Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01368

 

А.Ариунболдын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00344 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1574 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : А.Ариунболд,

Хариуцагч : Р.Саранчимэг, О.Ренчин, 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, уг эд хөрөнгийг хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулахыг тус тус даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Б.Давааням, хариуцагч нарын төлөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ариунболд миний бие  Р.Саранчимэгтэй харилцан тохиролцож Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн  23 дугаар гудамжны 01 тоот хашаа, байшинг 8 сая төгрөгөөр худалдан авах болсон. 2009.5.06-ны өдөр 5.150.000 төгрөг өгч үлдэх мөнгийг цувруулан өгч 2009 оны 12 дугаар сард төлж барагдуулсан. Би худалдан авсан зүйлийнхээ үнийг төлсөн тул газар, хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг удаа дараа шаардахад мөнгөө гүйцэд төлөхөөр чинь шилжүүлнэ, удахгүй шилжүүлнэ, нэг бичиг баримтын зөрчил байгаа  гэж хойшлуулсаар ирсэн.  Үүнээс хойш миний бие уг хашаанд амьдарч байна. 2009 оны 12 дугаар сараас хойш Р.Саранчимэг нь уг газрын бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Өмнө нь шүүхэд хандсан боловч 2015.3.23-ны өдрийн 9369 шүүгчийн захирамжаар буцсан. Эрх бүхий байгууллагад хандан, 2015.3.27-ны өдөр 314 дугаартай албан бичгээр хариу авсан. Гэтэл энэ үеэс эхлэн “...наймаа буцлаа.. чамд өгөхгүй, буцдаггүй наймаа байдаггүй...” гэж загнах болсон. Р.Саранчимэг нь надад өнөөдрийг хүртэл хашаа байшинг “суллаж өг” гэсэн шаардлагыг тавьж байгаагүй, бөгөөд барьцаа болгон 5.150.000 төгрөг өгсөн худалдах худалдан авах гэрээ хийж байгаагүй гэж худал мэдүүлж байна. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот хашаа нь Нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон. Тэр цагаас хойш л Р.Саранчимэг надад зарсан үнээс өндөр үнэд хүрэх юм байна гэж ойлгоод энэ хашаа байшингийн талаар маргах болсон юм. Иймд  худалдах худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг Р.Саранчимэгт даалгуулах, бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах  нэхэмжлэл гаргаж байна. Хамтран хариуцагчаар О.Ренчинг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Ренчинг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: О.Ренчин нь уг газрыг 1998.7.31-ний өдрийн 154 захирамжийн дагуу эзэмшиж байсан. А.Ариунболд нь Р.Саранчимэг миний Цэлмэг гүн ХХК-д  туслах ажилчнаар 2006 онд ажилд орж байсан. Тэр үед Ариунболд нь айлын хашаа түрээслэн амьдарч байсан тул түүнд туслах зорилгоор 2007 оноос тус хашаа байшинд үнэ төлбөргүй амьдруулах саналыг А.Ариунболдод тавьснаар уг хашаа байшинд амьдарч эхэлсэн. Тухайн үед А.Ариунболдыг Цэлмэг гүн ХХК-д 10 жил тогтвор суурьшилтай ажиллавал энэ хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлэх тухай ярьж байсан боловч албан ёсны хэлцэл хийж байгаагүй юм. А.Ариунболд нь манай нөхрийг 2013 онд өвчний улмаас нас барсан өдрөөс хойш хашаа байшингийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүл гэж намайг удаа дараа дарамталж агсан тавьдаг болсон. Хашаандаа ах дүү нараа буулгаад байхаар нь 5.150.000 төгрөгийг барьцаа гэж авсан. Мөн А.Ариунболд нь тухайн үед надаас мөнгө зээлдэг байсан. Хашаа байшингаас минь гарчих юм бол мөнгийг нь эргүүлэн өгөхөд бэлэн байна. Бидний дунд худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, түүний өмчлөх эрхэд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 181/ШШ2016/00344 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлтэй хувийн сууц болон  гэр бүлийн зориулалттай 700 м.кв газрын өмчлөх эрхийг А.Ариунболдод шилжүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1574 дүгээр магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Аринуболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд үүссэн харилцаа хэлцлийн шатандаа байсан бөгөөд нэхэмжлэгч хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир одоо өмчлөх эрхээ шилжүүлж авахын тулд маргаж байна. Иргэний хуулийн 243.1 дүгээр зүйлд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулна гэсэн тусгай шаардлага байхгүй бөгөөд талууд тухайн үед амаар байгуулсан, энэ нь хуульд нийцэж байгаа. Гэтэл шүүх талуудын хооронд бичгээр байгуулж нотариатаар батлуулсан гэрээ байхгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж  хуулийг буруу тайлбарлаж, буруу заалт үндэслэсэн байна. Мөн гэрээ байгуулсан гэдгээ баримтаар нотлоогүй байна гэж үзсэн. Гэтэл сиди бичлэгт хариуцагч өөрийн дуу хоолойгоор "Дамбын хашаа 17-18 сая төгрөгийн үнэтэй байхад би чамд 8 саяар зарсан биздээ..., одоо энэ хашаа 50 сая хүрнэ..., би гэрээнээсээ буцлаа..., 8 саяыг чинь буцаагаад өгчихнө... гэж хэлснээр нотлогдож байна. Хариуцагч амаар тохиролцсон боловч  өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаад байгаа юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд гэрээг заавал бичгээр хийх  шаардлага тавигдаагүй.  Мөн нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлгүүд нь гэрээ байгуулагдсан, үнийг бүрэн төлсөн талаар нотолж байгаа.  2006 онд байгуулагдсан гэрээний үүргийг Иргэний хуулийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж үзсэн байна. Иргэний хуулийн 76.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь 2009 оны 12 сард хамгийн сүүлийн төлбөрийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчийг үүргээ биелүүлэхийг шаардахад хариуцагч  наймаа буцна гэж хэлсэн үеэс нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн талаар мэдсэн. Иргэний хуулийн 109, 110 дахь заалтууд нь Иргэний хуулийн 12 дугаар бүлэг болох "Өмч" хэсгийн, 2 дугаар дэд бүлэг "Өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох" харилцаа буюу хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа өмчийг хэзээнээс нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжсэн гэж үзэхийг зохицуулж буй хэм хэмжээ болохоос биш "Худалдах, худалдан авах гэрээнд тавигдаж буй тусгайлан заасан хуулийн шаардлага" биш юм. Нэхэмжлэгч  өөрийн шаардлагын үндэслэл болгож, бичгийн нотлох баримт, сиди бичлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсийг хуульд заасан журмын дагуу гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, анхан шатны шүүхээс хуульд заасны дагуу үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон. 2009.5.06-ны өдөр 5.150.000 төгрөг А.Ариунболдоос Р.Саранчимэгт хүлээлгэн өгсөн тухай баримтыг гаргаж өгсөн ба мөнгө хүлээлгэхэд хамт байсан гэрч Б.Сарнайцэцэгийн мэдүүлгээр давхар нотлогддог. /хх-ийн 78-79 дэх тал/ Төлбөр төлсөн баримт, гэрч Мөнхчимэг, Ариунжаргал нарын мэдүүлэгтэй бүрэн тохирч байгаа төдийгүй гэрч Ө.Энхтуяа, Ж.Мөнхчимэг, Сарнайцэцэг, Л.Ариунжаргал нарын мэдүүлгээр тогтоогдоно. Харин хариуцагчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрчүүд нь хэрэгт ач холбогдол бүхий тодорхой үйл баримтын талаар мэдүүлдэггүй. Э.Билгүүн, Э.Тэмүүлэн нарын мэдүүлэг зөрдөг. Эдгээр гэрчүүдээс хариуцагчийн  татгалзлыг нотлоход  ач   холбогдол бүхий тайлбар өгсөн гэрч байхгүй.  Давж заалдах шатны шүүх “сиди бичлэг”-ийг нотлох баримт гэж үзэж хүлээн зөвшөөрсөн атлаа "...үнийг бүрэн төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж үндэслэлээр хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй хэмээн үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.  Мөн нэхэмжлэгч нь 2009 оны 12 дугаар сард төлбөрийг бүрэн төлж дууссанаар нэхэмжлэх эрх үүсч, 2015 оны 03 дугаар сард Өмч, газрын харилцааны албанд хандаж, уг газрын талаар мэдээлэл авснаар өөрийнхөө эрх зөрчигдсөн болохыг мэдсэн тул  6 жилээс хэтрүүлээгүй гэж үзэж байна. Хариуцагч татгалзлаа нотлох үүргээ огт хэрэгжүүлээгүй байхад гэрээ хийгдсэн гэх А.Ариунболдын тайлбар үгүйсгэгдэж байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болсон. Мөн энэ хэргийг анхан болон давж   заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхдээ дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсныг Улсын Дээд шүүхээс хянан үзээд  “...нотлох баримтыг  үнэлээгүй, зохигчийн  эрхийг зөрчсөн,  маргааны бодит байдал тогтоогдоогүй...” гэж үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож байсныг  харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                      

                                                                        ХЯНАВАЛ:

А.Ариунболд нь  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоот хашаа, байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлэх, хуульд заасны дагуу бүртгүүлэх бичиг баримтыг гаргуулах нэхэмжлэлийг Р.Саранчимэг, О.Ренчин нарт холбогдуулан гаргасан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл болсон эд хөрөнгө өөр өөр байдлаар хэрэгт бичигдсэн байгааг анхаарч үзээгүй нь буруу тул энэ талаар тухайлан дурдах шаардлагатай байна. 

О.Ренчин нь 1998 онд Сүхбаатар дүүргийн 15-р хорооны конторын хашааны зүүн хэсэгт 20х25 кв.м газар эзэмших эрхтэй /хх 39/ болжээ.

Р.Саранчимэг нь 2012 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 1 тоотод буй 700 кв.м газар, 45 м.кв хувийн сууцыг өмчлөх эрхтэй /хх 28, 29/  болсон. 

А.Ариунболд нь 2006 онд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоотыг худалдаж авсан гэж нэхэмжлэл гаргасан.     

Зохигчид маргаагүй тул “Газар олгох тухай” Сүхбаатар дүүргийн засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 154 дүгээр /хх 39/ захирамжид заасан “...15-р хорооны конторын хашааны зүүн хэсэгт 20х25 кв.м газар...” нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 1 тоот буюу Р.Саранчимэгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа 700 кв.м газар, 45 кв.м байшин бөгөөд А.Ариунболд уг эд хөрөнгийн талаар маргаан үүсгэсэн гэж үзнэ. 

2. Р.Саранчимэг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоотын 45 кв.м хувийн сууцыг 2012 онд О.Ренчингээс өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэх боловч энэ нь тогтоогдоогүй байна. Хэргийн 1-ийн хавтас 13 дугаар талд буй баримтаас үзвэл уг хаяг байрлах 700 кв.м газар нь 2009 оны байдлаар О.Ренчингийн өмчлөлд байжээ. Харин 45 кв.м хувийн сууц О.Ренчингийн эзэмшил, өмчлөлд байсныг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

А.Ариунболд нь худалдаж авсан гэх Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 01 тоотод 2006 онд байсан байшинг засаж сайжруулан одоо хүртэл амьдарч байгаа талаар тайлбартаа дурдсан, үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчсөн байна.   

3. А.Ариунболдын худалдан авсан гэх эд хөрөнгө 2006 онд хариуцагч нарын  өмчлөлд байсныг нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх дуусгавар болох тухай Иргэний хуулийн зохицуулалтыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь буруу юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны зүйл болсон эд хөрөнгө нь  2009 оны байдлаар О.Ренчингийн, 2012 онд Р.Саранчимэгийн өмчлөлд бүртгэгдсэн байх боловч 2006 онд эзэмшилд эсхүл өмчлөлд байсан нь тодорхой бус үлджээ. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг 2006 онд худалдан авсан гэх тул энэ үед уг эд хөрөнгийг хариуцагч нар эзэмшиж эсхүл өмчилж байсныг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4. Хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.      

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00344 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1574 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ