Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                               Б.Оюунцэцэг

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч                     А.Очбадрал

                                                                                Б.Энхтүвшин

Цагаатгагдсан этгээд                                             *******

Нарийн бичгийн дарга                                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/117 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2321002540416 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хөлөнбуйр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажиллаж байсан, одоо Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуусын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. ******* нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн үед хот хоорондын засмал зам дээр ******* УБХ улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь *******ын жолоодож явсан ДОА улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан гэх гомдол мэдээллийн дагуу зам тээврийн ослын газарт очиж 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00:30-00:50 цагийн хооронд хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй мөртлөө үзлэгийн тэмдэглэлдээ , нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж бичиж, тэдгээрийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц. цагаатгаж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2321002540416 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

5. Прокурор Б.Оюунцэцэг эсэргүүцэлдээ: “... 1. Шүүгдэгч ******* нь тусгай субъект болох нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022.05.18-ны өдрийн Б/666 дугаартай тушаалаар, 2023.01.29-ний өдрийн 00:30-00:50 цагийн хооронд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр оролцоогүй , нарыг оролцуулсан мэтээр нэрийг бичиж, гарын үсэг зурсан идэвхитэй үйлдлээрээ хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч , , , *******, ******* нарын мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн 232100141 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, 2023.01.29-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсөх буюу хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч ******* хэрэгт авагдсан нотлох баримтыг хуурамчаар үйлдэн хэрэгт хавсаргах үйлдэл хийснээр энэ гэмт хэрэг төгсөнө.

... Анхан шатны шүүх “... хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт болох талаар эсхүл тухайн нотлох баримт нь үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй болсон талаар тус тус үнэлсэн шүүхийн шийдвэр гараагүй байх тул тухайн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж дүгнэх боломжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байна.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Учир нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, шалгаж үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг хууль сахиулагч зөрчиж, дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргаснаар энэ гэмт хэрэг төгсөх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт болох талаар эсхүл тухайн нотлох баримт нь үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй болсон талаар тус тус үнэлсэн шийдвэр гарсан эсэх нь зүйлчлэлд нөлөөлөхгүй.

… Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн бол нотлох баримтыг цуглуулах, үнэлэх эрхтэй оролцогч учраас тухайн нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байхыг шаардахгүй, харин ердийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн субъект нь нотлох баримтыг цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байхыг шаарддагаараа ялгаатай юм.

2. Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасан байхад хэргийг хэрэг бүртгэлтэд буцаажээ.

Хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь цаашид ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн газрын үзлэгийг хийхдээ хэн нэгэнд давуу тал олгосон зүйл байхгүй. Байгаагүй хүмүүсийг байсан мэтээр бичиж гарын үсэг зурсан үйлдэлдээ гэмшиж байна гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дурдаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хөндлөнгийн гэрч оролцуулах хэсгийг тодорхой дурдаж өгсөн байна. Тухайн үйлдэл дээр ч гэсэн заавал хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй болох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиас харагдаж байна. Тиймээс ач холбогдолгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёстой юм. Ингэснээр гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл үйлдлийн улмаас хэн нэгэнд давуу байдал бий болоогүй байна. Анхан шатны шүүхээс аль үзлэгийн тэмдэглэлээр шийдвэр гарахыг одоогоор хэлж мэдэхгүй байна гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн болохоо шийдвэрээрээ илэрхийлсэн. Хамгийн гол нь энэ гэмт хэрэг шүүн таслах ажиллагааны журмыг зөрчсөн байх шинжтэй, гэтэл ийм шинж байхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол шүүх тухайн баримтыг үнэлэх эсэхээ шийдвэрлэдэг. Ц. гэм буруутайд тооцох юм бол нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг үнэлэхгүй байх асуудал үүсэх юм. Угтаа бол тухайн ослын асуудлыг шийдвэрлэсний дараа одоо хэлэлцэж байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хэрэгт бүртгэлтэд буцаах асуудлыг ярьж байна. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол мэдээж хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй. Мөн гэмт хэргийн шинжгүй тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой болно. Шүүгдэгч нь цагаатгагдаж байгаа учраас хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаа бөгөөд заавал яллах албагүй юм. Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бөгөөд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан. Энэ хэргийн хувьд хэрэг бүртгэлтэд буцааж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа үйлдэл юм. *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах юм бол энэ хэрэгт холбогдуулж ямар этгээдийг шалгах нь тодорхой бус болж байгаа юм. Мөн өмгөөлөгч нар тайлбарлахдаа хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй хэсэгт хөндлөнгийн гэрчийг оролцуулсан мэтээр тайлбарлаж байна. Гэхдээ энэ тайлбар нь ач холбогдолгүй юм. Гол нь өөрөө оролцуулаагүй хүнийг оролцуулсан мэтээр бичээд хуурамчаар гарын үсэг зурсан нь буруутай үйлдэл болно. Нөхөн үзлэгийн тэмдэглэл нь ямар ч зөрүүгүй мэт тайлбарыг гаргаж байна. Гэвч үгүй юм.  Эсрэг урсгалын замын урт, үл хөдлөх цэг дээр өөрчлөлт гарсан. Одоо хэлэлцэж байгаа асуудлаас болж өмнөх хэрэг нь шийдэгдэхгүй 1 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хууль зөрчсөний улмаас хэргийг шийдвэрлэхгүй удааширч байгаа талаар гэрч нар мэдүүлсэн. Тиймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 117 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас Ц. гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, шүүгдэгч 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00:30-00:50 цагийн хооронд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт” гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгч, хууль сахиулагч *******д холбогдох нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, Ц. цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Хэргийн материалаас үзэхэд Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хөлөнбуйр суман дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч ******* нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн үед хот хоорондын засмал зам дээр ******* УБХ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь *******ын жолоодож явсан ДОА улсын дугаартай Toyota Fielder маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол  гаргасан гэх гомдол мэдээллийн дагуу зам тээврийн ослын газарт очиж 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00:30-00:50 цагийн хооронд хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй мөртлөө үзлэгийн тэмдэглэлдээ , нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэж бичиж, тэдгээрийн гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “...үзлэгийн тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, ийм үзлэгт би оролцоогүй. ...2023 оны 01 дүгээр сарын 28 болон 29-ний өдөр Дорнод аймагт байсан. Миний бие цагдаагийн ахмад *******эс “Авилгатай тэмцэх газраас залгаж байна, ямар учиртай юм бэ” гэж асуухад “осол дээр чамайг байсан гээд гарын үсэг зурсан юм аа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84, 2-р хх-ийн 220/,

-гэрч гийн “ ...үзлэгийн тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би тухайн ослын газрын үзлэгийг харлаа. Ийм үзлэгт би оролцоогүй, энэ талаар мэдэхгүй байна. ...Би ******* ахмадаас “та яагаад миний гарын үсгийг зурчихсан юм бэ” гэж асуусан чинь “ах нь харин чиний гарын үсгийг зурчихсан юм аа” гэж хэлсэн. Ямартай ч би тухайн 2023 оны 01 дүгээр сарын 28-нд Булган суманд гарсан зам тээврийн осолд хөндлөнгийн гэрчээр оролцож байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88, 2-р хх-ийн 214/,

-гэрч *******гийн “ ...хоёр автомашинд сууж явсан хүмүүсээс өөр хүн тухайн ослын газарт байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-121, 2-р хх-ийн 169-170/,

-гэрч *******ын “...Цагдаагийн ахмад ******* ослын газрын үзлэгийг хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулаагүй. Тухайн үед ******* ахмад бид нарт ослын газрын үзлэгийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 215-216/,

-гэрч ийн “ ...тухайн хэмжилтийг хийхэд хөндлөнгийн гэрч байгаагүй, тухайн үед тэмдэглэл үйлдэж байгаа зүйл ажиглагдаагүй ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 222-223/,

-хэрэг бүртгэлтийн 232100141 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 91/,

-Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн бол “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүх шийдвэртээ “...Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэж буй тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй гэмт үйлдэл, үйл ажиллагааг хамааруулах бөгөөд тухайн нотлох баримт нь хэргийн үйл баримтыг нотолсон нотолгооны ач холбогдолтой, эсхүл үйл баримтыг сэргээн тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт мэдээлэл байхыг ойлгоно.

Зөрчлийн 2321000067 дугаартай хэрэгт шүүгдэгч зам тээврийн ослын газарт 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00:30-00:50 цагийн хооронд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримт болох талаар, эсхүл тухайн нотлох баримт нь үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй болсон талаар тус тус үнэлсэн шүүхийн шийдвэр гараагүй байх тул тухайн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж дүгнэх боломжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд түүнийг үгүйсгэх боломжгүй байна.

5. Иймд шүүгдэгч Дорнод аймгийн Цагдаагийн газрын Хөлөнбуйр суман дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн гаргасан “ ...анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/117 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ГАНЧИМЭГ

      ШҮҮГЧИД                                                         Г.УРТНАСАН

                                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ