| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0277/Э |
| Дугаар | 300 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Х.Еркебулан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Хэрэйд овогт Г.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809010800135 дугаар 185/2018/0277/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Модун" караоке үйлчилгээний газарт хохирогч Д.Дамдиндоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь архины хундагаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хамрын нуруу ба угалзны зулгаралт, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э ийн: Би тэд нарыг 18 цагийн орчим тухайн караоке руу орсон гэж сонссон. Би гэртээ харих гэж байхдаа 20 цагийн үед эхнэрийнхээ утас руу залгахад байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харилаа гэж хэлэхэд, манай эхнэр хүрч ирээд авчих гэж хэлсэн. Мөн хэдэн төгрөг хэрэгтэй байна гэж утсаар ярихдаа хэлсэн. Тэгээд намайг очиход Үен, Сэвжидмаа хоёр хэсэг байж байгаад яв гэж хэлэхээр нь ороод сууж байсан. Би очихдоо эрүүл очсон. Энэ хэрэг намайг очсоноос хойш 30 минутын дараа болсон. Тэр хооронд 2-3 хундага архи уусан. Гэхдээ согтох хэмжээний уугаагүй. Дамдиндорж их согтолтой байсан. Намайг үгээр идээд, араас шордоод байсан. Би энэ бүхнийг нь тэвчиж чадалгүй хариу үйлдэл үзүүлсэн нь миний буруу.Торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Дамдиндоржийн: ... Надтай Э гэх залуу хөл бөмбөг яриад намайг хүзүүдээд сууж байгаад ууж байсан архины хундагаар миний нүүр хэсэгт цохиод тэгээд гараараа 2-3 удаа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би өрөөнөөс бие засах өрөө ороод цусаа угаачихаад гарч ирээд Билэгтсайхантай уулзаад юу болчихов гэж асуутал чамайг зүгээр сууж байхад хундаганы шилээр цохичихсон гэж хэлсэн. Тэгээд би гэррүүгээ хүргүүлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-5-6/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Сэвжидмаагийн: …Удалгүй манай Орхоны нөхөр Э нь Орхоныг авахаар караокед орж ирсэн. Энхээ, Дамдиндорж багшийн хажууд байсан. Гэнэт Дамдиндоржийн хамарнаас цус гарсан байсан. Энхээг манайхны нэг нь татаад бариад Эг караокенээс аваад гарсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Орхоны: …Бид нар хоол идээд тухайн газраас гараад “Модун” цамхагийн Б1 давхарт байрлах караоке орсон. Тэгээд тухайн караокед дуулаад байж байгаад би өөрийн нөхөр Энхээг хүрч ирээд авчих гээд дуудсан. Тэгээд манай нөхөр удалгүй караокед орж ирсэн. Тэгээд бид нар дуулж байгаад би нөхрийгөө дуулаачээ гээд эргээд хартал манай нөхөр баруун гараа зангидсан байдалтай зогсож байсан. Тэр үед Дамдиндорж сандал дээр хэвтсэн байсан. Тэр үед би өөрийн нөхрийг юу болж байна, яаж байна гээд найз Үенг дагуулаад нөхрөө авч гарсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,
мөрдөн байцаалтад яллагдагчаар Г.Э ийн: … Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний орой манай эхнэр Орхон над руу залгаад хүрч ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн сууж байсан караоке руу очтол манай эхнэрийн найзууд мөн хоёр танихгүй залуу байсан. Тэгээд би дуу дуулаад сууж байсан чинь Дамдиндорж араас миний чих рүү Батбаатар, Түвшинжаргал та нарын үе өнгөрсөн шүү гээд байсан. Тэр үед Дамдиндоржийг тоглоод байна гэж ойлгосон. Тэгээд би захирлууд чинь ад үзээд байвал ах нь хэлээд өгье гайгүй байлгүй дээ гэж тоглоомоор хэлсэн. Тэгээд би дуулж байсан дуу руугаа анхаараад байж байтал суга руу Дамдиндорж хатгаад байсан. Тэгэхээр нь би тоогоогүй. Тэгсэн чинь Дамдиндорж над руу та нар өнгөтэй өөдтэй хамаг хүүхнүүдийг та нар эдэлдэг байсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь гартаа барьж байсан архитай хундагаар нүүр хэсэг рүү нэг удаа цохичихоод яагаад байгаа юм гээд босоод ирсэн чинь караокед байсан нэг залуу намайг барьж аваад та болио, наадах чинь согтчихоороо янз бүрийн ааш гаргаад байдаг гэж хэлсэн. Тэр үед Дамдиндоржийн нүүр хэсгээс цус гарсан байсан. Тэгээд манай эхнэр намайг аваад гараад яваад өгсөн... Тухайн үед янз бүрийн юм яриад байхаар нь миний уур хүрээд тухайн үеийн эмоцоор Дамдиндоржийг нэг удаа цохисон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ¹2957 тоот шинжээчийн:
Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, клиникийн профессор, АУ-ны магистр Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-14/,
гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт /хх-37/, хохирлын баримтууд /хх-38-40/, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-41/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-23/, АШУҮИС-н тодорхойлолт /хх-24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-25/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-26/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-27-31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүгдэгч Г.Э 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Модун” караоке үйлчилгээний газарт хохирогч Д.Дамдиндоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь архины хундагаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хамрын нуруу ба угалзны зулгаралт, баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2957 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Б.Дамдиндоржийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Э ийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов.
Шүүгдэгч Г.Э 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.Дамдиндоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн эрхэлсэн ажилгүй, торгуулийн ялыг хөнгөлөхийг хүссэн зэрэг байдлыг харгалзан /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Э анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Дамдиндоржид гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, /хх-44/ хохирогч гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Э өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.