Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 565

 

Б.Нид холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч Б.Дима, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаар магадлалтай, Б.Нид холбогдох 1806087840559 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Дима нарын гаргасан гомдлыг үндэслэн  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харчу овогт Б.Н нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Нийг 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос 2.510.408 төгрөг гаргуулж хохирогч Н.Нт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтад "... 48 хоногийг...” гэснийг "... 37 хоногийг..." гэж, тогтоох хэсгийн 5 дахь заалтад "... 2.510.408 ...” гэснийг "... 2.320.500 ..." гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.Н гаргасан гомдолдоо: “Миний бие өөрийн түрээслэн амьдарч байсан байрнаасаа нөхрийнхөө ааваас өвлөгдөж ирсэн удам дамжсан хөөрөг, өөрийн хос ээмэг, бөгж, кулон, хүүхдийн маань шагналд ирсэн шампунь, ангижруулагч зэрэг 2.510.408 төгрөгийн эд зүйлээ алдсан. Уг эд зүйлүүдийг Н гэдэг залуу авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Н нь анхан шатны хурал дээр би хулгай хийгээгүй гэж өөр хүний нэр хэлж хэргээ шууд үгүйсгэсэн. Шүүхээс түүнд 5 жилийн хорих ял оноосон. Эхний үед Н нь таны хохирлыг төлнө гэдэг байсан. Одоо ямар ч хохирол төлөөгүй.

Хөөрөгний хувьд хүүд маань ааваас нь удам дамжиж өвлөгдөж ирсэн хөөрөг. Бидний хувьд маш үнэ цэнэтэй хөөрөг байсан. Энэ хүн хохирлоо төлөөгүй байхад шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлж байгаад гомдолтой байна. Би энэ хүнээр хохирлоо төлүүлж авмаар байна. Би өнчин хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Хоёр сая төгрөгийн хохирол хохирол биш юм уу, хохирол төлөөгүй байхад шүүхээс яагаад ялыг хөнгөлөөд байгааг ойлгохгүй байна. Би гомдолтой байна.

Хэрэг нь шалгагдаж байхад Н нь алга болоод олдохгүй хэдэн сар болсон Олдоод шүүхэд хэрэг нь ирсэн үед бас л шүүх хуралдаа ирэхгүй алга болж байсан. Хохиролд нэг ч төгрөг төлөөгүй, би өдий 10 сар гаруй хугацаанд хохироод явж байна. Ийм хүний ялыг хөнгөлж байгаад гомдолтой байна. Хохирлоо төлүүлж авмаар байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Дима гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч Б.Дима би Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 57-10 тоотын хажуу өрөө хөлслөн амьдарч байсан иргэн Н.Нын эзэмшлийн хөөрөг, мөнгөн эдлэл, шампунь, ангижруулагч зэрэг эд зүйлийг хулгайлсан үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн.

Шүүгдэгч Н нь хохирлоо төлөөгүй, гэм буруугаа хүлээдэггүй. Анхан шатны шүүх хурал дээр өөр хүн гэмт хэргийг үйлдсэн, би үйлдээгүй гэж ямар ч гэмшсэн шинжгүй зогсож байсан. Гэмт хэргийн улмаас хохирогч Нт 2.510.408 төгрөгний хохирол учирсан. Хохирогч Нын нөхөр нь 2012 онд өвчний учир нас барсан. Хоёр хүүхдээ өсгөж сургаж байгаа эмэгтэй. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь хохирол төлөөгүй хүний ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж байгаад гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хүнд байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Б.Нид 5 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохироогүй гэж дүгнэсэн. Хохирогчийн 2 сая төгрөгний хохирол тухайн хохирогчдоо 20 сая төгрөгний хохиролтой тэнцэх хэмжээний үнэ цэнтэй байхыг хэн ч үгүйсгэхгүй. Хоёр өнчин хүүхдээ өдий хүртэл өсгөж байгаа ганц бие ээж хүн.

Шүүгдэгч Н нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн шатанд оргон зайлж хүндрэл учруулж байсан. Үүнийг түүний хувийн байдал нь ямар байсан гэж шүүх дүгнээд байгааг ойлгохгүй байна. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр Нийн ялыг хөнгөрүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нид оногдуулсан 5 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршиг, хувийн байдалд тохироогүй гэж дүгнэн, 3 жил хорих ял болгож өөрчилсөн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Дима нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Нид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 57 дугаар байрны 10 тоот орон сууцны нэг өрөөг хөлслөн амьдарч байсан иргэн Н.Нын эзэмшлийн хөөрөг, мөнгөн эдлэл зэргийг хулгайлан авч, 2.510.408 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Нийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх “Шүүгдэгч Б.Нид 5 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохироогүй” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нид оногдуулсан хорих ялыг 3 жил болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Н.Н болон түүний өмгөөлөгч Б.Дима нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Н.Н болон түүний өмгөөлөгч Б.Дима нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                   

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН