Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 202/МА2022/00001

 

 

     Ц.С-н нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/ШШ2021/00275 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Х овогт Ц-н С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********* аймгийн Засаг даргад холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч Ц.С-с 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г зайнаас цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Ч нар зайнаас цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.С миний бие нь *** чуулгын захирлаар ажиллаж байгаад Засаг дарга Б-н 2017 оны 01 сарын 31-ний өдрийн захирамжаар ажлаас халагдсан бөгөөд 3 шатны шүүхээс үндэслэлгүй халсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоосон. 2018 оны 07 сарын 09-ний өдөр Засаг дарга Б нь ажилд томилсон захирамж гаргасан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэж байнгын ажлын байранд түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль зөрчин 1 сар 27 хоногийн дараа буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр дахин орон тооны цомхотгол нэрээр ажлаас халсан. Тус захирамжид Б чуулгын захирлын орон тоо цомхотгогдсон гэсэн атлаа Ц гэгчийг захирлаар томилоод миний биеийг Ц нь дэд захирлаар томилсон тушаал гаргасан байсан. Гэтэл одоог хүртэл хууль бусаар томилогдсон Ц нь захирлын албан тушаал дээр ажиллаж байгаа бөгөөд дэд захирал гэсэн орон тоо байхгүй болох нь харагдаж байгаа. Ингэж огт байхгүй дэд захирал гэдэг орон тоог хуурамчаар гаргаж хуулийг илт зөрчсөн шийдвэр гаргасан тул дахин сум дундын шүүхэд хандсаны дагуу 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 134/ШШ2018/00203 дугаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон юм. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Засаг дарга Б-тэй ажилдаа эргэн орох талаар удаа дараа уулзахад тамгын газарт мэргэжилтэн хий, чамд өөр албан тушаал өгөхгүй гэсэн хариу өгдөг бөгөөд хуулиас дээгүүр, дураараа авирлан шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байсан тул ажилтай байхын тулд арга буюу уг ажлыг одоог хүртэл хийж байна. 2019, 2020 онуудад Б нь Засаг дарга байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг огт хүсээгүй бөгөөд Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнг Засаг дарга томилдоггүй, тамгын газрын дарга томилдог албан тушаал тул Засаг дарга ажилд томилох талаар ямар ч шийдвэр гаргаагүй одоог хүрсэн гэж үзэхээр байгаа юм. 2021 оны 01 сард шинэ томилогдсон Засаг дарга Б-тэй ажилдаа эргэн орох талаар уулзахад тоймтой хариу өгөөгүй бөгөөд нэгэнт урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохгүй бол Соёлын хэлтсийн дарга гэсэн шинэ орон тоо бий болж байгаа тэр албан тушаалд тавьж өгөөч гэсэн санал хэлэхэд энэ албан тушаал дээр олон хүн байгаа гэсэн хариу өгсөн. Иймд дээрх Засаг даргыг өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх болов уу гэж харсан боловч мөн л биелүүлэхийг хүсэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоосон 2018 оны 11 сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна. 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 134/ШШ2018/00158 дугаар шүүхийн шийдвэрээр *** чуулгын захирлаар ажиллаж байсан нэг өдрийн дундаж цалин хөлсийг 41,806 төгрөгөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул үүгээр тооцвол 2018 онд 32 хоног 1,337,792 төгрөг, 2019 онд 250 хоног 10,451,500 төгрөг, 2020 онд 251 хоног 10,496,306 төгрөг, 2021 оны 07 сарыг дуустал 142 хоног 5,936,452 төгрөг нийт 28,2019,050 төгрөг болж байна. Цаашид ч мөн шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, ажилд эгүүлэн томилохгүй бол тэр хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх болногэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөн Засаг дарга нь Ц.С-тэй зөвшилцсөний үндсэн дээр Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр томилсон гэжээ. Ц.С нь Засаг дарга Г.Б-тэй зөвшилцсөн зүйл огт байхгүй бөгөөд Г.Б-тэй ажилд томилогдох талаар удаа дараа уулзахад чамайг *** чуулгын захирлын албан тушаалд тавихгүй ээ, харин Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хий гэсэн хариуг өгдөг байсан. Нэгэнт ажилд томилохгүй нь тодорхой байсан тул ажилгүй байхгүйн тулд Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтний ажлыг нь хийсэн. Одоо хийж байгаа мэргэжилтний үндсэн цалин нь 791,532 төгрөг, *** чуулгын захирлын үндсэн цалин 922,058 төгрөг байдаг бөгөөд цалингийн хувьд ч зөрүүтэй байдаг. Миний бие дахин ажлаа халсныг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр 2018.10.15-ны өдөр томилсон байсан бөгөөд цаашид цалингийн зөрүү биш Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу цалингийн нөхөн олговроо нэхэмжлэх ёстой тул татгалзсан болно. Г.Б-н дараа болсон Засаг дарга Г.Б-г ажлаа аваад удаагүй байхад 2021 оны 1 сард уулзаж ажилдаа томилогдох талаараа хэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Засаг дарга Г.Б Нийгмийн бодлогын хэлтсийн дарга У-тай хамт уулзаад “Та мэргэжилтнээ хийж байвал дээр дээ” гэж хэлсэн бөгөөд энэ үгнийхээ учрыг шүүх хурал дээр тайлбарлах байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх хуудсыг өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгч А үрэгдүүлснээс гүйцэтгэх ажиллагаа явагдаагүйг саяхнаас мэдэж дахин гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр 1 хоногийн цалингаар тогтоосон 41,806 төгрөгөөр дунджаар 11,236-27,313 төгрөгөөр илүү гарч байгаа гэжээ. Уг нь цалингийн зөрүүг бодох гэж байгаа бол 2021 оны *** чуулгын захирлын цалингийн нэг өдрийн дундажтай харьцуулж бодох байх. Яаж ч бодсон 2017 оны *** чуулгын захирлын нэг өдрийн дундаж цалинтай харьцуулж болохгүй байх. 2017 оноос хойш 2019, 2020, 2021 онуудад *** чуулгын даргын цалин хэд дахин өөрчлөгдөж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл шинээр нэмэгдсэн байгаа. Энэ бүгдийг нэмж тооцож байж илүү гарч байна уу, бага гарч байна уу гэдэг нь харагдах байх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ч ойлгоогүй бололтой. Бичсэн тайлбарынх нь утга нь ойлгогдохгүй, ойлгомж муутай болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдэг нь *** чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэсний дагуу Засаг дарга дээрх албан тушаалд томилсон захирамж гаргахыг хэлнэ гэдгийг Хууль зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч хүн мэдмээр юм даа” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.С-н нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н миний бие оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнг Засаг дарга томилдоггүй, Тамгын газрын дарга томилдог албан тушаал тул Засаг дарга ажилд томилох талаар ямар ч шийдвэр гаргаагүй одоог хүрсэн... гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх.., 33.4-т Аймаг, нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Дээрх хуулиас үзэхэд аймгийн Засаг даргын зүгээс өөрийн ажлын албанд буюу Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст нэхэмжлэгч Ц.С-тэй зөвшилцсөний үндсэн дээр Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад чиглэл өгч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар томилсон. Иймд Ц.С нь аймгийн Засаг даргаас санал болгосны дагуу аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр томилогдсон нь аймгийн Засаг даргатай зөвшилцөлд хүрч ***аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2018/00203 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Үүнийг ***аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2018/00203 дугаар шийдвэрээр цалингийн зөрүү, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхээс татгалзсан шийдвэр, нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэл болон тухайн албан тушаалд томилогдсоноос эхлээд одоог хүртэлх *** чуулганы даргын албан тушаалд томилогдох талаар нэхэмжлэгчээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй нь батлан өгч байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 Энэ хуулийн 36.1.2-т ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Гэтэл Ц.С нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд 2018 оны 10 сарын 15-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд буюу 2018 онд нийт 51 хоног ажиллаж 2,130,917 төгрөгийн цалин авснаас 1 өдрийн дундаж цалин 41,782 төгрөг, 2019 онд нийт 245 хоног ажиллахаас 223 хоног ажиллаж 12,995,527 төгрөгийн цалин авснаас 1 өдрийн дундаж цалин 53,042.9 төгрөг, 2020 онд 248 хоног ажиллахаас 222 хоног ажиллаж нийт 15,344,423 төгрөгийн цалин авснаас 1 өдрийн цалин 69,119 төгрөг, 2021 оны 6 сарыг дуусталх хугацаанд 123 хоног ажиллахаас 115 хоног ажиллаж нийт 6,833,637 төгрөгийн цалин авснаас 1 өдрийн дундаж цалин 55,558 төгрөгийн цалин бодогдож Ц.С-д олгогдсон нь ***аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2018/00158 дугаар шийдвэрээр тогтоосон 1 хоногийн цалингаар тогтоосон 41,806 төгрөгөөс дунджаар 11,236-27,313 төгрөгөөр илүү гарч байгаа юм. Иймд бидний зүгээс ***аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2018/00203 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилгүй байсан хугацааны мөнгө авна гэсэн. Ажилгүй байсан хугацаагаа яаж тооцож байгаа нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байгаа бол албан ёсоор шүүхэд өгсөн үү, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг ямар байдлаар хийх нь ойлгомжгүй байна. Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан бөгөөд бусад албан тушаалтанд үүрэг даалгавар өгдөг. Энэ хүрээнд Ц.С-г ажиллуулж байгаа. Гэтэл яагаад ажилгүй гэж үзээд байна вэ хариуцагч нь хэн бэ Засаг дарга байсан Б эсвэл Засаг дарга Б юу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авна гэсэн боловч сая цалингийн зөрүү яриад байна. Нэхэмжлэл дээр авч байгаа цалин, авах байсан цалингийн зөрүү гэж байхгүй. Хоногийн 41,806 төгрөгөөр тооцож 2018 оны 11 сараас хойш ажилгүй хугацааны нөхөн олговор авна гэж байна. Аргагүй эрхэнд ажил хийж байна гэж ярьсан, энэ хүнийг албадан хөдөлмөр хийлгэж байгаа юм уу. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих ёстой, мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангагдахгүй байгаа. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна. Тухайн гарсан захирамж дээр 2 хуулийн зүйл заалтыг дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, мөн Тэмдэгтийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 дугаар зүйлийг тусгасан байна. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхдөө ажиллагаа явагдсан байх ёстой, энэ талаар хавтаст хэрэгт байхгүй байна. 2018 оны 11 дүгээр сард Б дарга байгаагүй байхад хариуцах ёстой учир хариуцагч тодорхой биш байна. Монгол улсын төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг дарга нь улсын төрийн албан тушаалтан юм. Б-г 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ерөнхий сайдын 80 дугаар захирамжаар томилсон байдаг. Үүнээс өмнө Б байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т ажилгүй гэж хэнийг хэлэх талаар зааж өгсөн байдаг. Энэ хүн өнөөдөр ажилтай байхад яагаад ажилгүй гэж яриад байна вэ, улсаас цалин аваад нийгмийн даатгал нь төлөгдөөд явж байгаа. 2018 онд С нөхөн олговор авах талаар шүүхэд гаргаж байсан боловч уг шаардлагаасаа өөрөө татгалзсан байж одоо болохоор соёлын хэлтсийн дарга болмоор байна гээд албан тушаал наймаалцаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн үед А гэж хүн ажиллагаагүй байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “... Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.С-д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,129,050 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэж нэхэмжлэл гаргасан байна. Аймгийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэж, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөн Ц.С-д санал тавьж Нийгмийн бодлогын хэлтсийн соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр 2018.10.15-ны өдөр томилсон байдаг. Ингэхдээ Ц.С тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн ***аймаг дахь салбар зөвлөлийн хурлаа орж Төрийн албаны зөвлөлийн ***аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 29 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар дээрх албан тушаалд томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, Ц.С-н гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүхийн маргааны явцад 2 тал эвлэрч Ц.С-т хүлээн зөвшөөрсний үндсэн дээр аймгийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр ажилд авсан байна. Ц.С-д нь гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө ажилгүй байсан гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.С-г 2018.10.15-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд ажлын байраар хангаж, цалин өгч, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлж байсан тул Ц.С-с 2018.10.15-ны өдрөөс 2021.06 сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...***аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан хугацаанд авсан цалин, хөлс болох 37,304,504 төгрөгийг буцаан нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гэгч нь угтаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага огт хангаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэл биш байна. Хүн ажил амьдралтай байхын тулд ажиллаж авсан цалин хөлсийг буцаан нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй ба тэр байтугай Засаг даргад нэхэмжлэх ямар ч эрх байхгүй болно. Сөрөг нэхэмжлэлтэй хамт гаргасан нотлох баримтууд нь огт утга учиргүй, авцалдаагүй, хуурамч болох нь харагдаж байна. Тухайлбал, Төрийн албаны салбар зөвлөлийн хурлын тэмдэглэлд дарга, гишүүд оролцсон атлаа Г.С гэж хүн асуултад хариулсан бөгөөд Би өөрийн хүсэлтээр шүүхэд гаргасан гомдлоо татаж авсан гэж бичигдсэн байх юм. Уг хугацаанд миний бие оролцоогүй бөгөөд миний овог Ц байхад Г.С гэж хүн хуралд оролцсон мэтээр тэмдэглэлд тусгагджээ. Мөн тэмдэглэл бичигдсэн 2018.10.09-ний өдөр миний бие шүүхэд нэхэмжлэлээ гаргачихсан /2018.09.12-нд нэхэмжлэл гаргасан/ ажиллагаанд байсан бөгөөд 2018.11.16-нд ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсан билээ. Иймд миний биеийг шүүхэд гаргасан гомдлоо татаж авч тохиролцсон гэж бичсэн нь огт худлаа зүйл байна. Харин ч хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар миний шүүхэд гаргасан нэхэмжлэл шийдвэрлэгдээгүй байхад мэргэжилтнээр томилох үйл ажиллагаа /хуурамч баримт бүрдүүлэн/ явагдаж байсан нь нотлогдож байна. Миний бие өөрийн хүсэлтээр одоо ажиллаж байгаа ажилд томилогдоогүй бөгөөд Засаг дарга Г.Б хүчээр энэ албан тушаалд тавьсан бөгөөд ажилтай байхын тулд өнөөг хүртэл ажиллаж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэл огт биш байна” гэжээ.

 

Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.С-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн болон Ц.С-с 2018 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Нэхэмжлэгч Ц.С нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч ***** аймгийн Засаг дарга нь ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 134/ШШ2018/00203 дугаар шийдвэрээр тогтоосон *** чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн авах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэхийг дурдаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийнх 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***аймгийн Засаг даргаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 414,672.52 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Ц.С-г ***аймгийн *** чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн аваагүй байх тул ажилд эгүүлэн авах хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн хоёр өөр ойлголт байгааг буруу ойлгож “шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажил эрхэлж байсан, түүний авч байсан цалин хөлс нь шаардаж буй 41,806 төгрөгөөс илүү болох нь тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж цалин олговор болон зөрүүтэй тэнцэх олговор” гэсэн ойлголтыг хооронд нь хольж хутган шийдвэрээ бичсэн байх бөгөөд цалингийн зөрүү олгох боломжгүй байна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 136/ШШ2021/00275 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нь Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж, цалин хөлс авч байгаа нь түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд өөр газар ажилласан байдал нөлөөлөхгүй бөгөөд зөрүүтэй тэнцэх олговрыг олгох гэдэг ойлголт нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн ажилтан ажилгүй байх хугацаанд өөр ажил эрхэлж байсан тохиолдолд хамаарахгүй юм.

Ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговрыг олгох ёстой бөгөөд ажлаас халагдахаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалыг гүйцэтгээгүй байхыг ойлгоно.

Харин бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох гэсэн ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн ажилтан ажилгүй байх хугацаанд өөр ажил түр эрхэлж байсан тохиолдолд хамаарахгүй бөгөөд энэ нь ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөөгүй, өөр бага цалинтай ажилд томилон ажиллуулсан нь хууль бус болохыг шүүх тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд цалингийн зөрүү гаргуулахаар заасан зохицуулалт юм.

Нэхэмжлэгчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох” зохицуулалтыг хэрэглэх нь зөв байсан.

2022 оны 1 сарын 1-нээс мөрдөж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд нь өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, хуулийн 127.2-т “ажилтныг үндэслэлгүй өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно” гэж дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг нарийвчлан тодорхой заасан байх бөгөөд хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон бол хуулийн 127.1-д зааснаар цалин олговрыг олгохоор, харин өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан бол цалин хөлсний зөрүү олгохоор тогтоосон ялгаатай зохицуулалт болохыг зааж өгсөн байна.

2. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговроо шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжилсэн бөгөөд тодорхой тоо нэхэмжлэх нь зүйтэй гэсэн үндсэн дээр 2021 оны 7 сарыг дуустал 28,219,050 төгрөгөөр тооцсон боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийг тооцож гаргаж өгөхийг хүсье. /Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцно гэж үзвэл: 2021 оны 8 сард 20 хоног, 9 сард 22 хоног, 10 сард 21 хоног, 11 сарын 9 дуустал 6 хоног буюу нийт 69 хоног х 41806 = 2,884,614 буюу 31,103,664 төгрөг болж байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Нэхэмжлэгч Ц.С нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч ***аймгийн Засаг дарга нь ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.16-ны өдрийн 134/ШШ2018/00203 дугаар шийдвэрээр тогтоосон *** чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн авах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэхийг дурдсугай” гэсэн байх ба шийдвэрийн үндэслэх хэсэгт зөрүү олгох боломжгүй гэсэн утгатай /...авч байсан цалин хөлс нь нэхэмжлэгчийн шаардсан 41806 төгрөгөөс илүү болох нь тогтоогдож байна/ дүгнэлт хийчихээд, тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрэгсэхгүй болгосугай гэчихээд, дахин 2 дахь заалтдаа цалин хөлсөө нэхэх эрхтэй гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг ойлгохгүй, юу шийдвэрлэх гэж байгаагаа мэдэхгүй, шүүхийн практик, жишиг судлахгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргаж байгаа нь шүүгч хүний хувьд үнэхээр харамсалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл боломжтой бол зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн томилохдоо түүнд ажилтай байх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлтэй тэнцэх олговрыг олгох ёстой бөгөөд  ажлаас халагдахаас өмнө эрхэлж байсан ажил албан тушаалыг гүйцэтгээгүй байхыг ойлгоно. Харин бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох гэсэн нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн ажилтан ажилгүй байх хугацаанд өөр ажил түр эрхэлж байсан тохиолдолд хамаарахгүй бөгөөд энэ нь ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөөгүй, өөр бага цалинтай ажилд томилон ажиллуулсан нь хууль бус болохыг шүүх тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд цалингийн зөрүү гаргуулахаар заасан зохицуулалт юм” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу ойлгон гомдол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн зохицуулалт нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан. Нэхэмжлэгч Ц.С нь аймгийн Засаг даргын санал болгосноор Засаг даргын өөрийн ажлын албанд буюу Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр 20181.10.15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар тус албан тушаалд томилогдсон байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч Ц.С нь ажилтай орлоготой байсан бөгөөд мэргэжилтнээр ажиллахдаа 2018 онд нийт 1 өдрийн дундаж цалин 41 782 төгрөг, 2019 онд 1 өдрийн дундаж цалин 53 042.9 төгрөг, 2020 онд 1 өдрийн цалин 69 119 төгрөг, 2021 онд 1 өдрийн дундаж цалин 55 558 төгрөгийн цалин авсан нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 өдрийн дундаж цалин хөлс 41.806 төгрөгөөс илүү байгаа юм. Энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. Харин ажилгүй байсан гэдгээ анхан шатны шүүхэд нотлоогүй байдаг. Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгээр зохицуулсан зохицуулалтыг нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл тухайн маргаан нь анх үүссэн шалтгаан нь Ц.С-г *** чуулгын даргаас чөлөөлж дэд даргын албан тушаалд шилжүүлснээс үүссэн бөгөөд энэ тохиолдол шинээр мөрдөгдөх хуулийн зохицуулалтыг тайлбарлаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг биш 127.2 дахь хэсэг буюу “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж заасан хамаарахаар байна. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т тодорхой бичсэн байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3 “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасны дагуу Дорноговь аймгийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/ШШ2021/00275 дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...За сая ерөнхийд нь гол хэсгүүдийг түүгээд хэлчихлээ. Зарим зүйлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаад явъя. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах хамгийн эхний шаардлага.  Энэ дээр гол зүйл нь  ажилгүй байсан асуудал байгаа юм. Түүнийг анхан шатны шүүх хурлаар ажилтай байсан үгүйг нь тогтоосон. Нэхэмжлэгч маань ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах эрх нь халдашгүй байгаа юм байна. Хоёрдугаарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль дээр ажилгүй байх гэсэн асуудлыг тодорхой заагаад өгсөн байдаг. Энэ хүн ажил хийж байсан ажил эрхэлж байсан гэдэг нь нотлох баримтуудаар батлагдсан байтал нэхэмжлэгчийн энэ тухай гомдол гаргасан нь хуульд үндэслэлгүй байгаа юм. Хуулийнхаа үндэслэл хууль хэрэглээгээ ерөөсөө ойлгохгүй байгаа юм байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хууль дээр ажилгүй гээд гол үндсэн нөхцөлийг гаргаад өгчихсөн байхад өөр өөр зүйлийг гаргаж ирээд тайлбарлах гэж оролдоод байгаа юм аа. Гомдолдоо энэ оны 1 дүгээр сарын 1-ээс дагаж мөрдөгдөх хуулийг дурдсан байгаа. Аливаа хуульч, эрх зүйч хүн бол мэдэж байгаа. Шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг үндэслэн шийдвэр гаргадаг. Энэ анхан шатны шүүх тухайн үед хөдөлмөрийн харилцаа тогтоож байсан хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөн шийдвэр гаргасан байгаа. Бүр дахиад анхааруулж хэлмээр байна. Хэрэг шийдвэрлэх асуудал дээр энэ ажилгүй гэдэг үг чинь гол амин сүнс байгаа юм шүүдээ. Гэтэл 2021 оны 11 сард мөрдөж байсан хуулийн асуудлуудыг одоогийн шинэ хуулийн оруулж ирж тайлбарлаад байгаа нь хуулийг буруу хэрэглээ рүү оруулчихсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруутай ажиллагаанд захирагдаад байна. Хоёрдугаарт одоо гол хуулиудын талаар яръя. Нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан асуудал бол ердөө хоёр хууль дээрх ажиллагаа яриад байгаа юм. Энэ дээр бол нэг л хууль байх ёстой яагаад гэвэл тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиа дагаж явах ёстой. Анхан шатны шүүх анхлан шийдвэрлэхдээ ямар нэгэн алдаа мадаггүй хуулийг л хэрэглэх ёстой өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэдгийг нотолж чадахгүй байгаад байгаа. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох долоон үндсэн нөхцөлийг заасан байгаа. Шүүх өөр хуулийг эсхүл хуулийг буруу тайлбарласан байгаа нь шийдвэр гүйцэтгэх боломжгүй болгож байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо яг аль хуулийг яаж буруу хэрэглэсэн гэдгийг тусгаж өгөөгүй байгаа, энэнтэй холбоотой нэг юм тайлбарлаж хэлэхэд шийдвэрийн тогтоох хэсгийн хоёрдугаар заалт бол үндсэндээ урьд өмнө 2018 онд гарсан, ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг авах эрх нь нээлттэй хэвээрээ байгааг дурдсан. ...Гомдол гаргасан хүн гомдол мэдээлэлдээ яг ямар хүсэлт гаргаад байгаагаа дурдсан байх ёстой. Гэтэл гомдол дээр ерөөсөө ойлгомжгүй бас гомдолдоо боломжтой бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , эсхүл зөвтгөж шийдвэрлэж өгөөч гэсэн. Зөвтгөж шийдвэрлэж өгөөч ээ гэдэг нь ямар учиртай үг юм энэ ерөөсөө ойлгомжгүй байна. Хууль хэрэглээ хуулийг буруу хэрэглэсэн хэргийн оролцогч нарын эрхийг нь хязгаарласан буруу нотлох баримт дээр үндэслэсэн ийм нөхцөлүүдийг үндсэндээ 168 дээр зааж өгсөн үүний дагуу энэ асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой байхгүй юу. ... ...Нэхэмжлэгч Ц.С өөрөө Б хүчээр намайг энэ албан тушаал дээр томилсон гэж тайлбар өгдөг. Би амьдрахын тулд энэ төсөвт хамрагдан ажиллаж байгаа гэдэг . Өөрөөр хэлэх юм бол *** чуулгын ажил дээр томилогдон ажиллаж байгаад шууд өөр ажил дээр томилогдсон.  Тэгээд дараа нь дэд захирал хийж байхдаа энэ тамгын газарт соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа шүү дээ. Энэ зүйлүүдээ ойлгохгүй байна. Харин сая бүтэц зохион байгуулалтай соёлын яамны холбоотойгоор аймгуудад соёлын хэлтэс байгуулагдаж  энэ соёлын хэлтсийн дарга болж байгаа гэдэг асуудлыг 3 жилийн дараа гаргаж ирээд байгаа улсдаа татвар төлөгчийн мөнгийг авч 3 жил гаран явчхаад 37,000,000-38,000,000 төгрөг авчхаад одоо энэ соёлын хэлтсийн даргын албан тушаал гараад ирэхээр нь би томилогдъё намайг дэмжээд өг гээд байгаа. Үнэхээр энэ хүн эрх нь зөрчигдсөн байх юм бол яагаад 2018 оны 11 сараас гомдол гаргаж хөөцөлдөж яваагүй юм. Өөрийнх нь ерөнхий тайлбар шийдвэр гүйцэтгэх албуудыг буруутгаж гээд гэтэл энэ яриад байгаа хүмүүс нь байдаггүй  шүү дээ А гэж хүн ажиллаж байгаагүй. Яагаад энэ хүн өнөөдөр зөвхөн соёлын хэлтсийн албан тушаал гараад ирэхээр асуудал болгож яриад байгаа юм.Тэр гаргаж байгаа нөхцөлийг нь та бүхэн анхааралдаа авч үзээрэй гэж хүсэж байна. Дандаа барьцаалсан маягийн та нар тэгэхгүй бол би тэгнэ шүү Энэ бол төрийн албан хаагчийн ёс зүйд байх ёсгүй энэ хүн татвар төлөгчийн мөнгийг аваад 3 жил гаруй ажиллаад ирсэн шүү дээ. Одоо болохоор бараг албадаад энэ хүнийг ажил хийлгэсэн ухааны юм ярьж байна. ...Тэгээд энэ гүйцэтгэх  хуудсаа гаргуулчихаад намайг ажилгүй байлгасан гээд өчнөөн ажил удааж байгаа. Хүн талаасаа ч тэр төрийн албан хаагч талаасаа ч тэр энэ хүн үнэхээр хохирсон бол буруутай хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Тэгээд энэ хүн өнөөдөр ингээд ажилгүй гэдэг үгийг зөв ойлгож чадахгүй намайг албан тушаал тавиагүй би ажилгүй байсан гээд ярьдаг үгүй шүү дээ хууль хэрэглээний асуудал өөр байгаа. Харин 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлж байгаа хуульдаа энэ бол арай өөрөөр ороод ирчихсэн байгаа юм. Гэтэл энэ хүн ажилгүй гэдэг ойлголтыг өөрөө оруулж ирчихээд ажилгүй гэдэг ойлголтыг намайг томилоогүй гэдгээр ойлгоод байгаа. Ийм учраас Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын   275 дугаар шийдвэр бол хуульд бүрэн үндэслэлтэй. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хуульд үндэслээгүй байна. Шийдвэрийн ямар зүйл заалт хууль зөрчсөн юм түүнийг хэрхэн яаж буруу хэрэглэсэн юм. Энэ үндэслэлүүдээ бол ер нь бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Зөвхөн *** чуулгын захирлын албан тушаалд томилоогүйгээс энэ хүн мөнгө авах ёстой гэдэг л асуудлыг яриад байгаа. Дараа дараагийн хэсгүүдэд байгаа яагаад хоёрдугаар заалт харахгүй байгаа юм. Яагаад үүнд бодитой хандахгүй байгаа юм бэ. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний 136/ШШ2021/00275 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Ц.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-с гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.С-г Говь-сүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр Говь-сүмбэр аймгийн “***” чуулгын захирлын ажилд эгүүлэн томилсон боловч шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй тул нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г төлөөлүүлэн 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 07 дугаар сарыг дуусталх хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинд 28.219.050 төгрөгийг Говь-сүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ...шүүхийн шийдвэрийн дагуу засаг дарга Б-тэй ажилдаа эргэн орох талаар удаа дараа уулзахад “ Тамгын газарт мэргэжилтэн хий, чамд өөр албан тушаал өгөхгүй” гэсэн хариу өгдөг бөгөөд ... ажилтай байхын тулд арга буюу уг ажлыг одоог хүртэл хийж байна,  ... 2021 оны 1 сард шинэ томилогдсон засаг дарга Б-тэй уулзаж ажилдаа орох талаар уулзахад тоймтой хариу өгөөгүй, ...соёлын хэлтсийн дарга гэсэн шинэ орон тоо бий болж байгаа тул тэр албан тушаалд тавьж өгөөч гэсэн санал хэлэхэд “энэ албан тушаал дээр олон хүн байгаа” гэсэн хариу өгсөн “ гэж тус тус тайлбарласан ба нэхэмжлэлийн шаардлагаа ***аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны 134/ШШ2018/00203 дугаар шийдвэр, ***аймаг дахь Сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны 134/ШШ2018/00158 дугаар шийдвэр, “***” чуулгын даргаар томилсон тухай ***аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 08-ны Б/09 захирамж, гүйцэтгэх хуудас дахин олгох тухай 2021 оны 06 дугаар сарын 22-ны 134/ШЗ2021/00423 дугаар шүүгчийн захирамж, “***” чуулгын даргаар томилсон тухай ***аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ны Б/8 захирамж, “***” чуулгын даргаас чөлөөлсөн тухай ***аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны Б/28 захирамж, 2018 оны 7-9 сарын Ц.С-н цалингийн тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан ***аймгийн Засаг даргад мэдэгдсэн тухай мэдэгдлүүд зэрэгт тус тус үндэслэсэн.

 

Хариуцагч Говь-сүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-с “ ... Ц.С нь аймгийн засаг даргаас санал болгосны дагуу аймгийн Засаг даргын ажлын алба болох тамгын газарт нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 дугаар Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилогдсон нь аймгийн засаг даргатай зөвшилцөлд хүрч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, тухайн албан тушаалд томилогдсоноос хойш одоог хүртэл нэхэмжлэгчээс ямар нэгэн санал хүсэлт гарч байгаагүй, ...нэхэмжлэгчийн одоо авч байгаа цалингийн 1 өдрийн дундаж нь 55.558 төгрөг буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 өдрийн цалин болох 41.806 төгрөгөөс 11.236-27.313 төгрөгөөр илүү байгаа”  гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 Улмаар Ц.С-с 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны ***аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр ажилласан цалин хөлс болох 37.304.504 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч ***аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-с нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4-т зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан, ... засаг даргын зүгээс өөрийн ажлын албанд С-тэй зөвшилцсөний үндсэн дээр ... тамгын газрын даргад чиглэл өгч Ц.С-г 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар мэргэжилтнээр томилсон” гэж тайлбарлаж,  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Ц.С-г соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр томилох тухай ***аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны Б/98 тоот тушаал,  Ц.С-н 2018 оны 10-12-р сар, 2019, 2020, 2021 оны 1-7-р сарын цалингийн карт,  2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан ***аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол зэрэгт тус тус үндэслэсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...***аймгийн засаг дарга нь Ц.С-тэй зөвшилцсөний үндсэн дээр ***аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 10 дугаар сарын 15-нд томилсон нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй,  ... нэхэмжлэгчийн одоо эрхэлж байгаа ажил албан тушаалын цалин нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн  дундаж цалин болох 41.806 төгрөгөөс  илүү болох нь цалингийн тооцооны карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон тул түүний шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох цалинтай тэнцэх олговор нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Сөрөг нэхэмжлэлийг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар төрийн албан хаагч хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах эрхтэй, нэхэмжлэгч Ц.С ***аймгийн Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авсан байна гэж үзэж мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-с анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Ц.С-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа дахин энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байхаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсныг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл, нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... –ыг олгоно” гэсэнд үндэслэж, ***аймгийн Засаг даргын тамгын газарт нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа боловч шүүхийн шийдвэрээр заасан ажил албан тушаал буюу *** чуулгын даргын албан тушаалд одоог хүртэл томилоогүй тул тухайн ажил албан тушаалын цалинг нэхэмжлэх ба эдгээрийн цалингийн зөрүүг нэхэмжлээгүй гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан агуулгаас үзэхэд буруу халсан буюу буруу шилжүүлсэн үеийн олговрыг олгохдоо хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор  ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох боловч энд “...ажилгүй байсан ...” гэх нөхцөлийг заасан байна.

 

Мөн “... хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж зааснаас үзэхэд бага цалинтай ажилд шилжүүлсэн нь буруу байсан нь тогтоогдсон бол зөрүү олгох агуулга тусгагдсан хэдий ч тухайн зүйлийн гарчигт буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор гэж,  улмаар олговор олгох нөхцөлийг “...ажилгүй байсан ...”, “... бага цалинтай ажил хийж байсан ...” гэж тус тус зааснаас үзэхэд “... зөрүү ...” гэдгийг зөвхөн буруу шилжүүлсэн тохиолдолд олгохоор зохицуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Тодруулбал: Дээрх хуулийн агуулга нь буруу халсан буюу ажилгүй байсан бол урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ийнхүү ажилгүй байсан бүх хугацаанд, харин бага цалинтай ажилд буруу шилжүүлснээс өөр ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан гэж ойлгогдож байх ба мэдээж энэ нь аль ч тохиолдолд нэг үйл баримттай холбоотой буюу энэ тохиолдолд буруу халаад өөр бага цалинтай ажилд ажиллуулсан нь бас хамаарахаар байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.С-г ***аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2018/00203 дугаар шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон ***аймгийн *** чуулгын даргын ажил албан тушаалд томилсон, энэхүү шийдвэрийг биелүүлсэн буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба энэ талаар анхан шатны шүүх “... шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй...” гэсэн нь үндэслэл бүхий болсон.

 

Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...Засаг дарга Б-тэй ажилдаа эргэн орох талаар удаа дараа уулзахад “Тамгын газарт мэргэжилтэн хий, чамд өөр албан тушаал өгөхгүй” гэсэн хариу өгсөн ... тул ажилтай байхын тулд арга буюу уг ажлыг одоог хүртэл хийж байна ...” гэснээс болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Ц.С нь аймгийн Засаг даргаас санал болгосны дагуу аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр томилогдсон ...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.С-н одоо эрхэлж байгаа  ***аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн “Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажил албан тушаал нь ***аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2018/00203 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай хамааралгүй үйл баримт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

               Өөрөөр хэлбэл: Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон “***” чуулгын даргын албан тушаалд томилолгүй өөр ажил буюу аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтний ажлыг санал болгож гүйцэтгүүлсэн гэж үзэхээр байна.

               Эдгээр нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэгчийг 2018 оны 11 дүгээр сарын 16-наас хойш ажилгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар буруу халсан үеийн олговрыг  урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр бүхэлд нь гаргуулах үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь зөрүүг нэхэмжлээгүй болно.

               Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөрүү гэж тодорхойлоогүй, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр бүхэлд нь нэхэмжилсэн байхад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилтны нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээг хариуцагчаас гаргаж өгсөн баримтад үндэслэн нэхэмжлэгчийн одоогийн авч байгаа ажил албан тушаалын цалинтай харьцуулалт хийж одоо гүйцэтгэж байгаа албан тушаалын цалин нь шүүхийн шийдвэрээр тогтоосон  41806 төгрөгөөс илүү гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

               Энэ нь “***” чуулгын даргын 2018-2021 оны цалингийн тодорхойлолт, баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж тодорхойлсноос эдгээр ажил албан тушаалын цалингийн зөрүүг тооцох үндэслэл нөхцөл үүсээгүй байхад анхан шатны шүүх 2018, 2019, 2020, 2021 оны мэргэжилтний цалинтай шууд харьцуулалт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

               Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д төрийн албан хаагчид нь хуульд болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгохоор заасныг үндэслэн хариуцагч ***аймгийн Засаг даргаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй болсон.

               Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-д зааснаар иргэн нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй ба нэхэмжлэгч Ц.С нь төрийн албан тушаал буюу ***аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажлыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч байгаа хууль ёсны дагуу томилогдсон төрийн албан хаагч болох нь ***аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, ***аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны Б/98 дугаартай тушаал зэргээр тус тус тогтоогдсон байна.

               Гэтэл шүүхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч нэхэмжлэл гаргасных нь төлөө түүний хөдөлмөрлөж авсан цалин хөлсийг бүхэлд нь буцаан гаргуулах, ажилтны ажилласан байдлыг хүчингүй болгуулахаар  хариуцагчаас сөрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба хариуцагч хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй.

               Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ц.С-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28.219.050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэл болон Ц.С-с 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37.304.504 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулах тухай хариуцагч ***аймгийн Засаг даргаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ц.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-с гаргасан давж заалдсан гомдол нь үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

               Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтад нэхэмжлэгч Ц.С нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч ***аймгийн Засаг дарга нь ***аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2018/0023 дугаар шийдвэрээр тогтоосон “***” чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн авах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэхийг дурьдсугай гэснийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

               Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр ***аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134/ШШ2018/00203 дугаар шүүхийн шийдвэрт бичигдсэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 134/ГХ2021/00035 дугаар гүйцэтгэх баримт бичгийг үрэгдүүлсэн үндэслэлээр тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 134/Ш32021/00423 дугаартай шүүгчийн захирамжаар гүйцэтгэх хуудсыг дахин олгосноор 2 жил 7 сарын дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин хийгдэж байгаа нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь одоог хүртэл шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажил, албан тушаалд томилогдоогүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай өөр ажил албан тушаал эрхэлж байсан бол урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, зөрүүг нэхэмжлэх эрхтэй.

               Иймээс нэгэнт шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон ажил албан тушаалд томилогдоогүй бол томилогдох хүртэл хугацааны олговор, түүний зөрүүг дээрх хуульд заасны дагуу хэзээ ч нэхэмжлэх эрхтэй тул энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дахин заах шаардлагагүй болно.

               Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шийдвэрийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 136/ШШ2021/00275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.    

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                            А.САЙНТӨГС