Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00847

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 309/ШШ2025/00847

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ын *******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

            Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ч.*******эд холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.******* би 2017.06.15-ны өдөр иргэн аас ... хаягт байрлах 600 мв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулан төлбөрөө төлж худалдан авсан. Уг газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж ... дугаартай, .... нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Миний эхнэр ******* мөн энэхүү газрын өмчлөгч буюу энэ газар маань гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө юм. Тиймээс би эхнэр *******дээ итгэмжлэл олгон газрын маргаанаа шийдвэрлүүлэх эрх олгосон.  Миний бие хөдөө улсын хил дээр ажил хөдөлмөр эрхэлдэг тул тодорхой хугацаагаар хашаандаа амьдраагүй байшин барихаар мөнгөө цуглуулж энэ жил байшин барих санаатай байтал газар маань маргаантай болж холбогдох газраар нилээн яваад асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй. Шүүхээр яв гэсэн хариу өгсөн. Дээр нь манай хөрш айл болох Ш.Төмөрбаатар нь манай баруун талд газар өмчлөх эрхтэй байсан ба энэ өрхийн гишүүн шүүхэд маргаан үүсгэж миний бие тэдний газар дээр хашаа барьж буусан айлын хашааг худалдан авсан байсан гэдгээр газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаад Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.16-ны өдрийн ... тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Г.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөх шийдвэр гарсан. Ингээд би хуулийн дагуу газар өмчлөх эрхтэй боловч бусдын газар дээр буусан гээд одоо би газар өмчлөх эрхтэй ч амьдрах газаргүй болж хохирч байна.

Ер нь манай эгнээний айлын газрууд нь бүгд зөрчилтэй болоод байна. Анх газар өмчилж авсан айл нь мөн бидэнд худалдсан гэх гуай уг газартаа буухдаа Хэрлэн сумын газрын даамал, архитектор нараар газрын хэмжилт хийлгэн газрын цэг талбараа тогтоолгосон юм байна. Гэтэл тухайн эрх бүхий хүмүүс буруу хэмжилт хийж олон айлыг хохироох болсон учраас дээрх байгууллага, тэдгээрийн албан тушаалтанг хариуцагчаар татаж байна. Магадгүй зөвхөн өрх айл, хариуцагч Ч.*******ийн өрх айлаас гадна айлууд газрын маргаантай болох талаар маргэжлийн байгууллагын мэдээллээс авлаа. Би өөрийн өмчлөлийн газрыг иргэн аас 7,500,000 төгрөгөөр худалдан авсан. Ч.*******ийнх манай газар дээр байгаа болохыг газрын кадастрын мэдээллээр тодорхой байгаа ба Газрын албанаас ч энэ талаар надад хариу өгсөн. Тэгэхээр хууль бусаар бусдын өмчлөлийн газар дээр буугаад амьдарч байгаа Ч.*******ийнхээс газраа чөлөөлүүлж авмаар байна. Манай аймагт 2011 онд хамгийн анхны хувийн кадастрын компани байгуулагдсан ба 2010 онд сумын газрын даамалаас хэмжилт хийлгэн газраа заалгаж авч байсан юм. Тэгэхээр газрын албаны мэргэжлийн хүмүүс анх манай газрыг анхны өмчлөгчид зааж өгөхдөө буруу газар зааж өгөн будлиан үүсгэсэн байх магадлалтай байна. Энэ нь бидэнд учруулсан хохирол болж байгаа ба би хүнээс газар худалдан авахдаа төлсөн төлбөрийг гаргуулж авах, мөн хэрвээ болдог бол манай эгнээнд ямар нэг байдлаар ижил төстэй газар хоорондын холио солио хийлгэн олгох боломжтой бол солиулж авсан ч болно. Эцсийн үр дүндээ би газартай болмоор байна. Ингээд газаргүй сална гэдэг байж боломгүй зүйл ба хажуу хөршийнх ч гэсэн мөн бидэнтэй адил заалгаж аваад хэмжилт хийлгээд амьдран сууж эхэлсэн бол хохирох болоод л байна. Иймд манай өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа Ч.*******ээс миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай гэр бүл гэр бариад амьдрах газаргүй болсон тул өөрийн эзэмшлийн ... газраа хариуцагч Ч.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай өмчлөлийн ... газар дээр хариуцагч Ч.*******ийнх хашаа, байшин бариад амьдарч байгаа болох нь газрын кадастрын мэдээллээр тодорхой болсон. Тэгэхээр газрын албаны мэргэжлийн хүмүүс анх манай газрын анхны өмчлөгчид газар зааж өгөхдөө буруу газар зааж өгч будлиан үүсгэсэн байх магадлалтай байна. Манай газар дээр Ч.*******ийнх хашаа, байшин барьж амьдарч байх тул бидний зүгээс газрын албанд манай эгнээнд ямар нэгэн байдлаар ижил, төстэй газар эсвэл хоорондын солио хийлгэн олгох боломжтой бол солиулж авах тухай саналыг удаа дараа гаргасан боловч шийдэж өгөөгүй. Харин Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон Хэрлэн сумын газрын даамал С.Ууганцэцэг нарт холбогдуулан гаргасан газар хэмжилтийг буруу хийж, цэг талбарыг буруу тогтоосноос учирсан хохирол 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учраас тэдгээр байгууллага, албан тушаалтныг хариуцагчаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Иймд хариуцагч Ч.*******ийн хууль бус эзэмшлээс газраа албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх тул хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна. Бид өөрсдийн дураар уг газар дээр хашаа байшин барьж амьдраагүй. Анх 2011 онд газар хөөцөлдөж хувьчилж авахад Хэрлэн сумын газрын даамал болон Засаг даргын ажлын албанаас газрыг зааж бэхжүүлж өгсний дагуу хашаагаа хатгаж амьдрах орон сууцаа барьж амьдарсан. Маргаан үүсээд 2024.01.25-нд “Классик лэнд” гэх ХХК-аар буюу мэргэжлийн байгууллагаар кадастрын зургаа зуруулсан. Г.*******ынхны газар дээр манайд газар өгсөн байсан. Бид газрыг чөлөөллөө гэхэд хаачихав? Бас л зүүн талын айл буюу кадастрын зургаар бол Ц.Пүрэвээ гэх айлыг бас л газар чөлөөл гэж маргаан үүсэх болж байна. Нэг мөр тэр гудамж эгнээний бүх айлын газрын зураглалыг хийлгэж хэмжүүлвэл дундаас нь 1 айлын газар гарахгүй юм болов уу? Энэ зохицуулалтыг хариуцагч төрийн байгууллагууд нь хийгээд өгдөггүй юм болов уу? Бидэнд ч гэсэн хохиролтой байна. Барьсан байшин саваа буулгах болох нь. Энэ хохирлыг хэн хариуцах вэ? Зөвшөөрөхгүй байна. Бидний хохирол хэдэн төгрөгөөр үнэлэгдэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Хохиролгүй болговол чөлөөлөөд өөрсдийн газар дээрээ л буух болох байх даа гэжээ.

Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүл одоо амьдарч байгаа газрыг 2011 оны 05 дугаар сард худалдан авч 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээгээ авсан. Ингээд 2011 оны 08 дугаар сард газар дээрээ буух гээд Багийн ажлын албанд хандан “манайх газар дээрээ буух гэсэн юм. Манай газрыг тодорхой заагаад өгнө үү” гэхэд “газрын албанд хандаарай” гэж хэлсэн. Ингээд газрын албанд хандахад “Хэрлэн сумын 4 дүгээр баг ... тоотод айлууд газар дээрээ амьдарч байгаа юм байна. Харин танай газар л хоосон байсан. Иймд танайх хоосон байгаа газарт нь буух ёстой юм байна. Хэмжилт хийлгэх шаардлагагүй” гэж хэлсэн. Ингээд манайх газар дээрээ хашаа, байшин бариад өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2023 онд шүүхээс дуудан нэхэмжлэлийн хувийг 14 хоногийн дотор гардан аваарай гэж хэлсэн. Бид нарын зүгээс сайн дураараа айлын газар дээр хашаа, байшин барьж амьдарсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.10.17-ны өдрийн бүртгэлийн 0729 дугаартай итгэмжлэл, Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023.04.05-ны өдрийн 1/231 тоот болон 2023.09.04-ний өдрийн 2/713 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, ын өмчилж байгаа Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 7Б-21 тоот, нэгж талбарын 091104772 дугаартай газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, А.Нарангараваас ад газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, аас Г.*******т газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Г.*******ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000357173 дугаартай гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.16-ны өдрийн 138/ШШ2023/00935 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4. Хариуцагчаас: түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн хариу тайлбар, 2024.01.24-ний өдрийн бүртгэлийн 0045 дугаартай болон 2024.08.01-ний өдрийн бүртгэлийн 0572 дугаартай итгэмжлэл, Дорнод аймгийн Засаг даргын 2006.03.03-ны өдрийн ... дугаартай газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар, хавсралтын хамт, Н.Мөнхбатаас Ч.*******эд газар бэлэглэсэн бэлэглэлийн гэрээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Ч.*******ийн өмчилж байгаа ... тоот, нэгж талбарын ... дугаартай газрын байршлын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг бичгийн баримт гаргаж өгсөн байна.

5. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “газар хэмжилтийг буруу хийж, цэг талбарыг буруу тогтоосноос учирсан хохирол 7,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон Хэрлэн сумын газрын даамал С.Ууганцэцэг нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч нарыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон Хэрлэн сумын газрын даамал С.Ууганцэцэг нарыг хариуцагчийн эрх, үүргээс шүүгчийн захирамж гарган чөлөөлөх ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь тус шүүхэд хариуцагч Ч.*******эд холбогдуулан “Газар албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон ба нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ “…Манай өмчлөлийн ... тоотод газар дээр хариуцагч Ч.*******ийнх хашаа, байшин бариад амьдарч байгаа болох нь газрын кадастрын мэдээллээр тодорхой болсон. Манай газар дээр Ч.*******ийнх хашаа, байшин барьж амьдарч байх тул бидний зүгээс газрын албанд манай эгнээнд ямар нэгэн байдлаар ижил, төстэй газар эсвэл хоорондын солио хийлгэн газар олгох боломжтой бол солиулж авах тухай саналыг удаа дараа гаргасан боловч шийдэж өгөөгүй. Манай гэр бүл гэр бариад амьдрах газаргүй болсон тул өөрийн эзэмшлийн ... газраа хариуцагч Ч.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна…” гэж тайлбарласан.

Хариуцагч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...Манай гэр бүл одоо амьдарч байгаа газрыг 2011 оны 05 дугаар сард худалдан авч 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээгээ авсан. Ингээд 2011 оны 08 дугаар сард газар дээрээ буухаар газрын албанд хандахад “... тоотод айлууд газар дээрээ амьдарч байгаа юм байна. Харин танай газар л хоосон байсан. Иймд танайх хоосон байгаа газарт нь буух ёстой юм байна. Хэмжилт хийлгэх шаардлагагүй” гэж хэлсэн. Ингээд манайх газар дээрээ хашаа, байшин бариад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Одоо манай амьдарч байгаа газар Г.*******ын газар болох нь тодорхой байгаа боловч бид нарын зүгээс сайн дураараа айлын газар дээр хашаа, байшин барьж амьдарсан зүйл байхгүй. Төрийн албаны холбогдох мэргэжилтэн албан тушаалтны зааж өгснөөр буусан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.*******, Ч.******* нарын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... болон ... дугаартай гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023.04.05-ны өдрийн 1/231 тоот болон 2023.09.04-ний өдрийн 2/713 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.16-ны өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар, А.Нарангараваас ад, аас Г.*******т газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Н.Мөнхбатаас Ч.*******эд газар бэлэглэсэн бэлэглэлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Дорнод аймгийн ... тоот нутаг дэвсгэрт ... нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Г.Чулуунбаатар байна.

2. Г.******* нь ... тоот нутаг дэвсгэрт байх 600 м.кв талбайтай газрыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээний дагуу аас худалдан авчээ.

3. Г.*******ын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 091104772 нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Ч.******* эзэмшиж, амьдарч байгаа болох нь газрын байршлын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.******* нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Дорнод аймгийн ... тоот хаягт байрлах ... нэгж талбарын дугаартай 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авч, улмаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авснаар уг газрын хууль ёсны өмчлөгч болсон байхаас гадна талууд Г.*******ын өмчлөлийн газар гэдэгтэй маргаагүй.

Түүнчлэн Г.*******ын дээрх хаягт байрлах газар одоо хариуцагч Ч.*******ийн эзэмшилд байж, тэрээр уг газар дээр амьдарч байгааг хариуцагч Ч.*******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү маргааны зүйл болох ... тоотын газар дээр одоо хариуцагч Ч.******* гэр бүлийн хамт амьдарч байгаагаа өөрөөр хэлбэл хашаа байшин барьсан гэдгээ мэдээгүй, мөн холбогдох төрийн байгууллагын албан тушаалтан зааж өгснөөр хашаа байшингаа барьсан учраас чөлөөлөх боломжгүй гэж маргадаг.

Хариуцагч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа дээрх тайлбар нь газрыг чөлөөлөхөөс татгалзах, түүнийг газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуульд зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

Иймд хариуцагч Ч.*******ийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлийн Дорнод аймгийн ... тоот нутаг дэвсгэрт байрлах ... нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ч.Баатарсүхийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон Хэрлэн сумын газрын даамал С.Ууганцэцэг нарт холбогдуулан гаргасан Газар хэмжилтийг буруу хийж, цэг талбарыг буруу тогтоосноос учирсан хохирол 7,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж дээрх хариуцагч нарыг эрх үүргээс чөлөөлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,150 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баатарсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлийн Дорнод аймгийн ... тоот нутаг дэвсгэрт байрших ... нэгж талбарын дугаартай 600 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Чаатарсүхийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,150 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА