| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/1034/З |
| Дугаар | 128/ШШ2026/0035 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0035
2026 01 06 128/ШШ2026/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргасан прокурор: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******,
Хариуцагч: Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээр, баталгаажуулалт, хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******,
Гуравдагч этгээд: Х ХХК /РД:/,
Маргааны төрөл: Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулахдаа үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт зөрчсөн зөрчилд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтээр захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******, хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээр, баталгаажуулалт, хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******, гуравдагч этгээд зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б /цахим/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Алтантуул хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар дүгнэлт: Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээр, баталгаажуулалт, хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай “Х ХХК-д 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баталсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-******* дугаар Хяналт шалгалтын удирдамжаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээр, баталгаажуулалт, хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* уг удирдамжаар Х ХХК-д хяналт шалгалт хийсэн ба,
2.2. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар Х ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.5.1 дэх заалтаар “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй” зөрчилд 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Прокурор 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар дүгнэлтдээ: “Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээр, баталгаажуулалт, хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* нь "...Х ХХК нь хүнсний холбогдолтой хууль, дүрэм, журам стандартыг мөрдөөгүй..." гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлд авч хянаад,
Хэрэгт авагдсан баримтуудаар, эрх бүхий албан тушаалтан А.З******* нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч үйлдсэн гэж буруутгагдаж байгаа холбогдогч хуулийн этгээд болох Х ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах эрх, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, оролцогчид нөлөөлөхгүй байх зэрэг үүргийг танилцуулахгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан 3 удаа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй байх бөгөөд холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд 2 дахь хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх"-ийг тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэхээс гадна хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаагүй нь холбогдогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэсэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан "хууль ёсны зарчим", зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан "шударга ёсны зарчим" хангагдаагүй нь Зөрчлийн тухай хуулийн зорилго буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасантай нийцээгүй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээр, баталгаажуулалт, хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас буюу захиргааны акт нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү.
Эрх бүхий албан тушаалтан нь уг зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хялбаршуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар Зөрчил шалган шийд шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчил үйлдэгдсэн нь илт тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт, хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж заасан. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэсэн байна. Өнөөдрийн хуралдаанд гуравдагч этгээдээр татагдсан “Х” ХХК тухайн үед үйл ажиллагаа явуулаад удаагүй байсан, ямар нэгэн зөрчил үйлдээгүй, мөн тухайн үед холбогдох баримтуудыг гаргаж өгсөн талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос мэдүүлэг аваагүй. Тийм учраас зөрчил үйлдэгдсэн нь илт тодорхой гэж үзэх боломжгүй байна.
Зөрчлийн холбогдогч нь маргаж байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс илүүтэй зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж зөрчлийн хэргийн дугаар аван, дээр дурдагдаж байгаа зөрчлүүдийг шалган тогтоож шийтгэл оногдуулсан бол үндэслэл бүхий болох байсан. Харамсалтай нь энэ ажиллагааг хийхгүйгээр алгасаж.
Холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, мэдүүлэг өгөх, гомдолтой танилцах, гомдол гаргах эрх, үүрэгтэй. Гэтэл энэ эрх, үүргийг танилцуулахгүйгээр төрийн хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна. Хэдийгээр зөрчил үйлдсэн байж болох нотлох баримтууд байгаа хэдий ч нэгэнт хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй учраас уг ажиллагаа хууль ёсны гэж үзэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим нь алдагдсан. Нэгэнт хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, оролцогч мэдээгүй байхад шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.” гэв.
3.2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ийн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлттэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1/ Хяналтын прокурор А.Т******* нь НМЭГ-... дугаартай Х ХХК-д шийтгэл онолдуулж шийдвэрлэсэн зөрчлийн материалыг хянаад эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Х ХХК-нд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан эрх, үүргийг танилцуулахгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэжээ.
- А.З******* би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталсан 08-******* "Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай" удирдамж, удирдамжийн 1 дүгээр хавсралтад зааснаар Х ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.
- Шалгалтыг удирдамжид заасан 4 дэх хэсэгт заасан асуудлууд болон "Хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах" хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд үндсэн болон туслах эдийг 3 аж ахуйн нэгжээс хүлээн авдаг, шинжилгээний сорилын дүнг дагалдуулж аваагүй, технологийн усыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, ажлын байранд тоног төхөөрөмжийг технологийн урсгалын дагуу байршуулаагүй, түүхий эд болон сав баглаа боодлын материал зэрэгт эхэнд орсон нь эхэлж гарах зарчмыг баримталж бүтээгдэхүүний эргэлтийг зөв зохион байгуулаагүй, агуулах дахь түүхий эд бүтээгдэхүүнийг ангилж, төрөлжүүлэн технологийн горимын дагуу хураагаагүй, агуулахын температур, харьцангуй чийг хэмжигчийн хэмжилтийг өдөр бүр хянаж тэмдэглэл хөтлөөгүй, агуулахын тавиурын нүүрэн талд бүтээгдэхүүний нэр, төрөл, нөөц хэмжээг тодорхойлсон хаяг, тэмдэглэгээг хийгээгүй, бүтээгдэхүүнийг шалнаас 0.2, хананаас 0.5 м зайтай өрж хураагаагүй, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрд батлагдсан технологийн зааваргүй, сав баглаа боодлыг стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, бүтээгдэхүүний шошгын мэдээлэл хангалтгүй, буцаан болон татан авах, устгах, дахин боловсруулахад тавигдах шаардлагыг хангуулаагүй, ажиллагсдадаа хүнсний аюулгүй байдлыг хангуулах болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр дотооддоо сургалт явуулаагүй, хамруулаагүй байгаа нь "Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага" MNS 5023 2001, Хүнсний бүтээгдэхүүний дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 5364 2011, Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт", "Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам", Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364 2011 стандартыг зөрчиж, эрсдэл үүсгэх магадлал 41.8 хувьтай дунд эрсдэлтэй үнэлэгдсэн.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээний талаар холбогдох тэмдэглэлийг үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй Х ХХК-д шийтгэл оногдуулсан.
2/ Хяналтын прокурор дүгнэлтдээ эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дэх дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл ноогдуулна", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шийтгэл оногдуулахдаа тухай хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх"-ийг тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэжээ.
- Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар Х ХХК нь ОХУ, БНХАУ-аас импортоор оруулж ирсэн гахай, тахианы махаар 6 нэр төрлийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ, хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаанд мөрдөх холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчлийг илрүүлж, батлагдсан хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлж, шалгалтын явцыг зөрчлийг гэрэл зургаар баримтжуулан зөрчлийн шинжийг харгалзан, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг заасныг тус тус үндэслэн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
“Х” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн. Төлөвлөгөөт хяналт шалгалт нь салбарын хяналтын газраас батлагдаж ирдэг удирдамжийн дагуу цаанаас нэр нь заагдсан аж ахуйн нэгжүүдэд хийгддэг шалгалт. Хуульд заасны дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт хийх талаар захирал н.Б******* руу урьдчилж удаа дараа холбогдсон. Тэгтэл гадаадад явж байна, хилийн цаана явж байна гэх мэт тайлбар гаргаж байсан. Ахин холбогдоод шалгалт хийх зараа танилцуулахад манайхыг А.Б хариуцаж байгаа, энэ утсаар холбогдоод хяналт шалгалтаа хийж болно. Энэ хүн нь манай компанийг төлөөлөх борлуулалтын менежер гэж хэлсэн. Улмаар А.Бтой холбогдоод хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлсэн. Хяналт шалгалт хийхэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой, хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой холбогдох дүрэм журам, стандарт зөрчигдсөн байсан. Дээрх зөрчилд холбогдуулан удирдамжид заасан хяналтын хуудсыг бөглөж эрсдэлийг үнэлж холбогдогч А.Бод танилцуулсан. Хяналт шалгалтаар хяналтын хуудсаар үнэлсэн, хяналтын хуудаст холбогдогчийг төлөөлж А.Б гарын үсэг зурсан. Ингэхдээ танайх хуульд заасан ямар зөрчлийг гаргасан, ямар зөрчил оногдуулах, хэдний өдөр ирээрэй гээд дуудсан боловч А.Б ирээгүй. Тийм учраас н.Б*******тай холбогдсон. Үзлэг хийхэд А.Б оролцсон. Тухайн үед хяналтын хуудас дээр А.Боор гарын үсэг зуруулсан. Хэрэгт авагдсан. Мөн шалгалтын бүртгэл дээр зурагдсан байгаа.
Хяналтын хуудсаар хяналт шалгалтаар зөрчил шалгах ажиллагаанаас өмнө үнэлсэн. Хяналт шалгалтын удирдамж дээр хяналт шалгалтыг ямар хүрээнд хийх, хэрэв зөрчилд илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох зөрчлийг арилгуулна, таслан зогсооно гэсэн байдаг. Хяналт шалгалтын хуудас дээр зөрчилд холбогдогчийн төлөөлөгч гарын үсгээ зурж баримтжуулсан байгаа. Холбогдогчийн зөрчлүүдийг үзлэг хийсэн тэмдэглэл болон хяналтын хуудас дээр зөрчигдөж байгаа асуудалд оноо тавьсан. 0 оноо тавьсан нь шаардлага хангаж байгаа гэсэн үг. Гэтэл холбогдогч нь хяналтын хуудас дээр 41.8 хувьтай буюу дунд эрсдэлтэй гарсан. Энэ талаар захирлыг төлөөлөх эрх бүхий хүн гэж захирлын хэлсний дагуу А.Бод танилцуулсан.
Захирал н.Б******* утсаар А.Б төлөөлнө гэж хэлээд утсыг нь надад өгсөн. Манай судалгаан дээр н.Б******* захирлын утасны дугаар бүртгэлтэй байдаг. Уг дугаараар холбогдсон. Харин гадаад улсад байгаа гээд итгэмжлэл гаргаж өгөөгүй. Хяналт шалгалтын судалгааны явцад хяналт шалгалт хийх талаар урьдчилж н.Б******* захирал руу холбогдсон. Тэгтэл А.Б үйлдвэрээ шалгуулна гэсэн. 85 н.Б******* захирлын дугаар. 85*******, 94******* гэсэн дугаарууд манай судалгаанд байсан. 89 дугаар А.Бын дугаар.
Үйлдвэрийн үйлдвэрлэл хэсэгт бүтээгдэхүүн хүлээж авах, савлах, цаашлаад түүхий эд хадгалах, бэлэн бүтээгдэхүүн хадгалах хүргэлт, холбогдох баримт бичгүүдэд хяналт шалгалт хийсэн. Технологийн усаа шинжлүүлээгүй байсан. Тухайн хяналт шалгалт хийхэд 6 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн боловч зөвхөн “наашаа цаашаа” гэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан шинжилгээний хуудсыг үзүүлсэн. Нийт ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, семинарт хамруулаагүй, дотооддоо ямар нэгэн сургалт зохион байгуулаагүй, бүтээгдэхүүнийг орохоос эхлээд гарах хүртэл урсгалыг үйлдвэрийн технологийн урсгалыг баримтлаагүй. Мөн агуулах стандартын шаардлага хангаагүй байсан. Хэдийгээр хөргөх төхөөрөмж шаардлага хангаж байгаа хэдий ч доторх хөргөлт, хураалт, бүтээгдэхүүнийг ангилах, хаяглах, савлалт зэрэг нь стандартад заасан шаардлагыг хангаагүй байсан учраас шийтгэл оногдуулсан. Фото зураг болон шалгалтын тэмдэглэл, хяналтын хуудсын асуумжаар нотлогдож байгаа.
1 бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхэд баталсан лабораторийн эрхлэгч гарын үсэг зурж баталгааждаг. Хэрэв 5, 6 бүтээгдэхүүн байсан бол доошоо цувраад хамгийн сүүлийн хэсэгт баталгааждаг. тийм баталгаажсан лабораторийн шинжилгээний дүгнэлт байгаагүй.
Хяналт шалгалтын зорилго бол зөвлөн туслах үйлчилгээ биш. Зөвлөн туслах үйлчилгээний талаар хуульд заагаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр арилгуулж болох албан даалгавар өгсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас зөвлөмж өгөх боломжтой. Прокурор дүгнэлтдээ холбогдогчийг эрх, үүргээр хангаагүй нь хууль зөрчиж байна гэж үзсэн байна. Хяналт, шалгалтын үндэслэл нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүгээр нийслэлийн 1 сая 500 мянган иргэн, цаашлаад 3 сая иргэний хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байгаа. Шаардлага хангасан орчинд, шаардлага хангасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулаагүй нь үзлэгээр тогтоогдсон. Хяналт шалгалтын явцад бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөд хэдий хэмжээний эрсдэлтэй үнэлэгдсэн, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасныг зөрчсөн байна гэдэг асуудлаар шийтгэлийн арга хэмжээ тооцох талаар хэлж байсан. Гэхдээ тухайн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд тодорхой тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Захирал Н.Б*******ыг хяналт шалгалтад дуудсан боловч А.Быг хяналт шалгалтад төлөөлж оролцуулъя гэдгээ утсаар мэдэгдсэнээр А.Быг хяналт шалгалтад оролцуулсан.
Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзсэн. Хяналт шалгалтад хамрагдаж байгаа объектад, холбогдох бичиг баримтад үзлэг хийж тогтоосон. Хяналт шалгалт хийхэд дутуу байгаа баримтуудыг авч ирүүлэх боломжит хугацаа олгосон. Утсаар дуудаад байгаа нь холбогдох баримтуудыг үзэх гэж байгаа юм. Гахай, тахианы мах авахдаа шинжилгээний дүгнэлтгүй байсан. Технологийн ус лабораторийн шинжилгээнд хамруулаагүй байсан. “Э*******” ХХК бол худаг, ус гаргасан компани. Харин усны чанар технологийн шаардлага хангасан эсэх шинжилгээний дүгнэлт байхгүй. Үйлдвэрийн байранд тоног төхөөрөмжийг технологийн урсгалын дагуу байршуулаагүй. Ийм зөрчил гаргасан. Түүхий эдийн сав баглаа боодлын эргэлтийг зөв зохион байгуулаагүй, сагсанд хийсэн бүтээгдэхүүнүүд замбараагүй байгаа нь хэрэгт авагдсан фото зургаар батлагдаж байгаа. Харин өрөлт, хураалт, хугацаа, нөөцийн мэдээлэлтэй байвал эхэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн түрүүлж гараад сүүлд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн сүүлд гарах боломжтой. Тийм дараалал байгаагүй, замбараагүй байсан. Агуулах дахь түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг технологийн зааврын дагуу хураагаагүй. Худалдааны агуулахын ерөнхий шаардлага стандартын 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.7, 9.4-г зөрчсөн. Тэмдэглэл дээр агуулгаар нь үгээр тусгасан. Энэ нь Мах, махан бүтээгдэхүүн, техникийн зохицуулалтыг зөрчсөн. Энэ нь Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан техникийн зохицуулалт. Зөрчиж байгаа хэсгийг өнгөөр тодруулсан байгаа. Зааврын 4.11, 4.11.4, 4.15.2, 4.15.5-г шар өнгөөр тодруулсан байгаа. Хяналтын хуудаст зөрчигдсөн заалтыг агуулгаар нь үгээр тусгасан. Сав баглаа боодлыг лабораторид шинжлүүлээгүй, хяналтын хуудас дээр агуулгаар нь бичсэн байгаа. Мөн ямар стандартын хэдийг зөрчсөнийг бичсэн. Хүнсний бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журмын 6.1, Хяналтын хуудасны 55 дахь асуумжид байгаа. Ажилчдаа хүнсний аюулгүй байдал хангуулах, хөдөлмөр, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дотоодын сургалтад хамруулаагүй нь 5023:2003 гэх стандартыг хангаагүй. Зөрчил шууд тогтоогдсон гэж үзсэн. Үзлэгийн явцад фото зургаар болон тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзсэн. Хяналт шалгалтад 3 хуудас бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт өгөөгүй. Олон бүтээгдэхүүний дүгнэлт бол олон хуудас гарна, баталгаажуулсан гарын үсэг хамгийн сүүлд зурагддаг. Хяналт шалгалтад хийгдсэн 1 бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт гаргаж өгсөн. Хяналт шалгалтын хийгдэж байх хугацаанд шинжилгээнд дээж өгсөн нь хяналт шалгалтаас хойш шинжилгээ хийгдэж лабораторийн дүгнэлт нь баталгаажсан. Улирал тутам хийгдэх ёстой шинжилгээ учраас бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй зөрчил гэж үзсэн.” гэв.
3.3. Гуравдагч этгээд зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Х” ХХК-д хагас боловсруулсан хүнсний чиглэлээр буюу хөлдүү хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа. Хариуцагч зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр хууль, эрх зүйн талаас бага хэмжээний зөрчил гарсан. Гэхдээ торгох үндэслэл байгаагүй. Би анхнаасаа манайх үйл ажиллагаа явуулаад удаагүй учраас зарим зүйлсийг мэдэхгүй байж болно. Тийм учраас бидэнд нэг сануулга өгөөд заагаад өгөөрэй. Торгохгүй биз дээ гэсэн чинь торгохгүй гэсэн. Намайг хүрээд ир гэсэн бөгөөд заавар, зөвлөгөө өгөх юм болов уу гэтэл шууд торгочихсон. Би Мал эмнэлгийн газрын даргад гомдол гаргахад өөр олон компаниудыг торгосон байсан. Үүнд олон гомдол ирээд байгаа гэсэн. Манайхыг үндэслэлгүй байхад торголоо, манай 6 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр шинжилгээний дүгнэлт байсан, мөн усны дүгнэлт “Эрдэнэдрийлинг” ХХК-иар хийлгэсэн. Нийслэлийн Мал эмнэлгийн газарт бүтээгдэхүүнийг шинжлүүлэх гэтэл А.З******* байцаагч манайхыг оруулаагүй. Яагаад шинжилгээнд оруулаагүй талаар тодруулахад танайх ажлын байрны дүгнэлтээ аваагүй байна гэсэн. Ажлын байрны дүгнэлтийн хүсэлтийг өгөөд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар луу явуулчихсан байгаа. Хоолны дээжийг сар болгон шинжилгээнд оруулах ёстой байдаг. Манайх яаж шинжилгээнд оруулах вэ гэтэл манайхыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар шинжилгээнд оруулахгүй гэсэн. Харин зөрчлөө арилгасны дараа шийднэ гэсэн. Энэ нөхцөл байдлаас болоод манайх бүтээгдэхүүнээ шинжилгээнд оруулж чадахгүй, хувийн лабораториудад шинжилгээнд өгч байна. Манай гаргасан зөрчил бол хаяг, шошгын зөрчил. Манай хөргүүрийн агуулах шаардлага хангаж байгаа. Бүтээгдэхүүн дээрээ хаяг тавь гэсэн. Ингэж сануулахын хооронд шууд торгууль тавьчихсан. Манайх торгууль төлөх ноцтой зөрчил гаргаагүй. Ажилчдыг шинжилгээнд хамруулаагүй гэж хариуцагч дүгнэсэн. Гэтэл ажилчдыг шинжилгээнд хамруулсан бичиг манайд байгаа. Харин А.З******* нь өөрөө шалгаагүй. Одоо ч ажил дээр байгаа. Би манайх үйл ажиллагаагаа явуулаад 3 сар болж байгаа учраас манайд чиглэлийг нь өгөөрэй. Зарим болохгүй байгаа зүйлсийг зааж өгөөд, чиглэл, зааварчилгаа өгөхийн оронд үндэслэлгүйгээр торгууль тавьчихсан. Бидний зүгээс торгуулийн арга хэмжээ авах ёсгүй байсан гэж үзэж байгаа. Хөргүүрийн тухайд гадна талдаа -18 градус зааж байгаа. 89, 85 миний дугаар.
Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга руу утсаар ярьсан. Намайг гомдлоо бичгээр гарга гэсэн боловч би бичгээр гомдол гаргаагүй. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаагүй. Гаргана гэж бодож байсан.
Хяналт шалгалт явагдаж байгаа удирдамж надад танилцуулсан. Танилцуулахдаа танайд заавар, зөвлөмж өгнө. Торгохгүй гэсэн. Гэтэл торгохоор болчихсон учраас би гарын үсэг зураагүй. н.Б******* захирал хяналт шалгалтын явцад итгэмжлэл өгөөгүй. Сүүлд итгэмжлэл өгсөн. н.Б******* захирал нь өвчтэй бөгөөд гадагшаа эмчилгээнд явдаг. Тийм учраас хяналт шалгалтад намайг компанийг төлөөлж оролц гээд би компанийг төлөөлж оролцсон. Хяналт шалгалтад би оролцсон. Хяналт шалгалтын хяналтын хуудас дээр гарын үсэг зурсан. Торгоно гэхээр нь гарын үсэг зураагүй. 6 бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт улсын байцаагчид өөрт нь үзүүлсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газраас 3 хуудас шинжилгээний бичиг гаргадаг. Тэрэнд 6 бүтээгдэхүүн багтсан байгаа. Түүнийг А.З******* байцаагчид үзүүлсэн. Уг дүгнэлт нь манайд одоо ч байгаа. Яагаад ганцхан Наашаа цаашаа гэх бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт байгааг би ойлгохгүй байна. Шошгожилтын зөрчил байгаагүй. Хадгалах горим, хадгалалтын хугацаа зэрэг нь уут дээрээ бичээтэй байсан. Ажилчдыг сургалтад хамруулах талаар бид сайн мэдэхгүй болохоор сургалт зохион байгуулаагүй. Манайх хоолны амтлагчаа подон дээр тавьчихсан байсан. Манайх зөрчлөө бүгдийг нь арилгасан.
Бүтээгдэхүүний хугацаа дууссан бол задалж байгаа хогийн цэг дээр нүх ухаж булж устгадаг. Энэ журам нь тодорхой байгаагүй. Агуулахын температурын харьцангуй чийгшлийг хэмжиж тэмдэглэдэг бүртгэл карт нь манай технологичид байдаг.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материалд авагдсан баримтууд, талуудын тайлбар, прокурорын дүгнэлтийн үндэслэл тус бүрд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Шүүх зөрчлийн хэргийн хувьд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх, зөрчилд холбогдогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхээр хангасан эсэх, зөрчлийг шалгаж тогтоосон эсэх, зөрчилд хариуцлага хүлээлгэсэн хуулийн заалтын зүйлчлэл зөв эсэх, зөрчил гэж үзсэн үйлдэлд ногдуулсан шийтгэл тохирсон эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.
1. Прокурорын дүгнэлтэд дурдсанаар эрх бүхий албан тушаалтан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хорио цээр, баталгаажуулалт, хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баталсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-******* дугаартай хяналт шалгалтын удирдамжаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар Х ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт, шалгалтаар буюу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлэн улмаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул улсын байцаагчийн эрх хэмжээний хүрээнд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэжээ.
2. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчилд холбогдогчийн эрхээр хангаагүй гэж үзэхээргүй байна.
2.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны баталсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-******* дугаартай хяналт шалгалтын удирдамжийг танилцуулж С******* дүүрэг, ... дугаар хороо, Туулын ... тоотод үйл ажиллагаа явуулдаг Х ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт, шалгалт Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хийсэн, хяналт шалгалтад хамрагдаж буйгаа Х ХХК мэдсэн, компанийн гүйцэтгэх удирдлага Монгол Улсад байгаагүй шалтгаанаар итгэмжлэл олгоогүй ч компанийн эрх бүхий албан тушаалтан борлуулалтын менежер А.Б гүйцэтгэх удирдлагын заавраар төрийн хяналт шалгалтад оролцсон болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.
Тус компанийн гүйцэтгэх удирдлагын заавраар төрийн хяналт шалгалтад оролцсон борлуулалтын менежер А.Быг оролцуулан төрийн хяналт шалгалтын явцад хяналтын хуудсаар тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг үнэлж, тус компанийн мах боловсруулах үйлдвэрт эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандарт горим зөрчигдсөн тодорхой үйлдэл, эс үйлдэхүй буюу зөрчлүүд илэрсэн нь хяналтын хуудсаар тогтоогдож байна.
Төрийн хяналт шалгалтад тус компаниас дээрх тогтоогдсон зөрчлийг үгүйсгэх баримт, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, ийнхүү хяналт шалгалтад тайлбар баримт гаргах боломж олгоогүй, хязгаарласан гэх хариуцагч эрх бүхий албан тушаалтны аливаа үйлдэл тогтоогдоогүй, энэ талаар төрийн хяналт шалгалтын явцад хяналт шалгалтад хамрагдсан хуулийн этгээдээс аливаа гомдол, хүсэлт гаргаагүй байдаг.
2.2. Улмаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх явцад эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогч Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй утасны дугаараар, гүйцэтгэх удирдлагын утасны дугаараар, гүйцэтгэх удирдлагаас тус компанийн борлуулалтын менежер А.Бын утасны дугаарын мэдээллийг өгснөөр түүнтэй харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтын ажилд мэдээлэл авах, илэрсэн зөрчилтэй холбогдуулан тайлбар авах, баримт гаргуулах талаар мэдэгдэхэд “...2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт хүрэлцэн ирэхээр” хариу, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтын үр дүн эрсдэлийн мэдээлэл авах, илэрсэн зөрчилтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийн хуудас гардан авах талаар мэдэгдэхэд “...гадуур ажил ихтэй хүрэлцэн ирж авах боломжгүй байгаа тул цахим хэлбэрээр авах” хариу өгсөн болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтыг зөрчилд холбогдогч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодорхой баримт, тайлбараар няцаагаагүй.
Нөгөөтээгүүр зөрчилд холбогдогчоос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорт болон шийтгэл ногдуулсан шийдвэрт шүүхэд гомдол гаргаагүй буюу маргаагүй, түүнчлэн төрийн хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ч, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцохдоо ч төрийн хяналт шалгалтаар тогтоогдсон гэх дээрх зөрчлүүдийг үгүйсгэх, няцаах баримт, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байх тул холбогдогчийн “ямар зөрчилд шалгагдаж буйгаа мэдэх, хууль зүйн туслалцаа авах, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, материалтай танилцах, хүсэлт, гомдол гаргах” эрхээр хангаагүй нь зөрчлийг шийдвэрлэсэн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын дүгнэлтэд дурдсанаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчийг дуудсан боловч хүрэлцэн ирээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр түүнд эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэсэн байлаа ч зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн шийдвэрт нөлөөлөхүйц өөр үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохооргүй байна гэж шүүх үзсэн.
Ийнхүү төрийн хяналт шалгалт хийгдэж буйг, хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн талаар, уг зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж буйг, зөрчилд шийтгэл ногдуулсныг зөрчилд холбогдогч хуулийн этгээд мэдсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох холбогдогчийн эрхийг хязгаарласан, хассан аливаа үйлдэл хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас гаргаагүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн эрхийг хангуулаагүй гэх прокурорын дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3. Х ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хүнсний чиглэлийн үйлдвэрлэлд баримтлах, хангуулах дүрэм, журам, стандарт мөрдөгдөөгүй зөрчил төрийн хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул ийнхүү зөрчил тогтоогдсон үндэслэлээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчөөгүй, зөрчлийг шалгаж тогтоох 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн” байх шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн, өөрөөр хэлбэл зөрчлийг нотлох холбогдох ажиллагааг хариуцагч эрх бүхий албан тушаалтан Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гүйцэтгэсэн гэж үзлээ.
3.1. Тодруулбал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 51.4, 51.5 дахь хэсэгт заасан хяналт шалгалтаар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, тоног төхөөрөмж шугамын хүчин чадал, мэргэжлийн хүний нөөцийн хангамж хүрэлцээ, түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, баталгаажилт, хадгалалт тээвэрлэлтийн горим, нөхцөл шаардлагын хэрэгжилт, ул мөрийн бүртгэл, буцаалт, татан авалт, үйлдвэрт хэрэгжүүлэх хүнсний аюулгүй байдлын тогтолцооны бичиг баримтын бүрдэл, хатуу шингэн хог хаягдал, цэвэр бохир ус, барилга байгууламжийн агааржуулалт, агаар сэлгэлт, ажлын байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт, ажилтны эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байдал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, ус ашиглуулах дүгнэлт, хаягдал усны дүгнэлт, ус ашиглах гэрээний хэрэгжилт зэрэгт хяналт шалгалт хийж, хяналтын хуудсаар тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд холбогдох журам, стандартын хэрэгжилтийг үнэлэхэд, тус компанийн мах боловсруулах үйлдвэрт
- үндсэн болон туслах түүхий эдийг 3 аж ахуйн нэгжээс хүлээн авдаг ч нийлүүлэгчээс үндсэн болон туслах түүхий эдийн шинжилгээний сорилын дүнг дагалдуулж аваагүй,
- технологийн усыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй,
- ажлын байранд тоног төхөөрөмжийг технологийн урсгалын дагуу байршуулаагүй,
- түүхий эд болон сав баглаа боодлын материалыг байршуулахдаа эхэнд орсон нь эхэлж гарах зарчмыг баримтлаагүй буюу бүтээгдэхүүний эргэлтийг зөв зохион байгуулаагүй,
- агуулах дахь түүхий эд бүтээгдэхүүнийг ангилж, төрөлжүүлэн технологийн горимын дагуу хураагаагүй,
- агуулахын температур, харьцангуй чийг хэмжигчийн хэмжилтийг өдөр бүр хянаж тэмдэглэл хөтлөөгүй,
- агуулахын тавиурын нүүрэн талд бүтээгдэхүүний нэр, төрөл, нөөц хэмжээг тодорхойлсон хаяг, тэмдэглэгээг хийгээгүй,
- бүтээгдэхүүнийг өрж хураахдаа шалнаас 0.2, хананаас 0.5 м зай барих стандарт зөрчсөн,
- үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрд батлагдсан технологийн зааваргүй,
- сав баглаа боодлыг стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулаагүй,
- бүтээгдэхүүний шошгын мэдээлэл хангалтгүй,
- буцаан болон татан авах, устгах, дахин боловсруулахад тавигдах шаардлагыг хангуулаагүй,
- ажиллагсдадаа хүнсний аюулгүй байдлыг хангуулах болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр дотооддоо сургалт явуулаагүй, хамруулаагүй зөрчлүүд илэрсэн,
Улсын байцаагч эрх бүхий албан тушаалтан ийнхүү албаны чиг үүргээ гүйцэтгэх явцад илрүүлсэн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үзлэг хийж үзлэгийн тэмдэглэл, фото зургаар бэхжүүлсэн нь хэрэгт авагджээ.
3.2. Төрийн хяналт шалгалтын хяналтын хуудсаар үйлдвэрлэлийн байранд тавигдах шаардлага, түүхий эд бүтээгдэхүүний агуулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавигдах шаардлага, технологийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, бэлэн бүтээгдэхүүний хаяг шошго, баталгаажуулалт хадгалалт, тээвэрлэлд, татан авалтад тавигдах шаардлага, ажилчдад тавигдах шаардлага, бүртгэл дотоод хяналт тус бүрээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт тус бүрээр хангасан эсэх асуулгаар үнэлсэн,
Эдгээр зөрчил нь "Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага" MNS 5023:2001, Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012, Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011 стандарт, Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт", 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам" зөрчсөн нь тогтоогдсон,
Тодруулбал,
- үндсэн болон туслах түүхий эдийг 3 аж ахуйн нэгжээс хүлээн авдаг ч нийлүүлэгчээс үндсэн болон туслах түүхий эдийн шинжилгээний сорилын дүнг дагалдуулж аваагүй нь өөрөөр хэлбэл лабораторийн шинжилгээний дүгнэлтгүй түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь, улмаар 6 нэр төрлийн бүтээгдэхүүн боловсруулж худалдаанд гаргадаг ч хяналт шалгалтад 1 бүтээгдэхүүнд 2025 оны 5 дугаар сарын 23-нд хийгдсэн лабораторийн дүгнэлт ирүүлсэн, бусад бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нь Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартыг, мөн "Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага" MNS 5023:2001 стандартын бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлагыг хангуулах 8.2.3 “пестицитийн үлдэгдэл, хүнд металл, цацраг идэвхт бодис, малын эмийн үлдэгдэл, бичил биетний үзүүлэлт, бензапирений хэмжээг улирал тутамд шинжлүүлэх” шаардлага болон 9.1 “лабораторийн шинжилгээний дүн мах, махан бүтээгдэхүүнд чанарын баталгаа болно, хэрэглэгчдэд зөвхөн чанарын баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлнэ” гэснийг зөрчсөн,
Хяналт шалгалтын явцад 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинжилгээнд 8 бүтээгдэхүүний дээж өгснөөр 10 дугаар сарын 30-ны өдөр баталгаажсан лабораторийн дүгнэлтээр “улирал тутам шинжлүүлэх” стандартын шаардлагыг хангагдсан гэж үзэх, зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
- технологийн усыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нь "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын 3.10.4-ийг зөрчсөн,
- ажлын байранд тоног төхөөрөмжийг технологийн урсгалын дагуу байршуулаагүй нь "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын 4.11.4, "Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага" MNS 5023:2001 стандартын 6.2.3, 6.2.5, 6.2.6-г хангуулаагүй,
- түүхий эд болон сав баглаа боодлын материалыг байршуулахдаа эхэнд орсон нь эхэлж гарах зарчмыг баримтлаагүй буюу бүтээгдэхүүний эргэлтийг зөв зохион байгуулаагүй нь "Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага" MNS 5023:2001 стандартын 6.2.3, 6.2.5, 6.2.6-г хангуулаагүй,
- агуулах дахь түүхий эд бүтээгдэхүүнийг ангилж, төрөлжүүлэн технологийн горимын дагуу хураагаагүй нь Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011 стандартын 7.2, 7.4-ийг зөрчсөн,
- агуулахын температур, харьцангуй чийг хэмжигчийн хэмжилтийг өдөр бүр хянаж тэмдэглэл хөтлөөгүй нь Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011 стандартын 7.3, "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын 4.15.5-ыг зөрчсөн,
- агуулахын тавиурын нүүрэн талд бүтээгдэхүүний нэр, төрөл, нөөц хэмжээг тодорхойлсон хаяг, тэмдэглэгээг хийгээгүй нь Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011 стандартын 7.4-ийг зөрчсөн,
- бүтээгдэхүүнийг өрж хураахдаа шалнаас 0.2, хананаас 0.5 м зай бариагүй нь Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011 стандартын 7.7-г зөрчсөн,
- үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тус бүрд батлагдсан технологийн зааваргүй нь "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын 4.11.4-ийг зөрчсөн,
- сав баглаа боодлыг стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нь "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын 4.1.52, "Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага" MNS 5023:2001 стандартын 8.2.6, 8.2.7-г хангуулаагүй,
- бүтээгдэхүүний шошгын мэдээлэл хангалтгүй, хяналт шалгалтад 1 бүтээгдэхүүний шошгыг ирүүлснийг хэрэгт хавсаргасан , уг баримтаас үзэхэд бүтээгдэхүүний шошгын мэдээлэлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан мэдээлэл буюу 12.4.3. бүтээгдэхүүний цувралын дугаар, 12.4.4. үйлдвэрлэсэн он, сар, өдөр, 12.4.5. хэрэглэж дуусах хугацаа, 12.4.7. орц, найрлага, 12.4.9. гаж нөлөө, хориглох заалтын мэдээлэл тусгаагүй,
- буцаан болон татан авах, устгах, дахин боловсруулахад тавигдах шаардлагыг хангуулаагүй нь "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын 9.2, 9.2.1-ийг зөрчсөн,
- ажиллагсдадаа хүнсний аюулгүй байдлыг хангуулах болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр дотооддоо сургалт явуулаагүй, хамруулаагүй нь Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага MNS 5364:2011 стандартын 9.4, "Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага" MNS 5023:2001 стандартын 7.1, 7.3, 7.4-ийг хангаагүй,
- үйлдвэрийн орчин тойрны объект байгуулалтыг схемчилж харуулсан бүдүүвч зургийг ил харагдахуйц байршуулаагүй нь "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын 3.1.3-ыг зөрчсөн болох нь тогтоогджээ.
3.3. Улмаар төрийн хяналт шалгалтаар тус компанийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын эрсдэл үүсгэх магадлал 41.8 хувьтай буюу “дунд эрсдэлтэй” үнэлэгдсэн байдаг.
4. Гуравдагч этгээд Х ХХК-иас итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд төрийн хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон борлуулалтын менежер А.Б шүүх хуралдаанд “худаг гаргасан Э******* ХХК-ийн дүгнэлт байгаа” хэмээн тайлбарлах ч энэ нь худгийн техникийн гэрчилгээ бөгөөд “технологийн ус эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэх”-ийг шинжилсэн итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт биш юм.
5. Зөрчилд хариуцлага хүлээлгэсэн зүйлчлэл зөв, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй” зөрчилд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь “эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байна”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2 дахь “хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэсэнд нийцсэн, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох” шийтгэлийн зорилгод мөн нийцжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийтгэлийн хуудсаар ногдуулсан хариуцлага түүнд баримталсан хуулийн заалтад нийцсэн, зөв хэрэглэсэн, зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хангахгүй орхих нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн хэр хэмжээнд тохирсон байна”, 2 дахь хэсгийн “зөрчилд шийтгэл ногдуулах” шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.15 дугаар зүйлийн 5.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалтыг баримтлан улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА