| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0190/э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.МАЙБАЯР |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч А.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Агваандугарын Билэгсайханд холбогдох эрүүгийн “1811004340142” дугаартай, 186/2018/0190/э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1973 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 34 дүгээр гудамж, 375-В тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Агваандугарын Билэгсайхан /РД:ХН73013011/,
Холбогдсон хэргийн талаар
А.Билэгсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 33-05 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Nissan sunny маркийн автомашин дотор иргэн С.Олонбаярыг зодож түүний биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч А.Билэгсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр миний төрсөн өдөр болсон юм. Би хүү, охинтойгоо 7 буудал орж төмс, ногоо худалдаж авахаар явж байтал С.Олонбаяр гараа өргөөд 7 буудал оръё гээд суусан, нилээд согтолттой байсныг мэдээгүй. Замдаа тэрийг таних уу, энийг таних уу гээд л олон зүйл яриад манай хүүгийн цамцнаас хойноос нь татаад байсан. Тэгээд 7 буудал дээр ирээд буух гэхээр нь би “чи машинд суусан юм байж мөнгөө төлөөч” гэхэд “би мөнгө өгдөггүй юм, микронд явдаг” гэх мэт зүйлүүд яриад байхаар нь би мөрнөөс нь татчихсан юм. Тэгтэл үхлээ юу гэснээ 5.000 төгрөг манай хүү рүү шидсэн, хариулт мөнгө байхгүй байсан учраас би хүүгээ мөнгийг нь задлуулаад ир гэж хэлээд явуулсан. Тэр хооронд С.Олонбаяр машинаас буух гээд байхаар нь би хариултаа ав гэхэд миний цээж рүү тохоолдсон. Тэгэхээр нь би 2-3 удаа цохьчихсон юм. Тэгээд манай хүү ч хүрээд ирсэн. Нөгөө залуу “анх суусан газар хүргэж өг би хэн болохоо та нарт харуулна” гэх мэт зүйлүүдийг ярьж байгаад бууж яваад хоёр гурван залуутай юм яриад зогсчихсон. Тэр хооронд би хүүгээ явъя, зодоон, нүдээн болж магадгүй юм шиг байна гэж хэлээд бид яваад өгсөн гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Хохирогч С.Олонбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн хуучин эцсийн буудлаас гар өргөөд 7 буудал орох унаанд буюу 33-05 УБҮ улсын дугаартай Ниссан санни маркийн машинд суусан, уг тээврийн хэрэгсэл дотор жолооч жолоочийн хажуудах зорчигчийн суудалд нэг эмэгтэй хүн ард нь 50 гаруй насны согтуу хүн сууж байсан. Би тэр хүний дэргэд суусан, би уг тээврийн хэрэгслийг 7 буудал Чингэлтэйд явдаг тээврийн хэрэгсэл юм уу гэж бодоод жолоочтой энэ чиглэлд манай найз явж байгаа даа гэж хэлээд найзынхаа нэрийг хэлсэн чинь миний дэргэд сууж байсан 50 гаруй насны ах надад хандаж чи намайг мэдэх үү би Уранмандалын атман байна чиний найзууд чинь ямар хамаатай юм бэ гээд надруу агсарсан юм тэгээд би таныг танихгүй гэж хэлэхэд надтай хэрүүл өдөөд чи муу гөлөг намайг танихгүй гэдэг хэн бэ гээд миний нүүрлүү буюу зүүн шанаа руу гараараа цохьсон, тэгтэл жолооч 7 буудлаас Чингэлтэй чиглэл рүү явахад байдаг гандангийн хажууд сууж байсан согтуу ах бас машинаас бууж ирээд надруу дайраад байсан. Тэр хүмүүс тэр машины улсын дугаарыг мэдэж авахын тулд фото зураг дарсан байсан, би тэр зургийг нь утсан дээрээ хуулаад авсан. Би зүгээр явж байгаад хүнд зодуулсандаа болоод цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед би таксины жолоочид зардал гэж 5000 төрөг өгсөн ба хариултаа авч чадаагүй ээ, яагаад гэвэл тэр согтуу хүн надруу дайраад байсан болохоор мөнгөнийхөө хариултыг авахаа мартаад явчихсан байсан гэх мэдүүлэг. /хх 10-11/,
2.2. Б.Баасандэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байхад аав, эгчийн хамт 7-н буудлаас хүнсний зүйл цуглуулахаар орсон. Чингэлтэйн хуучин эцсээс нэг хүн гараа өргөхөөр нь машиндаа суулгасан юм, тухайн үед би машин бариад явж байсан, миний хажууд эгч Б.Болорцэцэг, хойд суудал дээр аав Билэгсайхан нь сууж байсан. Таксинд гар өргөсөн хүн аавын дэргэд суусан ба тэр хүнээс архи үнэртэж байсан, машинтай явж байтал нөгөө суусан ах маань таксинд явдаг чиглэлийн такси нарыг жолооч нарыг таних уу, намайг тэр гэдэг гээд л жолоочийн суудлын налуурны дэрийг цохиод байхаар нь аав тэр залууг боль гэхэд тэр залуу эхлээд аавыг тохойдоод авчихаар нь аав тэр ахтай зодолдоод эхэлсэн, тэгэхлээр нь би машинаасаа буугаад тэр хүнийг хойноос нь татаад буулгасан. Тэр хүн надад таксины мөнгө гээд 5.000 төгрөг өгсөн ба би 4.000 төгрөгний хариулт өгье гэхэд өөрөө авахгүй яваад өгсөн. Мөн нэг таксинд явдаг ах ирээд аав, тэр залуу хоёрыг салгаад би аавыгаа машинд суулгаад аваад явсан гэх мэдүүлэг. /хх 14-15/,
2.3.С.Болорцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байхад долоон буудал орж хүнсний зүйл цуглуулахаар дүү Баасандэлгэр, аав Билэгсайхан нарын хамт явсан, тэр өдөр аавын маань төрсөн өдөр буюу 01 дүгээр сарын 30-ны өдөр байсан юм. Аав маань урд өдөр нь архи уучихсан, тэр өдөр ааваас бага зэргийн архи үнэртэж байсан. Чингэлтэйн хуучин эцэс дээр явж байтал зам дээр нэг хүн гараа өргөхөөр нь суулгасан. Тэр хүн машины хойд талд аавын хажууд суусан ба тэр хүнээс архи нилээн үнэртэж байсан. Долоон буудлын уулзварын ертөнцийн зүгээр баруун урд талын зогсоол дээр зогсоод нөгөө хүн шууд буух гэхээр нь аав араас нь татаад мөнгөө өгөөч гэтэл нөгөө залуу гартаа барьсан байсан 5.000 төгрөгөө шууд урагшаа шидчихсэн, би дүүдээ наад мөнгөө задлуулаад ир гээд буулгасан. Нөгөө согтуу залуу буух гэж байтал аав хажуунаас нь татаад хариултаа ав байж бай гэж хэлтэл тэр залуу аавын цээж рүү тохойдсон, би тэр залууг яагаад байгаа юм бэ гэж хэлтэл тэр залуу намайг чамд ямар хамаатай юм бэ, гичий минь гэж хэлэхэд аав тэр залууг юу гээд байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдаж аваад аав тэр залуугийн нүүрлүү нь 2-3 удаа цохьсон, тэгтэл дүү Баасандэлгэр ирээд тэр залуугийн араас нь татаж машинаас буулгаад бид нар явсан. Ийм зүйл болсон гэх мэдүүлэг. /хх 16-17/,
2.4.Б.Билэгсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ:..2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би хоёр хүүхдийн хамт долоон буудал орж төмс, хүнсний ногоо, нүүрс зэрэг авахаар явсан юм, Чингэлтэй хуучин эцэст нэг залуу гар өргөөд зогсож байхаар нь наад хүнээ авчихаа, нэг ч гэсэн талхны мөнгө гээд тэр залууг авсан. Тэр залуу машины хойд талд миний хажууд суусан. Тэр залуу нилээн согтуу, архи ихээр үнэртэж байсан. Чингэлтэйн хуучин эцсээс долоон буудал хүртэл явах замдаа тэр залуу манай хүүгээс тэр энийг таних уу гээд л баахан юм асуугаад л, суудлын дэрийг нь цохиод байсан. Охин бид хоёрыг зүгээр зорчигч гэж бодсон юм шиг байсан. Долоон буудал дээр очоод хүнээ буулгах гэтэл мөнгөө өгөлгүй шууд буух гээд байхаар нь би куртикнээс нь татаад мөнгөө өг гэтэл чи намайг таних уу гэхээр нь би танихгүй гэсэн чинь буцаад Чингэлтэйн хуучин эцэс рүү яв гэхээр нь 1.000 төгрөг өгч чадахгүй үхэх гээд байна уу гэтэл 5.000 төгрөгийг машин барьж явсан манай хүү рүү шидсэн. Тэр залуу буух гээд байхаар нь би дахиж татаад чи хариултаа ав гэхэд миний цээж рүү тохойгоороо тохойдохоор нь бид хоёр барьцалдаж аваад би тэр залуугийн баруун талын шанаанд нь цохьсон шиг санаж байна, 2-3 удаа гараараа цохьсон. Тэгэж байтал манай хүү мөнгийг нь задлуулчихлаа гээд хүрч ирээд тэр залуугийн куртикнийхэн малгайнаас нь татаж буулгасан. Тэр залуу буучихаад байж байтал тэр залуу дээр 2-3 залуу ирэхээр нь би хүүгээ явья гээд явсан, тэгэхгүй бол тэр залуу дээр ирсэн залуучууд надтай зодолдвол энэнээс илүү асуудал болно гээд явцгаасан юм гэх мэдүүлэг. /хх 18-20/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2084 тоот актын:
1. Олонбаярын биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт. /хх-24/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-36/, А.Билэгсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх 41-50/, хохирогч С.Олонбаярын Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол саналгүй талаар бичиж өгсөн хүсэлт /хх-54/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
А.Билэгсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 33-05 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн Nissan sunny маркийн автомашин дотор иргэн С.Олонбаярыг зодож түүний биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Олонбаярын...би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн хуучин эцсийн буудлаас гар өргөөд 7 буудал орох унаанд буюу 33-05 УБҮ улсын дугаартай Ниссан санни маркийн машинд суусан, уг тээврийн хэрэгсэл дотор жолооч жолоочийн хажуудах зорчигчийн суудалд нэг эмэгтэй хүн ард нь 50 гаруй насны согтуу хүн сууж байсан. Би тэр хүний дэргэд суусан, би уг машиныг 7 буудал Чингэлтэйд явдаг тээврийн хэрэгсэл юм уу гэж бодоод жолоочтой энэ чиглэлд манай найз явж байгаа даа гэж хэлээд найзынхаа нэрийг хэлсэн чинь миний дэргэд сууж байсан 50 гаруй насны ах надад хандаж чи намайг мэдэх үү би Уранмандалын атман байна чиний найзууд чинь ямар хамаатай юм бэ гээд надруу агсарсан юм тэгээд би таныг танихгүй гэж хэлэхэд надтай хэрүүл өдөөд чи муу гөлөг намайг танихгүй гэдэг хэн бэ гээд миний нүүрлүү буюу зүүн шанаа руу гараараа цохьсон....гэх мэдүүлэг. /хх 10-11/, гэрч Б.Баасандэлгэрийн:...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байхад аав, эгчийн хамт долоон буудлаас хүнсний зүйл цуглуулахаар орсон. Чингэлтэйн хуучин эцсээс нэг хүн гараа өргөхөөр нь машиндаа суулгасан юм, тухайн үед би машин бариад явж байсан, миний хажууд эгч Б.Болорцэцэг, хойд суудал дээр аав Билэгсайхан нь сууж байсан. Таксинд гар өргөсөн хүн аавын дэргэд суусан ба тэр хүнээс архи үнэртэж байсан, машинтай явж байтал нөгөө суусан ах маань таксинд явдаг чиглэлийн такси нарыг жолооч нарыг таних уу, намайг тэр гэдэг гээд л жолоочийн суудлын налуурны дэрийг цохиод байхаар нь аав тэр залууг боль гэхэд тэр залуу эхлээд аавыг тохойдоод авчихаар нь аав тэр ахтай зодолдоод эхэлсэн, тэгэхлээр нь би машинаасаа буугаад тэр хүнийг хойноос нь татаад буулгасан.... гэх мэдүүлэг. /хх 14-15/, гэрч С.Болорцэцэгийн:..2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цаг өнгөрч байхад долоон буудал орж хүнсний зүйл цуглуулахаар дүү Баасандэлгэр, аав Билэгсайхан нарын хамт явсан, тэр өдөр аавын маань төрсөн өдөр буюу 01 дүгээр сарын 30-ны өдөр байсан юм. Аав маань урд өдөр нь архи уучихсан, тэр өдөр ааваас бага зэргийн архи үнэртэж байсан. Чингэлтэйн хуучин эцэс дээр явж байтал зам дээр нэг хүн гараа өргөхөөр нь суулгасан. Тэр хүн машины хойд талд аавын хажууд суусан ба тэр хүнээс архи нилээн үнэртэж байсан. Долоон буудлын уулзварын ертөнцийн зүгээр баруун урд талын зогсоол дээр зогсоод нөгөө хүн шууд буух гэхээр нь аав араас нь татаад мөнгөө өгөөч гэтэл нөгөө залуу гартаа барьсан байсан 5.000 төгрөгөө шууд урагшаа шидчихсэн, би дүүдээ наад мөнгөө задлуулаад ир гээд буулгасан. Нөгөө согтуу залуу буух гэж байтал аав хажуунаас нь татаад хариултаа ав байж бай гэж хэлтэл тэр залуу аавын цээж рүү тохойдсон, би тэр залууг яагаад байгаа юм бэ гэж хэлтэл тэр залуу намайг чамд ямар хамаатай юм бэ, гичий минь гэж хэлэхэд аав тэр залууг юу гээд байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаад бие биенийгээ заамдаж аваад аав тэр залуугийн нүүрлүү нь 2-3 удаа цохьсон, тэгтэл дүү Баасандэлгэр ирээд тэр залуугийн араас нь татаж машинаас буулгаад бид нар явсан....гэх мэдүүлэг. /хх 16-17/, Б.Билэгсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ:...би тэр залуугийн баруун талын шанаанд нь цохьсон шиг санаж байна, 2-3 удаа гараараа цохьсон. Тэгэж байтал манай хүү мөнгийг нь задлуулчихлаа гээд хүрч ирээд тэр залуугийн куртикнийхэн малгайнаас нь татаж буулгасан.... гэх мэдүүлэг. /хх 18-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2084 тоот акт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Билэгсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч А.Билэгсайхан нь хохирогч С.Олонбаярын биед учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардалд 70.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Олонбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон зэргийг харгалзаж үзэн торгох ял оногдуулах, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Агваандугарын Билэгсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Билэгсайханыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Билэгсайханд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Билэгсайхан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Билэгсайханд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ