Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 7 сарын 18-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/39                           Өвөрхангай аймаг

 

 

М.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                       Прокурор А.Алтангэрэл

       Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/451 дугаартай захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр М.Б-т холбогдох эрүүгийн 2426000000121 тоот хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Өвөрхангай аймгийн ... суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, ... настай, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн .... сумын .. дүгээр багийн ... тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5-н жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, М.Б

 

М.Б нь архидан согтуурсан үедээ 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 9-9 тоотод хохирогч С.Ж-г зодож улмаар түүний биед нь “баруун шанаа, нуруу, зүүн тохойд шарх, баруун бугалга цус хуралт, дух баруун хацар, хүзүүнд зулгаралт, баруун шанаанд сорви” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-т холбогдох 2426000000121 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцаан, шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн 2426000000121 дугаартай М.Б-т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд шүүгчийн 451 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.Шүүгчийн захирамжид дараах үндэслэлүүдийг заасан байна.

Үүнд: “...прокуророос яллагдагч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тохиролцоогүй, мөн шүүгдэгч М.Б нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,542,200 төгрөгийг төлөхөө илэрхийлж хүсэлт гаргажээ. Шүүх хуралдаанд ажил, хөдөлмөр эрхэлдэггүй талаар мэдүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэх 1,542,200 төгрөгийг ямар орлогын эх үүсвэрээс яаж төлөх нь тодорхойгүй байх тул түүнийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн нөхцөл байдал хангагдаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай албан бичигт Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдгийг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлага хангаагүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгч хуулийн этгээд, харин Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Г.Гэрэлмааг хууль ёсны төлөөлөгч гэж үзэхээр байна. Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч М.Б холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг 20 минутад хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Яллагдагч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт хяналт тавьж буй прокурор хүсэлтийг хүлээн авч, яллагдагчтай ял тохиролцохдоо “2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулах санал”-ыг танилцуулахад М нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж” гэж заасантай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл прокуророос яллагдагчтай тохиролцсон ялын саналаас харахад ялын төрөл буюу “зорчих эрхийг хязгаарлах” ялыг, ялын хэмжээ буюу “2 сарын хугацаа”-гаар оногдуулахаар тохиролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ...” гэсэнтэй тохирч байх бөгөөд хуулийн уг зүйл, хэрэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тохиролцох” гэсэн агуулга тусгагдаагүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан агуулгыг илүү дэлгэрүүлэн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна “Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял нэгтгэснээр яллагдагчийн нийт эдлэх ялын төрөл, хэмжээ”-г тусгах агуулга бүхий заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмсэн бөгөөд хуулийн уг заалтыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр зохицуулсан. Гэтэл шүүх шүүгдэгчийг “шүүх хуралдаанд ажил, хөдөлмөр эрхэлдэггүй талаар мэдүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэх 1,542,200 төгрөгийг ямар орлогын эх үүсвэрээс яаж төлөх нь тодорхойгүй байх тул түүнийг хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаах үндэслэл болгож байгаа нь хүний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч нь хэдийгээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй боловч түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөрөнгө орлого олдоггүй гэж үзсэн байгаа нь ялгаварлан гадуурхаж байгаагийн илрэл юм. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ...нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх ойлголт нь яллагдагч тухайн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, шүүх түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд татгалзах зүйлгүй гэсэн агуулгыг илэрхийлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг гэмт этгээд нөхөн төлөх боломжтой эсэхээс үл хамааран шүүх гэм буруутай этгээдээр заавал нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх ёстой. Гэтэл уг хэргийн тухайд шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эдэлсэн 1,542,200 төгрөгийн хөнгөлөлт нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу гэмт хэргийн хохирол биш байхад шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ...нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх нөхцөл хангагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Өвөрхангай аймгийн Прокуроын газрын ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай албан бичиг нь Архив албан хэрэг, хөтлөлтийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын тус аймгийн прокурорын газрын байгууллагын архивд эх хувиараа “архивын баримт” болон хадгалагдаж байгаа бөгөөд тус архивын баримтыг хуулбарлан тус прокурорын газарт ашиглаж буй “хуулбар хувь” тэмдгийг дарж баталгаажуулсан нь Архив албан хэрэг, хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ.” гэж, 38.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 38.3-т заасан “хуулбар хувь” тэмдэглэгээтэй баримт бичиг нь мэдээлэл, бүрдлийн хувьд баримт бичгийн эх хувьтай нийцэж байгаа тохиолдолд уг баримт бичгийг хүчинтэйд тооцно.” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаж байна. Гэтэл шүүх дээрх байдлаар хэрэгт тусгасан нотлох баримтыг тодорхой үндэслэл заалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлага хангаагүй байна гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан нь дээр дурдсан Архив албан хэрэг, хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт заасантай ижил агуулгатай байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарласан бөгөөд уг тайлбарт энэ хэсэгт заасан "өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна" гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно.” тайлбарласан байна.

Уг тайлбарт нь аливаа бичмэл нотлох баримтыг эх хувиас хуулбарлан баталгаажуулах процессыг тодорхой болгосон байх бөгөөд тайлбарт “өөрийн байгууллагын” гэсэн ойлголтыг тухайн тайлбарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгч хуулийн этгээд, харин Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Г.Гэрэлмааг хууль ёсны төлөөлөгч гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж зааснаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахаар байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 451 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх ажиллагаа явуулах ялын төрөл хэмжээг тохирно гэсэн болохоос зорчих эрхийг хязгаарлах ялын талаар М.Бай тохирсон байдаг. Гэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялыг аль аймаг, сум орон нутгийн хэмжээнд хүрээ хязгаарыг тогтоох асуудлыг тохиролцоогүй гэж үзэж нэг үндэслэлээ болгож дурдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх зургаан үндэслэл байдаг. Тэр үндэслэлээ дараа нь яаж солихоо нарийвчилж тусгаж өгсөн. Шүүхийн захирамжид заасан 1 дүгээр үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Б нь эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эдэлсэн хөнгөлөлтийн асуудал байгаа. Шүүгдэгч М.Б нь төлөхөө илэрхийлсэн 520,000 төгрөгийн хор уршгийг арилгахын тулд төлөх боломжгүй, ажил хөдөлмөр хийдэггүй байна гэдэг утгаар үгүйсгэх нь өрөөсгөл ойлголт юм. Хорихоос өөр төрлийн ял биш учраас солино гэсэн ойлголт байхгүй. Нөхөн төлөхөө илэрхийлсэн  учраас үүнийг үндэслэлгүй байна гэж үзсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1953 дугаартай албан бичигт прокурорын байгууллагад төлөөлөгчөө томилсон талаар тушаал өгчихсөн. Манай байгууллагад хаяглаж ирсэн албан тоот байгаа. Үндсэн эх хувь нь манай байгууллагад байгаа учраас хуулбар үнэн тэмдэг дарсан, 3-н жилийн хугацаатай эрх олгосон байгаа. Уг тушаалаас хуулбарлаж хэрэг болгонд хуулбар үнэн дараад явж байгааг үгүйсгэсэн талаар эсэргүүцэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгчээс “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө бодитой илэрхийлээгүй, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Г.Г-г хууль ёсны төлөөлөгчөөр томилсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай албан бичиг нотлох баримтын шаардлага хангаагүй” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр М.Б-т холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. 

 

Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн учир шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/451 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1. Прокуророос зорчих эрх хязгаарлах ял хэрэглэх тухай саналыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн гэж хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх иухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.”  

Гэтэл яллагдагч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хаана эдлэх нь тодорхойгүй, энэ талаар тохиролцоогүй байна.

2. Шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодитой эсэхийг өөрөөр хэлбэл хохирлыг хэзээ, ямар эх үүсвэрээс бүхэлд нь эсвэл хэсэгчлэн төлөх боломжтой болохыг нь хэрэгт авагдсан баримтыг үндэслэж шүүх дүгнэх эрхтэй.

Анхан шатны шүүх яллагдагч М.Б-ыг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь мөн үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарласан бөгөөд уг тайлбарт...энэ хэсэгт заасан "өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна" гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно.” тайлбарласан.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай албан бичгийн хуулбар үнэн болохыг зөвхөн тухайн байгууллага буюу  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын архив, бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурж баталгаажуулах бөгөөд үүнийг Өвөрхангай аймгийн прокурорын газраас хуулбар үнэн гэсэн тэмдэглэгээ бүхий дардас дарах нь хуульд нийцэхгүй.

Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл хүсэлт гаргасан тохиолдолд буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчлагдсан. 

Гэвч хэргийн оролцогч нараас ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/451 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                   ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/451 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.НЯМДОРЖ

                ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА

                                                                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ