Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 203/МА2021/00040

 

Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,

Б.Амгаланбаатарт хариуцагдах

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2021/00291 дугаар шийдвэртэй,

Дорнод аймгийн Засаг даргын /М.Бадамсүрэн/ нэхэмжлэлтэй,

Б.Амгаланбаатарт хариуцагдах,

иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс шаардагдах урьдчилсан нөхцөлүүд болох урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдон гарсан зардалд 12 693 634 төгрөгийг төсөвт нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргалын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал, В.Цэнгэлмаа, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Б.Амгаланбаатар нь Өмнөговь аймгаас халдвар голомтлон гарсан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгаар дамжин 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн С.Батчулууны хамт Дорнод аймгийн нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгслээр маршрутын зам дахь хяналтын цэгээр оролгүйгээр зөвшөөрөлгүй нэвтэрч, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сумдын нутгаар зорчин нутгийн иргэдтэй уулзаж, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, дугуй засварын газруудаар үйлчлүүлсэн байсныг Цагаан-Овоо сумын Онцгой комиссын шуурхай штабаас аймгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу тус иргэдийг албадан тусгаарлаж, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хариу арга хэмжээний 1 дүгээр багийг томилон, Хэрлэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун сумын нутаг дэвсгэрт хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахад хяналт тавих хөдөлгөөнт хяналтын цэгүүдийг байгуулж аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчдыг дайчлан ажиллуулсан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 в, 29.1.6 б, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан заалтуудын хүрээнд аймгийн Засаг даргын хувьд нутаг дэвсгэр дэх хүн амыг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэртээ онцгой дэглэм тогтоох, хүн, хүч хэрэгслийг дайчлан ажиллуулж нөхөх төлбөр олгох эрх үүргээ хэрэгжүүлэн ажилласан.

Уг үйл ажиллагаанд дайчлагдан ажилласан Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тусгаарлан ажиглах, шинжилгээ авах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, дэмжих үйлчилгээний ажилтнуудын илүү цагийн хөлс, хамгаалах хувцас хэрэгсэл, тусгаарлан ажиглахтай холбоотой бусад зардал 6 086 494 төгрөг, Бүсийн төв Дорнод аймаг дахь Онцгой байдлын газрын хяналт тавьж ажилласан албан хаагчдын томилолт, шатахууны зардал 778 800 төгрөг, аймгийн Эрүүл мэндийн газрын тусгаарлалт, тандалт судалгаа, ариутгал халдваргүйтгэл хийсэн албан хаагчдын томилолт, шатахуун, хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын зардал 1 392 000 төгрөг, аймгийн Цагдаагийн газрын хяналт тавьж ажилласан албан хаагчдын томилолт, шатахуун, хамгаалах хэрэгсэл болон бусад зардал 3 881 840 төгрөг, Цагаан-Овоо сумаас тусгаарлах, хяналт тавихад зарцуулсан 554 500 төгрөг, нийт 12 693 634 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг тус байгууллагуудаас аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад ирүүлсэн.

Аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуульд заасан орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон эрх, үүргийн хүрээнд дээрх зардлыг төсвөөс төлөх үүрэг хүлээж Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй юм.

Иргэн Б.Амгаланбаатар нь халдварт цар тахлын хөл хорионы дэглэмийн үед эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчин цар тахлын голомт бүхий нутгаар дамжин Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зорчсон буруутай үйлдлээ Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ЗШ/129 дугаартай шүүхийн шийтгэврийн 2 дахь талд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд уг буруутай үйлдлийн улмаас ард иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан 12 693 634 төгрөгийн зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.7 дахь заалтын дагуу нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс орон даяар дагаж мөрдөх гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор сунгаж шийдвэрлэсэн. Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Онцгой комиссын дарга, Хэнтий аймгийн Засаг дарга, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын хамтарсан авч хэрэгжүүлэх арга хэмжээний журмыг баталж гаргасан актыг Өмнөговь аймгийн харьяат иргэн Б.Амгаланбаатар нь хязгаарлалт тогтоосон хугацаанд маршрутын бус замаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрснээрээ зөрчсөн.

2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тухайн аймагт цар тахлын халдвар бүртгэгдээгүй байх үед цар тахал голомтлон гарсан хөрш зэргэлдээ сум болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын бүс нутгаар дайрч улсын чанартай маршрутаар бус хулгайн замаар зорчиж Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн.

Тэрээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Баяндун сум, Сэргэлэн сумдаар дамжин явахдаа тухайн сумын онцгой комиссын олж мэдсэн мэдээллээр хариуцагч саатуулагдсан байдаг. Тухайн үед хариуцагчаас PCR шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд төрийн захиргааны байгууллага болон аймгийн онцгой комиссоос тодорхой үүрэг чиглэл өгч, олон албан хаагчийг ажиллуулсан, иргэдийн эрүүл мэнд хохирох эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байдаг. Энэ зөрчилд нь холбогдуулж аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар иргэн Б.Амгаланбаатарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг гаргасан.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1 дэх хэсэгт гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг иргэн биелүүлэх үүрэгтэй гэсэн байдаг.

Хариуцагч нь тухайн үеийн тогтоосон дэглэм, хязгаарлалт, хууль тогтоомж, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.9 дэх хэсэгт эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцна гэж хуульчилж өгсөн. Эдгээр хууль болон аймгийн Онцгой комисс тухайн бүс нутгийн удирдлагуудын гаргасан захиргааны актыг зөрчсөн иргэн Б.Амгаланбаатарт холбогдох үйлдэл, түүнээс гарсан хор уршиг, хохирлыг арилгуулахаар Дорнод аймгийн Засаг даргаас нэхэмжлэл гаргасан.

Холбогдох захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нийтэд мэдээлсэн, мэдээллийн сайтуудад байршуулсан. Б.Амгаланбаатар нь аймгийнхаа Онцгой комисст хэлж заавар, зөвлөгөө аваад явсан гэдэг зүйлийг ярьж байна. Үүнийгээ тэрээр нотлох ёстой. Тухайн үед Дорнод аймаг ногоон бүс байсан нэг ч халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Үүнийг зөрчихөөд би огт зөрчөөгүй, харин миний нэр төрд халдсан гэдэг байдлаас хандаж байвал өөрийгөө өмгөөлөх үндэслэл биш.

Дорнод аймгийн сум дундын шүүх буруу шийдвэр гаргасан би давж заалдсан гэсэн асуудлыг ярьж байна. Миний ойлгосноор хуулийн хугацаанд цахимаар гомдлоо өгсөн боловч тухайн шүүхээс гомдлыг шаардлага хангаагүй гэж буцаасан юм шиг байна билээ.

Энэ шүүхийн асуудал давж заалдах гомдлыг хэлэлцэн эсэх нь энэ хэрэгт ач холбогдолтой биш юм. Шүүхээс гарсан албан ёсны шүүхийн шийтгэврийг үндэстэй гэж үзэж, үүнийг буруу шийдвэр гарсан гэж бид үзэхгүй байгаа. Давж заалдах гомдол энэ хэрэгт ач холбогдолгүйг нэмж тайлбарлая гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэнгэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Амгаланбаатар нь өөрийн эрх үүргээ биелүүлэхгүйгээр, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэдгийг нэхэмжлэгч талаас хэрхэн нотолж байгаа вэ гэвэл Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг мэдэгдэх талаар заасан байдаг. Бид нар өөрийн орон нутгийн телевиз болон Онцгой байдлын газрын албан ёсны цахим хаяг, Онцгой байдлын газрын гаргасан шийдвэр, тогтоолууд гээд бүх мэдээллийг нээлттэй байршуулсан байгаа. Эдгээрийг танилцуулснаас хойш ажлын 10 хоног өнгөрсний дараа мэдэгдсэнд тооцно гэдэг. Тэгэхээр Б.Амгаланбаатарыг Дорноговь аймагт зорчихоос өмнө хэвлэл мэдээлэл дээр тавигдсан байсан. Тиймээс бид энэ захиргааны актыг нийтэд танилцуулах мэдэгдэх ажлаа хийсэн байсан учир Б.Амгаланбаатар нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчихдоо тухайн гаргасан хэм хэмжээг мөрдөх үүрэгтэй байсан.

Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Амгаланбаатарыг Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалаар баталсан хот хоорондын зорчигч тээвэрлэх, зохицуулах түр журам дээр зорчигч иргэн асуумжийг үнэн зөв бөглөөд, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх бөгөөд хот хооронд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж асуумжийг үндэслэж нэвтрүүлнэ гэж заасан зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзсэн шийтгэвэр нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр юм.

Эдгээр нэхэмжилж байгаа зардалд иргэн Б.Амгаланбаатартай холбоотой хэмжигдэж болох зардлыг гаргаж, цаана нь хэмжигдэх боломжгүй зардлыг оруулаагүй. Хатуу хөл хорионы үед гаргасан хэмжигдэх боломжгүй зардал өчнөөн байгаа.

Энэ зардлыг Засаг даргын нөөцийн сангаас гаргахдаа дараагийн гарсан постуудын зардалтай нийлүүлээд холбогдох зардлуудыг гаргасан. Ковидын үед Гамшгийн тухай хуульд заасан байгаа нөхөн төлбөрийг буруутай этгээд хариуцах ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Амгаланбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул 12 693 634 төгрөгийг бүхэлд нь хариуцахгүй.

Хэнээс хаанаас яаж зөвшөөрөл авч, ямар замаар явах байсан нь нэхэмжлэлд тодорхойгүй байна.

Мөн тухайн үед аймаг хооронд явах хөдөлгөөнийг Засгийн газраас хязгаарласан журам гаргаагүй байсан.

Миний зорчсон гэх газруудад ямарч пост байгаагүй. Би хаана ажиллаж байгаа постод бүртгүүлж нэвтрэх байснаа, бүртгүүлээгүй зорчсноос хэнд хаана ямар хохирол учруулсан, хэний эрхийг яаж зөрчсөнөө мэдэхгүй байна.

Харин ч Халдвар судлалын үндэсний төвд хариуг баталгаажуулаагүй байж нийтэд зарлаж, хүний авч болдоггүй өвчин авсан мэтээр бусдад чичлүүлж, миний нэр төрд халдсан.

Бид хоёулаа явсан. 2 хүний зардалд 24 сая төгрөг нэхэмжлэгч гаргасан уу. мөнгөн дүн тодорхойгүй байна.

Дорнод аймгийн тархвар судлаач эмч Ганганцэцэг өөрийн биеэр ирж, уулчлалт гуйсан. ХӨСҮТ-ийн шинжилгээгээр батлагдах ёстойг батлагдаагүй байхад зарлаж хүний нэр төр гутаасандаа уучлалт гуйсан гэж бодож байна.

Батчулуун бид 2-ыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ЗШ2021/129 тоот баривчлах шийтгэвэрт гомдол гаргасан, шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад биелүүлүүлж Дорнод аймгийн Шүүх, Цагдаа, Прокурор хууль зөрчсөн.

Намайг хулгайн замаар явсан гэж хэлдэг, одоо нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүй явсан гэж байна.

Би нотлох баримт гаргах хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй. Эрх зүйн мэдээллийн санд ямар ч тогтоол байхгүй. Шийтгэврийн тухайд давж заалдах гомдол гаргасан.

Миний шинжилгээний хариу ХӨСҮТ-өөс сөрөг гэж гарч ковидоор өвчлөөгүй болохыг баталгаажуулсан. Анхны шинжилгээгээр сул эерэг гарч сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-өөс баталгаажсан хариу ирээгүй байхад Дорнод аймгийн Онцгой комисс ковид илэрлээ гэж улсын хэмжээгээр зарлаж миний болон Өмнөговь аймгийн нэрийг гутаасан сөрөг мэдээлэл мэдээллийн олон сайт, сувгаар тарсан тул энэ тухай гомдлоо тухайн комисст бичгээр гаргасан боловч одоо болтол хариу ирээгүй байна.

Шороон замыг хулгайн зам гээд байгаа юм уу, засмал замыг хулгайн бус зам гэж байгаа юм уу.

Би шороон замаар буюу улсын чанартай замаар сум хооронд зорчсон. Ямар ч засмал замаар яваагүй. Тэгээд сум хооронд байдаг гүүр дээр очиход GPS тасарсан болохоор тэр хавийн манаач айлаас асуусан. Би Өмнөговь аймгаас Цагаан-Овоо сум руу зорчиж байна, ямар нэгэн хориглосон зүйл байгаа юу? гэж асуухад байхгүй гэсэн. Цагаан-Овоо руу зорчиход пост дээр бензин аваад гарахад бас хязгаарлалт байхгүй, нэвтрэхэд бичиг баримт шаардлагатай юу? гэхэд байхгүй гэсэн. Нэвтэрсний дараагаар бензин авсан байгаа. Ямар нэгэн хязгаарлалт юу ч байгаагүй. Намайг хязгаарлалтын дэглэм зөрчсөн гэж байгаа. Дорнод аймгийн шүүх болон цагдаа хуулийг зөрчсөн гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Амгаланбаатарт холбогдох 12 693 634 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 218 048 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хариуцагч Б.Амгаланбаатарын гаргасан эрх зүйн зөрчлийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг хохирол гэж үзэх ба ийнхүү учирсан бодит хохирол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд холбогдох түр журам үйлчилж байсан.

Тус журмаар тогтоосон маршрутын бус замаар зөвшөөрөлгүй зорчих хөдөлгөөн хийж улсын төсөвт хохирол учруулсан. Учир нь төрийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасны дагуу зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргахаар хуульчилсан бөгөөд тухайн зөрчлөөс үүдэн гарсан батлагдаагүй нэмэлт зардал нь төсөвт учирсан хохирол юм. Эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцагч нөхөн төлөхөөр Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруутай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-1, 12.9, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.7-д тус тус заасан, мөн үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул Б.Амгаланбаатар нь хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Тухайн маргаантай харилцаа нь Иргэний хуульд үндэслэхээс гадна Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруутай тухай хууль зэрэг хуулиудаар зохицуулагдах харилцаа юм. Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/ нь иргэн Б.Амгаланбаатарт холбогдуулан эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг зөрчснөөс гарсан хор уршигийг арилгах үйл ажиллагаанд гарсан зардалд 12 693 634 төгрөгийг төсөвт нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ холбогдох байгууллагуудаас нэхэмжлэгч байгууллагад ирүүлсэн нотлох баримтад үндэслэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх эрхийг Ц.Баяржаргал, В.Цэнгэлмаа нарт итгэмжлэлээр олгожээ.

Хариуцагч Б.Амгаланбаатар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал нь хариуцагч Б.Амгаланбаатарыг Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын хамтарсан гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний журам баталж хязгаарлалт тогтоосон хугацаанд маршрутын бус замаар ...2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тухайн аймагт цар тахлын халдвар бүртгэгдээгүй байх үед цар тахал голомтлон гарсан хөрш зэргэлдээ сум болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын бүс нутгаар дайрч улсын чанартай маршрутаар бус хулгайн замаар зорчиж Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн , ... Цагаан-овоо, Баяндум, Сэргэлэн сум нийт 3 аймгаар зорчиж хөл хорионы дэглэм зөрчсөн.., гэж тайлбарласныг хариуцагч Б.Амгаланбаатар нь эрх зүйн мэдээллийн санд Дорнод аймгийн ямар ч эрх зүйн акт байгаагүй, маршрутын бус хулгайн зам гэж ямар замыг хэлж байгаа нь тодорхойгүй, хаана бүртгүүлэх нь тодорхойгүй мэдээлэлгүй байсан гэсэн агуулгаар маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэнгэлмаа дээрх журмын талаар орон нутгийн телевиз, Онцгой байдлын газрын албан ёсны цахим хаяг зэрэгт нээлттэй байршуулсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал нь хулгайн зам гэдгээ маршрутын замыг гурван аймгийн Засаг дарга баталсан. Үүн дээр Улсын Онцгой комиссын шийдвэрээр улсын чанартай зам тул пост эргүүл гаргах, хяналт тавьж шалгах журмын дагуу нэвтрүүлнэ гэж заасан байгаа ..., пост байрлаж буй маршрутын замыг тойрон орж олон иргэдтэй харилцаанд орсныг зөвтгөх үндэслэлгүй.... гэж тус тус тайлбарласан боловч хаанаас хэзээ баталсан, ямар журмын зохицуулалтыг хэрхэн зөрчсөн, хаана байрлах пост, эргүүлд бүртгүүлэх байсан тухайг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэх хариуцагч Б.Амгаланбаатарын тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

2. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Цэнгэлмаа нь шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалаар баталсан хот хоорондын зорчигч тээвэрлэх, зохицуулах түр журам дээр зорчигч иргэн асуумжийг үнэн зөв бөглөөд, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх бөгөөд хот хооронд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж асуумжийг үндэслэж нэвтрүүлнэ гэж заасан зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзсэн шийтгэвэр нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр юм. гэж тайлбарласан байх ба анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх хуралдааны оролцогч нар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ЗШ/129 дугаартай шүүхийн шийтгэврийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргал нь анхан шатны шүүх хуралдаанд ...миний ойлгосноор иргэн Б.Амгаланбаатар нь хуулийн хугацаанд давж заалдах гомдлыг цахимаар өгсөн боловч тухайн шүүхээс гомдлыг шаардлага хангаагүй гэж буцаасан юм шиг байна лээ. гэж, давж заалдах гомдолдоо энэ гомдлыг хэлэлцэх эсэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй гэж, В.Цэнгэлмаа нь ...шийтгэвэр нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр юм... гэж мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй боловч уг шүүхийн шийтгэвэр нь хэрэгт мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй хуулбар хувиар авагдсан байх тул уг шийтгэврийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, өөр нотлох баримтаар нотлогдоогүй тул  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм.

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэл, гэм буруутай байдал шалтгаант холбоотой байх, учирсан хохирол бодитой байх нь шаардлагыг хангах урьдчилсан нөхцөл хангагдсан нь хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн үнийн дүнг Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорнод аймаг дахь Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Цагдаагийн Газар, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар, Дорнод аймгийн Цагаан-овоо сумын Засаг даргын Тамгын газраас Аймгийн Засаг даргад хандан шийдвэрлүүлж өгөхийг хүссэн дүнгээр тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн хамт ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин уг зардлыг Төсвийн тухай хуульд заасан орон нутгийн ерөнхийлөн захирагчид олгосон эрх, үүргийн хүрээнд нөхөн төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байгаа боловч холбогдох байгууллагад зохих үндэслэлийн дагуу төлөөгүй гэдгээ тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг, хариуцагчийн татгалзлыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1363 дугаар шүүгчийн захирамжаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяржаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 143/ШШ2021/00291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД             Х.ГЭРЭЛМАА

                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ