Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2025/0084

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: С.Д,

           Нэхэмжлэгч: Д.С,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь :

 

            1. Нэхэмжлэгч нараас Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай”  захирамжийг   хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:

2.1. Бид тус сумын 8 дугаар багт оршин суудаг, мал аж ахуй эрхлэхээс гадна, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. Мал аж ахуй эрхэлж байгаа учраас тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил  Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Хадлангийн талбай хуваарилах тухай" 39 дугаартай тогтоол, Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн "Хадлангийн талбай ашиглах тухай” 55 дугаартай захирамж болон захирамжийн дагуу байгуулагдсан комиссын хүчин төгөлдөр шийдвэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу хадлангийн талбай болох “Бэлчээрийн эх“ гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч Д.С 1.5 га, С.Дад 1.5 га буюу нийт 3.0 га газрыг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан 39 дугаартай тогтоол, Засаг даргын 55 дугаартай захирамж, комиссын шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Уг газрыг бид 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жил алгасалгүй он удаан жил ашиглаж эзэмшиж хадаж ирсэн.

2.2. Тус сумын өвс хадлангийн зориулалттай бус нутгийн “Бэлчээрийн эх” гэх газар байршилтай хадлангийн газраас С.Б, М.Т, Ж.А, К.Ү нарт газар хуваарилагдаагүй өвс хадаж байгаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Хар тахирын ганц бургас” гэх газрын доод талд байршилтай хадлангийн талбайд Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр “Хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамж гаргуулсан иргэн С.Б, М.Т, Ж.А, К.Ү нар нь бидний сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчин төгөлдөр тогтоол, Засаг даргын захирамж болон захирамжийн дагуу байгуулагдсан комиссын хүчин төгөлдөр шийдвэрээр сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгийн “Бэлчээрийн эх“ гэх газар байршилтай газраас авсан бидний 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жил алгасалгүй он удаан жил ашиглаж эзэмшиж хадаж ирсэн хадлангийн газарт 2024 оны 8 дугаар сараас эхлэн маргаан үүсгэж, “...энэ газрыг 2023 онд бидэнд эзэмшүүлсэн” гээд Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хууль бус А/32 дугаартай захирамжийг үндэслэл болгож, уг Засаг даргын захирамжийг хууль бусаар ашиглаж, 6 машины үнэ есөн сая төгрөгийг ямар ч буруугүй Д.С, С.Д бид хоёроос үндэслэлгүй нэхэмжилсэн,  дээрх Засаг даргын гаргасан хууль бус захирамж эрхийн актаас болж бидний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.

Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамж гаргуулсан иргэн С.Б, М.Т, Ж.А, К.Ү нар нь бид дээрх захирамжид дурдсан “Хар тахир” гэх газарт байршилтай газраас хадлангийн талбай аваагүй гэж ...маргаан үүсгэж байна. Тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгийн “Бэлчээрийн эх” гэх газар байршилтай хадлангийн газраас 2010 онд хариуцагч С.Б, М.Т, Ж.А, К.Ү нарт газар хуваарилагдаж байгаагүй өнөөдрийг хүртэл энэ газраас хадлангийн талбай хуваарилуулан авч өвс хадаж байгаагүй ба эдгээр хүмүүс “Хар тахир” гэх газарт байршилтай хадлангийн талбайгаас тус тусдаа өөр өөр газраас өвс хадаж ирснийг нутгийн ард иргэд бүгд мэдэж байгаа.

 2.3. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай" А/32 дугаартай захирамжийн хавсралтаар “Хар тахирын ганц бургасын доод тал“ гэх газар байршилтай газраас иргэн С.Б, М.Т, Ж.А К.Ү, С. нарт олгосон хадлангийн газар нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 67 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтаар Улсын тусгай хамгаалалтад авагдсан газар учраас дээрх Засаг даргын хариуцагч нарт газар олгохоор гаргасан захирамж нь хүчингүй хууль бус захирамж байна.

             Мөн Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн  “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай“ 46 дугаартай хүчин төгөлдөр тогтоол болон тогтоолын 2 дугаар хавсралтаар тус сумын Засаг даргын дээрх хууль бус захирамжаар хариуцагч нарт “Хар тахирын ганц бургас”-ын доод талгэх газар байршилтай газраас олгосон хадлангийн газар нь “Ачит нуур-Дэвэл”-ийн арлын байгалийн цогцолборт газрын хилийн хязгаарлалтын бүсэд хамрагдаж, тусгай хамгаалалтад 2020 онд дахин авагдсан газар учраас Ногооннуур сумын Засаг даргын хариуцагч нарт газар олгохоор гаргасан захирамж нь хуулийн хүчин төгөлдөр бус, хууль бус  эрхийн акт байна.

 

 Ногооннуур сумын Засаг дарга асан Х.Е 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр гаргасан “Хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 /засвартай/ дугаартай захирамжийн хавсралтаар нэр бүхий дээрх хариуцагч 5 иргэнд олгосон газрын талаар иргэн миний бие Х.Дөрбетхан нь холбогдох тусгай хамгаалалтын газарт хүсэлт гарган тодруулахад “Ачит нуур-Дэвэл”-ийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Болдбаатарын гарын үсэг бүхий 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн 03 дугаар албан тоотоор  “Таны 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн өргөдлийг хянаж үзээд, “Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай захирамжаар Ногооннуур сумын иргэн С.Б М.Т, Ж.А, К.Ү, С.А нарт “Хар тахирын ганц бургасны доод тал“ гэх газар байршилтай газраас хадлангийн зориулалтаар олгосон газар нь “Ачит” нуур-Дэвэл”-ийн арлын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байгаа нь үнэн болно” гэсэн хариултыг хүргүүлсэн.

 2.4. Ногооннуур сумын Засаг даргын гаргасан дээрх хууль бус захирамж нь бусдад давуу байдал бий болгосон захирамжид дурдагдсан иргэд уг захирамжийг өөр зорилгоор хууль бусаар ашиглаж нэхэмжлэгч бид нараас их хэмжээний өвсний үнэ нэхэмжилсэн асуудлаас болж бидний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Улсын Их Хурлын хүчин төгөлдөр тогтоол, тогтоолын хавсралтаар Улсын тусгай хамгаалалтад авагдсан бүс нутгаас иргэдэд газар ашиглуулах эзэмшүүлэх давуу эрх Ногооннуур сумын Засаг даргад байхгүй тул Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хадлангийн газар ашиглуулах тухай” А/32 дугаартай захирамжийг хавсралтын хамт хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улсын тусгай хамгаалалтад хамрагдсан газраас иргэн С.Б М.Т, Ж.А, К.Ү, С.А нарын нэр бүхий 5 иргэн А/32 дугаар захирамжийг ямар ч кадастрын зураггүй газарт гаргуулж, 2023 онд маргаан үүсгэсэн. Өөрсдийн газар биш бид нарын олон жил ашигласан “Бэлчээрийн эх” гэх газар дахь хадлангийн талбайд маргаан үүсгэж, “бид нарын газар байна” гэж худлаа мэдүүлэг өгч, Засаг даргын захирамжийг далимдуулж  Д.С, С.Д нараас 6 машин өвсний үнэ болох 9 000 000 төгрөг нэхэмжилсэн. Баян-Өлгий аймаг дахь сумын дундын шүүхэд маргаан үүсгэж, анхан шатны шүүхээр үзлэг хийлгэхдээ захирамжид дурдагдсан газарт үзлэг хийлгэхгүйгээр, бид нарын хууль журмын дагуу авсан газарт үзлэг хийлгэсэн асуудлаас болж шүүхийн шийдвэр буруу гарах үндэслэл болж, тухайн мөнгийг иргэн Д.Се, С.Д нараар төлүүлэх шийдвэр гарсан.

Энэ талаар Д.С, С.Д нар 2025 оны 6 дугаар сарын сүүлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан. Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгаж, Ногооннуур сумын Засаг даргын С.Б М.Т, Ж.А, К.Ү, С.А нарт гаргасан захирамж нь хууль бус байна, Улсын тусгай хамгаалалтад хамрагдсан газарт хууль бусаар захирамж гаргасан байна гэж аймгийн Засаг даргад  2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Зөрчлийг арилгуулах, хууль бус захирамжийг хүчингүй болгуулах тухай” албан тоот хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга Ногооннуур сумын Засаг даргад хоёр удаа албан тоотоор “Хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар” албан тоот хүргүүлсэн боловч тухайн үед энэ захирамжийг хүчингүй болгоогүйгээс болж  сум  дундын анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарах үндэслэл болсон.

Нэгэнт Авлигатай тэмцэх газраас хууль бус захирамж гарсан болох нь тогтоогдсон учраас Ногооннуур сумын Засаг дарга үүнийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/144 дугаартай захирамжаар А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулсан. Ногооннуур сумын Засаг даргын гаргасан А/144 дугаар захирамжийг Б нарын иргэд “зөвшөөрөхгүй, уг шийдвэр нь худлаа, бид хараагүй” гэж хэлж байгаа.  Бид  хоорондоо маргаж 2 жил болж байна. Иймээс шүүхийн журмаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлүүлж өгнө үү гэв..

4. Хариуцагчийн  шүүхэд гаргасан тайлбарт:

4.1. Тус сумын “Хосхарагай хоршоо” болон иргэн С.Б М.Т, Ж.А, К.Ү, С.А нарын хадлангийн газрын кадастрын зураг байхгүй бөгөөд хадлангийн тойм зургийг Засаг даргын тамгын газрын даргын албан бичгээр хүргүүлсэн. Сумын Засаг даргын 2023 оны А/32 дугаартай захирамжаар олгосон хадлангийн газар нь “Ачит нуур-Дэвэл”-ийн арлын байгалийн цогцолборт газарт хамрагдаж байгаа тул хүчингүй болгосон болно гэжээ.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Д, Д.С  нараас тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамжийг хавсралтын хамт хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шийдвэр нь тус сумын “Хар тахирын ганц бургас” гэх газрын доод талаас иргэн С.Б нарын 5 хүнд хадлан бэлтгэх зориулалтаар тус тус 1.5 га газар буюу нийт 7.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах агуулгатай байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “...Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны А/32 дугаартай захирамжаар олгосон хадлангийн газар нь “Ачит нуур-Дэвэл”-ийн арлын байгалийн цогцолборт газарт хамрагдаж байгаа тул хүчингүй болгосон” гэж тайлбарлаж, Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/144 дугаартай захирамжийг шүүхэд ирүүлсэн ба уг шийдвэрийн холбогдох хэсгээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заасан.

4. Дээрх байдлаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг хуулийн дээрх зохицуулалтад заасан бүрэн эрхийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  хүчингүй болгож, дээрх байдлаар А/144 дугаартай захирамж гаргасан байх тул нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамжийг  хавсралтын хамт хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн үндэслэлээ “...маргаан бүхий захиргааны актаар хадлангийн талбай ашиглаж байсан С.Б нарын иргэд Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны А/144 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, уг шийдвэрийг бид хараагүй, А/144 дугаартай захирамж гарсан нь худлаа гэж маргаж байна.” гэж тайлбарласан. Тухайн иргэд Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны А/144 дугаартай захирамжтай танилцаагүй, уг шийдвэрийг эс зөвшөөрч байгаа гэх боловч  Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны А/144 дугаартай захирамж нь хүчин төгөлдөр буюу нэхэмжлэгч нарын маргасан Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны А/23 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болж хүчингүй болсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, шүүхээс А/32 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг хүссэн тайлбар нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Дээрх байдлаар хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А/144 дугаартай захирамжаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон боловч энэ нь С.Б нарын 5 хүний маргаан бүхий 7.5 га газрыг хадлангийн зориулалтаар ашиглах эрхийг дуусгавар болгосон буюу бусдын эрхийг хөндсөн шийдвэр байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар  хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д, Д.С нарын тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамжийг хавсралтын хамтаар хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

          

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.РИЗА