Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0051

 

2018 оны 01 сарын 17 өдөр     Дугаар 221/МА2018/0051             Улаанбаатар хот


“А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Э, хариуцагч Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар санал, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, болон 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “А И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн аваад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Манай компанийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 136 тоот саналыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 136, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 тоот тогтоол, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 тоот тогтоолуудын манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай үндэслэлийг хууль ёсны байна гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэхдээ Онон-Улзын сав газрын захиргааны “У” голын сав газарт хамаарах хамгаалалтын бүстэй 0.6 га талбайтай давхацсан байна гэсэн албан бичиг дээр үндэслэсэн. Гэтэл хууль зүйн зохицуулалт, логикийн хувьд манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ямар нэг байдлаар давхцах боломжгүй юм. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг өргөдөл гаргасан талбай дээр давхцал байгаа эсэх дээр “Усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцалгүй” гэсэн лавлагааг кадастрын зургийн хамт, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хил, Усны сан бүхий газрын хамгаалалттай бүс, ойн сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна гэсэн лавлагаануудыг шүүхэд ирүүлсэн. Мөн тэрхүү хориглосон газрын мэдээлэл Ашигт малтмалын газрын кадастрын мэдээллийн санд хадгалагдаж байдаг. 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоосон бөгөөд тухайн талбайд манай компани өргөдөл гаргаж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу шүүлт хийж үзээд ямар нэг байдлаар хориглосон талбайтай давхцалгүй бол Засаг даргаас санал авахаар хүргүүлдэг журмын дагуу манай өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэний үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байхад шүүх зөвхөн нэг талыг барьсан, хариуцагчийн дуудсан гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, … /…/ өргөдлийн дагуу Дорнод аймгийн Баяндун сумын “Б” нэртэй 136.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар Ашигт малтмал, газрын тосны газраас албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.
“Дорнод аймгийн Баяндун сумын “Б” нэртэй 136.25 гектар талбайд “А И” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх саналыг хэлэлцээд “дэмжихгүй” саналыг уламжилсан Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол, тус аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.
Дээрх тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасныг зөрчөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/90 дүгээр хуралдааны тэмдэглэл, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Нэгэнт дээрх байдлаар аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “Дорнод аймгийн Баяндун сумын нутагт “Б” нэртэй 136.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал уламжилсан тогтоолуудыг гаргасан байхад Дорнод аймгийн Засаг дарга нь “Б” нэртэй 136.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг “дэмжихгүй” талаарх саналыг хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасантай нийцжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06б/6726 тоот албан бичгээр “Дорнод аймгийн Баяндун нутагт … дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хил, Улсын сан бүхий газрын хамгаалалтын бус, Ойн сан бүхий газар, Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна”, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8/7727 тоот албан бичгээр “тус газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн сангаас шүүж үзэхэд “А И” ХХК-ийн … /…/ тоот өргөдлийн талбай ямар нэгэн давхцалгүй байна” гэсэн албан бичгийг талбайн зургийн хамт шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Харин “Б нэртэй талбайн солбицлууд нь Баян голын онцгой хамгаалалтын бүстэй 0.6 га, энгийн хамгаалалтын бүстэй 5.7 га газар тус тус давхцалтай байна” гэсэн Онон-Улз голын сав газрын захиргааны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар албан бичиг, талбайн зураглалын хамт мөн хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Дээрх албан бичигт хавсаргасан 3н талбайн зураглалыг харьцуулан шинжлэн судлахад “А И” ХХК-ийн … /…/ тоот өргөдлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт заасан усны сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон талбайтай давхцалтай байж болох юм.
Хэдийгээр маргаан бүхий захиргааны актууд 2016 оны 01 дүгээр сард гаргасан байх боловч түүнээс хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар хэлэлцээд “1 дүгээр хавсралтаар Баяндун сумын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн зааг болон зураглалыг, 2 дугаар хавсралтаар энгийн хамгаалалтын бүсийн хилийн зааг болон зураглалыг баталсан” 05 дугаар тогтоол гаргаж, орон нутгийн хамгаалалтын бүсийн нутаг дэвсгэрийн тогтоосны дотор “А И” ХХК-ийн … /…/ тоот өргөдлийн талбай орсон байна.
Тиймээс дээрх дүгнэлт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
   1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР