Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,  

Шүүгдэгч Б.Амарням /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчууд овогт Батболдын Амарнямд холбогдох эрүүгийн 1709025540181 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 15 дугаар гудамж 03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчууд овогт Батболдын Амарням /РД:УЮ93011654/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/  

Шүүгдэгч Б.Амарням нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургуулийн 5 давхарт Э.Амаржаргалын самсунг эс-6 маркийн гар утсыг түр өгч бай гэж хэлэн хуурч өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад зарж борлуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Амарням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Эрүүгийн 1709025540181 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Б.Амарням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сард Амаржаргалтай фейсбүүк хаягаар анх танилцаж эхлээд тухайн оны 11 дүгээр сард Багануурт уулзаад бид хоёр холбоотой болоод үерхдэг болсон. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би Амаржаргалын сургууль болох Монгол Улсын Багшийн их сургуулийн хичээлийн байран дээр очиж Амаржаргалтай уулзаад цэнэглэгчийг нь аваад өөрийн гар утсаа цэнэглээд тухайн үед Амаржаргалын гар утсыг гуйж аваад мессеж, чатыг шалгахад нэг эрэгтэй хүнтэй бичсэн зурвас байсныг олж хараад бид хоёр жоохон маргалдсан. Тэгээд Амаржаргал анги руугаа орж хувцасаа авах хооронд нь би тэр чигээрээ гар утсыг нь эргүүлж өгөлгүйгээр авч яваад Монтел дээр очиж 160.000 төгрөгөөр зараад маргааш нь найз Батбилэгт /88707863/ 160.000 төгрөгийг өрөндөө бодож өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 21-22 дугаар хуудас/,

 

            Хохирогч Э.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би өнөөдөр буюу 2017 оны 12 сарын 11-ний өдөр 13 цагийн үед хичээл дээрээ байж байх үед миний фэйсбүүкээр танилцсан Амарням гэдэг залуу 99690918 гэсэн дугаарын утас руу 88557172 дугаарын утсаар залгаад “миний утсыг цэнэглээд өгөөч сургуулийн чинь хажууд явж байна” гэсэн ба би болно гээд Амарням орж ирээд Монгол Улсын Багшийн их сургуулийн 5 давхарт коридорт уулзсан. Тэгээд коридорт сандал дээр Амарнямын гар утсыг цэнэглэж байхад “чи утсаа өгч бай” гээд миний гар утсыг авсан тэгээд хичээл орох болоод би “утсаа аваад оръё” гэсэн өгөхгүй гээд байсан тэгэхээр нь би “гар утсаа авъя, хичээл орлоо гэсэн чинь өгөхгүй” гээд уурлаад байсан тэгэхээр нь би “ангид орж цүнхээ авчихаад гарч ирье” гээд ангидаа ороод цүнхээ авчихаад гараад ирсэн чинь Амарням миний утсыг аваад, өөрийнхөө утсыг аваад хаашаа ч юм бэ алга болчихсон байсан. Тэгээд би хайгаад олоогүй, утас руу нь залгасан чинь таслаад байсан, би найз Оюун-Эрдэнийн 99504856 дугаарын утсаар "утсаа авмаар байна аа, хаашаа алга болчихвоо" гэсэн чинь над руу “орой тэр бацаанаасаа аваарай” гэж хариу бичээд дахиж хариу бичээгүй, өөрийнхөө гар утсыг салгачихсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

               Гэрч Н.Батбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Амарнямтай багаасаа найзласан, манай Багануур дүүргийнх юм. Амарням нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр надаас 200.000 төгрөгийг 12 дугаар сарын 17-ний өдөр эргүүлж өгөхөөр тохиролцон зээлж авсан. Тэгээд 12 дугаар сарын 06-ны өдөр надад 40.000 төгрөг өгөөд үлдэгдэл болох 160.000 төгрөгийг нь 12 дугаар сарын 17-ны өдөр өгөөд дуусгасан.:.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан:

“...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 198.000 /нэг зуун ерэн найман мянган төгрөг/-р үнэлэгдэв…” гэжээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Б.Амарнямын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Амарням нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургуулийн 5 давхарт өөрийн танил Э.Амаржаргалыг ““Самсунг эс-6” маркийн  гар утсаа түр өгч бай” гэж хэлж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Амарнямын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Амаржаргалын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь урьдын танилын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эд хөрөнгийг хуурч авсан талаар мэдүүлсэн мэдүүлсэн, хохирогч шүүгдэгчид эд хөрөнгөө түр хугацаанд өгсөнийг мэдүүлж, хохирогчид хохирол учирсан хохирлын хэмжээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Амарнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Амарнямыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Амарнямд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Хэрэгт авагдсан хохирогч Э.Амаржаргал нь бичгээр гаргасан хүсэлтэд “…Амарнямаас хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй...” /хх-ийн 50/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарнямд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Амарням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.