| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2025/0077/З |
| Дугаар | 110/ШШ2025/0086 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 110/ШШ2025/0086
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: А.А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч,
Гомдлын шаардлага: “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0957670 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгох тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагчаас “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0957670 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Дээрх шийдвэрүүд нь иргэн А.А төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж, 0957670 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 50 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, ...олгогдсон газрын 60 хувиас илүү газарт барилгажсан, уг барилга нь газрын зориулалттай уялдаагүй зөрчил илэрсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс иргэн А.А барьсан гэх барилгыг нурааж, өөр газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан агуулгатай байна.
3. Гомдол гаргагч А.А нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан гомдолдоо үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:
3.1. Миний бие өөрийнхөө эзэмшлийн газарт нэг айлын орон сууц барьж байхад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Ш нь 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаварт Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг зөрчин олгогдсон газрын 60 хувиас илүү газарт барилгажсан, газрын зориулалттай уялдахгүй байгаа зөрчил тогтоогдож байгаа гэж үзэж, 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс барилгыг нурааж, өөр газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасныг эс зөвшөөрч байна.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг , ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэж заасан ба энэ үндэслэлээр баригдаж байгаа барилга байгууламжийг албадан нүүлгэх, шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй, нэг айлын орон сууцны зориулалтаар барилга барихад хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй.
3.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх тээврийн хэрэгслийг саатуулах тусгай албанд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно гэж заасан. Гэтэл барилгын техникийн хяналтын улсын байцаагч өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн миний барьж байгаа барилга, байгууламжийг нурааж өөр газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан нь хууль бус байна. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн даалгавар нь хуулийн хүчин төгөлдөр болсноор миний барьж байгаа барилга, байгууламжийг нураах өөр газарт нүүлгэн шилжүүлэх зэрэг сөрөг үр дагавар үүсэж, эд хөрөнгөөр хохирч, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх маань зөрчигдөж болзошгүй байна.
3.3.Миний бие өөрийн төрсөн ах болох А.Аб эзэмшдэг “Орда” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газарт тухайн газрын эзэмшигчтэй нь харилцан тохиролцож, 120 м2 талбайтай 3 давхар барилгыг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд ашиглах зориулалтаар барьж байгаа тул Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалт хамаарахгүй гэжээ.
4.Гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Би “Орда” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. “Орда” ХХК-ийн нэр дээр байгаа газар нь үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 29 жилийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Тухайн газарт хуучин үл хөдлөх хөрөнгө байсныг нураагаад шинээр барилга барих төлөвлөгөөтэй байсан. Бид бэр, хүү, охинтой хамт амьдарч байгаа. Би хувийн орон сууцтай болох зорилгоор тус газарт энэ жил байшин барьсан.
Зэргэлдээ газарт н.Б гэдэг залуу “Залуус хотхон” нэртэй 10 давхар барилга барих гэж байна, та газраа чөлөөлж өгөөч, таны газрыг дундаа түр хэрэглэе” гэхээр нь хуучин барилгыг нурааж, дээвэр, хаалга, цонхыг би өөрөө хашаандаа авсан. н.Б өөрийн барилгын суурь дээр 1 метр бетон цутгах юм байна. Тэрийг хийсний дараа ажлаа эхэлбэл болно, танд болох талаас нь тусална гэсэн. Тэгээд 2 сарын дараа ажлаа эхэлье гэсэн боловч дээрх хүмүүс эхлүүлээгүй тул Газрын албаны мэргэжилтнээс зөвлөгөө аваад, Өлгий сумын архитектор байсан н.С очиж үзүүлэхэд “та барилга барих бүрэн боломжтой” гэсэн. Хариуцагч улсын байцагч Б.Ш бас тухайн үед зөвлөгөө авахад “та энд газартай юм чинь хашаалж, цаашид барилга барих боломжтой” гэсэн ба Газрын албаны дарга Ж.Е, хэлтсийн дарга Х.А нараас асуухад барилга хоорондын зайг хэлж өгсөн. Иймд барилгын ажлыг 2025 оны 7 дугаар сард эхлүүлсэн. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 давхар, 8:15 харьцаатай, 120 м2 талбайтай газарт амины орон сууц барихаар болсон, газрын хэмжээ 160 м2 талбайтай байсан. Урьд нь тус 160 м2 талбайтай газарт 160 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байсан, тэр талбай дээр барилга барьж эхэлсэн. Ахын нэр дээрх компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан, “СУАТ” ХХК-аас гомдол ирсэн гэж газар эзэмших асуудлыг шийдэж өгөөгүй гэв.
5. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. А.А гаргасан гэх зөрчил тогтоогдоогүй, тухайн зөрчлийг хэн, ямар субъект гаргасныг, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг дутуу тодорхойлсон. Газрыг зориулалтын дагуу ашиглах эсэхтэй холбоотой асуудал гарсан, барилгатай холбоотой асуудал биш. 2025 оны 8 дугаар сард газрын зориулалтыг өөрчлөх тухай албан шаардлагыг иргэн А.А өгсөн нь хуульд нийцээгүй. А.А хувьд тухайн газрыг шилжүүлж авахаар нотариатаар гэрээ хийсэн болохоос түүнд газар эзэмших эрх шилжээгүй, тухайн газар нь одоо хүртэл “Орда” ХХК-ийн эзэмшлийн газар байгаа. А.А хувьд албан шаардлага өгсний дагуу газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах үүрэг гэрээний дагуу үүссэн. Хуульд заасны дагуу газрын эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн учраас А.А хувьд тухайн газарт амины орон сууц барьж байсан нь үнэн. Гэхдээ газрын зориулалтыг өөрчлөх, шилжүүлж өгөх зэрэг асуудал А.А үүрэг байсан эсэх нь эргэлзээтэй. А.А хувьд газрын зориулалтын асуудал дээр нэгэнт хүсэлтийг тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал байхад торгосон нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн, эрх хэмжээгээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэж байна.
5.2. Хариуцагчаас иргэдийн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн гэж тайлбарлаж байгаа ч зөрчлийн хэрэгт иргэдийн гаргасан гомдол авагдаагүй байна. Ямар үндэслэлээр хяналт шалгалт хийсэн нь тодорхой бус, мөн улсын байцаагчийн албан шаардлага нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
5.3. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэж заасан. А.Айбекийн барьж байгаа байгууламж нь зураг төсөл заавал шаарддаг барилга байгууламж мөн эсэхийг харах ёстой.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дугаартай тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын 1.1-д 9 метр хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууцад барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй гэж заасан. Нэгэнт ямар нэгэн шаардлага тавихгүй барилга, байгууламжийг иргэн А.А нь “Орда” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай газар дээр барьж байгаа нь зөрчил биш юм. Хууль журмын дээрх зохицуулалтыг холбон тайлбарлахад А.А нь хууль зөрчөөгүй тул түүнд албан шаардлага хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй, газрыг нэр дээр шилжүүлэх асуудал зүй ёсны хийгдэж байгаа эсэх нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарахгүй.
5.4. Хариуцагч даалгавар бичсэн. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээнд хамаарахгүй байна. Газрыг албадан чөлөөлж, нүүлгэх зэргээр эрх хэмжээгээ илтэд хэтрүүлж, иргэн, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлсэн. Хэрвээ гомдол гаргагч шүүхэд хандаагүй байсан бол иргэний эдийн засгийн эрхэд ноцтой хохирол учрах нөхцөл байдал гарах байсан гэв.
6. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. Хуульд заасан чиг үүргийн дагуу анх 1-36 айлын орон сууцны оршин суугчдын “...худалдаа нийтийн үйлчилгээний төв цогцолбор газарт зөвшөөрөлгүй барилга барьж байна.” гэх утгатай “Орда ХХК-д холбогдуулан гаргасан гомдлын мөрөөр очиж хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад тус компанийн нэр дээр байгаа газрыг нотариатаар иргэн А.Айбект шилжүүлэх гэрээ хийсэн байна.
Иргэн А.А энэ талаар тодруулахад “тус газарт өөрийн амины сууцыг барьж байна.” гэсэн тайлбар өгсөн. Барьж байгаа газрын барилгажих талбай олгогдсон газрын 60 хувиас хэтэрсэн, газрын зориулалт нь амины сууц барих зориулалтгүй байсан тул иргэн А.Айбект зөрчил арилгуулах тухай хугацаат албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын биелэлтийг хангасан байдалд хяналт хийх явцад зөрчлийг арилгаагүй байсан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн болно гэжээ.
7. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Хяналт шалгалт хийх явцад А.А нь тухайн газарт 120 м2 талбайтай байшин барьж байсан. Миний бие чиг үүргийн хүрээнд Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн дагуу бичиг баримтыг нь шалгахад тухайн газар нь худалдаа үйлчилгээний зориулалт бүхий газар байсан. “Та ямар барилга барьж байгаа вэ?” гэж асуухад “амины орон сууц барьж байна” гэсэн. Тухайн үед би газрын зориулалтыг нь өөрчлөх ёстой, бичиг баримтыг бүрдүүлээрэй” гэдгийг хэлж хугацаатай албан шаардлага хүргүүлж байсан.
Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын тухай холбогдох дүрэмд 9 метр хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууцыг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүйгээр барихыг зөвшөөрдөг. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар барилга байгууламж нь олгогдсон газрын зориулалттай уялдсан байх шаардлагатай бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан. Гүйцэтгэлийн шалгалт хийх явцад зөрчил арилаагүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх утгаар торгосон. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг баримталсан.
7.2. Зөрчлийг арилгах ёстой. Тиймээс тухайн газарт баригдсан барилгыг нүүлгэн шилжүүлэх даалгавар хүргүүлсэн, баригдсан барилгыг нураах эрх улсын байцаагчид байхгүй, Засаг дарга шийдвэр гаргана, эсхүл шүүхийн шийдвэрээр нураах боломжтой, гэхдээ ямар нэгэн аргаар зөрчлийг арилгах ёстой, иймээс “нүүлгэн шилжүүлэх” гэх утгаар даалгавар бичсэн. Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд барилгаа нураах эсхүл өөр аргаар зөрчлийг арилгах нь иргэний асуудал юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлтэй байна.
2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана: 5.2.2.шалгалтын зорилго, үндэслэл;”, 52 дугаар зүйлийн 1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.” гэж тус тус заасан.
3. Хэргийн нотлох баримтаас үзэхэд барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын баталсан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02-15/01 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар иргэн А.Айбекийн барьж буй хувийн сууцны барилга нь олгогдсон газрын зориулалттай нийцээгүй нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг зөрчсөн гэж үзэж, “газрын зориулалтыг барьж байгаа барилгын зориулалттай нийцүүлэх”-ийг шаардсан 02915-01/048/19 дугаартай албан шаардлагыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үйлдэж, албан шаардлагын хэрэгжилтийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор шалгуулах, албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг иргэн А.А мэдэгджээ.
4. Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь иргэн А.А 02915-01/048/19 дугаартай дээрх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0957670 дугаартай шийтгэлийн хуудсаар 50 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгавраар ...олгогдсон газрын 60 хувиас илүү газарт барилгажсан, барьж буй барилга нь газрын зориулалттай уялдаагүй зөрчил тогтоогдсон гэх үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс барилгыг нурааж, өөр газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэсэн байна.
5. Хэргийн нотлох баримтаар маргаанд хамааралтай дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
5.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 407 дугаартай захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс “Орда” ХХК-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 160 м2 газрыг 29 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан.
5.2. “Орда” ХХК-ийн уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.А шилжүүлэхээр хоорондоо 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 0830 бүртгэлийн дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, 2025 оны 07 дугаар сард иргэн А.А нь тус газрын 120 м2 талбайтай хэсэгт амины зориулалттай сууц барьж эхэлсэн.
5.3. Талуудаас дээрх газрыг эзэмших хүсэлтээ газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдэд 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байх боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас уг газрыг А.А шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй байна.
6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж заасан.
7. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасан журмаар “Орда” ХХК-ийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг 160 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.А шилжүүлэхээр хоорондоо гэрээ байгуулсан байх боловч эрх бүхий этгээдээс хуулийн 38.4-т зааснаар тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй байхад бусдын эзэмшлийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 160 м2 газрын 120 м2 талбайтай хэсэгт иргэн А.Айбек нь 2 давхар амины зориулалттай сууц барьж эхэлсэн нь тогтоогдсон байх ба энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
8. Дээрх нөхцөл байдал илэрснээр хариуцагчаас эрх бүхий албан тушаалтны хувьд 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А.А барьж байгаа барилгын зориулалт олгогдсон газрын зориулалттай нийцээгүй, газрын 60 хувиас илүү газарт барилга барьсан нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг зөрчсөн гэж үзэж, “газрын зориулалтыг барьж байгаа барилгын зориулалттай нийцүүлэх” албан шаардлага хүргүүлж, улмаар уг албан шаардлагыг биелээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулж, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн даалгавраар уг барилгыг мөн өдрөөс нурааж, өөр газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан нь дараах байдлаар хууль бус байна.
8.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд гомдол гаргагч А.А амины сууц барьсан гэх газрын эзэмших эрх түүнд шилжээгүй байх тул газрын эзэмшигч нь “Орда” ХХК бөгөөд компани уг газраа үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа гэж үзнэ.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна.” гэж заасан.
Хариуцагчийн ...барилга нь газрын зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй байх шаардлагатай гэх тайлбар нь үндэслэлтэй боловч хуулийн уг шаардлага нь газар эзэмшигч этгээд тухайн газартаа барилга барих тохиолдолд хамааралтай юм. Тодруулбал энэ нөхцөлд “Орда” ХХК нь худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг уг 160 м2 газарт барилга барих тохиолдолд энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасантай нийцсэн байх шаардлагатай. Одоогоор тус газрын эзэмших эрх иргэн А.А шилжээгүй байх тул газар эзэмшигч бус этгээдээс Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дахь хэсэгт заасантай нийцүүлж барилга барихыг шаардах нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас А.А гаргасан гэх зөрчлийн шинжийг зөвөөр тодорхойлоогүй байна.
8.2. Иргэн А.А нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар дээрх албан шаардлагатай танилцсан тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, газар эзэмших асуудлаар өөрөөсөө шалтгаалах эрх, үүргээ хэрэгжүүлсэн нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/666 дугаартай албан бичгээр тогтоогдсон ба хуульд зааснаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд нь Засаг дарга байхад хариуцагчаас иргэн А.А буюу газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээгүй этгээдээс газрын зориулалтыг барилгын зориулалтад нийцүүлэхийг шаардсан нь хууль бус байна.
Тодруулбал, гомдол гаргагч А.А хувьд түүнд тухайн газрыг эзэмших эрх үүсээгүй байхад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар амины сууц барьсан нөхцөл байдлыг шүүхээс зөвтгөөгүй бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр “Орда” ХХК-ийн газар эзэмших эрхийг А.А шилжүүлэх шийдвэр гаргах эсэх нь Засаг даргын бүрэн эрхэд хамаарна. “Орда” ХХК-ийн эзэмшлийн газрыг мөн зориулалтаар нь, эсхүл зориулалтыг нь өөрчилж эзэмшүүлэх эсэхийг Засаг дарга шийдвэрлэх байтал барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас ...иргэний өөрийн эзэмшлийн бус газарт барьж буй амины сууцны зориулалтад газрын зориулалтыг нийцүүлэх албан шаардлага өгсөн нь Газрын тухай хуулийн 38.4 болон захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх;”, 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” тусгай зарчимд нийцээгүй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчаас маргааны үйл баримтын талаар Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу барилга нь газрын зориулалттай уялдсан байх шаардлагатай гэх тайлбарыг гаргасан мөртлөө хуульд зааснаас өөрөөр буюу газрын зориулалтыг барьж байгаа барилгын зориулалттай нийцүүлэх албан шаардлага тавьсан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
8.3. Төрийн албан хаагч нь хуульд нийцсэн шаардлага тавих үүрэгтэй бөгөөд барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 02915-01/048/19 дугаартай албан шаардлага нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдсон, иймээс уг албан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр иргэн А.А Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.
Нөгөө талаар иргэн А.А нь улсын байцаагчийн дээрх албан шаардлагыг биелүүлээгүй нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил нь мөн хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчилд хамаарна.
Иргэн А.А нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагын дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар уг газрыг эзэмших хүсэлтээ Газрын албанд гаргасан боловч газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс шийдвэр гаргаагүй нөхцөл байдал нь иргэн А.А төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг төрийн үйл ажиллагаанд саад учруулах зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд энэ төрлийн зөрчилд гомдол гаргагчийн гаргасан гэх зөрчил хамаарахгүй юм.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасныг хариуцагч зөрчиж, иргэн А.Айбекийн гаргасан гэх зөрчлийг буруу тодорхойлж, хуульд үл нийцсэн албан шаардлага тавьж, түүнийг биелүүлээгүй гэж үзсэн нь, мөн энэ нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд хамаарахгүй байхад мөн зүйлд зааснаар шийтгэл оногдуулсныг тус тус хууль бус гэж дүгнэв.
8.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно.”, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд, зөрчил үйлдсэн хүн арван найман насанд хүрээгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчид хугацаа тогтоон даалгаж болно.”, 5-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ.” гэж тус тус заасан.
Дээрх байдлаар иргэн А.А нь тухайн газрыг өөрт нь эзэмшүүлсэн шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад бусдын эзэмшлийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 160 м2 газрын 120 м2 газарт гэр бүлийн хэрэгцээний 2 давхар амины сууц барьсан үйл баримт тогтоогдсон ба Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан ...зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн гэх үндэслэл байна гэж үзвэл аймаг, сумын Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөхөөр зохицуулагдсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний төрөлд газар чөлөөлөх, хууль бусаар барьсан гэх барилгыг нураах, өөр газарт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ хамаарахгүй байх тул энэ талаарх гомдол гаргагч талын маргаан үндэслэлтэй байна.
9. Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актууд нь хуульд нийцээгүй, гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул гомдлын шаардлагыг хангаж, барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0957670 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.А шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0957670 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА