, эх нь “миний хүү ямар босоод ирэх бишдээ. Гэхдээ хүний хүүхдийг ял шийтгүүлээд яах билээ” гэж хэлж байсан. гийн хувьд анхан шатны шүүх хурал дээр гомдолтой гэдгээ илэрхийлж байсан. Утсаар гомдол гаргасан гэдгийг хэлсэн боловч халамцуу байсан бөгөөд надтай ирж уулзана гэж хэлээд ирсэнгүй. Ерөнхий байдлыг нь харахад авах зүйлээ авсан гэдгээ илэрхийлж байсан. ... Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч талын давж заалдах гомдлыг эсэргүүцэхгүй байна.” гэв.

9. Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар бүрэн нотлогддог. Шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй ба 2 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар яг энэ нөхцөл байдлаа анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байсан. Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэдэг талаар илэрхийлсэн. Хэдийгээр ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч энэ үйлдлээс болж хүний амь нас хохирсон байна. Энэ байдал хэзээ ч нөхөгдөхгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.“ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, EF хүнсний дэлгүүрийн урд талын замд Toyota spacio маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд “уулзвар, явган хүний гарцад ойртон ирэхдээ хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна” гэх заалтыг зөрчсөний улмаас хохирогч ******* дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх 135-136, 223/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хх 20-21, 225/, ******* /хх 228/ нарын мэдүүлэг,

гэрч /хх 23/, /хх 27/, /хх 29-30/, /хх 122/, /хх 124/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138 тоот “...Амь хохирогч нь зам тээврийн осолд орж хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх 63-67/,

“Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээч Б.Түмэнжаргалын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот дүгнэлт /хх 57-59/

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 08/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг /хх 09-12/, зам тээврийн осолд холбогдсон Toyota spacio маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 73-76/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт амь хохирогчийн оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 94 850 000 төгрөгийг төлсөн тухай баримт /хх 219/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Түүнчлэн Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг зөвтгөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамласан нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 сарын 07-ны өдөр батлагдсан хуулиар уг хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан ба уг хуулийг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.”, мөн зүйлийн 3-т заасан “Үйлдэл эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.” гэж заасан хууль ёсны зарчимд нийцэх юм.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

8. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 94 850 000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болгосон нь үндэслэл бүхий байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлд амь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болгоогүй нь учир дутагдалтай болсон байна.

Тухайлбал, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг гарсан өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр амь хохирогч нь биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурсны улмаас шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын зорчих хэсэг дээр хэвтэж байснаар осол болох ноцтой эрсдлийг бий болгосон болох нь хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138 тоот “...Шүүх химийн шинжилгээгээр амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 3,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, амь хохирогч тухайн өдрийн орой зам дээр хэвтэж байсан болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч , , нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байх ба амь хохирогчийн зүй бус үйлдэл нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх нөхцөл шалтгаан болсон гэж үзэхээр байна.

Хохирогчийн энэхүү зүй бус үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэх боломжтой байх тул шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан “ ... анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зардалд 12 350 000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82 500 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүгдэгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан “... ******* нь биднээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  ... шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье. ...”  гэсэн тайлбар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг өөрчлөн түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

10. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

5 дахь заалтын “ ... шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дуусмагц тоолсугай.” гэснийг “... шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж, 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ЭРДЭНЭЗУУ               

                     ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

                                                                                               Г.УРТНАСАН